95 жилийн түүхтэй Монголын цагдаагийн байгууллагаас НҮБ–ын мандат өвөртлөн анх удаа цагдаагийн үүрэг гүйцэтгэхээр хоёр офицер ирэх долоо хоногт эх орноосоо мордох гэж байна. Цагдаагийн байгууллагаас НҮБ–ын цагдаагийн ажилд оролцохоор бэлтгэлд гарсан хүмүүсээс 14 хүн тэнцэж, явахад бэлэн болсон аж.
Тэднээс ЭЦГ-ын V хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Бат–Оргил нар НҮБ–ын цагдаагийн албанд цагдаагийн зөвлөх (police adviser) гэх албан тушаалыг энэ сарын 31–нээс эхлэн жилийн хугацаатай хашихаар болсон юм.
Ахлах дэслэгч Б.Эрдэнэдалайгаас энэ талаар тодрууллаа.
-НҮБ-ын мандаттайгаар цагдаагийн үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордох гэж байна. Чухам ямар ажил хийх юм бол?
-Дэлхийн халуун цэгт НҮБ-ын мандаттайгаар цэрэг буюу зэвсэгт хүчнийхэн, цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байдаг. Цэргийн албан хаагчид маань хамгаалалтын асуудлыг нь анхаарч ажилладаг бол НҮБ-ын цагдаагийн албан хаагчид нь зэвсэгт хүчнийхний хамгаалалтад байгаа дүрвэгсдийн хуаран, хамгаалалтын бүс дотор үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцдаг юм байна.
Ингэхдээ орон нутгийн хууль сахиулах байгууллагын туслалцаа дэмжлэг үзүүлэх, цагдаагийн алба хаагчийн биеэ авч яваа байдал, ёс зүйгээр үлгэрлэх зэргээр ажилд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн гэмт хэрэг, олныг хамарсан үймээн самуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээ, мэдээлэл цуглуулах, хэргийн газрын үзлэг хийх, түүнийг хамгаалалтад авахад туслалцаа дэмжлэг үзүүлэх гэх зэрэг ажлыг цагдаа нь хариуцах юм.
-Хэчнээн орноос цагдаагийн алба хаагч ажиллаж байгаа талаар мэдээлэл авсан уу. Ийм үүрэг гүйцэтгэхэд ЦЕГ-ын удирдлага нэлээд хүчин чармайлт гаргасан байх?
-НҮБ-ын цагдаагаар 48 орон Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа. Манай улс 49 дэх нь болж очиж буй юм. Монголын цагдаагийн байгууллагаас НҮБ-ын цагдаагаар ажилласнаар эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахад улс төр, дипломатын аргаар оролцох ач холбогдолтой. Мөн тэнд үүрэг гүйцэтгэж байгаа 48 орны цагдаагийн албан хаагчдаас суралцах, туршлага солилцох гээд олон талын ач холбогдолтой.
Монгол Улсын цагдаагийн байгууллага гадаад харилцаагаа өргөжүүлж, хөрш орнуудтайгаа гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад улс орноор тогтохгүй НҮБ-ын мандат дор цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэх бүхий л нөхцөл бололцоог сүүлийн жилүүдэд бүрдүүллээ.
Хууль зүйн яам, ЦЕГ-ын дарга, түүний зөвлөлийн гишүүд, Гадаад харилцааны хэлтсийн дарга, хурандаа Г.Бадарч даргатай хамт олны шаргуу хөдөлмөрийн дүнд Монголын цагдаагийн албан хаагчид НҮБ-ын мандат дор цагдаагийн үүрэг гүйцэтгэхээр болсон нь хууль сахиулах байгууллагын түүхэнд шинэ шан татаж байгаа явдал шүү дээ. Биднийг үүрэг гүйцэтгэхээр болсонд ЭЦГ, тус газрын V хэлтсийнхэн, Улаанбаатар хотын Цагдаагийн газрынхан ч мөн маш их тусалж дэмжсэнд талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлье.
-Газар орны нөхцөл байдлаа нэлээд судалж байгаа байлгүй. Ямар шалгуураар та нарыг сонгосон бэ?
-Энэ сарын 8-9-нд шилжих шөнө Засгийн газрын болон Засгийн газрын бус хүчнийхэн хэлэлцээр хийх үедээ тохиролцсон зүйлдээ аль аль тал нь сэтгэл хангалуун бус байснаас болж мөргөлдөөн үүсгэж, тухайн газар оронд үүрэг гүйцэтгэж буй БНХАУ-ын цэргийн багийн хоёр энхийг сахиулагч, орон нутгийн иргэдээс 300 гаруй хүн амиа алдсан, цагийн байдал тогтворгүй, хүндэрч байгаа гэсэн мэдээллийг бид аваад байна.
Бидний бэлтгэл сургуулилалт, сэтгэл зүйн бэлтгэл хангагдсан гэж үзэж байгаа. Цаг агаарын байдал халуун хуурай, ялаа, шумуулаар дамжих элдэв халдварт өвчин дэгдэмтгий учраас өөрсдийнхөө хувийн ариун цэвэр, ялаа шумуулаас хамгаалахад нэлээд анхаарах ёстой юм билээ.
-Тухайн бүс нутагтаа очоод тээврийн хэрэгсэл жолоодох шалгалт дахиад өгөх үү?
-Гадаад хэл, тэр дундаа англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх, өөрийн болон бусад хүний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй гэж үзээд автомашин жолоодох ур чадварыг хоёрдугаарт тавьдаг юм байна. Гуравдугаарт галт зэвсэг хэрэглэх ур чадварыг шалгадаг.
-Тэгэхээр та нар тухайн газар нутаг дээрээ зэвсэг, хүн нэг бүрийн тусгай хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэх боломжтой юм уу?
-Цагдаагийн албан хаагчид зэвсэггүйгээр үүрэг гүйцэтгэх юм. НҮБ-ын мандатад нь цагдаагийн албан хаагчдыг галт зэвсэг хэрэглэхгүй байхаар тусгасан юм билээ. Үнэхээр шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчний хамгаалалт дор галт зэвсэг хэрэглэхгүйгээр ажиллах журамтай.
-Зэвсэгт хүчнийхний бүрэлдэхүүнд цагдаагийн албан хаагчид багтаж, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг байсан бол одоо өөрсдийн эзэмшсэн мэргэжлээ ашиглах болсон байна. Тэнд манай зэвсэгт хүчнийхэн байгаа шүү дээ. Тэднээс заавар зөвлөгөө авсан биз дээ?
-Манай зэвсэгт хүчнийхэн 2002 оноос НҮБ-ын ажиглагчаа илгээж байснаас хойш 13.000 цэргийн алба хаагчаа энхийг сахиулах ажиллагаанд оролцуулаад байна. ЗХЖШ-ын удирдлага, тэр дундаа Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг биднийг хүлээн авч уулзан цагдаагийн албан хаагчид НҮБ-д ажиллахаар болсонд маш их анхаарал тавьж, тусламж дэмжлэг үзүүлэн, газар орны нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, хэрхэн биеэ авч явах талаар заавар зөвлөгөө өгсөнд маш их баярлаж буйгаа энэ дашрамд илэрхийлье.
Монголын зэвсэгт хүчин Өмнөд Судан улсад үнэхээр нэр хүндтэй, хойд секторын командлагч нь монгол хүн байгаа. Тэдний сайн ажиллаж буйн үр дүнд Монголын цагдаагийн байгууллагаас НҮБ хүн авч ажиллуулахаар болсон болов уу.
эх сурвалж: unuudur.mn