УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай ярилцлаа.
-Сангийн сайд Монгол Улсын эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа тухай мэдээлэл хийсэн. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувиар өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Мэдэгдлийг анхааралтай харж, сонсож, судалсан. Үүнээс шинэ байгуулагдсан Засгийн газар болоод түүний Сангийн сайд бол өнөөдрийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг давж туулах өөрсдийн гэсэн арга зам, гарцаа олж чадаагүй юм байна гэж харлаа. Мэдэгдлийг нь багцлаад дүгнэх юм бол явж явж өнөөдрийн төсвийн алдагдлыг нөхөх, хүндрэлтэй зарим төслүүдээ санхүүжүүлэх, графикийн дагуу төлөх зээлийн төлбөрийг төлөхдөө олон улсын байгууллага эсвэл түншлэгч орнуудаас зээл авахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Зээл л авч үүнийг шийдэх юм байна гэсэн санааг энэ мэдэгдлээрээ хийж байна.
-Нэлээд олон ноцтой тоонууд харагдаж байна лээ?
-Сангийн сайдын дурдсан гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн өсөлт 17 хувиас уруудсан, улсын валютын нөөц багассан болоод өр төлбөрийн тухай тоо бол шинэ тоо биш. Энэ бол 2012-2014 онд одоогийн МАН-ын нэрийн өмнөөс УИХ-д нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Сангийн сайд Ч.Улааны үед ч, 2014 онд томилогдож 2015 оны есдүгээр сар хүртэл ажилласан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байх үед ч, АН-аас томилогдсон Б.Болор сайдын үед ч яригдаж л байсан тоонууд. Нөхцөл байдал ийм байна шүү, бид шийдлээ яаж олох вэ гэдэг дээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдэгдлээ байнга хийж явсан. Гарцаа хайхын тулд УИХ-д олонх болсон хоёр нам хамтарч УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг баталж байлаа. Өнөөдөр гэнэтхэн энэ тоонуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд гарч ирээд мэдсэн юм шиг ард түмнийг цочролд оруулахаар өндөр дуугаар ярих шаардлагагүй.
-Ардчилсан намын гишүүд Сангийн сайдын мэдэгдлийн талаар ярилцсан уу?
-Мэдээж, АН-ын гишүүд бүлэг дээрээ энэ талаар ярьсан. АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Улсын төсвийн орлого, зарлага бүр дээр дүн шинжилгээ хийж дүгнэлтээ гаргана. Миний бие УИХ дахь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд өнөөдөр (өчигдөр) Сангийн сайд руу мэдээлэл ирүүлэх хүсэлт явуулсан байгаа. Сангийн сайдын мэдээлэл дээр өнгөрсөн долдугаар сарын байдлаар улсын төсөв хоёр их наяд төгрөг орчмоор тасалдахаар байна гэж ярьсан байсан. Тэгэхээр орлогын төлөвлөгөө яагаад ийм их хэмжээгээр тасалдах болчихов. Үүнийг зүйл заалт болгоноор нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хүссэн байгаа. Зарлагын төлөвлөгөөг бас нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэж ярьсан. Хамгийн ноцтой мэдээлэл нь бол улсын нэгдсэн тэнцлийн алдагдал -5,1 их наяд төгрөгт хүрэх гээд байна гэсэн мэдэгдэл байсан. Ийм том алдагдлын дүн ярьсан учраас энд ямар том зарлагууд нэмэгдэхээрээ ийм их алдагдал үүсгэх гээд байгаа юм бэ гэдгээ дэлгэрэнгүй зарлагынхаа зүйл заалт болгоноор ирүүлээч гэж хүссэн. Энэ бүх мэдээлэл ирсний дараа Төсвийн зарлагын хяналтын дэд хороо мэдээллүүдийг авч хэлэлцэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэж бодож байгаа.
-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын нөөц -429 сая ам.доллар гэж ярьж байсан. Ер нь өнөөдрийн үүсээд байгаа нөхцлөөс хэрхэн гарах ёстой юм бэ?
-Өр төлбөрийн графикийн талаар тохиролцох арга хэмжээ авсан эсэх, улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдэж болох бусад хувилбаруудаар хэрхэн ажилласан талаар мэдэгдээгүй. Аль ч олон улсын санхүүгийн байгууллагууд санхүүжилт, хөрөнгө босголтон дээр харилцан нөхцлүүдээ тохиролцож болдог. Түүнээс гадна хүндрээд байгаа эдийн засагт хүндрэл болохоор мэдэгдлүүдийг Монголбанк, Сангийн яамны зүгээс хийж байгаа нь нөхцөл байдлыг улам муутгаж болзошгүй байгаа учраас мэргэжлийн хүний хувьд маш их санаа зовж байгаа. Яагаад гэвэл Монголбанкны ерөнхийлөгч бол мэргэжлийн бус улстөрийн мэдэгдэл хийсэн. Хэзээ ч, аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй. Холбооны нөөцийн банкны дарга ямар үг хэлэхээс эдийн засгийнх нь нөхцөл байдал хамаарч байдаг. Тэр хүний хэлсэн үгнээс үүсэх үр дагавар их байдаг. Эдийн засаг савлаж, доргиж болно. Монголбанкны ерөнхийлөгч ийм хэмжээний мэдэгдэл хийлээ. Зохиомол валютын хомсдолыг бий болгох алхам хийсэн нь туйлын харамсалтай. Ер нь Сангийн сайд дөрвөн жилээр, Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилээр томилдог нь бодлогын хувьд нэг нэгнээ хянах, төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийг хэт их байлгаж эдийн засгийг савлуулахгүй байх зорилготой байдаг. Ийм атал Монголбанкны ерөнхийлөгч хүн улстөрч шиг ийм мэдээлэл хийсэн нь туйлын харамсалтай. Ийм түвшний хүмүүс мэргэжлийн байр сууринаас хандаж байгаасай. Мөн болзошгүй алдагдлыг Ерөнхий сайд -5,1 их наяд гэж хэлж байгаа нь өөрөө маш болчимгүй үйлдэл. Яагаад гэвэл зайлшгүй төсөвт суусан төлбөрийн тухай ярих болохоос 2017, 2018 онд төлөх төлбөрийн бүх дүнг оруулж ирээд том харуулж нийгмийг цочроож байгаа нь маш хариуцлагагүй ажил гэж бодож байгаа. Гарцын хувьд энэ Засгийн газар 100 хоногтоо ямар гарц гаргаж ирэхийг сөрөг хүчин АН ажиглаж байгаа. Цаг нь болохоор санаа оноогоо УИХ, Засгийн газарт тавих болно. Учир нь энэ ард түмний эрх ашиг учраас зөвхөн намын байр сууринаас хандаж болохгүй. Сангийн сайд төсвийн тодотгол яаралтай хийх гэж байгаа энэ үед орлогоо 1,8 их наяд төгрөгөөр бууруулж, зарлагаа 2,4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх гэж оруулж ирж байгаа нь логикийн хувьд их зөрүүтэйг харуулж байна. Хамгийн зөв гарц бол олох орлогоо танах, зарах зарлагаа нэмэх биш, эсрэгээрээ зарлагаа танаж, орлогоо нэмэгдүүлэх шүү дээ. Эрх баригчид зардлаа бууруулахгүй бол бид цаашаа явахгүй нь ээ гэж амаараа ярьж байгаа боловч үйлдэл нь эсрэгээрээ зардлаа өсгөж байна. Тэр нь юугаар илэрч байна гэхээр төсөв хэмнэхийн тулд нийлүүлсэн байгууллагуудыг бүгдийг нь салгалаа. Дэд сайд гэсэн хэрэггүй орон тоог бид зардал хэмнэхээр хассан боловч буцаагаад гаргаад ирлээ.
-Сангийн сайдын мэдээллээс харахад эдийн засгийн энэ хүндрэлтэй байдал нь өмнөх дөрвөн жил эрх барьсан АН-ын шийдвэр, төсөл хөтөлбөрүүдээс болсон мэт байна. “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа” гэх мэт хөтөлбөрүүд дээр гэхэд л УИХ-аар хэлэлцүүлэлгүй өр тавьж хэрэгжүүлсэн гээд байгаа?
-Өнгөрсөн хавар хэрэгжүүлсэн “сайн” хөтөлбөрүүд бол улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй гэж тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс мэдэгдсэн. Энэ бол Засгийн газрын баталгаатайгаар Монголбанк, арилжааны банкууд хооронд хийгдсэн зээлийн эх үүсвэрээс санхүүжигдсэн. Төсвөөс мөнгө гараагүй. Улсын төсөвт тусгагдаагүй мөнгөөр санхүүжүүлсэн гэдэг бол ташаа мэдээлэл. Сангийн сайд эхлээд өөрөө нөхцөл байдлыг маш сайн судлах хэрэгтэй. Мэдэгдэл хийхээсээ өмнө Монголбанк арилжааны банкуудтай хийсэн гэрээний нөхцлийг үзэх хэрэгтэй байсан байх. Ер нь арилжааны банкуудын зээл дотроос малчны зээл хамгийн чанартай, эргэн төлөгддөг нь юм. Малчдын авсан зээлийг хэзээ ч Засгийн газар төлөхгүй. Малчид өөрсдөө төлнө. Үе үеийн арилжааны банкууд дээр байгаа малчдын зээл хүндрэлд орж байгаагүй. Үүн дээр Монголбанк, арилжааны банк хооронд хийсэн гэрээний дагуу хэвийн явж байгаа “Сайн малчин” хөтөлбөрийг зогсоох гэсэн цаад санаа явж байна уу гэж би харж байна. Энэ мөнгө төсвөөс гарч байгаа юм шиг, эсвэл төсвийн нэмэгдэх гээд байгаа зардал дотроо оруулж ирэх гээд байна уу даа гэсэн хардлага төрүүлж байна.
Энэ алдагдал бол өнгөрсөн дөрвөн жилийн буруу бодлогын үр дүн гэж хэлэх нь Сангийн сайдын хувьд учир дутагдалтай. Өнгөрсөн дөрвөн жил хамтарч шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газар ч байгуулж байсан. Би хамтарч хийсэн учраас та нар ингэж ярилаа гэж хэлэхийг хүсэхгүй байна. Ер нь ард иргэддээ бид хамгийн таатай, бага хүүтэй зээл олгох замаар малчны өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сайн бодлогуудыг гаргаж явуулсан. Буруу гэж хэзээ ч хэлэхгүй. “Сайн оюутан” хөтөлбөр бол нийт иргэдийн нуруун дээр байгаа оюутны төлбөрийн дарамтыг бууруулсан маш их талархал хүлээж байгаа хөтөлбөр юм. Энэ зөв зүйтэй хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж явуулна гэдгээ аль ч нам засгийн эрхэнд гарсан хүлээн зөвшөөрдөг байх соёлд суралцах хэрэгтэй байна.
-Эдийн засгийн хүндрэл ихтэй байгаа болохоор цалин тэтгэвэр нэмэгдүүлэх нь битгий хэл, одоо байгаа төрийн албан хаагчдын цалинг ч тавьж хүрэхгүй нь гэсэн утга Сангийн сайдын мэдээллээс харагдаж байсан?
-Ер нь бид мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй нь ээ гэдэгтэйгээ эвлэрээд шууд зарлачихлаа гэж харж байгаа. Маш олон зүйлийг амлаж гарч ирсэн. Цалин нэмнэ гэсэн. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох ёстой. Нийгмийн халамжийн чанартай мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа хийж чадахгүй нь гэдгээ илэрхийлж байна гэж харж байгаа. Нөгөө талаар бид өөр эх үүсвэр авахын тулд зээлээс өөр гарцгүй гэдгээ ойлгуулж байгаа шалтаг хэллээ гэж би бодож байна.
-УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө. Чуулганаар Төрийн албаны зөвлөл, Монголбанкны удирдлагуудыг халж, солих асуудлыг хэлэлцсэнийг сөрөг хүчин нэлээд шүүмжилж байсан?
-Анхдугаар чуулганаар УИХ-аас томилогддог хэд хэдэн байгууллагуудын даргыг шууд өргөдөл өгүүлж байгаад ажлыг нь авсан. Энэ бол төрийн албаны хуулийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл. Монголбанкны ерөнхийлөгчийн хугацаа дуусаагүй байлаа. Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг таван жилээр томилсон УИХ-ын тогтоол нь хүчинтэй байсан. Гэтэл тэр тогтоолыг хүчингүй болгохгүйгээр шууд өмнө нь байсан хүний үлдсэн хугацаагаар хийх ёстой гэсэн ерөнхий хуулийн заалтыг бариад шийдсэн нь маргаантай. Эрх барьж байгаа нам олонхоороо хүч түрсэн үйлдэл нэлээд хийж байна. Төрийн албаны зөвлөлийн орон тооны хоёр гишүүнийг хүчээр солилоо. Дээрээс нь Засгийн газрын агентлаг, байгууллагуудыг салгах, нэмэх ажлуудыг хийж төрийн албан хаагчдын ажлын баталгаатай байдлыг алдагдуулсан. Халаа сэлгээ цаашдаа үргэлжлээд явах нь ээ гэж харж байгаа.
-Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Монголбанкны удирдлагыг хэл амтай ч гэсэн сольж л орхилоо. Ингэж хурдан хийх ямар хэрэгцээ байсан юм бол?
-Хоёр зүйл дээр хардаж байгаа. Төсөв мөнгөний бодлогыг эрх баригчид нэг гарт зангидах зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийг маш шуурхай солилоо. Аль ч үед Засгийн газар дандаа мөрийн хөтөлбөрт тусгасан арга хэмжээгээ хийхийн тулд төсвийн зарлагыг нэмэгдүүлэх зорилготой байдаг. Төв банк мөнгөний бодлогоороо түүнийг хумих ажиллагаатай. Үндсэн зорилгоороо нэг нэгнээ хянаж байх ёстой хоёр байгууллага гэсэн үг. Харин удирдлагыг нь маш хурдан солиод нэг гарт орно гэдэг чинь мөнгөний бодлого бол төсвийн санхүүжилтийн хэрэгсэл болох нь уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг яаран сольсон нь миний хардаж байгаагаар 60 тэрбум төгрөгийнхөө албан тушаалуудыг хурдан тавихын тулд хийсэн. Төрийн албаны зөвлөлийг өөрсдийнхөө үйл ажиллагааны дуулгавартай байгууллага болгох гэж үндсэн таван гишүүнийх нь хоёрыг сольчихлоо шүү дээ.
-Мэргэжлийн Засгийн газар байгуулах болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл тал нь “давхар дээл”-тэй боллоо. Мөн дэд сайдын орон тоог сэргээлээ. Үүнийг юу гэж үзэж байна?
-МАН-ынхан сонгуулиар аль болох зардлаа танана, цомхон мэргэжлийн Засгийн газартай ажиллана гэж ярьсан. Өмнө нь бид зардлаа хасахын тулд байгууллагуудыг үйл ажиллагаагаар нь нэгтгэж байлаа. Энэ бол төсвийн зарлага талд маш зоримог шийдвэр байсан. Дэд сайдуудын орон тоог байхгүй болгож байсан. Одоо эсрэгээрээ бүгд гараад ирсэн. Заавал дэд сайдтай байвал мэргэжлийн Засгийн газар болно гэсэн үг биш. Энэ бол зүгээр эрх баригчид боловсон хүчнээ байршуулахын тулд бий болгож, дахин гаргаж ирж байгаа орон тоо л гэж харж байгаа.
dnn.mn
Ж.Баярсайхан