Сонгуулийн сурталчилгааны ард үлдсэн иргэд болох хүүхдийн хүмүүжил сургалт, ЭЕШ, донтох өвчтэй иргэд гээд энэ бүх нийгмийн “хүнд” давхаргынхантай яагаад нэр дэвшигчид уулзаж болдоггүй юм бэ, тэд яагаад улс нийгмийн чанартай асуудлын хойно үлддэг юм бэ. Тэд энэ нийгмийн золиос уу.
Монгол улсад нийт 498 нэр дэвшигч өдөр шөнөгүй шахуу л сурталчилгаагаа хийж байгаа энэ үед нийгэмд орхигдсон хэсгийг “үлдээж”, “үл тоомсорлож” байгаа нь эмгэнэлтэй. Тэд санал өгөх тоонд орохгүй болохоор тэр үү эсвэл саналыг “хүчээр” хэн нэгний нөлөөтэйгөөр “өгүүлдэг” болохоор тэр үү?
Архинд донтон эмчлүүлж байгаа иргэд, шар хаданд хэвтэн /сэтгэцийн/ эмчлүүлж байгаа нийгмийн эмзэг давхрагын иргэд, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ярьсныг 100 хувь ойлгодоггүй иргэд энэ сонгуулиар хэнд саналаа өгөхөө “мэдэхгүй” байгаа иргэд энэ бүх хүмүүс сонгуулийн хар машины “өгөөш” болж байдаг уу.
Монголд иргэдийн 70-с дээш хувь нь банкны ямар нэгэн өртэй, 65-с дээш хувь нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байна. Өнөөдрийн тараах гэж байгаа “Эрднэс таван толгойн” хувьцааны хувь хишигт дараалал үүсгэн хэдэн мянгаараа мөнгө эрэлхийлж байгаа нь ард иргэдэд мөнгө л хоосон хонох, өр ширээ төлөхөд “хүчтэй” нөлөөлж байгаа хэрэг. Нэг үгээр энэ нийгмийн дүр зураг илхэн харагдаж байна.
Тойрог, тойрогтоо нойргүй хонож байгаа нэр дэвшигчид сонгуульд зарцуулах энэ их мөнгөөрөө яагаад нийгмийн эмзэг давхарга болсон иргэдээ анхааралдаа авч болдоггүй юм бэ. Уг нь Монгол улсын иргэд нэр дэвшигчдээс “их юм” хүсээгүй. Тэд хэдэн арван саяар өдөр тутмын сонгуулийн ажилдаа зарцуулж байхаар дорвитойхон ганц зүйл хийсэн байхад л иргэд угаас дэмжинэ. Хамгийн олон хэвлүүлсэн самбартай, хамгийн олон хуудас тараасныг бус хамгийн хүн чанартай, хамгийн хийсэн зүйлтэйг нь сонгоно шүү дээ.
УИХ-д хэдэн удаа сууснаараа бус, хэдэн арван жилийн туршлагаараа бус хэнд юуг зарцуулж чадах эсэхээр нь иргэд сонголтоо хийнэ. Тиймээс элдэв зурагт хуудсанд мөнгө зарж байхаар нийгмийн хүнд давхарга болсон иргэдэд дорвитойхон нэг зүйл хийгээд түүгээрээ “нүүр талхална”-сан нь дээргүй юу?
Монгол улсын иргэд тэнэг биш, би хийнэ, би хийх гэж байна, манай нам хийхээр төлөвлөлөө гэхээс энэ олон жил “залхаж” байна. Ямар ч нам байгаад “ялгаагүй” учраас “хүнээ харна, сонгоно” гэгчлэнгээр ярилцах юм. Тиймээс нэр дэвшигчид намын харъяалалтайгаар “нэг зүгт харж” байгаа ч гэсэн “хувийн тоглолт” хийх хэрэгтэй цаг ирж. Иргэдийн амьдралд юу хэрэгтэй байгааг хөрсөн дээр бууж нэг хараасай билээ. Нийгмийн эмзэг давхаргын иргэдийг битгий орхигдуулаарай эрхэм “эх оронч” болсон нэр дэвшигчдээ! Тэдэнд ойлголмжтой байхаар бүхий л мэрэгжлийн хүнээр нь дамжуулан мэдээлэл өгч саналыг нь “өгүүлдэг” биш “өгдөг” болгож ажиллая л даа. Тэд ч ийм эрхтэй шүү дээ.
Б.Цацралт