Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/ хамтран “Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2016” олон улсын хурлыг 8 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Орон орны шалгалт зохион байгуулах эрх бүхий Шинжлэх Ухааны Паркуудын Удирдлагуудын уулзалтанд Филиппин, Тайланд, Вьетнам, Малайз, Бангладеш, Япон, Мьянмар, Монгол улсын удирдах зөвлөлийн гишүүд болон тус орнуудын МТМШЗ-ийн удирдлагууд зэрэг нийт 20-иод төлөөлөгч оролцох юм.
Мэдээллийн технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудтай харилцан туршлага, мэдлэг мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа идэвхижүүлэх, дэлхийн түвшний хөгжлийн загварыг дотооддоо нэвтрүүлэх, хамтран ажиллах зорилгоор Монгол Улсаа төлөөлж Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2006 онд Олон улсын шалгалтын зөвлөлд нэгдэж, улмаар 2012 онд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллага болсон юм.
Гишүүн байгууллагад нэгдсэнээр Монголын мэдээллийн технологийн мэргэжилтэн, албан хаагчдын ур чадвар, мэдлэгийг олон улсын жишигт хүргэж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай хүний нөөцөөрөө танигдах боломжтой болсон ба улмаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ажиллах гарц нээгдэж, Монголоороо овоглож монгол инженерүүдийн мэдлэг, оюуныг олон улсад үнэлэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө түүхэн ач холбогдолтой билээ.
Түүнчлэн Азийн бүс нутагт нэг стандарт дор зохион байгууллагддаг олон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ыг монголчууд эх орондоо саадгүй өгөх эрх нээлттэй болж, Монголдоо сүүлийн 10 жил тасралтгүй зохион байгуулж нутагшуулж чадлаа.
2016 оны хувьд мэдээллийн технологиор Азидаа тэргүүлэгч орнуудын захирлуудын уулзалтыг Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байгаагаараа онцлогтой жил болж байна.
Японд төвтэй Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-ийн 22 дахь удаагийн энэ жилийн хуралдааныг зохион байгуулах эрхийг Монгол Улсад ийнхүү олгосон нь манай улсаас олон улсын түвшний шалгалтанд хамрагдсан мэргэжилтэн, шалгуулагчдын тоо, тэнцэгчдийн онооны түвшин, мэдлэгийн чансаа дээгүүр үнэлэгдсэн бас нэг үнэлэмж байсан гэдгийг онцлох хэрэгтэй юм.
Монголд анх удаа зохион байгуулагдаж буй орон орны шалгалт зохион байгуулах эрх бүхий Шинжлэх ухааны паркуудын Удирдлагуудын уулзалтанд Филиппин, Тайланд, Вьетнам, Малайз, Бангладеш, Япон, Мьянмар, Монгол Улсын Удирдах зөвлөлийн гишүүд болон тус орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-ийн удирдлагууд зэрэг нийт 20-иод төлөөлөгч хүрэлцэн ирнэ.
ITPEC-ийн гишүүн орнуудын захирлуудын ээлжит хурлаар Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын зөвлөлийн Гүйцэтгэх захирлуудын төлөөлөл болох орон орны бүх гишүүд үйл ажиллагааныхаа талаар жилийн тайлангаа тавьж, ололт амжилтаа хуваалцан, шалгалтын цар хүрээг өргөжүүлэх, шалгуулагчдын тоо болон тэнцэгчдийн тоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх, дэмжих чиглэлээр олон талт асуудлуудыг хэлэлцэх юм.
Азийн 7 оронд зэрэг авдаг, 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын шалгалтын зөвлөлийн “Гүйцэтгэх захирлуудын уулзалт-2016” арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ Монголдоо анх удаа зохион байгуулж байгаа нь хамтын ажиллагаагаар дамжуулан олон улсад эх орноо таниулан сурталчлах, гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, шалгалтын нэр хүндийг өсгөх, мэдээллийн технологийн хөгжлийн хурдасгуурт үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Монголын мэдээллийн технологийн хөгжлийг улам хурдасгах түүчээ нь мэдлэгтэй, чадвартай, чадварлаг хүний нөөц юм. Олон улсын түвшинд өрсөлдөхүйц инновацийг монгол хүн бүтээх орчин нөхцөл нь хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, үнэлэх энэхүү олон улсын шалгалт гэж хэлж болно.
Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ууд нь ур чадварын стандартуудад үндэслэгддэг бөгөөд мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг нэгдсэн загварт оруулан тодорхойлж ур чадварын үнэлгээг бий болгох, улмаар тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой шалгалт юм.
МТИШ нь 4 түвшний 12 төрлийн шалгалттай бөгөөд Монгол улс одоогийн байдлаар эхний 3 түвшин буюу Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ), Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалтууд (МТИАТШ)-ыг нэвтрүүлэн нийт 21 удаагийн шалгалтыг зохион байгуулаад байна.
Эдгээр 21 удаагийн шалгалтанд нийт 1500 шалгуулагч хамрагдснаас 130 шалгуулагч нь амжилттай дүн үзүүлж Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан аваад байна.
МТ-ийн ур чадварын стандарт, шалгалтын системийг нэвтрүүлсний ач холбогдолыг дараах байдлаар томьёолж болно. Үүнд:
- -Олон улсад өрсөлдөх чадвар бүхий өндөр ур чадвартай МТ-ийн инженерүүдийг хөгжүүлэх
- -МТ-ийн мэргэжлийн чиглэл бүрт шаардагдах чадварын түвшинг тодорхойлох
- -МТ-ийн инженерүүдийн ур чадварыг үнэлэх бодит шалгууруудыг тогтоох
- -Ажил олгогч болон ажилтан аль алинд нь шаардлагатай бодит үнэлгээг бий болгох
- -Бүх нийтийн МТ-ийн мэдлэг, хэрэглээний ур чадвар сайжрах
- -Эзэмшсэн мэдлэгээ үнэлүүлэх
- -Ажлын байран дээр өрсөлдөх давуу тал
- -Азийн орнуудад МТ-ийн чиглэлээр ажиллах
2016 оны 08 сарын 30-ны 14.00 цагт Рамада зочид буудлын 4 давхарт Dimond хурлын танхимд болох тус арга хэмжээ сэтгүүлчидэд нээлттэй болох тул сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ авч, сурвалжлага бэлтгэхийг урьж байна
Дэлгэрэнгүй мэдээллийг http://itpark.mn/edm/ авна уу
Утас: 99107647