Эмч нарын хувь заяа 76-гийн гарт

Эрүүгийн хуульд шинэчлэн тогтоосон эмнэлгийн мэргэжилтнүүдийн хариуцлагын талаар нэг хэсэг шуугисан. Нэг талаас эмч мэргэжилтнүүд мэргэжлийн ажлаа хийхээс эмээх болсон талаар ярьж байгаа бол нөгөө талаас ингэж хариуцлагыг чангатгаснаар өнөөдрийн зарим эмч ажилчдын тоомжиргүй, анхаарал болгоомжгүй үйлдлүүд цэгцэрнэ гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг чангатгаж оруулсан. Товчхондоо 3-5 жилийн ял өгдөг байсан зүйл ангийг 2-8 жил болгож өөрчилсөн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард үүнтэй холбоотойгоор эмч, ажилчдын эсэргүүцэл эрчимтэй өрнөсөн билээ. Тухайн үед Хууль зүйн сайд Д.Дорлигжав эмнэлгийн зарим төлөөллийг хүлээн авч санал бодлыг нь сонсож, ойлголцолд хүрсэн гэсэн. Тэрээр “ялын хэмжээний тухайд сонгож өгөх боломжтой гэж харсан юм. Бид зарим асуудлыг нь сайн ойлголгүй, хуульдаа тусгасан байсан. Эмч нар ялын хэмжээг 2-5 жил болгох хүсэлт тавьж, Яамнаас санал ирснийг Хууль зүйн яам дэмжих санал өгсөн. Одоо УИХ-аар хэлэлцээд эхэлбэл, энэ ганц зүйл ангийг өөрчлөх бүрэн боломжтой.” гэсэн байгаа юм.

Харин тавдугаар сарын 20-нд Эрүүл мэндийн салбар сайдтай болж, улмаар тавдугаар сарын 31-ний өдөр Сайд С.Ламбаа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, эмнэлгийн мэргэжилтэнд оногдуулах ялын бодлогыг хөнгөрүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ. Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж амжвал, цаашлаад дэмжлэг авбал хатуу гэгдэж байгаа энэ ганц заалтанд өөрчлөлт орохоор болж байна.

Зарим гадаад орнуудын Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг харьцуулахад Монгол Улсын Эрүүгийн хариуцлагын хорих ялын хэмжээ нь 2 дахин их байгаа аж. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 350.0-660.0 төгрөгийн үндсэн цалинтай. Харин өндөр хөгжилтэй улс оронд тухайлбал АНУ, Канадын эмч нарын цалин хамгийн бага нь 90-130 мянган ам.доллар, Солонгос эмч нар 10 сая вон, ОХУ-ын эмч нар 50-60 мянган рубль, Хятадын эмч нар хамгийн багадаа 10 мянган юань түүнээс дээш хэмжээний цалин авдаг. Гэтэл гурван сараар эрхээ хасуулаад 20-80 сая төгрөгийн торгууль төлөх, 2-8 жилийн ял сонсох хоёроос сонголт хийнэ гэж байгаа. Торгуулийн хэмжээ нь тэдний олон жилийн цалинтай тэнцэх тул ялын хэмжээг ийнхүү онцолж байгаа бололтой. Бусад улс оронд мөнгөний төлөө ямар нэгэн аргаар аминд нь хүрэх захиалга байдаг гэдэг юм билээ. Харин манайхны тухайд санаатайгаар хүний аминд хүрэх нь тангарагтныхны хувьд хараахан дэлгэрээгүй үйлдэл.

Хэрэв ганц заалтандаа өөрчлөлт оруулж амжихгүй бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд эрүүл мэндийн салбар боловсон хүчний дутагдалд орох эрсдэлд орж мэдэхээр байгаа гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Түүнчлэн иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх ноцтой зөрчигдөж болзошгүй байдалд хүргэхээр байна хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа аж.

Ингээд энэ сарын 23-наас үргэлжлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн хувь заяа хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.

bataar.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …