Гавьяат хуульч Ж.Гомбодорж Монгол улсын прокурорын байгууллагын 50 жилийн түүхийг бичилцжээ

1470979199_1470907520_1414

Prokuror.mn Прокурорын албаны өдөрт зориулсан дугаарын хүндэт зочноор Монгол Улсын гавьяат хуульч Жигжидийн Гомбодорж гуайг урьсан юм. Тэрээр 1955-1988 онуудад Аймгийн прокурорын туслах прокурор,аймгийн прокурор, Улсын прокурорын газарт Шалган зааварлах хэлтсийн дарга, Улсын прокурорын туслахаар тус тус ажилласны гадна 1990-2007 он хүртэл цагаатгалын ажил хариуцсан прокуророор ажиллаж байсан. Улаанбаатар хотын прокуророор тасралтгүй 14 жил ажилласан байна.

Эдүгээ 92 насыг зооглож байгаа ахмад прокурор маань Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах Нарлаг Өргөө хотхонд гэртээ биднийг хүлээн авсан. Өндөр насыг насалж байгаа боловч ухаан саруул, ярьж хэлэх нь тод, асуусан асуултанд товч бөгөөд тодорхой хариулж байлаа. Түүний гэргий Р.Сономдэжид гуай биднийг Архангай аймгийн цагаан идээгээр дайлж, Архангай аймгийн Хотонт сум руу өвгөнийхөө ургийн баярт яваад ирсэн талаараа хуучилсан юм. Ж.Гомбодорж гуай прокурорын байгууллагынхаа сайтанд анх удаа ярилцлага өгч байгаадаа их баяртай байна гэсэн билээ.

Ингээд бид Монгол Улсын гавьяат хуульч Ж. Гомбодорж, түүний гэргий Р.Сономдэжид гуайтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

1470906344_img_0409

Та хоёр минь сайхан зуншиж байна уу.

Эхнэр Р.Сономдэжид: Сайхан зуншиж байна. Бид хоёр энэ зун хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хотонт сум руу өвгөний ургийн баярт яваад ирлээ. Ургийн баяр маань их сайхан боллоо. Өвгөний маань “Дархад Чимэдочирынхон” гэх ургийн 200 гаруй хүн цугларсан. Өвгөн маань ургийнхаа хамгийн өндөр настай нь. Өвгөн очиж амжихгүй байх гэсэн боловч хамаатан садангууд маань “танд л зориулж зохион байгуулж байгаа баяр шүү дээ” гэсээр бид хоёр очих болсон. Бараг нэг сумын наадам шиг л юм болж ургийн олон хүн цугларсан. Очсон бүл болгонд гэр бэлдэж, айраг цагаа элбэг их сайхан боллоо. Манай өвгөний ахынх нь бага хүү нь айл гэр болоод нутагтаа байгаа юм. Тэдний хангайд очиж хийсэн л дээ. Тэр хүү маань айраг цагаа, мах шөл, байрлах гэр орон гээд хамаг юмаа бэлдчихсэн сайхан ургийн баяр хийлээ.

Та бага насныхаа талаар дурсаач.

Би 1924 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Эцэг эхээс 11 үүлээ. Одоо би л ганцаараа байх шив дээ. Айлын хамгийн отгон хүү нь байсан.

Манайх амьдралын шаардлагаар 1930-аад оны дундуур Улаанбаатарт орж ирсэн юм. Тэр үед би 12 настай бага байсан болоод зарим юмыг бүдэг бадаг мэддэг. 1937 онд Харилцаа холбооны мэргэжлийн сургуульд суралцаж, радист мэргэжил эзэмшсэн. Би 1943 онд 19 настайдаа цэрэгт мордож цэргийн албыг таван жил хаасан. Тэр цагт чинь Дэлхийн II дайны гал ид дүрэлзэж, улс орны амьдрал хүнд байлаа. Бүхнийг фронтод гэсэн лоозонтой, хүмүүс идэх өмсөхөө хагаслан бүгдийг дайны талбарт тулалдаж байгаа цэргүүдэд явуулдаг байсан цаг. Би цэрэгт татагдаад шууд л баруун хязгаарт Ховдын хилийн отрядад хуваарилагдсан.

Тэр үед Монгол Улсын хил тайван бус байсан шүү дээ.

Тэгэлгүй яахав. Манай улсын хилийн байдал амгалан биш, баруун хязгаарт хилийн будилаан үе үе гардаг байсан юм билээ. Манай отряд Ховд аймгийн Булган сумын нутаг Байтаг уулын ойролцоо байрладаг байлаа. 1943-1948 оны баруун хилийн тэр үйл явдлыг түүхэнд “Тулгаралт” гэж нэрлэдэг юм шүү дээ. Би арын албанд холбоочин байсан. Тэгэхдээ буун дуу бишгүй дээ сонсч байлаа. Нэг их сүртэй хоёр талаасаа хүн хүч хуралдуулж, байлдаж байсан юм байхгүй. Зөвхөн хилийн жижиг будилаанууд болж байсан. Хоёр улсын хилийн зааг шугам нь уул хадтай бартаа ихтэй нутаг. Хаана юу байгаа нь мэдэгдэх аргагүй үргэлжилсэн сүрлэг уулстай. Одоогоор бол Осман гэдэг хүнээр толгойлуулсан Шинжааны хасагууд манай хил рүү үе үе орж ирж айл амьтныг түйвээж малыг нь туугаад явдаг байж. Сүүлдээ хилийн ойролцоо айл нутаглахаа больсон

Та чинь тэгвэл ахмад дайчин хүн байна шүү дээ.

Төр засаг маань намайг “ахмад дайчин “цол тэмдгээр шагнасан.

Цэргээс халагдаад ямар ажил хийж байв.

Цэргээс халагдахад бичиг үсэгтэй цэргүүдийг хөдөөд янз бүрийн ажилд томилдог байлаа. Би багаасаа бичиг үсэг тайлагдсан сургууль номоор явсан болохоор гайгүй боловсролтойд тооцогдсон юм байлгүй. Архангай аймгийн Хотонт суманд хуваарилсан. Сумын дарга, намын үүрийн дарга гээд аймагтаа хэд хэдэн суманд ажилласан.

Та анх радист мэргэжлээр суралцсан байдаг. Яаж яваад прокурор болов

Намын ажил хийж байгаад прокурор болсон.1955 онд Архангай аймгийн туслах прокурор томилогдсон. 1959-1962 онд Хууль цаазын дунд сургууль, 1965-1969 онд МУИС-ийн оройн ангийг “хуульч” мэргэжлээр төгссөн.

Таныг ажиллаж байх үед Ерөнхий прокуророор ямар хүмүүс ажиллаж байлаа.

Ендондүйчир, Авхиа нар ажиллаж байсан. Ёндондүйчэрийн үед прокурорын байгууллага боловсон хүчнээр нилээн бэхжиж, анхныхаа хүмүүсийг гадаадад сургалтанд хамруулж байсан. Би тэр үед Болгар, Герман, Орос гээд мэргэжил дээшлүүлэхээр нилээн олон газраар явсан.

Улсын прокурорт Шалган зааварлах хэлтсийн даргаар та анх томилогдож байсан. Прокурорууд танаас их айдаг байсан гэдэг.

/Инээв/ Тиймээ. Би анх прокурорын байгууллагад шалган зааварлах хэлтэс гэж байгуулагдахад анхны даргаар нь томилогдож 10 гаруй жил ажилласан. Тухайн үед прокурорын байгууллагын дотоод зохион байгуулалт, прокуроруудын сахилга, хариуцлага, хөдөлмөрийн бүтээл тэр бүх зүйлийн хариуцаж ажилладаг байсан. Нилээн хариуцлагатай ажил л даа. Намайг ажиллаж байх үед прокуроруудтай холбоотой нэг их ноцтой зүйл гардаггүй байсан. Тэр намайг ингэж хэлмэгдүүллээ, энэ намайг ингэж буруу шийдлээ гэсэн аар саархан л юм гарахаас ноцтой юм бол байхгүй байсан. Тэр үед прокурорын байгууллагад ажиллаж байсан боловсон хүчнүүд ажилдаа зүтгэлтэй үнэнч, шударга тийм л улсууд ажиллаж байсан. Ер нь тэргүүний хүмүүс л прокурор, шүүгчээр томилогдож байлаа шүү дээ.

Та Улаанбаатар хотын прокуророор 14 жил ажилласан. Тухайн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдөө  дурсаач.

