Ж.Дэлгэрсайхан:Засгийн газар халамжийн бодлогоо хойш тавиад эдийн засгаа сэргээхэд анхаарах хэрэгтэй

157737-12032015-1426138141-253414355-1

СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Засгийн газрын анхны хуралдаанаар Ерөнхий сайд арван чиг өглөө. Эдийн засгийн чигийн үүрэг, чиглэлийнх нь талаар ямар бодолтой байна вэ?

-Засгийн газрын ажлаа эхэлж байгаа байдлаас харахад намын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртэй зэрэгцүүлэх чиглэлээр засгийн дөрвөн жилийн хөтөлбөрийг бэлдэх гэж байх шиг байна. Тухайн намын хувьд иргэдэд амлаж гарч ирсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдэг нь зөв байх. Гэхдээ МАН-ын мөрийн хөтөлбөрийн ерөнхий дүр төрхийг харахад эдийн засгийг хөгжүүлэх болон нийгмийн халамж гэсэн хоёр эсрэг чиглэл байгаа. Нийгмийн халамжийн чиглэлд гэхэд л цалинтай ээж, ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэх мэт олон амлалт бий. Нөгөө талд нь эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийн заалтууд байгаа. Гурав дахь чиглэл нь төртэй хамаатай. Тодруулж хэлбэл төрийн сахилга батыг онцолсон. Төсөв, мөнгөний бодлогыг сайжруулах, нийгмийн хариуцлага, төрийн тогтвортой байдлыг хангах, хариуцлагын тогтолцоог сайжруулах гэх мэт зорилгыг өмнөө тавьсан. Ерөнхий сайдын эхний даалгаварт аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын хувийг бууруулах амлалт багтлаа. Мөрийн хөтөлбөрт нь туссан. 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болгоно гээд заачихсан байгаа. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, Эрдэнэтийн асуудлыг судлах, Таван толгойн 1072 хувьцааг эдийн засаг талаас нь эмх цэгцэнд оруулах гэх мэт үүрэг чиглэл нь эдийн засагт хамаарахаар байна л даа.

-Тэтгэврийн зээлийн хүү бууруулахыг судал гэсэн Ерөнхий сайдын үүргийг нэлээд шүүмжилж байна. Адаглаад л ажилгүй, орлогогүй хүүхдүүдээ тэжээх гэж авдаг зээлийг өөгшүүлэх хэрэггүй гэцгээж байгаа. Энэ асуудал дээр эдийн засагчийн хувьд ямар байр суурьтай байна?

-Хүчээр зээлийн хүүг бууруулах бодлого зохимжтой бус. Хүү гэдэг зүйл бол тухайн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран тогтдог. Монголын зах зээлд хүү өндөр байгаа нь цаанаа шалтгаантай. Бодит эдийн засгийн нөхцөл байдал таагүй, эрсдэлтэй байна. Хүү бол дан ганц инфляциас хамаардаг зүйл биш. Тэтгэврийн зээлийн тухайд хэмжээний хувьд тийм их биш юм билээ. Тэтгэврийн зээл юунд зориулагдаж байгаа талаар та сая дурдлаа. Тэтгэврийн зээлийн ач холбогдлыг нь харах хэрэгтэй. Тэтгэврийнхэн зээлээрээ тэжээгчид болж хувирчихаад байгаа юм биш үү гэсэн шүүмжлэл, болгоомжлол үнэний хувь өндөртэй. Ажиглалтаас харахад тэтгэврийн насны хөгшчүүл үр хүүхэд, ач гучаа тэжээх тэжээгч болчихоод байгаа тал ажиглагддаг. Тэгэхээр зээлийн үр өгөөж ямар байх нь ойлгомжтой. Ийм зээлийг дэмжиж, сая хэлсэн байдлыг даамжруулах нь тийм сайн зүйл биш. Монголд сүүлийн жилүүдэд нийгмийн халамж хавтгайрсан. Төрийн халамжаар амьдрагсдыг хэт хөхиүлэн дэмжих байдал үүссэн л дээ. Мэдээж нийгмийн тодорхой хэсгийг халамжлах нь зүйтэй. Харин үүний эсрэг бидний авч хэрэгжүүлэх гол арга хэмжээ бол эдийн засгаа хөгжүүлэх. Тогтвортой ажлын байр бий болгох чиглэлд л Засгийн газар анхаарах ёстой. Засгийн газрын өмнө тулгамдсан гол асуудал бол Монголын эдийн засгийн өсөлт саарч байгаа байдал. Хямралыг илүү гүнзгийрүүлэхгүй тогтоон барихын тулд яах ёстой вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Нүүр тулсан өрийн дарамт, валютын хомсдлоос яаж гарах вэ, замбараагүй төсвөө яаж шийдэх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах цаг ирчихсэн. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн халамжийн амлалтуудыг нэг мөсөн шийдэх боломж энэ Засгийн газарт байхгүй.

