АН засагласан дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар бүрэн уналтад орсон. Тэр бүү хэл, сүүлийн хагас жил энэ салбар сайдгүй явсан гээд бодохоор бодлого тодорхойлох ажил үндсэндээ орхигдсон нь лавтай. Хүн амын, тэр дундаа улсын оршин тогтнохуйн үндэс болсон эрүүл мэндийн салбараа ингэтэл улс төржүүлдэг салбар манайхаас өөр улсад байхгүй л байх. Аливаад хэмжээ хязгаар гэж байх ёстой. Үүнтэй адил улс төржүүлдэггүй, улс төржүүлж болохгүй салбар гэж уг нь байх учиртай. Гэтэл манайд энэ бичигдээгүй хууль АН-ын үед л лав уланд гишгэгдсэн. Ганцхан сарын настай сайд томилсон анхдагч салбар нь эрүүл мэндийнх байх жишээтэй. Угтаа хамгийн тогтвортой, хамгийн мэргэжлийн, хамгийн холбиролтгүй нь энэ салбар байх учиртай. Бүтэн дөрвөн жилийн турш улстөрчдийн хэрүүлийн алим болсон энэ салбар 2016 он гарснаар сайдгүй бүтэн найман сар болсон. Сөрөг хүчин, УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгээс шахаж шаардан байж, арай гэж сайдтай болгосон. Ингэхдээ боловсон хүчний нөөцгүй АН-ынхан тэтгэврийн насны хүнийг томилчихсон яваа нь нэг талаас эмгэнэл гэлтэй.
Ингэж энэ салбар арайхийн сайдтай болсон ч “хонх нь дуугарахаар дамар нь таг” гэгчээр Төрийн нарийн бичгийн даргагүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Учир нь ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Ламбааг АН-ынхан ганц сар ч болов сайдаар суулгах шийдвэрийг гаргасан.
Гэтэл С.Ламбаагийн хувьд тэтгэврийн нас нь болсон атлаа, үндсэндээ хууль зөрчин, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн албан хаагч. Харин төрийн албаны тухай хуульд эрэгтэй 65-аас доош насны хүмүүс ажиллах хуулийн заалттай. С.Ламбаагийн хувьд өдгөө 66-тай. Хэдий тэтгэвэрт гараад ганцхан жил өнгөрсөн гэж болох ч хууль л бол хууль. Хуулийг хэнбугай ч байсан мөрдөх л учиртай.
Гэтэл АН-ынхан С.Ламбаагаа хууль зөрчин, Төрийн нарийнаар ажиллуулж байгаад сайдаар дэвшүүлэн томилчихож байх жишээтэй. Харин ийнхүү эрүүл мэндийн салбараа бялуу болгон талцаж, эзэнтэй эзэнгүй байлгах зуур сүүлийн жилүүдэд дуулдаагүй улаанбурхан өвчин газар авч, цөөнгүй тооны хүүхдийн амь насыг хүртэл авч одсон эмгэнэлтэй үйл явдал болж өнгөрсөн. Энэ бол үндсэндээ салбарын бодлого алдагдсан, урьдчилан сэргийлэлт муу байсантай шууд холбоотой.
Харин одоо энэ салбарт юу хэрэгтэй байна вэ. Мэргэжлийн удирдлага, тогтвортой байдал, оновчтой бодлого, чадварлаг боловсон хүчин. Тэгвэл энэ бүхнийг хэн хийж хэрэгжүүлэх вэ гэвэл мэдээж аль нэг улс төрийн нам байж таарна. Монголд өнөөдөр хоёр том нам байгаа нь Монгол Ардын Нам, АН яалт ч үгүй мөн.
Манай улсын хууль тогтоомжийн дагуу ялсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг учиртай. Тийм ч учраас намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулан, бодлогоо уралдуулдаг гэхэд болно. Тиймээс намууд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн асуудлыг хэрхэн авч үзсэн бэ гэдгээс бүгдийг харах учиртай. АН-ын тухайд тэртэй тэргүй энэ салбарыг авч явж чадахгүй нь тодорхой болчихсон. Дөрвөн жилийн хугацаанд гурван ч сайдын нүүр үзүүлсэн, салбарын бодлого алдагдаж, халдварт өвчин газар авч, аюулын харанга дэлдсэн он жилүүд өнгөрч байгаа нь хэн бүхний нүдэн дээр ил байгаа процесс. АН ингэж эрүүл мэндийн салбарыг самарсан бол улс төрийн ууган хүчин энэ салбарт ямар бодлого хэрэгжүүлэхээр зэхэж байна вэ.
Монгол Ардын Нам “Элэг бүтэн Монгол”-ыг бий болгох том зорилго тавьжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн нэг бүр эрүүл саруул байж гэмээнэ салбар, цаашлаад улс орон эрүүл оршино гэж үзсэн нь яах аргагүй тулхтай намын алсыг харсан бодлого гэлтэй. Энэ салбарыг тогтвортой ажиллуулж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд мэдээж эхний ээлжинд санхүүжилтийн асуудал чухал.
Тэгвэл Монгол Ардын Нам юуны өмнө эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Аливаа ажлыг хийхийн тулд төсөв хөрөнгө хүрэлцээтэй байх учиртай. Харин энэ ажлыг Монгол Ардын Нам хийхээр тооцоолж байна.
Эрүүл мэндийн салбарт тэд өөр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ. Жил бүр аймаг, дүүрэг тус бүрээс 20 эмч мэргэжилтэнг гадаадад мэргэжил дээшлүүлэхээр сургана. Жилд нэг удаа бүх иргэнээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Осол эндэгдлийн төвшинг хоёр дахин бууруулна. 2020 он гэхэд С вирусын голомтыг устгана гэх мэт онцлох заалтуудыг энд дурдаж болохоор байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хийх Монгол Ардын Намын ажил, санал санаачилга.
Цаашилбал, хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацаа тасрахгүй байх, Хүүхдийн эмнэлгүүдийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулахад эхний ээлжинд анхаарна гэжээ. Хэдийгээр жижиг чимхлүүр ажил мэт сонсдож болох ч хэн бүхний харж, анзаараад байдаггүй жижиг зүйлийг ч Монгол Ардын Намынхан мөрийн хөтөлбөртөө тусгасан нь энэ. Улмаар төрийн бодлого болгон хэрэгжүүлэхээр зорьж байгаа.
Та бидний ирээдүй болсон хүүхэд багачуудаа ч тэд мартаагүй.Хүүхдүүдэд багаас нь эрүүл мэндийн боловсрол олгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг багтаахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Ирээдүйн иргэдэд эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгосноор аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргэлийлэх боломжтой болно гэж тооцсон нь нүдээ олсон зөв шийдэл болсныг олзуурхах хүн олон байна.
Мөн “Хүүхэд бүрийг цэцэрлэгтэй” болгохыг ч Монгол Ардын Нам зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр гурван хүүхэд тутмын нэг нь гэртээ цоожлогдож үлддэг эсвэл айлд үлддэг байдлыг халахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан нь амьдралд ойр тооцоолол болсныг ч дурдах нь зүйтэй.
Монгол Ардын Нам эрүүл мэндийн салбарт хэрхэн анхаарсныг анзаарвал улс төрийн ууган хүчин иргэн бүрийнхээ эрүүл мэндэд төрийн анхаарал халамжийг бүрэн чиглүүлсэн хөтөлбөр боловсруулжээ. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн асуудал, цалин урамшууллыг цогцоор нь шийдэх гарцыг бүрэн тусгасан нь улс төрийн том хүчний зангаргийг бүрнээ илтгэжээ гэлтэй.
Монгол Ардын Намын сонгуулийн штабаас