Прокурорын байгууллага чинь нилээн эрт дээр үеийн сайхан түүхтэй. Улс орны эдийн засаг, хууль цаазын талаар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж би бодож явдаг. Миний ажиллаж байх үед прокурорын байгууллага чинь Ерөнхий, Шүүхийн, Мөрдөн байцаах, Тусгай гэсэн 4 төрлийн хяналттай байсан. Би бол энэ бүх хяналтыг бүгдийг нь хийсэн дээ. Би 1974-1988 онд Улаанбаатар хотын прокуророор ажиллаж байсан. Намайг Улаанбаатар хотын прокуророор томилогдоход контор нь хуучин цэцэрлэг байсан байранд, ажиллах нөхцөл муутай байсан. Прокурорын ажиллах нөхцөл, ахуй хангамжийг сайжруулах талаар Улаанбаатар хотын намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд асуудал оруулж албаны конторыг засварлаж, 3-4 байр хувиарлуулж, мөрдөн байцаагч, прокурор нарт олгуулж байлаа. Давгадорж,Нарангэрэл, Эрдэнэчимэг, Сүрэнхорлоо, Гомбосүрэн,мөрдөн байцаагч Жадамбаа, Хишиг-Очир, Цэрэнлхам нарын туршлагатай, түшигтэй олон сайхан хүмүүстэй ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд хэлмэгдсэн улсуудыг цагаатгах ажил дээр л ажиллаж байсан даа.

Тухайн үеийн прокурорууд ажил хэргээ дандаа хуучин монгол бичгээр явуулдаг байсан гэдэг. Ер нь энэ бичгийг залуу үеийн прокурорууд бид нар сурах хэрэгтэй гэж та боддог уу.

Сурвал их сайн. Хуучин монгол бичгээ судалж мэдвэл түүхээс олон юм уншиж харна шүү.Тэр үеийн хэрэг маргаан албаны ажил бүгд л хуучин монгол бичгээр явж байлаа шүү дээ. 1946 оноос Улсын албан хэргийг шинэ үсгээр явуулах болсон. Би шинэ хуучин аль алийг нь мэддэг байсан.

Таныг ажиллаж байх үед Прокурорын цалин хангамж ямар байв.

Яахав цалин хангамж бол гайгүй байсан. Сардаа 700 төгрөгийн цалинтай байсан. Тухайн үед маш өндөр цалин шүү дээ.

БИД ЭХНЭР Р.СОНОМДЭЖИД ГУАЙТАЙ ЯРИЛЦЛАА

1470906329_1

Бидэнд өөрийгөө танилцуулаач.

Эгч нь оёдолчин мэргэжилтэй. Аймагтаа захиалгат хувцасны үйлдвэрт ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжиж ирээд, хүүхдийн хувцасны үйлдвэрт ажиллаж байсан. Сүүлд 19-р хороололын оёдлын үйлдвэрт шилжиж ажилласан. Тэнд ажиллаж байхдаа 4 хүүхэдтэй тэтгэвэртээ гарья гэсээр байгаад 50 настай тэтгэвэрт гарсан. Дараа нь Хан-Уул дүүргийн Яармагт байгуулагдсан өндөр настаны оёдлын үйлдвэрт ажиллаач гэж дарга нь гуйгаад, тэнд 10 гаруй ажилласан даа.

Хэдэн онд гэр бүл болж байв. хуулийн хүн тэр тусмаа прокурор хүний гэргий байх хэцүү биз. 

 Р.Сономдэжид: 1952 онд анх Архангай аймагт танилцаж гэр бүлж болсон. Тухайн үед манай хүн сумын нарийн бичгийн дарга байлаа. Өндөр, тормолзсон давхраатай нүдтэй, өтгөн халимагтай сайхан залуу байсан /инээв/. Том охиноо 18 настай гаргаж байлаа. Бид хоёр ханилаад 64 жил болж байна. 4 хүүхэдтэй. Том охин Г.Цэвэлмаа Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан. Том хүү Ганхуяг маань Волгоградад мөрдөн байцаахын дээд сургууль төгсөж ирсэн. Хуулийн байгууллагад ажиллаж байгаад одоо өмгөөлөгч хийж байна. Дараагийн хүү Ганбат маань цагдаад ажиллаж байгаад гарсан. Одоо өөр ажил хийж байна. Харин бага хүү маань эдийн засгийн сургуульд суралцаж төгссөн. Ар гэрийн ажил, үр хүүхэд гээд бүх л зүйлд санаа тавих хэрэг гардаг байлаа. Гэр орны бүх л ажилд ганцаараа юм шиг зүтгэж явсан үе их байсан. Бид хоёр чинь анх хөдөөнөөс орж ирээд Ганданд Д.Ёндондүйчэр прокурорын ахын хашаанд жижиг гэр барьж амьдардаг байлаа. Прокурорын байгууллагад хоёргүй сэтгэлээр, цаг наргүй зүтгэж явсаныг нь прокурорын байгууллага үнэлж манай хүнд байгууллагаас нь 120 000-т 2 өрөө байр өгсөн. Хүүхдүүд өсөөд, сүүлд нь 11 хороололд байраа томсгож орсон. Төрийн хишиг, өвгөний минь буян заяа ихээ.

