М.Тогмид: Хүүхнүүдийг нүцгэн барилдуулах гэж байгаа биш цээрлэх зүйл байхгүй

Snapshot_2013-08-07_123329 Монголын Үндэсний их баяр наадмаас өмнөхөн эмэгтэйчүүдийг Үндэсний бөхөөр барилдуулах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаад намжсан юм. Монгол эмэгтэйчүүдийг “Үндэсний бөх”-өөр барилдуулах санаачлага гаргаад буй Эмэгтэйчүүдийн Монгол Үндэсний “Сарны гэрэл холбоо” ТББ-ын тэргүүн, зохиолч М.Тогмид гуайтай ярилцлаа.

-Та Монгол үндэсний бөхөөр эмэгтэйчүүдээ барилдуулах санаачлага гаргаад, ТББ байгуулжээ.  Бөхийн холбоогоо “Сарны гэрэл” гэж нэрийдсэний учир юу бэ. Эндээс яриагаа эхлэе?

-Манай Монгол эмэгтэйчүүд эрт үеэс, бараг 1000 жилийн тэртэйгээс барилдаж байсан баримт байдаг юм. Тухайн үед дэлхий дахинаа Монголчууд ноёрхож байсан. Тухайлбал, Өгөөдэй хааны үед орой болгон эмэгтэй бөх барилдуулдаг байсан юм билээ. Энэ мэтчилэн эмэгтэй хүн барилдаж байсан олон түүхэн баримт байдаг. Би нэгэн сонирхолтой түүх ярья. 1280 оны үед  Чингис угсааны Хайдав хааны охин Хотолон гүнж бөх барилдаж байсан байдаг. Тэр гүнж барилдахын зэрэгцээ цэрэг удирдаж дайнд орж, гардан тулалдаанд хүртэл хүч чадлаараа илүүрхдэг байж. Тиймээс ч цэргийн бусад дарга нар гүнжийг тулаанд оруулахгүй байхыг хүсдэг байсан гэдэг. Хотолон гүнж маш олон нэртэй байсан. Татар, Уйгур, Монгол, Перс  гээд улс үндэстнүүдийн хэл дээр  нэр нь хувирч явж байсан байгаа юм.

Гүнжийн нэр бол Татараар Ангиарм, Анжиарм гэж нэрлэдэг байсан. Энэ нэр маань одоогоор Ангирмаа гэсэн үг юм. Мөн Түрэгүүд хатныг Ай Ярук гэж нэрлэдэг байсан. Хатны анхны нэр нь бол Тутуланчага. Мөн  Хотолон гэдэг нэртэй байсан. Одоогийн Хулан гэсэн үг юм. Энэ дайчин эмэгтэй дайсны баатрыг гараараа барьж, олзолж авдаг байж. Ийм хүчтэй байсан учраас хаан аав нь охиндоо хандаж “олон эрчүүдийн дургүйг хүргэж байна, чи ордондоо бай” гэж захисан учраас барилдаж эхэлсэн байдаг. Гүнжийг барилдаж эхлэхэд хэнд ч дийлдэшгүй болсон байгаа юм. Ингээд л Хотолон гүнж барилдаад дийлсэн хүний эхнэр больё гэж хүртэл зар тарааж. Энэ дагуу ч олон эрчүүд ирж барилдсан ч  нэг ч эр даваагүй гэдэг.

Хамгийн сүүлд номонд тэмдэглэгдсэнээр 1000 агт хөөсөн ханхүү ирсэн. Мөрийгөө тавиад, “Би чамайг хаявал чи мний эхнэр болно, би унавал 1000 агтаа өгнө” гээд барилдсан. Тэрийг хараад хатны аав ээж нар нь “Чи шууд бууж өг. Эмэгтэй хүн нэг удаа эр хүнд унах ёстой” гэхэд үгүй гэсэн гэж байгаа. “Энэ хүн намайг хаяна гэж амлаж ирж байгаа учраас би хаяна” гэсэн байгаа юм.   Тэгээд хагас өдөр ноцолдоод хатан давсан учраас ханхүү 1000 агтаа өгөөд уйлаад буцсан түүхтэй. “Марко полоо”-гийн тэмдэглэлд энэ тухай байдаг. Монгол хатадын түүх номонд Хотолцагаан нэрээр тэмдэглэгдсэн.

Энэ хатны олон нэрүүдийг холбохоор Сарны гэрэл гэсэн утгатай юм байна лээ. Тийм учраас холбооныхоо нэрийг ингэж нэрлэсэн. 1280 оны хувьд Монгол эмэгтэй цэрэг удирдаж, барилдаж байсан нь гайхамшиг юм.

-Түүнээс хойш ч Монгол эмэгтэйчүүд барилдаж байсан гэдэг та энэ талаар хэр судлав?

-Ер нь Монголд хүч чадалтай эрчүүд байна гэдэг маань цаана нь хүчтэй эмэгтэйчүүд байна гэсэн үг. Тийм учраас сайн эхчүүдээс сайхан эр хүн төрдөг. Бөх бол эмэгтэй хүнээр дамждаг. Тийм учраас эмэгтэйчүүдтэй, бөхтэй холбоотой их олон домог яриа байдаг.

1920-иод оны үед эмэгтэйчүүдийн эрхийн асуудал их хөндөгдсөн. Эрчүүдтэй тэгш эрхтэй байх тухай яригдаж эхэлсэн. Эмэгтэйчүүд үсээ тайраад, ухуулаг хийгээд давхиж байх үедээ барилдаж эхэлсэн. Тийм баримтууд байна. Жишээ нь Завхан аймгийн Нөмрөг суманд Өөхөн гоо гэж хүүхэн байсан, нэг барилдаанд тасархай түрүүлсэн байдаг. Хөвсгөлийн Галт суманд “Алтан шар” зам дууг дуулдаг дуучин Банзрагч гуайн ээж бол хэд хэдэн удаа барилдаанд түрүүлсэн гэж байгаа юм. Ховд аймгийн Чандмань суманд, Хамтарлын дарга Туяа гэж хүүхэн барилдаан зохион байгуулж өөрөө түрүүлж байсан байдаг. Ингээд 1930 хэдэн он хүртэл эмэгтэйчүүд барилдаж байгаад хэлмэгдүүлэлт эхэлсэн. Хэлмэгдүүлэлтийн гурван жил, дайны зургаан жил гээд дахиад сэргээн босголтын  жилүүд гээд эмэгтэйчүүд барилдах асуудал унтарсан.

Ингээд байж байгаад 50-иад оны үед дахиад сэргэсэн. 50-иад оны үед бол Банзрагчийн ээж барилдаж байсан байдаг. Өөрөө номондоо бичсэн, дурсаж ярьсан. Ер нь тэгээд хүч чадалтай эмэгтэйчүүд чинь аагиндаа багтаж ядаад зүгээр сууж чаддагүй юм байна шүү дээ. Хамгийн наад зах нь адуу, морийг бугуйлдаж унагах жишээтэй. Эмэгтэйчүүд 50-иад оны үеэс барилдах нь тасалдсан. Эмэгтэйчүүд барилдахаасаа гадна бяр чадлаа гаргахын тулд орчин үеийн спорт хөгжиж эхэлсэн учраас бөх барилдахаа болсон байх. Волейбол, сагс гээд спортоор хичээллэж эхэлсэн. Үүнд хүч чадлаа гаргаж эхэлсэн. Одоо Дорнод аймгийн нэг эмээ барилддаг гэж байна. Телевизээр гарч байна лээ, “Эмээ барилдах уу гээд л залуучууд ирдэг. Би тэгээд л хаячихдаг” гэж ярьж байсан.

-Монголын үндэсний бөхөөр эмэгтэйчүүдийг барилдуулна гэхээр итгэж өгөхгүй байх шиг байна. Сонссон хүмүүс эсэргүүцэх шинжтэй?

-Ер нь бол эмэгтэйчүүд барилдах нь цээрлээд байх зүйл биш. Зарим шүүмжлэгчид намайг эрийн гурван наадам устгах гэлээ гэж байгаа юм. Одоо эрийн гурван наадам байхгүй шүү дээ. Бүх ард түмний баяр наадам. Анх 1000 жилийн өмнө бол эрчүүд дайныхаа завсараар барилддаг, бэлтгэл сургуулиа хийдэг байсан. Ажлынхаа чөлөө заваараа барилддаг байсан байх юм. Энэ үед бол эрийн гурван наадам гэж болдог байсан. Харин одоо тийм биш.

Дараа нь Богд хаант засгийн үед Арван засгийн наадам, Долоон хушуу наадам гээд нэртэй байлаа. 1920 оны үед Цэргийн наадам гэж зохион байгуулж, 10 жил Цэргийн наадам зохиогдсон. Одоо манайд бол Бүх ард түмний наадам болсон. Эмэгтэй хүн сур харваж байна, шагай харваж байна. Эмэгтэй хүүхэд хурдан морь унаж байна. Хүүхнүүдийг нүцгэн барилдуулах гэж байгаа бол бас цээртэй шүү дээ. Тийм биш.

-Монголын үндэсний бөхийн холбоонд та энэ талаар хандсан уу?

-Хандаагүй. Хандахаас өмнө эсэргүүцчихсэн. Би бол хандах гээд бэлтгэж байсан юм. Би хамтарч ажиллах асуудлыг тавья гэж. Гэтэл тэд өөрсдөө дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн учраас Үндэсний бөхийн холбоонд хандаагүй.

Ер нь бөхийн асуудал их зөрчилтэй байна шүү дээ. Бөхийн дэвжээн дээр эмэгтэй хүн гаргадаггүй, гар ч барьдаггүй тийм шашины бурангуй үзэл байна. Тэгсэн мөртлөө авгайтайгаа шөнө хамт хоноод өглөө босоод цай хоолыг нь уучихаад, угаасан хувцасыг нь өмсчихөөд бэлтгэл сургуулилтандаа яваад байдаг. Тийм байж болохгүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй хэдий ойр тодно байх тусам хүч чадалтай, сайхан жаргалтай байдаг.  Манай төрд ч ийм шашины бурангуй үзэл шингэчихсэн байна. Овоо тахихад эмэгтэй хүнийг ойртуулдаггүй. Гэтэл золбин нохой овоо дахихад нь хамт явж л байдаг. Тэр охин нохойноос эмэгтэй хүнийг дор үзэж байна гэсэн үг шүү дээ. Монголчууд эмэгтэй хүнийг хамгийн ихээр цээрлэдэг, дор үздэг болчихлоо.
-Улсын баяр наадмаас өмнө эмэгтэйчүүд үндэсний бөхөөр барилдах нь гээд мэдээлэл цацагдаад чимээгүй болчихсон. Одоо тэгэхээр ямар ажил хийхээр төлөвлөгдөж байна бэ?

-Барилдаан зохион байгуулах гэж байсан ч сонгууль, Улсын баяр наадам, зуны амралт гээд ажил түр зогсчихоод байна. Удахгүй энэ намраас ажилдаа орно. Бидний ажлыг ССАЖЯ дэмжин ажиллаха мэдэгдсэн. Барилдаан зохион байгуулна.

Яг одоо бол туг, эмэгтэйчүүдийн зодог шуудгаа хийж байна. Эмэгтэй бөхчүүд малгай биш хүзүүндээ алчууртай барилдана. Манай үндэсний бөх их бохир шүү дээ. Нэг засуул 4, 5 малгай зэрэг барьсан зогсож байх жишээтэй. Тэгэхээр яаж нөгөө барилдаанаа шүүх болж байна. Тийм учаас эмэгтэй бөхчүүд хүзүүндээ алчуур зүүгээд барилдана. Эмэгтэй бөхөд засуул  байна, гэхдээ малгай тэврэхгүй. Алжуураараа хөлс, үсээ арчина. Унасан хүн нь алжуураа тайлаад аваад яваад өгнө.

-Зодог шуудаг нь ямар байх уу?

-Ер нь Үндэсний бөхийн одоогийн зодог шуудагтай ойролцоо байна. Эмэгтэй хүн учраас барихад тийм таван том ширээс байхгүй. Бага ширээс байх ёстой. Гутал нь өвдгөвчтэй байна. Унаж өвдгөө гэмтээхээс сэргийлж байгаа юм. Эмэгтэй хүний өвдөг нь соривтой явж байвал ямар байх уу гээд энэ бүгдийг бодолцож байгаа.

Мэхний хувьд ярилцана, зөвшилцөнө. Хөл мэх, хавирах, цохих мэх байх уу гээд тогтох журмыг бий болгоно.
-Цол олгох асуудал бол байна биз дээ?
-Цол өгөх асуудал бол арай наашаа байна. Гурвын даваанаас эхлээд цол өгч болно. Гэхдээ дөрвөн хүчтэн нь хэвээрээ байх юм. Эмэгтэй бөхөд начин цолыг шонхор болгож өгье гэж бодож байгаа юм. Тэгээд заан, арслан, аварга гээд цоллоно. Гэхдээ энд нэг зүйлийг залруулах хэрэгтэй. Аварга цолыг аварга могой гэж дуудах хэрэгтэй. Тэгж л байж дөрвөн хүчтэн дөрвүүлээ амьтай зүйл болно.

-Улсын баяр наадмаар барилдуулна гэсэн үг үү.

-Улсын баяр наадмаар бол барилдуулахгүй. Өмнө нь ч юм уу хойно барилдааныг зохион байгуулна. Мэдээж энэ барилдааны үеэр цол олгож байна.

-Эмэгтэйчүүд хэр барилдах сонирхолтой байх бол?

Хүмүүс их сонирхож байгаа. Сүхбат аварга намайг энэ холбоог байгуулахыг дэмжсэн. 2010 онд уулзсан. Хүч чадалтай эмэгтэйгээс л хүч чадалтай эрчүүд гардаг. Тийм учраас байх боломжтой гэж хэлсэн. Сосорбарам арслан эмэгтэй бөх байх ёстой гэдэгтэй санал нийлж байсан юм.

Тэр байтугай Буриад, Өвөрмонгол, Тувагаас ирж барилдуулна гэсэн бодолтой байна. Дараагаар нь Солонгос, Япон, Хятад гээд хаанаас ч ирж барилдах боломжтой гэж харж байгаа. Эмэгтэй Монгол үндэсний бөхийг дэлхийд гаргах боломжтой. Мөн Геннесийн номонд бүртгүүлье гэсэн бодол ч байна.

Т.Түвшин

Ugluu logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …