Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулаад ирсэн хөнгөн атлетик болон уулын спортын мастер Бямбаагийн Буджаргалыг эх орондоо дөнгөж ирээд байхад нь уулзлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-29-нд АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Өөрийгөө ялах” зургаа ба 10 өдрийн хэт холын зайн олон өдрийн гүйлтийн ДАШТ-нд тавдугаар байранд орсон сонинтой иржээ. Гүйлтийн спортоор 20 дахь жилдээ хичээллэж байгаа тэрээр манай улсын хэт холын зайн олон өдрийн гүйлтийн хамгийн шилдэг тамирчин билээ.
-Сайн явж ирэв үү? Явсан газрынхаа сонин сайхнаас яриагаа эхэлье?
-Өнгөрсөн оны 11 сард АНУ руу яваад, өнөөдөр /5-р сарын 9/ эх орондоо ирээд байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 19-29-ны хооронд АНУ-ын Нью-Иорк хотод болдог “Өөрийгөө ялах” 10 өдрийн гүйлтэнд оролцсон. Энэ нь 10 өдөр, 10 шөнө буюу 240 цаг тасралтгүй тойрог замаар гүйж өөрийгөө ялан дийлэх, тэсвэр хатуужлын тэмцээн байгаа юм.
-Гурав дахь жилдээ оролцож байгаа байхаа. Өмнөх амжилтуудаа ахиулсан болов уу?
-Тиймээ сүүлийн гурван жил дараалан оролцож байна. 2014 онд зургаан өдрийн гүйлтэнд оролцож, 303 mile буюу 485 км гүйж тавдугаар байранд орж байлаа. Анх удаа Монгол хүн олон өдрийн гүйлтэнд оролцсон нь энэ юм. Харин 2015 онд 10 өдрийн гүйлтэнд орж, 487 mile буюу 779 км гүйж 10-р байранд орсон. Тэгвэл энэ жил 240 цагт 601 mile буюу 961 км гүйж тавдугаар байранд орлоо. 961 км гэдэг нь өдөрт 96 км гүйж байсан гэсэн үг л дээ. Ямартаа ч өнгөрсөн жилийнхээ амжилтыг 182 км-ээр ахиулж чадсандаа их баяртай байна.
-Хичнээн орны ямар насны тамирчид оролцсон бэ?
-Энэ тэмцээнд оролцох тамирчдын хувьд шалгуур өндөртэй. Хүссэн нь орохгүй. Оролцох тамирчин өдөртөө доод тал нь 80 км гүйх чадалтай, өөрийн улс орондоо өндөр амжилт гаргаж байсан байх ёстой. Тэмцээнд 100-гаас илүү хүн оруулдаггүй юм. Энэ жилийн тухай д 95 тамирчин оролцлоо. Тооны хувьд 100-гаас илүү гарахаар зохион байгуулалтын асуудалд хүндрэлтэй асуудал гарна гэж үздэг юм билээ. Тамирчдад зориулсан ариун цэврийн болон амрах өрөө, хоол унд, эмч нарын үзлэг үйлчилгээ гээд л.
Харин насны хувьд эр, эм гэж ангилна. Үүнийгээ 50-иас доош, 50-60, 60-70 насныхан гэсэн гурван ангилдаг. Хөгшчүүл биднээс илүү байна. Тэд туршлага, тэсвэр тэвчээр гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байгааг харахад үнэхээр бахархмаар юм билээ. Бүх насаараа гүйчихсэн, бүүр тив алгасан гүйж, Гиннесийн рекорд тогтоосон тамирчид энд байлаа. Нэгдүгээр байранд Израйль орсон бол Герман, Орос, Монгол, АНУ, Канад, Австрали, Шотланд, Англи эхний аравт багтсан.
-10 хоног буюу 240 цагт их юм үзнэ дээ?
-Тэгэлгүй яахав. Нэг тойрог нь нэг км 600 метр. Мэдээж энэ 10 хоногт бороо цас, шороо салхи, халуун нар аль аль нь байна. Сая гэхэд нэг Нигер тамирчин гурван өдөр гүйгээд замаасаа гарсан. Тиймдээ ч хэр баргийн хүн ордоггүй, ороод ч амжилт гаргахад хэцүү. Марафонд хоёр, гурван цагт хамаг хүчээ шавхаад л болоо бол 10 өдөр, шөнө гүйнэ гэдэг амаргүй. Асар их тэсвэр тэвчээр шаарддаг. Гэхдээ 10 өдрийн дараа өөрийгөө ялан дийлсэн байхад юугаар зүйрлэшгүй аз жаргалыг мэдэрдэг.
-Тэмцээний 10 хоногт хэдэн цаг унтаж амрах уу?
-Хоол унд, амралтаа өөрөө зохицуулдаг юм. Би бол өдөрт хоёр цаг л унтаж байсан. Харин хоолоо явуут дундаа л иднэ. Цаг хожиж байгаа нь тэр.
-Таны фейсбүүкээс харж байхад хөлийн арван хуруу чинь цэврүүтчихсэн байсан. Эдгэсэн үү?
-Зориулалтын оригналь пүүзийг сонгосон ч хөл цэврүүтдэг юм байна лээ. Тэмцээний эхний өдрөөс л бие буларч эхэлдэг. Энэ нь нэмэгдсээр 10 өдрийн дараа булчин, яс, аарцаг, бүүр дотор эрхтэн хүртэл өвддөг. Хөлийн тухайд таван өдөр гүйгээд цэврүүтээд эхэлсэн. Одоо хумс нь унах гээд зовиуртай л явна. Гэхдээ хөл өвдлөө гээд тэмцээнээ орхиж болохгүй шүү дээ. Өвдсөн ч би дуусгах л ёстой.
-Гараа бас яагаа вэ?
-Гүйж байхдаа халуун цай ууж яваад гараа түлчихсэн юм. Эдгээд байгаа нь энэ.
-Тэмцээний 10 хоногт цаг агаар ямар байв?
-Саяын 10 хоногт цаг агаар харьцангуй сайхан байлаа. Шиврээ бороо, халуун нар, хүйт даасан зэврүүн өдөр аль аль нь байсан.
-Шагнал урамшуулал нь ямар байх уу?
-Байрнаас үл хамааран цом, медаль өгдөг. Өөрөөр хэлбэл нэгдүгээр байр, дөрөвдүгээр байрны шагнал ялгаагүй. 10 өдөрт 800 км-ээс дээш гүйсэн бол ялагчаар тооцдог юм.
-Санхүүгийн асуудлаа яаж зохицуулдаг юм бэ?
-Холбогдох газруудад ханддаг ч олимпод орох тамирчдаа дэмжинэ, төсөв мөнгө хүрэлцэхгүй байна гэсэн хариултыг л өгдөг. Яахав баяр хүргэж, дэмжиж байна гэж хэлэхээс санхүүгийн бодит дэмжлэг өгч чаддаггүй юм. Тэгэхээр өөрөө л болгоно шүү дээ. Энд төрж өссөн Өмнөговь аймгийн маань ЗДТГ-ынхан маань их дэмждэг. Гурван жил дараалан дэмжлэг үзүүллээ. Өнгөрсөн жил “Сүү” ХХК, түүний өмнө жил “Ажнай” корпораци, Таван толгойн нүүрний уурхайнхан, энэ жил Лорд ломбардынхон тусалж дэмжлээ.
-Бараг л гүйгээд л оччихмоор юм байна даа?
-Тийм шүү. Дэлхий тойроод гүйчих боломжтой. Гэхдээ өмсөх хувцас, идэх хоолоос эхлээд асуудал бас байнаа.
-Бэлтгэлээ хаана хийдэг вэ?
-Саяын тэмцээнд орохын тулд өнгөрсөн оны 11 сард АНУ-д очсон. Нью-Иоркт хоёр сар, Канадад хоёр сар бэлтгэл хийгээд үлдсэн хугацаанд нь Чикаго, Сиэтл, Денвер, Колоридагаар яваад ирлээ. Эдгээр хотуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань намайг сайхан хүлээж авсан. Өдөртөө өглөө гурав, үдээс хойш гурван цагийн бэлтгэлийг хийдэг байсан.
-Дөнгөж эх орондоо ирээд байна. Маргааш та юу хийх вэ?
-Энэ зундаа Монголдоо бэлтгэлээ хийнэ. Дараа жилийн тэмцээнд оръё л гэж байгаа бол өнөөдөр ч гэсэн гүйж байх хэрэгтэй. Тэгж байж л амжилт гаргана.
Намар Австрали, Канадад болох тэмцээнд оролцохоор төлөвлөсөн. Сая Канадад хоёр сар байх хугацаандаа 21 км-ийн хагас марафонд гүйж зургаадугаар байранд орсон.
-10 хоног 240 цаг нэг л замаар гүйхээр юу бодогдох уу?
-Янз бүрийн л юм бодогдоно. Өөрийгөө хөглөхийн тулд эх нутгаа бодно, монгол дуугаа сонсоно. Нэгэнтээ дэлхийг донсолгож явсан Чингис хааны үр сад Монгол хүн учраас эднээс дутах ёсгүй гэж өөртөө хэлнэ. Анхны тэмцээнээр шантраад больё гэсэн бодол хэд хэдэн удаа төрж байсныг нуугаад яахав. Харин жил ирэх тусам туршлагажаад энэ бодол орж ирэхээ байж. Гэхдээ сэтгэл их эмзэг болдог нь сонин шүү. Нулимс их ойрхон болчихдог. Саяын 10 хоногт дөрөв, таван ч удаа уйллаа. Их өвдөлтийг давж “би чадаж байна” гэж бодохоор өөрийгөө өрөвдөнө. Гэсэн атлаа “би монгол хүн шүү дээ” гэх омогшил зэрэг төрөөд уйлж байгаа нь тэр.
Хүн сэтгэлийн амьтан гэдэг үнэн шүү. Тэмцээн дээр нэг тойрог гүйгээд л шүүгчид зарладаг юм. Би бусад тамирчдаас илүү хурдтай гүйдэгээрээ онцлогтой. Нэгдүгээр байрны тамирчин тав тойрч байхад би найм тойрох жишээний гэсэн үг л дээ. Ингээд илүү гүйхээр “Баяр хүргэе Монголиа, супер, браво” гэж хэлэхээр ямар их эрч хүч оргилно гээч. Массаж хийж өгч байгаа эмч “Чингис хаан” гэж хэлэхэд л бяр амтагдах шиг санагдана. Тэмцээн дуусах дөхөхөд бүх хүмүүс ядарчихсан, бараг л оршуулганд явж байгаа юм шиг харагдаж байхад би маш хурдтай хэд хэд тойроод гүйчихээр бусад маань ч сэргээд ирдэг.
-Амьдрал дээр тэсвэр хатуужлынхаа амтыг хэр хүртэж байна вэ?
-Бид адилхан л хүн. Чи 5 км гүйгээр ядрахад би 10 км гүйгээд ядарна. Түүнээс цааш оюун ухаан, зүрх сэтгэлээрээ гүйж байгаа юм. Тэсвэр тэвчээр нь миний оюун ухаанд дасгал болдог. Өөрөөр хэлбэл оюун ухааны хүчийг гүйлтэн дээр харуулж байна гэж болно. Тэгэхээр гүйлт надад оюун ухааны дасгал болдог. Бодит амьдрал дээр бүх юм их амархан болчихдог юм. Болгоно бүтээнэ гэж л үзнэ. Худалч хүнд би бараг л үхэлтэй нүүр тулах дайны юм үзсэн болохоор түүнээс бусад нь амархан санагддаг. Үнэндээ 10 өдөр нэг л газраа тойроод гүйгээд байхаар залхмаар, хаямаар, бачимдаад галзуурмаар мэт санагдана. Жинхэнэ залхаан цээрлүүлэлт гэж ч хэлж болохоор. Гэхдээ хэн ч намайг хүчлээгүй. Би өөрөө өөрийгөө ялан дийлэхийг л хүссэн. Суут хүмүүс хэлсэн байдаг даа. Хүний амьдралд хамгийн хэцүү юм бол өөрийгөө ялан дийлэх гэж. Тэгэхээр би тэр хамгийн хэцүүг гурав дахь жилдээ хийчихлээ. Өнөөдөр ганцхан Монголд биш дэлхийд чадна л гэж хардаг болсон.
П.Ундраа