Гомбодорж гуайн найз нөхдийн талаар та хуучлаач. Прокурорт ажиллаж байхдаа ямар хүмүүстэй дотно найзалдаг байсан бэ.

Загд, Сүхбаатар гээд прокуроруудтай их нийлж найзалдаг байсан. Улаанбаатар хотын прокурорын газарт байхдаа Сүрэнхорол, Сүмбэрэл гээд өөрөөсөө олон дүү хүмүүстэй найзалдаг байсан даа. /инээв/ Манай хүн маш залуу сэтгэлгээтэй хүн байсан ш дээ. Тэгээд л найзуудтайгаа хамт мод руу жимсэнд явна гээд л явна. Мэдээж эрчүүд болсон хойно ганц нэг шил архи авч явна шүү дээ.

Бид гэр бүлийн альбомыг үзэж байхад Р.Сономдэжид гуай нэгэн зургыг зааж “энэ Гомбодоржийн ах.1937 онд хэлмэгдэж, буудуулсан хүн ” гэлээ.

Та энэ талаар тодруулж ярьж өгөөч гэхэд :

Ах нь Худалдааны яамны дэд сайд байсан хүн. 1937 онд нэг шөнө гэрээс нь буутай хүмүүс ирээд баривчлаад явсан гэдэг юм билээ. Эхнэр, бага хүү 2 нь байхгүй байсан, Ах нь том хүүгээ өвөртлөөд унтаж байхад нь л ногоон малгайтнууд орж ирээд, аваад явсан гэдэг. Гомбодорж маань тэр үед 10-д настай байсан юм билээ. Эгчынхээ нэг хүүхэдтэй цуг ахындаа байсан. Ах нь гарч явахдаа “надад хийсэн хэрэг байхгүй шүү гэж Янжинд /эхнэртээ/ хэлээрэй гэсэн” гэж ярьдаг байсан. Хүүгээ уйлхаар “унт, унт” л гэсэн гэдэг. 1980-д оны үед байхаа, цагаатгагдсан. Сүүлд өвгөн маань Цагаатгалын ажлын хэсэгт орж ажиллаж байхдаа хэргийг нь уншсан гэж ярьдаг. Их л муухай хэлмэгдүүлсэн юм билээ дээ.

Гомбодорж гуай та ахынхаа талаар ярьж өгөөч

Миний ах Баттөмөр тэр үеийн сэхээтнүүдийн нэг байсан. Хувьсгалын эсэргүү гэх хэрэгт тулгагдан, хэлмэгдэж буудуулсан хүн. Намайг цагаатгалын ажлын хэсэгт орж ажиллах үеээс өмнө цагаатгагдсан юм. Би сүүлд хэрэг болгож хэргийг нь уншсан. Ямар ч баримтгүй шууд л хувьсгалын эсэргүү гэх хэрэг тулгаж, тамлан зовоож, баривчлагдсанаас нь хойш бараг нэг жилийн дараа буудаж хороосон юм билээ. Ярих ч юм биш.

Та прокурорын байгууллагын хамт олондоо хандаж хэлэх зүйл байна уу.

Намайг прокурорын байгууллага гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн гэж би бодож явдаг даа. Нийт прокурорын байгууллагын хамт олондоо Прокурорын албаны баярын мэнд хүргэе.

Та хоёртоо баярлалаа. Эрүүл энх, сайн сайхан бүхниййг хүсэн ерөөе. Эрхэм прокурор танд ч гэсэн “Прокурорын албаны өдөр”ийн мэнд хүргэе.

Эдүгээ 93 насыг зооглож байгаа, төрдөө хийсэн ажилтай, түмэндээ дурсагдах гавьяатай буурал маань үр хүүхдүүд, ач, зээ нараараа хүрээлүүлэн өнөр өтгөн сайхан амьдарч байна. Өндөр насны эрхээр зарим үйл явдлыг тодорхой санахгүй байх боловч асуусан асуултанд торохгүй сайхан хариулж байлаа.

Ж.Гомбодорж гуайн гэрээс гараад явж байхдаа Монгол Улсын прокурорын байгууллагын 86 жилийн түүхийн 50 жилийн түүхийг бичилцсэн, хэлэх үгтэй, хийсэн ажилтай эрхэм хүнтэй насны танагтай байхад нь уулзаж дурсамжтай, сургамжтай  ярилцлагыг нь буулгаж авах хэрэгтэй байж дээ гэж бодогдлоо.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …