Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Туул гол орчмын бодит байдалтай газар дээр нь танилцлаа. Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт орчимд компаниуд карьер буюу хайрга олборлосоор байгаа мөн арьс ширний үйлдвэрүүдээс гарч буй бохир хаягдал нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн гомдол нийслэлийн Хан-Уул дүүргийн оршин суугчдаас ирсэн юм.
Цэвэрлэх байгууламжийн орчимд хууль зөрчин газар өмчлүүлжээ
Ноос болон арьс шир боловсруулах 25 үйлдвэрээс хром, сульфат зэрэг хорт бодис бүхий бохир гардаг. Уг бохирыг Улаанбаатар хотын салхин талд байрлах “Харгиа” цэвэрлэх байгууламж цэвэрлэгээ хийн шүүдэг хэдий ч, орчныхоо агаар, ус, газарт нөлөөлсөөр байна. Хавь ойрд нь хүн тогтохын аргагүй эндхийн эвгүй, эхүүн үнэрийг зүйрлэж хэлэхийн аргагүй.
Эргэн тойронд нь үйлдвэрийн газар, орон сууцнууд хаяа дэрлэнэ. Амьсгалах ч аргагүй байхад дэргэд нь амьдарч буй айлууд зуны халууныг хэрхэн давдаг бол гэж бодогдох. Үнэ хямд тул хүмүүс энд орон сууц худалдан авчээ. Хуулиараа бол цэвэрлэх байгууламжийн орчны 500 метрээс дотогш аж ахуйн нэгж, иргэнд газар өмчлүүлэхгүй заалттай гэнэ. Уг заалтыг зөрчин газар олгон барилгуудыг ийнхүү барьжээ.
Энэ бүхэнтэй танилцсан Шадар сайд Ц.Оюунбаатар Улсын онцгой байдлын комиссыг даргалдгийнхаа хувьд “Харгиа” цэвэрлэх байгууламжийг хаах үүргийг МХЕГ-ынханд газар дээр нь өгсөн. “Арьс ширний үйлдвэрүүдийн бохирыг шийдвэрлэхгүй бол ийм ханхийсэн үнэртэй орчинд иргэд амьдарч болохгүй. Үйлдвэрүүдийн эрх ашиг, цөөн хэдэн төгрөгөөс иргэдийн эрүүл мэндийг хохироохгүй. Эдгээр асуудлаар Улсын онцгой комиссоор оруулж удахгүй хэлэлцэнэ” гэв.