Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Юуны өмнө Архангай аймаг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд баяр хүргье. Энэ том шагналыг дагаж маш том хариуцлага ноогдож байгаа байх. Архангай аймаг энэхүү шагналыг хүртэхэд юу чухал нөлөө үзүүлэв?
-Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Энэхүү шагналыг хэдхэн хоногийн өмнө буюу 5-р сарын 4-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан ирж гардуулж өглөө. Манай аймгийн иргэд хөдөлмөрчид, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн албан хаагчид болон удирдлагууд одонгоо баяртайгаар хүлээж авсан. Одонг гардуулах хэд хэдэн шалтгаан байсан гэж бодож байна.
Нэгдүгээрт: Архангай аймаг сүүлийн гурван жил дарааллан улсдаа тэргүүлж байгаа. Ялангуяа үхэр сүрэг, хонин сүргийн тоогоор улсын хэмжээнд тэргүүлдэг. Энэ амжилтыг гаргахад малчдын хувь нэмэр маш өндөр юм.
Хоёрдугаарт: Төрийн үйлчилгээнд байгаа хүнд суртал, чирэгдлийг арилгах талаар санаачлагатай ажиллаж улсын хэмжээнд анх удаа “Нэг цонхны үйлчилгээ”-г аймгийн төв болон бүх сумдад нэвтрүүлж чадсан. Мөн багийнхаа иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-ний машинтай болж төрийн бүх үйлчилгээг сум, баг, хот айлд хүргэдэг болсоноороо иргэдийн талархлыг хүлээгээд байна.
Гуравдугаарт: Иргэдэд нэн чухал хэрэгцээтэй байдаг ахуй үйлчилгээг хүргэж байна. Засгийн газрын тогтоол болох “Хөдөөд ахуй үйлчилгээг сэргээх тухай” гэсэн тогтоолыг манай Архангай аймаг хамгийн түрүүнд нэвтрүүлж хэрэгжүүлж чадсан. Өнөөдөр аймгийн бүх сумдад ахуй үйлчилгээний төв цогцоороо ажиллаж байна. Тухайбал, үсчин, зурагчин, гутал засвар, халуун ус, хувцас засвар, цахилгаан хэрэгслийн засвар зэрэг цогц үйлчилгээ бий болж чадсан. Эдгээр үйлчилгээ бий болсоноороо 480 гаруй тогтмол ажлын байрыг гаргасан. Ингэснээр 480 айл өрх ажилтай, орлоготой болсон сайхан үзүүлэлт байна.
Ахуй үйлчилгээ, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэхэд аймгийн болон сумын орон нутгийн төсвөөс нийт 600 гаруй сая төгрөгийг зарцуулсан. Энэ бол бидний томоохон амжилт юм.
-Архангай аймаг сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлжээ. Ашиглалтад орсон болоод одоо хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлынхаа талаар танилцуулахгүй юу?
-Сүүлийн дөрвөн жилд Архангай аймагт бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөн. Томоохон ажлуудаас дурьдвал “Гудамж төсөл”-ийг богино хугацаанд чанартай хэрэгжүүлж чадсан. Архангай аймгийн хувьд энэ төслийн зургийг гаргахдаа Европын 50 мянга орчим хүнтэй хотын жишгийг дагасан. Төслийг хэрэгжүүлснээр аймагт хатуу хучилттай зам, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, уулзварууд, гэрлэн дохио, замын доогуурх дэд бүтэц, ногоон байгууламж зэрэг асуудлыг цогцоор нь шийдсэн том бүтээн байгуулалт болсон. Үүний зэрэгцээ Архангай аймгийн төв болох Цэцэрлэг хотдоо хүүхдийн цэцэрлэгийн хэрэгцээг 100 хувь шийдэж чадлаа. Үүнийг шийдэхийн тулд бид бүхий л боломж нөөц бололцоог ашигласан. Тухайлбал шинээр баригдаж байгаа орон сууцны эзэмшигч компанитай тохирон нэг давхрыг цэцэрлэг болгож мөн хуучин цэцэрлэгээр ажиллаж байгаад хувьчилагдсан барилгуудыг эзэдтэй нь тохиролцон худалдан авч хүүхдийн цэцэрлэг болгосон зэрэг маш олон санаачлагуудыг гаргасан. Өнөөдөр Архангайд эцэг эхчүүд цэцэрлэг хайх биш цэцэрлэг нь хүүхдээ хайдаг болсон.
Архангай аймаг 93 жилийн түүхтэй. 90 жилийн ойн баяраа тэмдэглэхээс өмнө аймагт орчин үеийн орон сууц 350 баригдсан. Харин сүүлийн гурван жилд 1000 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан нь Архангай аймгийн удирдлагууд хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, тэднийг урамшуулж төрөөс үзүүлдэг дэмжлэгүүдийг хүргэж чадсаны үр дүн харагдаж байгаа байх. Орон сууц хүрээлцээтэй болсоноор төвлөрөл нэмэгдэж байна. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж сайхан үг бий. Энэ утгаар аймгийн төвд төвлөрөл бий болсоноор ажлын байр нэмэгдэж орлого ч тэр хэрээр өсч байна. Ажиллаж амьдрах эрүүл аюулгүй таатай орчин бүрдэсэнээр манай аймагт ирж амьдрах сонирхолтой иргэдийн тоо өссөн.
Сүүлд нь тэмдэглэж хэлэхэд, Аймгийн хуучин онгоцны буудлын 65 га газрыг шинээр төлөвлөн Шинэ Цэцэрлэг хотыг байгуулж байгаа. Эхний бүтээн байгуулалтын ажлаар 120 айлын орон сууцыг барьж дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн хүүхдийн цэцэрлэг, спортын гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль, усан бассейн зэрэг байгууламжуудыг барьж байгуулсан. Цаашдаа автовокзал барихаар төлөвлөж байна.
-Ажлын байр өссөн гэж та яриандаа дурьдлаа. Тэгвэл орон нутгаас иргэдийг ажилтай орлоготой болгоход хэрхэн ажиллав. Бусад аймаг ч танай аймгаас үлгэр авах болов уу?
-Мэдээж бичил бизнес аймгийн хувьд хөгжиж байгаа. Тухайлбал бид сум бүрийг өөрийн нэрийн нэг шилдэг брэнд бүтээгдэхүүнтэй болгохоор зорьсон. Энэ нь ч биелэлээ олсон. Үүнээс гадна дахин шинэ брэнд бүтээгдэхүүнтэй болохоор ажиллаж байна. Сум бүрт “Сум хөгжүүлэх сан”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан” гэж бий. Эдгээр сангаас олгогдож байгаа зээлийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгогддог. “Аймгийн брэнд” бүтээгдэхүүнүүд болох уламжлалт модон эдлэл, сүү сүүн бүтээгдэхүүнүүд, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг боловсруулах зэрэг ажил эрчимтэй хөгжиж байгаа. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулсан жижиг дурсгалын зүйлүүдийг урлах, газар тариалангийн фермерийн аж ахуйг хөгжүүлэх, тавилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд дурьдвал олон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллаж байна. Эдгээрт төрөөс үзүүлж байгаа зээл тусламжууд маш их нөлөө үзүүлж байгаа.
– Аливаа бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт нэн шаардлагатай байдаг. Танай аймгийн хувьд эдгээр жилүүд ололт, амжилтаар дүүрэн байжээ. Тэгвэл бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих энэ их ажилд төсөв хөрөнгө хүрэлцэхгүй хүндрэл тулгарч байсан л байх. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бэрхшээлийг хэрхэн даван туулсан бэ?
–Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг зарчмыг л барьдаг. Төрөөс бидэнд баталж өгсөн төсөвт багтаан жил бүрийнхээ ажлуудыг төлөвлөдөг. Иймээс төсөвт хүндрэл үүсэх нь бага байсан гэж хэлмээр байна.
-Монгол хүн их ажлын ард гараад уртаар амьсгаа авдаг даа. Одоо хийсэн ажлуудаа эргээд харахад сайхан байгаа биз. Ер нь аймгийнхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ. Танай аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас цаашид юу хийхээр төлөвлөн ажиллаж байна?
-Ирээдүйд бид олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа. Одоо Архангай аймаг 2016- 2030 онд хэрхэн хөгжих талаар дунд хугацааны стратегийн хөтөлбөрийг боловсруулж байна. Үүнийгээ боловсруулсны дараа ард иргэдээрээ хэлэлцүүлж аймгийн хурлаар батлуулах зорилготой. Цаашдаа Архангай аймгийг бүс дундын тулгуур төв болгох зорилттой ажиллаж байна. Тухайлбал, Жижиг, дунд үйлвэрлэлийн хөгжил, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалт, аялал жуулчлал, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээний чиглэлийг хөгжүүлэх. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх боломж бидэнд бий. Манай аймаг улсынхаа төвд оршдог бөгөөд Баруун аймгууд манайхаар дамжин нийслэл рүү очдог. Үүнээс гадна Байгалийн үзэсгэлэнт цогцолбор, түүх соёлын олон дурсгалуудтай манай аймаг аялал жуулчлал хөгжих томоохон төв болж чадна. Архангай аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч “Аялал жуулчлалыг хөгжүүлэх анхны зөвлөгөөн”-ыг хийж дэд хөтөлбөрөө баталсан. Гадаад дотоодын аялагчдыг татахын тулд олон аялалын компаниудтай хамтарч шинэ буудал, жуулчны баазыг барьж байгуулж байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүгдийн зорьж хэрэгжүүлж буй ажилд өндөр амжилтыг хүсье.
Ярилцсан Б.Нарангэрэл