-Эрдэнэтийн 49 хувь Монголд шилжсэн нь эдийн засгийн хувьд сайн мэдээ гэж шинжээчид хэлж байна. Та яаж харж байна вэ?

-Эрдэнэтийн хувьд Монголын талд бүрэн шилжсэнд эерэг байр суурьтай байгаа. Хувийг нь худалдаж авсан хувийн хэвшлийг буруутгах өнцөг алга байна. Оросын талтай хэлцэл хийгээд, тодорхой төлбөр төлөөд, ямар ч гэсэн 49 хувийг нь Монголын талд шилжүүлээд авсан гэдэг бол нааштай зүйл. Зарчмын хувьд засаг талаас ярих зүйл бол бий.

-Жилд 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгож бууруулах шийдвэрийг энэ засаг гаргаж магадгүй байна. Хэр зөв шийдэл байх бол?

-Монголын аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой. Бараг ная гаруй хувь нь болов уу. Татварын орлогын бүрдэлтэнд эдгээр аж ахуйн нэгжийн оруулдаг хувь хэмжээ гэж яривал тийм том биш. Монгол Улс томоохон аж ахуйн нэгжүүдийнхээ татвар дээр л амьдарч байгаа.

-Томчуудаас нь их татвар аваад, жижиг компаниудаас эрс бага татвар татаад эхлэхээр том компаниуд задрах эрсдэл өндөр биш үү?

-Эерэг талаас нь харахад өмнө нь бага орлоготой аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн иймэрхүү санаачлага гардаг ч татварын хувийг нь огцом багасгасан шийдвэр гарч байсан удаагүй. Дөнгөж бий болсон, үүсгэн байгуулагдаад удаагүй, бага орлоготой аж ахуйн нэгжүүдийг тодорхой шалгууртайгаар сонгон авч татварын ачааллыг багасгах нь зөв алхам. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босч чадна. Манай улсад аж ахуйн нэгж байгуулагдаад төрийн хүнд суртал, татварын дарамтанд ордог. Өсч өндийх бойжих боломж нь хязгаарлагддаг тал тод ажиглагддаг. Сингапур, Хонгконгод гэхэд компани үүсгэн байгуулагдахад шалгуур дарамт тодорхой хэмжээнд бага байдаг. Үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаа явуулснаасаа хойш төрийн хяналтад аажмаар шилждэг юм. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд шинээр бий болж, өсч өндийх бололцоог нь дэмжих тал дээр бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Гэхдээ сөрөг тал бий. Өмнө нь аж ахуйн нэгжүүдийг борлуулалтын төвшингөөр нь хязгаарлаж байсан удаатай. Тэр үед тод компаниудын задрал бий болж олон компанитай болсон тохиолдол байгаа. Ийм зүйл гаргуулахгүй байх хязгаарлалтуудыг хуульд тусгаад өгчихөд асуудалгүй. Тэдэн оноос хойш байгуулагдсан, хуулийн хэрэгжилтээс өмнө тодорхой зохион байгуулалтын өөрчлөлтөд ороогүй гэх мэт хязгаарлах нөхцөлүүдийг тавьж өгөх хэрэгтэй. Томоохон бизнес, томоохон үндэсний компаниудтай байж улс орон хөгждөг. Хөгжлийг хойш нь татах энэ мэт нөлөөллийг харгалзан үзэх л ёстой.

-Мэдээж жижиг, дунд бизнесүүдийг татварын бодлогоор дэмжих нь сайн хэрэг. Гэхдээ нэг хувь гэдэг бодитой, тооцоо хийж гаргаж ирсэн тоо мөн үү. Татварын хувь дээр ингэж хэт савлах нь бизнесээ өргөжүүлэх, томрох хүслийг унтрааж, жижиг хэвээр байх сонирхлыг өдөөчих юм биш байгаа?

-Өнөөгийн сонгуулийн тогтолцоо, Сонгуулийн хуулиас болоод нэг гажуудал үүсчихсэн. Аливаа улстөрийн намууд сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөр боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхээсээ илүүтэй сонгогчдын саналыг авах сонирхлоор мөрийн хөтөлбөрөө зохиодог хандлага бий. Тэгэхээр ялсан нам засгийн эрхэнд гарсаныхаа дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чигийг хэт барих нь эрсдэлтэй. Бодит байдлаас ангид байхаас аргагүйд хүрэх аюул бий. Санаснаар болдог бол “Бидний амлалт ийм байсан. Бодит байдал дээр ингэхээс өөр арга алга” гээд эдийн засгийн бодит тооцоо судалгаатай, уян хатан хандмаар байгаа юм. Нэг хувь бол хэт доогуур тоо гэсэн хандлага байх боломжтой. Нэг биш таван хувь гэвэл бодитой тооцоо болохыг үгүйсгэхгүй. Ингэвэл татварын тэгш бус байдал болон аж ахуйн нэгжүүдийн өргөжин тэлэх хүслийг хязгаарлах нөлөөллийг багасгах сайн талтай. Ер нь бол эерэг, сөрөг нөлөөллүүдийг нь тооцож байж тохиромжтой хувийг тодорхойлох нь зүйтэй.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг эдийн засаг талаас нь цэгцлэх даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Ингэхийн тулд яах ёстой вэ?

-Таван толгойн хувьцааны тухайд өнөөг хүртэл сонгуулийн нэг гол тоглолт, оноо авах чухал хэрэгсэл хэвээр байна л даа. 1072 хувьцааг эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болгох нь засгийн хийх эхний алхам. Өнөөдөр 1072 хувьцааг сонгодог утгаар нь хувьцаа гэж хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Таван толгой” компанийн балансад Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны бүртгэл, үнэлгээ байхгүй. Бид өнөө хэр хувьцааны албан ёсны эзэмшигч болж чадаагүй. Хоёрдугаарт иргэд хувьцаанд саналаа өгдөг, хуралд нь оролцдог, ямар нэг хэлбэрээр дуу хоолойгоо хүргэдэг эрхтэй байх ёстой. Дахин хэлэхэд иргэдийн хувьцаа эзэмших эрхийг нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болгох учиртай. Эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болчихвол эдийн засгийн агуулгатай болох магадлал нь өндөрсөнө. Үүний дараагийн асуудал бол Таван толгой хөдлөх эсэх.

-Бондын төлөлт, төсөв улайсан энэ тэр гээд яривал долларын хомсдол үүсэх нь тодорхой байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт ойрын нэг, хоёр жилдээ шууд сэргэхгүй. Тэгэхээр доллар орж ирэх суваг гэхээр бонд, эсвэл “Стэнд бай” хөтөлбөр л байна. Таныхаар аль нь илүү зөв гарц вэ?

-Ирэх жилээс хүссэн хүсээгүй өрийн дарамт маань үндсэн төлбөрийн дарамт болж ирнэ. Энэ жил бид их наяд шахуу төгрөгийг өрийн үйлчилгээндээ өгч байгаа. Ирэх жилээс бараг хоёр их наяд шахууг өгч эхэлнэ. Үүнээс гарах гарц бол гаднаас доллар оруулж ирэх. Долларын гол урсгалууд татарсан. Гадаадын хөрөнгө оруулалт багассан. Эрдсийн бүтээгдэхүүнүүдийн үнэ багассанаас болж экспортын орлого буурчихсан. Таны хэлснээр доллар орж ирэх хоёр л гарц бий. Бондын тухайд өмнөхөөсөө илүү өндөр хүүтэйгээр авах эрсдэл байна. Монголын гадаад зах зээл дэх нэр хүнд, санхүүгийн чадамж, үнэлгээ, зээлжих зэрэглэл доройтсон. Чингис бондыг дөрөв гаруй хувийн хүүтэй гаргаж байсан бол одоо бид арав гаруй хувийн хүүтэй бонд авахаар болчихоод байна л даа. Бонд гаргая гэвэл юунд яаж зарах талаараа нарийн тооцож байж гаргах хэрэгтэй. Хоёр жилийн өмнө би “Стэнд бай” хөтөлбөрийг эсэргүүцэж байсан. Өнөөдөр бол байж болох нэг гарц. Харьцангуй бага хүүтэй, дунд хугацааны хөтөлбөр гэдгээрээ давуу талтай. Сул тал нь дагалдах хязгаарлалт шаардлагууд байдаг. Гэхдээ тэр хязгаарлалт шаардлагууд нь ихэвчлэн улсын төсөв, өрийн удирдлага, мөнгөний бодлого, зээл, цалин тэтгэвэр, төрийн зардал руу хандсан байдаг. Энэ утгаараа өнөө цагт харин ч хэрэгтэй шаардлага байж мэдэх юм.

-Хязгаарлалт ихтэй “Стэнд бай” хөтөлбөрт хөгжил сул улс хамрагддаг, энэ хөтөлбөрт хамрагдчихаар дэлхийн зах зээл дэх нэр хүнд маань эргээд унана гэсэн болгоомжлол бий. Ингэснээс эрсдлийг зөв удирдаад явах хүмүүсийг засагт ажиллуулж, том төслүүдээ хөдөлгөсөн нь дээр биш үү?

-“Стэнд бай” бол эцсийн, цорын ганц хувилбар биш. Энэ хөтөлбөрт хамрагдах нь Монголын нэр хүндэд тийм сайн байхгүй нь ойлгомжтой. Санхүүгийн хүндрэлд орсон орнуудад л өгдөг, тавиад оноос хэрэгжиж байгаа хөтөлбөр л дөө. Тэгээд ч энэ хөтөлбөрийг авсан болгон амжилттай байдаг гэвэл бас биш. 2009 онд бид аваад дажгүй болсон. Тэр үеийн нөхцөлийг өнөөтэй харьцуулбал маш өөр. “Стэнд бай” авлаа гэж бодоход анхаарах зүйл их байгаа. “Стэнд бай” хөтөлбөрийг өмнө нь хэрэгжүүлээд дуусахад Монголыг маш өөр байдал хүлээж байсан. Гадаадын хөрөнгө оруулагчид эерэгээр харж байсан. Дэлхийн зах зээл дэх эрдсийн бүтээгдэхүүний үнэ сайн байсан. Дэлхийн эдийн засаг хямралын дараах эргэн сэргэлт рүү орж байсан. Товчхондоо биднийг таатай гадаад орчин хүлээж байсан. Харин өнөөдөр бол гадаад орчны таатай байдал эсрэгээрээ эргэсэн. Анхаарах ёстой хамгийн том өнцөг бол энэ. Хоёр дахь хувилбар нь өөрсдийнхөө хүчээр гарах гээд үзэж болох юм. Гэхдээ мэргэжлийн Засгийн газар ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн Засгийн газар сонгодог утгаараа байх ёстой. Монголын өнөөгийн нөхцөл байдлыг цогцоор нь маш сайн үнэлж чаддаг хүмүүс засгийн танхимд ажиллаж байж бид өөрсдийнхөө хүчээр хямралыг давж чадна. Засгийн газар нь чадварлаг биш юмаа гэхэд хөндлөнгийн зөвлөх баг ажиллуулах хэрэгтэй.Бонд гаргалаа гэхэд ямар хэмжээний бонд гаргаад улсаа хямралаас гаргаж чадах вэ гэдэг дээр зөвлөж, сайн төлөвлөгөө гаргахад нөлөөлөхөөр зөвлөх баг ажиллуулбал байдал эерэгээр эргэх магадлал бий. Гэтэл өнөөдрийг хүртэл эдийн засгаа бодитойгоор үнэлсэн зүйл алга байна.

-Мэргэжлийн засаг бүрдсэн эсэх дээр таны бодлыг сонсъё…?

-Засгийн газрын хувьд ямар ч гэсэн дэвшил гарсан. Бүгд давхар дээлтэй байсан бол энэ засгийн зарим сайд давхар дээлээ тайлчихлаа. Тодорхой салбарт мэдлэг, боловсролтой хүмүүсийг тавьсан тал бий. Мэргэжлийн Засгийн газар гэдгийг би хувьдаа тухайн салбарт мэргэшсэн чадварлаг, мэдлэг өндөр, ажлын дадлага туршлагатай хүнийг томилохыг л хэлнэ гэж ойлгодог.

dnn.mn

Ц.Баасансүрэн

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …