Османы эзэнт улсаас “Исламын улс” хүртэл

Их Британи, Франц хоёр одоогоос зуун жилийн өмнө буюу 1916 оны тавдугаар сарын 16-нд Османы эзэнт улсын Ойрхи Дорнодын хэсгийг хуваан эзэмших талаар тохиролцоо хийжээ.

sykes-picot-map-1024x576-810x456

Зуун жилийн өмнө буюу 1916 оны тавдугаар сарын 16-нд Их Британи, Франц хоёр Османы эзэнт улсын Ойрхи Дорнодын газар нутгийг хуваан өөрийн нөлөөний бүсүүдийг байгуулах талын тохиролцоонд хүрсэн байна. Энэ баримт нь “Сайкс-Пикогийн гэрээ” нэртэйгээр 100 жилийн турш Ойрхи Дорнодын хэрэг явдалд барууны орнуудын оролцооны бэлгэдэл болж оршсон бөгөөд олон араб улстөрчид түүнийг баруунтай тэмцэх шалтгаан болгон ашиглаж иржээ.

Хэн ямар учраас гэрээнд оролцов?

• Дэлхийн нэгдүгээр дайны үеэр (1914-1918) Османы эзэнт улс суларч доройтсоны улмаас Франц, Их Британи хоёр түүний газар зүйн чухал стратегийн байдал ба байгалийн баялаг ихтэй араб эзэмшлийг хуваах нууц хэлэлцээрийг 1915 онд эхлүүлжээ.

• Османы эзэнт улсыг хуваах төлөвлөгөөнд Орос, дараа нь Итали нэгдэн оржээ.

• Гэрээ нь түүнийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн англи сэр Марк Сайкс, франц Франсуа Жорж-Пико зэрэг дипломатуудын нэрээр нэрлэгдэн танигдах болов.

• Гэрээ нь 1916 оны тавдугаар сарын 16-нд Их Британийн Гадаад хэргийн сайд Эдвард Грейгийн Францын элчин сайд Поль Камбонд илгээсэн албан ёсны нотоор баталгаажсан байна.

Османы эзэмшил хэрхэн хуваагдсан бэ?

• Османы эзэнт улсын эзэмшлийг шууд хураагдах эсвэл захиргаанд орох бүсүүдэд хуваасан байв.

• Францад орчин үеийн Туркийн нутгийн зүүн өмнөд хэсэг, Ирак, Сирийн хойд хэсэг ба Ливан ногдсон байна.

• Их Британийн мэдэлд орчин үеийн Иракийн төв ба өмнөд хэсэг, өнөөгийн Израилийн Хайфа, Акка боомтууд очжээ.

• Франц, Британийн нөлөө­ний бүсийн хоорондын газар нутагт Сири, Иордан, баруун Ирак, Саудын Арабын зүүн хойд хэсэгт Британи-Францын захиргаан дор арабын вант улс байгуулахаар төлөвлөсөн байжээ.

• Палестин, Иерусалимын хамт бараг тэр чигтээ олон улсын захиргааны бүсэд оржээ.

• Орос нь Арабын нутаг дэвсгэрээс авах хүсэлгүй, харин Босфор ба Дарданеллын хоолойнуудад хяналтаа тогтоохыг эрмэлзэж байлаа.

• Итали 1917 оны найм­дугаар сард орчин үеийн Туркийн нутаг болох төв болон баруун өмнөд Антальяд өөрийн нөлөөг тогтоохоор хүлээн зөвшөөрүүлжээ.

Гэрээ хэрхэн ил гарч, Арабын ертөнц яагаад түүнийг сөргөөр хүлээн авсан бэ?

• Октябрийн хувьсгалын дараа Орос Османы эзэнт улсыг хуваах хэлэлцээрт оролцохоо зогсоож, хаант Оросын Засгийн газрын баримт бичгүүдийг тэдний тоонд Сайкс-Пикогийн гэрээнд хамаатай архивын материалуудыг нийтэлжээ.

• Арабын лидерүүдийн хувьд эдгээр баримтуудыг англичуудын зүгээс хийсэн давхар тоглоом хэмээн хүлээн авсан байна. Учир нь 1915-1916 онуудад Их Британийн Египет дэх дээд комиссар Генри Мак-Магон ба Меккагийн шериф Хусейн бен Али хоёрын хооронд Ойрхи Дорнодод тусгаар улс байгуулах талаар идэвхитэй санал солилцжээ. Османы эзэнт улсын бүх араб нутгийг хамаарсан тусгаар тогтносон улс байгуулж, арабуудын зүгээс бүх нутагт Туркийн эсрэг бослого гаргах баталгааг өгөх талаар хоёр тал захидлаар санал солилцож байжээ.

Сайкс-Пикогийн гэрээний хувь заяа хэрхсэн бэ?

• Сайкс-Пикогийн гэрээнд батлагдсан тохиролцоо хүчин төгөлдөр болж чадаагүй ч Дэлхийн нэгдүгээр дайны дараах хэлэлцээрүүдийн үндэс болжээ.

• Османы эзэнт улсын араб газар нутагт захиргааны мандатын дэглэм тогтоохыг Үндэстний лигийн 1919 оны дүрмэнд заажээ. Түүнийг 1920 оны Сан-Ремогийн бага хурлаар нэг мөр тохирч, 1922 онд Үндэстний лиг баталжээ.

• Их Британи Ирак, Палес­тиныг, Франц нь Ливан, Сирийг захирах эрхтэй болжээ. Хяналтын захиргааны бүсүүдийн хил нь Сайкс-Пикогийн гэрээнийхээс өөр байснаараа онцлогтой ч тэрхүү гэрээг Ойрхи Дорнодыг газар зүй, яс үндэс, шашны бодит байдлыг тооцохгүйгээр барууны орнууд хуваах гэсэн анхны оролдлого гэж үздэг.

Энэ нь Ойрхи Дорнодын хувь заяанд хэрхэн нөлөөлөв?

• Гэрээ нь бүс нутгийн олон сөргөлдөөний үндэс суурь болжээ. Жишээлбэл Ливаны иргэний дайн (1975 -1990) гэх мэтээр.

• Гэрээ нь Араб-Израилийн сөргөлдөөнийг бий болоход нэмэр үзүүлжээ. Гэрээний гол заалтуудын нэг нь Палестины хяналт байсан бөгөөд Лондон тухайн газар нутгийг арабуудад (1916 оны нэгдүгээр сар, Мак-Магон–Хусейны захидлуудад) мөн сионистуудад (1917 оны Бельфурын тунхагт) ч амлаад асуудлыг хурцатгасан юм. Англичууд газар нутгийг хоёр удаа худалдаад, арабчуудыг ч еврей нарыг ч хуурч, нутгийг өөрийн захиргаандаа үлдээсэн юм.

• Энэ гэрээний дагуу Сири, Ирак өнгийн хилийн хүрээнд үүсч, Иордан байгуулагджээ.

• Энэхүү баримт нь “Сайкс-Пикогийн гэрээ” гэсэн нэртэйгээр зуун жилийн турш Ойрхи Дорнодын хэрэг явдалд барууны орнуудын оролцооны бэлгэдэл болсоор ирсэн бөгөөд олон араб улстөрчид түүнийг өрнөдийнхөнтэй тэмцэх шалт­гаан болгон ашиглаж иржээ. Бүс нутгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ХХ зууны дундуур гарч, өнөөдөр ч тэр хандлага үргэлжилсээр байна. Жишээлбэл, “Исламын улс” гэх өнөөгийн бүлэглэл Сири-Иракийн хил дээрх постуудыг устгаад “Сайкс-Пикогийн” төгсгөлийг зарласан юм.

•Туркийн улс төрийн эли­­­­түүд ч өнөөдөр дэлхийн нэгдүгээр дайны дараах хилийн хуваарилалтад эмзэг ханддаг. Өнөөдөр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы Сири, Иракийн хэрэг явдалд оролцож байгаа амбици нь зуун жилийн түүхтэй холбоотой аж.

politik.mn

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …