Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай ярилцлаа.
-Та одоо ямар байгууллагад харьяалагдаж байна вэ?
-Одоо ямар нэг байгууллагад харьяалагдаагүй байна. Чөлөөт уран бүтээлч. Нийтийн дуучдын нэгдсэн холбооны гишүүн.
-Чөлөөт уран бүтээлч болохоор цаг зав их гарч байна уу?
-Сүүлийн үед гэртээ цэцгээ арчлаад байх сонирхол их болсон. Бэртэйгээ хоёулаа их ярилцана. Хаанаа цэцгээ байрлуулах вэ, хаана тарих вэ гээд л… Намайг нэгдүгээр ангиа төгсөхөд манайх Сэлэнгийн Зэлтэрт хөдөөний айл болж нүүж очсон юм. Зэлтэрийн сангийн аж ахуй бол үлгэрийн орон. Гайхамшигтай байгальтай. Уул ус ургамал амьтан гэж хачин сайхан. Яагаад тэнд очсон гэхээр манай ээж хүнд өвдсөн юм. Эмч нар ээжийг маань “Агаар л эдгээж магадгүй, эмнэлгийн зүгээс бүх эмчилгээ дууссан” гэж хэлсэн. Тэгээд манайх Зэлтэрт очоод гурван жил болоход ээжийн өвчин эдгэчихсэн байхыг хараад эмч нь бүр гайхсан. “Ямар гайхамшигтай агаар ус гэхээрээ тийм байдаг юм бэ” гэж ярьж байсан.
-Та хэр сайн ээж вэ?
-Би гурван хүүхэдтэй. Том охин, удаахь хүү хоёр маань Монголдоо сургууль төгссөн. Дунд охин маань Калифорнид дээд сургууль төгссөн. Одоо Лос Анжелест амьдардаг. Том охин маань япон хэлний орчуулагч мэргэжилтэй. Бага хүү Билгүүн маань ШУТИС-ийг программист мэргэжлээр төгссөн. Одоо Төрийн банкны систем аюулгүй байдлын хэлтэст ажилладаг.
-Ингэхэд та хадам ээж болчихжээ, ер нь ямар бэртэй болъё гэж бодож байсан бэ?
-Би ер нь хүүгээ хүнтэй суух болоогүй л гэж бодож байсан. Тийм болохоор ийм тийм бэртэй болно гэж бодож байсангүй. Хүү маань ШУТИС төгсөөд жилийн дараа дагуулж ирсэн. Зүүнхараагийн сураг ажгаар мэддэг байсан хүний охинтой суухаар болсон байсан. Тохитой тухтай, ажил амьдрал нь жигдэрсэн, удам сайтай айлын охинтой гэрлэсэн. Одоо хоёр хөөрхөн охинтой, сайхан амьдарч байна. Манай бэр зураач. СУИС-ийн керамикийн ангийг төгссөн. Бас том том зураг зурна. Одоо хүүхдээ хараад гэртээ байгаа.
-Та ач зээ нар руугаа хэр яардаг эмээ вэ?
-Одоохондоо ач зээ нартайгаа цагийг бага өнгөрөөж байгаа. Хамт байх үедээ хамгийн аз жаргалтай байдаг. Манай хүүхдүүд багаасаа зурах дуртай байсан. Манай жижиг хоёр ач хүртэл цаас үзэг л байвал янз бүрийн юм дүрслээд л байдаг юм. Ер нь зурах сонирхолтой шиг байгаа юм.
-Та одоо аав, ээжийнхээ захиж хэлж байсан ямар үгийг хамгийн их бодож санаж явдаг вэ?
-Аав бол үнэнч шударга бай л гэж их захидаг байсан.Ер нь худлаа зан хэрэггүй шүү. Байгаа юмандаа сэтгэл хангалуун бай л гэдэг. Гэхдээ бас сайн сайхан өндөрлөгийг мөрөөддөггүй хүн гэж үгүй. Юмны хэм хэмжээг тааруулж, энэ амьдралд оногдсон хувь тавилангаа олж зөв амьдарч байгаадаа л сэтгэл ханах хэрэгтэй.
-Ер нь урлагийнхан олон талын авьяастай байх нь бий…
-Бага ангид байхад аав мандолин авч өгсөн. Тэгэхэд сонсголоороо олон дуу тоглочихдог, мандолиноо хөглөчихдөг хүүхэд байсан. Тэгээд тэрийгээ хөгжүүлээгүй болохоор одоо бол хөгжим тоглодоггүй.
-Одоо тэгвэл ямар авьяасаа хөгжүүлье гэж бодож байна?
-Зав их муутай байдаг болохоор яг тийм юм хийчихье гэсэн бодол алга л байна. Гэхдээ зуныхаа амралтаар бүжиг хийж, фитнесст явах санаа бий. Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас эхлээд аэробек хийж байгаад нэлээд уян хатан болсныхоо дараа фитнесст явдаг юм уу гэж бодож байгаа. Өмнө нь иогоор хичээллэдэг байлаа.
-Таны алтан партнёр хэн бэ?
-Би уран бүтээлч хүний хувьд олон сайхан дуучинтай хамтран дуулж байсан. МУГЖ Г.Эрдэнэбат л миний алтан партнёр байх. Бид хоёрын дуулсан “Охин үр” гэдэг дуу дуулагдсан цагаасаа л олны талархлыг хүлээж, түгэн дэлгэрсэн.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-СТА Л.Оюунчимэг, МУГЖ Ж.Уранчимэг бид гурав хамтраад “Нандин учрал, эстрадын дуунууд” тоглолтоо хийлээ. Энэ тоглолт маань үзэгчдийн таашаалд нийцсэн. Бид хориодхон насандаа л найзалж эхэлсэн. Тэр үед би анх урлагт хөл тавьж дуучин болж байв. Харин Оюунаа, Урнаа хоёр маань аль хэдийнэ Филармонийн дуучид болчихсон байсан. Тэд эстрадын дуучид болохоор тоглолтоо “Нандин Учрал эстрад концерт” гэж нэрлэсэн. Би бас залуудаа эстрад дуу дуулах гэж оролддог байсан. Хилийн цэргийн “Хилчин” хамтлагт дуулдаг байхдаа хааяа Филармони дээр уригдаж, “Баянмонгол”-той тоглодог байсан. Биднийг дуучин болж байх үед од байсан Б.Нандинцэцэг, М.Янжиндулам эгч нарынхаа дурсгалыг хүндэтгэж, дуунуудыг нь попури хийж тоглолтынхоо төгсгөлд дуулсан. Ерөнхийдөө бид гурвуулаа өөрийн гэсэн нандин, өвөрмөц өнгө аястай, олон сайхан дуунуудыг ард түмний хүртээл болгож чадсан уран бүтээлчид. Олон сайхан, сэтгэлд хоногшсон дуунуудыг Оюунаа маань дуулсан. Урнаа маань одоо ч тайзан дээрээ дуулсаар яваа. 70, 80-аад онд ихэд дэлгэрч байсан “Зүүдэнд оромгүй явдал” киноны дуу болох “Последняя поэма”-г бид гурав дуулсан.
-Та гурав энэ тоглолтоо орон нутагт үргэлжлүүлэх үү?
-Дархан, Эрдэнэт, Хөтөл, Хэнтий, Дорнод аймагт тоглосон. Бидний тоглолтыг жинхэнэ доргио боллоо гэж хүмүүс хүлээж авсан. Цаашдынхаа төлөвлөгөөг ярилцаж байна. Бидэнд Маяамигаас, Швейцарь, Швед, Германаас урилга ирсэн. Цахим сүлжээ хөгжчихсөн болохоор бидний попури, орос дуу youtube-д тавигдсаныг олоод үзчихсэн байна лээ. Тоглолтынхоо мэдээллийг цахимаар их цацсан учраас хүмүүс баяр хүргэж, Солонгосоос урилга ирсэн. Бид намар юу ч болсон Солонгос явж тоглоё гэж шийдсэн.
-Сургуульд байхад тохиолдсон хамгийн мартагддаггүй дурсамжаасаа хуваалцахгүй юу, ямар хүүхэд байсан бэ?
-Би дөрөвдүгээр анги хүртлээ дотуур байранд суусан. Сэлэнгийн Бумцэндийн нэрэмжит дунд сургуульд наймдугаар анги төгссөн юм. Манай гэр Шаамар суманд байлаа. Дотуур байрны хүүхдүүд гэрээ л их санадаг. Сэлэнгэ, Шаамар хоёрын дунд галт тэрэг явдаг. Харьчихаад бүтэн сайнд явахгүй гэртээ хоночихоод заавал нэг дэх өдрийн өглөө үүрийн дөрвөн цагийн галт тэргээр явна гэхэд ээж, аав хоёр маань ээлжлээд л суулгаж өгдөг байсан. Уг нь бол унтаж амарчихаад л хичээлдээ явмаар. Гэтэл тэгдэггүй. Манай Шаамараас явдаг ихэнх хүүхдүүд тэгдэг байсан. Явахдаа зургаа хоног идэх боорцгоо аваад л дотуур байр руугаа явдаг байв. Нэг удаа долдугаар ангидаа сургуулийн урлагийн үзлэгт орлоо. Тэр л анх удаа олон хүний өмнө гарч ирсэн үе юм уу даа. Сургуулийн хүүхдүүд дуулаад багш нар шүүж байв. Тэр үед “Гунан хар” дууг дуулсан. Дараа нь үсчин болчихоод Сэлэнгийн “Долгио” чуулгын тайзан дээр “Сайхан монгол морь”-ийг дуулсан. Тэр үед урлагийн үзлэгт орохдоо их айж сандарч байв. Ганцхан шанзтай өөр хөгжим байхгүй фонаграм ч гэж байхгүй далан хэдэн онд юм чинь. Гэхдээ л нэлээд дээгүүр амжилт үзүүлсэн дээ. Чи ер нь дуулж магадгүй л юм байна шүү дээ гэж ангийнхан маань хэлж билээ.
-Дунд сургуульд байхад хүүхдүүд бие биедээ янз бүрийн л хоч өгдөг. Танд тийм хоч байсан уу?
-Надад тийм хоч өгч байгаагүй шиг санагдаж байна. Харин төгсөлтийн үеэр нэг яриа гарсан. “Бүрнээбаяр хоолойгоороо хоолоо олж идэх юм гэнэ” гэж. Би яагаад ч тэгээд хэлчихсэн юм бэ, хэн тийм яриа гаргасан юм бэ гээд л учрыг нь олоогүй “Би яриагүй ш дээ” гээд л үлдсэн. Сүүлд бодоход бэлгэдэлтэй ярьсан байж дээ. Одоо Үйлдвэр урлалын дээд сургууль болчихсон байгаа Нийтийн ахуй үйлчилгээний техник мэргэжлийн дээд сургуулийн хуваарийг аваад үсчин, зурагчин болсон юм. Фото зурагчин хийгээгүй л дээ.
О.ӨНӨРЦЭЦЭГ
dnn.mn