Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд албан даалгавар гаргалаа

13900863_1255952934424334_1111396646_n

Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эртнээс хангуулах зорилго бүхий 322 тоот тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан даалгавар хүргүүллээ.
Сайдын албан даалгаварт өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахдаа хөдөө аж ахуйн технологийг мөрдөн ажиллах, тогтоол болон даалгаврын биелэлтийн явцыг сар бүр, хадлан тэжээл бэлтгэлийн мэдээг долоо хоног тутам, нэгдсэн дүнг 10 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг анхаарууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ
АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН АЛБАН ДААЛГАВАР
     2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр      Дугаар № 01           Улаанбаатар хот
Мал өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын            бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай
2015-2016 оны мал аж ахуйн  өвөлжилт, хаваржилт багагүй хүндэрч  18 аймгийн 98 сум зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу  байсан ч орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалт, мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, хөдөлмөрчид, мэргэжилтнүүдийн уйгагүй хөдөлмөрөөр өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг  сайн хангасны үр дүнд том малын зүй бус хорогдол хэвийн хэмжээнд байж, 19.0 сая төл хүлээн авч төдий тоо толгойгоор Монгол улсын мал сүрэг өслөө.
Энэ зун, намар бороо, хур элбэгтэй ч жиндүү хүйтэн, ирэх өвөл хур тундас ихтэй байх төлөвтэй тул хүйтэн бороо, хүчтэй салхи шуурганаас мал болон ургацаа хамгаалж,  мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын бэлтгэлээ эртнээс сайтар бэлтгэх шаардлагатай тул  “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах албан даалгаварыг өгч байна. Үүнд:
Нэг. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:
1. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгө боловсруулан хэрэгжүүлэх;
2. Засгийн газрын 322 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ тогтоолоор батлагдсан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг аймаг, сумын хэмжээнд бүрдүүлж 10 дугаар сарын 20-ны дотор шаардлагатай цэгүүдэд байршуулах;
3. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас баг бүрээр гаргах өвөл, хаврын  бэлчээрийн даацад үндэслэн даац хэтэрсэн аймаг, сумын мал, малчдыг бэлчээрийн даац хангалттай байгаа орон нутагтай гэрээ байгуулан отроор өвөлжиж, хаваржих нөхцөлийг шуурхай хангах;
4. Улсын хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээр нутагтай аймгууд отор, нүүдлийг зохицуулах орон тооны бус зөвлөлийг энэ оны 10-р сарын 01-ны дотор хуралдуулан, шийдвэр гаргаж, аймаг дотроо болон өөр аймаг, сумын нутагт өвөлжүүлэх малын тоо, байрших чиглэлийг тогтоох, өвс тэжээлийн нөөцийг тухайн отрын бүс нутагт бий болгох;
5. Отроор өвөлжиж, хаваржих өөрийн харъяа болон бусад аймаг, сумдын малчдад эрүүл мэнд , нийгмийн үйлчилгээ үзүүлэх ажлын бэлтгэлийг хангах;
6. Худаг, уст цэг, өвөлжөө, хашаа, хорооны хүрэлцээ хангамжийн тооцоог сум, баг, малчин өрх бүрээр гаргаж дулаалга, засвар үйлчилгээг хийж дуусгах, малын хэвтэр, бууц нөөцлөх;
7. Мал эмнэлгийн намрын урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тарилга туулгалт, угаалга, вакцинжуулалтын  ажлыг цаг алдалгүй чанартай гүйцэтгүүлж, малын өвчлөл гарсан бүсэд хорио цээр, устгалын арга хэмжээг мэргэжлийн байгууллагын хяналтын дор чанартай зохион байгуулан, хуваарилагдсан хөрөнгө хүчийг оновчтой зарцуулж  ажиллах;
8. Орон нутгийн төсвийн болон гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгөөр гаргаж байгаа инженерийн хийцтэй худаг, уст цэгийн гүйцэтгэлд хяналт тавьж, эзэнжүүлэх;
9. Орон нутагт хэрэгжиж байгаа гадаад орон, олон улсын байгууллагын төслийн нэгжүүдийг өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд татан оролцуулж хамтран ажиллах;
Хоёр. Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт:
1. Мал сүрэгт намрын ангилалт, заазлалт, хээлтүүлэгч шинээр нөхөн тавах,  угаалга, туулгалт, вакцинжуулалтын ажлыг  технологийн дагуу хугацаанд нь чанартай хийх;
2. Орон нутгийн түвшинд хээлтүүлэгч малын хүрэлцээг судлан, мал үржлийн болон биотехнологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх  ажлыг хэрэгжүүлэх;
3. Мал сүргийг хамуу, хүрд, ширх, гуур зэрэг эктопаразитаас хамгаалах арга хэмжээг 10 дугаар сарын 25–ны дотор бүрэн хэрэгжүүлж, өвөлжөө хаваржаанд паразитын устгал, ариутгал хийх арга хэмжээ авах;
4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл /үер, усны аюул, мөндөр, хүчтэй шороон болон, цасан шуурга г.м/-ээс   урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг аймаг, сум, багийн малчид, тариаланчид, иргэдэд цаг алдалгүй хүргэх, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх системтэй арга хэмжээ авах;
5. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг хүлээн авах.
6. Ургац хураалтад ажиллах техник, тоног төхөөрмжийн засвар үйлчилгээг хийж, хүн хүчний тооцоо судалгааг гарган бэлэн байдлыг хангах зоорь агуулахын ариутгал халдваргүйжилтийг хийх;
Гурав.  Малчид, мал бүхий иргэдэд:
1. Отор нүүдлийг цаг алдалгүй хийж, малдаа тарга хүч авахуулан  тарга хүчний үзлэгийг хийж мал сүргийнхээ дундаас доош тарга хүчтэй болон бэлчээрийн даацаас хэтэрсэн тооны малыг нэмэгдэл тэжээлд оруулах, зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулах;
2.Малчин  бүр өөрсдийн өвөлжөө,  хаваржааны  засвар  үйлчилгээг чанартай хийж, хашаа хорооныхоо хөрзөнг ховхлон  ариутгал  халдваргүйжүүлэлт  хийлгэж, өтөг  бууцыг  хүрэлцэхүйц   хэмжээгээр нөөцлөн  өвс, тэжээлийн  нөөцөө хангалттай бүрдүүлсэн байх;
3. Өрх бүр өвөлжилтийн бэлтгэлээ базаан дулаан хувцас, түлээ нүүрс, хоол хүнсээ хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх;
4.Орон нутгийнхаа онцлог, өөрсдийн  боломжинд  тулгуурлан мал тэжээж болохуйц  халтар арвай, хомоол, хөмүүл, халгай, сүрэл, лай, төмс, хүнсний  ногооны  иш, навч  зэргийг  бэлтгэж  гар тэжээл болгон ашиглах.
Энэхүү албан даалгаврын хэрэгжилт болон Засгийн газрын энэ оны 322 дугаар тогтоолын биелэлт, “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу тайлангаа энэ оны 10 сарын 25-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэхийг даалгаж байна.
Эх сурвалж:Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …