Л.Анар-Эрдэнэ: “Харуу” өвчтэй үрийн улаанбуудай орж ирэх боломжгүй

13115707_1081598385247649_776924002_n

ХХААЯ-ны дэргэдэх “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Хөтөл салбарын эрхлэгч Л.Анар-Эрдэнэтэй  үрийн улаанбуудай олгож байгаатай холбогдуулан ярилцлаа.

Өнгөрсөн долоо хоногт ХХААЯ-наас тариаланчдад Хөтөл салбар дээрх үрийн улаанбуудайг олгож эхэлсэн гэж мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар тариаланчдад хэдий хэмжээний үрийн улаанбуудай олгоод байна вэ?

– “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас үрийн улаанбуудай импортлох зөвшөөрлийг хэд хэдэн компанид олгож, гэрээ байгуулсан. Үүний нэг “Нямбайгаль Даваа” ХХК нь Хөтөл салбар дээр 4000 тонн үрийн улаанбуудай нийлүүлэхээр гэрээ хийсэн байгаа. Гэрээний дагуу үрийн улаанбуудай орж ирээд, дээжээс нь мэргэжлийн байгууллагууд шинжилгээ хийгээд, тариаланчдад олгож эхлээд байна. Нийт 4000 тонн үрийн улаанбуудай нийлүүлэхээс 2400 тонн нь Хөтөл салбар дээр ирчихсэн, үүнээс 975 тонныг тариаланчдад олгож, үрийн улаанбуудай олгох ажил өнөөдрийн байдлаар хэвийн үргэлжилж байна.

– Сүүлийн үед “Газар тариалан холбоо”-ноос импортоор оруулж ирж буй үрийн улаанбуудайг харуутай, тариалалт хийж болохгүй гэж яриад байгаа. Энэ тал дээр тайлбар өгвөл?

– Үүн дээр мэргэжлийн байгууллагууд нь хяналт, шинжилгээгээ хийгээд хэдийн дүгнэлтээ гаргачихсан байгаа. Эхний ээлжинд загвар дээжээ импортлогч компани авчраад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лавлагаа, лабораторид шинжлүүлсэн. Энэ шинжилгээгээр стандартын шаардлага хангасан, чанартай үрийн улаанбуудай байна гэсэн дүгнэлт гарсан. Ингээд Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтан дор үрийн улаанбуудайгаа тухайн компани импортолж эхэлсэн. Орж ирснийх нь дараа холбогдох Гаалийн газраас үрийн дээж аваад дахиад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх төв лабораторид шинжлүүлсэн, мөн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээж аваад давхар шинжилж, улсын байцаагч дүгнэлт гаргасан байгаа. Ингэж олон шат дамжлагатайгаар, мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар стандартын шаардлага хангасан үрийн улаанбуудай байна, тариалалт хийх боломжтой гээд дүгнэлт нь гарсан байгаа. Тиймээс эдгээр шинжилгээний дүгнэлтэд үндэслэн тариаланчдад үрийн улаанбуудайг олгож байгаа.

– Үрийн улаанбуудайг шинжилсэн Сэлэнгэ, Дархан-Уулын мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлт зөрүүтэй гарсан. Үүн дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ямар нэг тайлбар өгсөн үү?

– Импортын үрийн улаанбуудайг орж ирэхээс эхлээд Дархан-Уул аймгийн Гаалийн газраас хяналт тавьж ажилласан. Үүнтэй холбогдоод өнөөдрийг хүртэл тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үрийн улаанбуудайд шинжилгээ хийх,  хяналт тавих ажлыг хариуцаж байгаа. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн байцаагчийн дүгнэлт гээд гараад ирсэн. Тэр дүгнэлт надад хаяглагдсан дүгнэлт байна билээ. Гэхдээ надад албан ёсоор ирээгүй. Тэр дүгнэлт дээр үр хөврөл харлах өвчтэй, ганц хоёр хог ургамлын үртэй гэсэн шинжилгээний хариу байсан. Харин “Газар тариалан холбоо”-ноос ярихдаа харуу өвчтэй үрийн буудай оруулж ирж байна гэж олон нийтэд ойлгуулаад байгаа. Үр хөврөл харлах, харуу өвчин гэдэг бол маш том зөрүүтэй ойлголт. Холбооны гэх хүмүүсийн яриад байгаа харуу өвчин гэдэг бол маш аюултай өвчин, улсын хилээр оруулахыг чанга хориглодог. Тиймээс харуу өвчтэй үрийн улаанбуудай хилээр орж ирнэ гэдэг ямар ч ойлголт байхгүй.

Мэргэжлийн хяналтын байцаагчид зөрүүтэй дүгнэлт гаргасантай холбогдуулж “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж, аль байцаагчийн дүгнэлтийг барьж ажиллах вэ гэдгийг тодруулсан. Үүний хариуд МХЕГ-аас импортын үрийн улаанбуудайд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж, шинжилгээний дээжийг хариуцаж авна, дээжийг төв лавлагаа лабораторид шинжилж дүгнэлт гаргана гэсэн албан бичиг ирсэн. Тиймээс бид МХЕГ-аас ирсэн албан бичиг, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тариаланчдад буудайгаа олгож байна.

-Тариалалт эхлэх гэж байхад ийм ташаа мэдээлэл гарсан нь тариаланчдын сэтгэлзүйд бас нөлөөлж байгаа байх?

– Шат шатны мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт нь, импортын үрийн улаанбуудай стандартын шаардлага хангасан гээд гарчихсан байна. Тиймээс тариаланчид маань энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй худал ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг тариаланчдаас хүсэх байна. Үрийн улаанбуудай тараагдаж эхэлснээс хойш,  дотоодоос нийлүүлсэн  үрийн буудай авахаар гэрээлсэн  тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэд гэрээгээ цуцлаад, импортын үр авахаар саналаа ирүүлж байна. Тиймээс тариаланчид импортын үрийг чанартай, тариалалт хийх боломжтой гэдгийг баталж өгч байна.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …