УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Тусгай хамгаалалттай газар нутагт баригдаж байгаа обьектын талаарх албан бичгийг хүргүүллээ. Уг албан бичигт, “Их Тэнгэр цогцолборын зүүн талд төрийн тусгай хамгаалалт бүхий газарт “АСЕМ”-ын хуралд зориулсан гэх нэрийдлээр нэгэн барилга баригдаж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. “АСЕМ”-ын хурал зохион байгуулагдаж дууссан боловч одоо болтол уг барилгын ажил үргэлжилж байна.
Эндээс үзвэл “АСЕМ”-ын хурал зохион байгуулах бэлтгэл хангах нэрийдлээр тусгай хамгаалалттай газарт хувийн барилга байгууламж барьж, хэрэг дээрээ тэндээс газар залилсан байж болзошгүй байна. Иймд уг асуудлыг шалган хууль бус, албан тушаалаа урвуулсан болон залилангийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож дүнг танилцуулахыг хүсье” гэжээ. Өмнө нь Хууль зүйн салбарын сайд асан түүний хувьд хардлага төдийхэн зүйл дээр ийн хөдлөх хүн биш гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлдэг. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж багагүй балагтай газрын маргааны эхийг мэдэж байгаа бололтой. Уг нь энэхүү барилга баригдаж буй газартай холбоотой асуудлыг өнгөрсөн жилээс хэвлэлээр нэлээд сайн мэдээлсэн. Гэвч албан тушаалтнууд тэр бүр тоогоогүй гэхэд болно. Тус компанийн эзэмшилд Их Тэнгэрийн амны 7.4 га газар байдаг юм билээ. Угтаа Богд хан уулын дархан цаазат бүс нутагт хамаарагддаг Их Тэнгэрийн амыг бусдад ашиглуулах боломжгүй гэдэг. Гэтэл АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барих шалтгаанаар дээрх газрыг шилжүүлж, холбогдох албаныхан гарын үсэг зурсан байдаг.
Харамсалтай нь өдгөө тэрхүү дурдаад байгаа АСЕМ нь аль хэдийн өндөрлөчихөөд байхад барилгын ажил нь үргэлжилсээр л байгаа. Энэ нь ч олны анхаарлыг татаж, бууриа сэлгэсэн төрийн өндөрлөгүүд хаяанд барилга баригдаж буйд цочирдохоос аргагүйд хүрсэн хэрэг. Ямартай ч БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар “Шинэхэн групп” нэртэй компанид Их Тэнгэрийн газарт үндэсний цогцолбор, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэрчилгээг таван жилийн хугацаатайгаар олгосон байдаг. “Шинэхэн групп”-ийн мэдэлд очжээ. Гэрээнд газрын зөвшөөрлөө хэдэн ч удаа сунгуулж болно гэж заасан байна. Ж.Сансар нь өмнө нь буюу 2007-2010 онд Мэдээлэл, технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга, дэд даргаар ажиллаж байжээ.
Харин барилгын хувьд АСЕМ-д зориулсан гэж байгаа ч төсөв нь гацаснаас үүдэлтэйгээр өнгөрсөн хоёрдугаар сараас л хөдөлгөөнд орсон гэж эргэн тойрныхон нь хэлдэг. Газрын хэмжээ нь том учраас гүйцэтгэгчээр хэд хэдэн компани ажилладаг аж. Юутай ч “томчуудын” анхаарлын төвд орсон энэ барилгын хувь заяа цаашид хэрхэхийг Ерөнхий сайд болон салбарын сайдуудын шийдвэрээс л харагдах байх даа. Газрын наймаачин, луйварчин ихтэйгээрээ дуудуулдаг МАН-ынхан асуудлыг хэрхэн анхаарч, шалгахыг харах л үлдлээ.
Эх сурвалж: