ШӨХТГ-аас зарим байгууллагад хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
УБТЗ ҮНЭЭ ХЯНУУЛАЛГҮЙ НЭМЖЭЭ
“Болд төмөр ерөө гол” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу УБТЗ-ын зарим үйлчилгээний үнэ тарифыг шалгахад ШӨХТГ-т хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр үнэ тарифаа нэмэгдүүлсэн зөрчил тогтоогдлоо. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын “Тарифын нэгдүгээр мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифыг нэмэгдүүлэн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. Улаанбаатар төмөр зам 2006 оны 03 тоот тогтоолоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд зохицуулалт хийхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох.” гэж заасан байдаг. Гэтэл Улаанбаатар төмөр зам ХНН-ээс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаалаар вагоны хоосон гүйлтийн хөлсийг 0,3 коэффциентоор нэмэгдүүлэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар үнийн өөрчлөлтийг хянуулж, зөвшөөрөл аваагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгаж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна.
СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх төрөлд хамрагдах 20 гаруй томоохон их, дээд сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжид их, дээд сургуулиудын босго оноо зарлагдаж байгаа энэ үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд зарлахыг зөвлөсөн. Их, дээд сургуулиуд ийнхүү ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хавар олон нийтэд ийнхүү зарлах нь дараах ач холбогдолтой юм. Үүнд:
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид мэргэжлээ сонгоход үнэн зөв мэдээлэлтэй болсон байна.
- Сургалтын төлбөр, сургуульд элсэх босго оноо элсэгч бүрт нээлттэй болсон байна.
- Эцэг, эхчүүд, оюутнууд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бэлдэх боломж бүрдэнэ.
- Их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжаанд дэвшин орох оюутнууд хавар сургууль төгсөхдөө сургалтын төлбөр хэрхэн өөрчлөгдөх талаарх мэдээлэлтэй болсон байна.
Ингэснээр хавар их, дээд сургуулиуд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн өөрчлөлтийг нийтэд мэдээлж, элсэгчдэд үнэн бодит мэдээлэл өгснөөр намар хичээлийн жил эхлэх үед эцэг, эх, оюутнуудаас гаргадаг сургалтын төлбөртэй холбоотой өргөдөл, гомдол гарахгүй болно гэж бид үзэж байна.
Өмнөх жилүүдэд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмдэг байсан. Энэ жилийн хувьд инфляцийн өсөлтийн хэмжээ маш бага байгаа тул 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх гэж найдаж байна.
Саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, ирэх хичээлийн жилийн төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх талаар тохиролцсон тухай ярьсан. Ер нь инфляцийн түвшин маш бага байгаа энэ жилийн хувьд сургалтын төлбөр нэмэгдэх үндэслэлгүй юм. Иймд тус газраас хичээлийн шинэ жил эхэлсний дараа их дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэн эсэх талаар шалгалт хийж, хэрэв үндэслэлгүйгээр үнээ өсгөсөн нь тогтоогдвол хуульд заасан холбогдох арга хэмжээг авч ажиллана.
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын хүн амын дийлэнх нь буюу нэг сая гаруй хүн ам оршин суудаг Нийслэл Улаанбаатар хотын анхаарал татсан чухал асуудлуудын нэг нь түргэн тусламжийн үйлчилгээ юм. Ялангуяа өдрийн цагаар түргэн тусламжийн машин замын түгжрэл дунд саатаж, хүний амь насыг аврах асуудалд ихээхэн хүндрэл тулгардаг.
Харин оройн болон шөнийн цагт хурдан шуурхай үйлчилж чадаж байгаа эсэх, нийтийн түгээмэл ойлголтоор дуудлагын нэгдсэн төвд олон операторууд сууж дуудлага авч, тусламж үйлчилгээ шуурхай үзүүлж байгааг газар дээр нь үзэж танилцав.
Танилцах ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 30 минутад эхэлсэн юм. Хотын түргэн тусламжийн төвд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр, нэгжийн дарга болон улсын байцаагч, мэргэжилтнүүд, зарим хэвлэл мэдээллийн байгууллагатай очсон бөгөөд тус төвийн үйл ажиллагаа, ачаалал, ажилтнуудын ажлын нөхцөлтэй танилцах, бодит нөхцөл байдлыг хэрэглэгчдэд болон холбогдох албан тушаалтан, байгууллагуудад танилцуулах зорилготой байв. Ажилтай нь танилцаж байхад тус төвийн ажилтнууд амс хийх завгүй ажиллаж байлаа.
Тухайн өдөр ээлжийн ахлагч Н. Баттуулаар ахлуулсан 12 эмч сувилагчийн хамт ажиллаж байсан ба бүгд дуудлаганд гарсан байв. Дуудлагыг зөвхөн ээлжийн ахлагч авч байсан ба өөр дуудлага хүлээн авах ажилтан байсангүй. Илэрсэн зөрчлүүдийг дурьдвал:
- Дуудлагын 7 ажилтан ажиллуулахаар тусгай өрөө, компьютер бэлдсэн байх боловч зөвхөн ээлжийн ахлагч нь дуудлагыг ганцаараа авч байв.
- Дуудлага хүлээн авах тоног төхөөрөмж муудсанаас дуудлага авах ганц утастай байв. Хүлээн авсан дуудлагыг гараараа дэвтэр дээр тэмдэглэж, эмч нартаа гар утсаар дамжуулж байлаа. Түргэн тусламжийн машинуудтай тусгай холбооны хэрэгслээр холбогдодгүй зөвхөн өөрийнхөө гар утсаар тэдэнд мэдээлэл өгдөг гэж тайлбарлаж байсан.
- Нэг ээлжинд ээлжийн ахлагч, эмийн санч болон 12 эмч сувилагч, жолоочийн хамт гардаг бөгөөд 24 цагаар ажиллаж 48 цаг амарч байгаа нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж байна.
- Ээлжийн ахлагч, эмийн санч гэнэт ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл үүсвэл хэн орлох вэ гэхэд бусад ээлжийн хүмүүстээ утсаар мэдэгдэнэ, богино хугацаанд бол ээлжийн ахлагч болон эмийн санч нар бие биеэ орлон ажилладаг гэж танилцуулж байлаа.
- Цагдаа, онцгой байдлын алба, түргэн тусламжийнхныг нэг төвөөс удирддаг гэж олон нийт ойлгодог боловч бодит байдал дээр зөвхөн нэг л хүн дуудлага хүлээн авч байна. Энэ нь түргэн тусламжийн үйлчилгээ олон нийтийн төсөөллөөс хэт зөрүүтэй байгааг нотлож байгаа юм.
- Хоногт буюу 24 цагт нэг эмч 24 дуудлаганд үйлчлэх жишигтэй ч бодит байдал дээр нэг эмч 30 дуудлагад явдаг гэж ээлжийн ахлагч тайлбарлаж байв. Энэ нь тус төвийн ачаалал их байгаагийн илрэл юм.
- Дуудлагад эмч ямар хугацаанд очдог талаар тодруулахад 22 цаг 37 минутын байдлаар 21 цаг 40 минутад ирсэн дуудлагад очоогүй байсан бөгөөд яг тухайн үед уг бүсэд яваа эмчид дуудлагыг шилжүүлж байлаа. Үүнээс өвчтөнд дуудлага 1 цаг орчмын дараа очдог гэсэн дүгнэлт хийж болохоор байна. 1990 оноос өмнөх дуудлага өгсний дараа түргэн тусламж очдог хугацаанд дорвитой өөрчлөлт гараагүй байв.
- Яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж байхад халуурч бүлээрсэн, шөрмөс татсан, бөөлжсөн зэрэг онцын шаардлагагүй дуудлагаас болж илүү хүнд байгаа өвчтөнд хүрч чадахгүй байх тохиолдол гардаг тул зарим дуудлагыг хүлээн авдаггүй, маргааш амбулаториор үйлчлүүлэхийг зөвлөдөг гэж байв. Дээрх тохиолдлууд нь ямар нэг ноцтой өвчний илрэл ч байж болох тул төрөөс яаралтай тусламж үзүүлэх, өвчтөн яаралтай тусламж, үйлчилгээ авах нь зүй ёсны хэрэг юм.
Эдгээр баримтууд нь Нийслэлийн түргэн тусламжийн төвд орчин үеийн техникийн дэвшил, ололт төдийлөн нэвтрээгүй, төрөөс хүн амын эрүүл мэндийн үйлчилгээ, тэр дундаа яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд бага анхаарч байгааг харуулж байна. Дотоод холбооны хэрэгслүүд нь эвдэрснээс эмч хувийн гар утсаараа дуудлага авдаг, эмчийн хүрэлцээгүйгээс шалтгаалж 24 цаг амралт, завсарлагагүй ажилладаг, ажлын нөхцөл нь хүнд, дуудлагаас гарсан машин хаа явааг хянах тоног төхөөрөмжгүй гэх мэт олон дутагдал байгааг холбогдох байгууллагууд анхаарах цаг болсон байна.