Шок

9-1-4_700x700

2016 оны УИХ-ын сонгуулийн дүн бүхнийг шоконд оруулав. МАН-аас бусад нь үсгүй хусуулж, нэвт нүдүүлсэн тул тэд гүн шоконд орж ойлгох, мэдэх, дуугарах, хөдлөх, сэрэх, сөрөх гээд бүх мэдрэхүй нь ажил­лахгүйд хүрчээ. Ийнхүү ялагдсан тал гомдох болон гомдоллох сөхөөгүй болтлоо, бүр гомдол гаргах боломжгүй болтлоо нүдүүлэв. Үүнийг ялагдал гэхгүй юм бол өөр юуг ялагдал гэх юм бэ?

Хачирхалтай нь ялсан тал нь бас шоконд орсон байдалтай байх юм. Энэ бол суудлын тоо нь элбэгдсэн МАН. Тэд, ямар ч байсан АН-аас илүү суудал авах юм шүү, олонх болохын тулд МАХН-тай хамтрах хэрэгтэй, бас “хар хайрцаг” шиг адгийн юм байхгүй, тэдгээрийг шатаах ёстой хэмээн аргаа барж, зарга хийж явсан нь саяхан. Гэтэл мань нөхөд төсөөлөө ч  үгүй  олон суудлаа өөрсдөө мэдэлгүй авсандаа шоконд орж баяраа ч хийж чадахгүй нэг хэсэг мэлрэв. МАН-ын нэр дэвшигч дотроос ялна гэж өөрсдөө ч бо­доогүй, угаасаа бо­ломжгүй, сонгуульд хэн ялах талаарх олон нийтийн бооцоонд огт байхгүй нөхдүүд хүртэл МАН-ын сонгуулийн “төв штабаас авсан арга хэмжээний буян”-аар ялж орхив. Үүнийг ялалт гэхгүй тэгээд өөр юу гэж нэрлэхэв дээ.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах долоо хоногийн турш АН галзуурлын шокноосоо гарч чадаагүй зад архи­дац­гаасан, МАН гайхшралын шокноосоо гарч чадаагүй  хэсэг алмайрсан гэж зарим  судлаач ярилцах юм билээ. Тэр үнэн дэг ээ.

Сонгогчид, дэмжиг­чид, судлаачид, ажиг­лаг­чид гээд бүгдээрээ л шоконд орж мэл гай­хаж, цэл хөхөрсөн хү­мүүс байв. “Сонин юм даа” гэхээс цаашгүй байц­гаана. Сонгох гэсэн хүн нь гараагүй ч гэсэн АН-ыг дарж авсандаа баярлаж сэтгэл нь жаал тайвширна. Гэхдээ энэ нэг л бишээ. Ингэж байгаад учир нь нэг олдох байлгүй гэж битүүхэндээ нэг юм чагнаж сууцгаана. Тэгэлгүй яахав, ёстой сонин юм болсон юм чинь. Шоконд оруулна гэж үүнийг хэлэхгүй бол өөр юуг хэлэхэв дээ.

Ямар сайндаа сон­гуулийн талаар ертөнцийн гурав зохиогдсон байх юм.

Ядуу ард түмний хо­доо­доор сонгуульд нэг ялна

Баялагт шунагсдын бо­хир мөнгөөр сонгуульд нэг ялна

Төрөөр тоглогчдын луйвраар сонгуульд нэг ялнаа гэж…

Тэгээд чухам юу бол­сон юм бэ, энэ жилийн сон­гууль? Заль, луйвар, хуй­вал­даан нь хэрээс хэ­тэр­сэн сонгууль болсон юм. Түрүүчийн хэдэн сон­гуульд илүү заль хийж, ов­ли­­гогүйтсэн нь ялчихдаг то­хиол­дол мэр сэр байсан бо­ловч энэ удаагийнх шиг бөөндсөн тохиолдол байгаагүй.

“Хар халзан хонь ч байсан АН-д  өгөх байлаа” гэсэн яриа 1996 онд гарч байсан бол “бор халзан хонь ч байсан МАН-нд өгөх байсан юм байна” гэсэн яриа энэ онд гарч байна. Энэ нь нэг талаас аргаа барсан байдал, нөгөө талаас арай ч ингэж болохгүй гэсэн санаагаа илэрхийлж байгаа үг. Харин  МАН-ын ялалтыг зөвтгөж байгаа хэрэг яавч биш. Ард түмэн үнэн учир шалтгааныг дуулаад, ойлгож мэдрээд ирэхийн цагт жинхэнэ  гамшиг гарч ирнэ. Тэр мэдрэмж удахгүй ирэх учир жанцан бий! Нөхцөл байдал болон үр дүнд эрүүл саруулаар дүн шинжилгээ хийцгээе.

МАНАН: АН эрх барихаараа улс орноор тог­лож, ард түмнийг туйлдуулдаг нь үнэн. Энэ бол ард түмний хувьд төсөөлөө ч үгүй, мөн итгэхийн аргагүй үлгэр зүүд шиг боловч бодит амьдрал дээр хэрэгжиж 1996, 2012 онуудад давтагдаад байгаа зүйл. Ард түмэн одоо нэг сайн ойлгож сэтгэл зүрх, ой тойндоо хадаж авсан байх гэж бодож байна.  Эд нараас яаж салдаг билээ гэж  бараг хүн бүр ярьж байсан. Гэхдээ АН-ыг орлуулагч нь МАН яавч биш байсан юм. Яагаад гэвэл МАН, АН нь МАН-АН хэмээх  еэвэнгийн хоёр тал гэдгийг ард түмэн нэгэнт мэддэг болсон билээ. Гэхдээ энэ удаа МАН нь АН-аас ямартай ч олон суудал авах нь тодорхой байсан боловч  ийм үр дүн бол бас арай л биш юмаа.

Одоо ард түмний байр суурь, нийгэмд үүс­сэн байсан нөхцөл байдлын талаар яръя. Энэ бол “МАН-АН-г яасан ч сонгохгүй, харин гуравдахь хүчинд, шинэ хүнд, цэвэр хүнд, нам харгалзахгүй саналаа өгнө” гэсэн давалгаа ард түмний дунд хүчтэй явж байсан нь үнэн юм. Иймээс ард тү­мэн сонгуулийн дүн “солон­горч” гараасай гэж хүсч байсан. Өөрөөр хэлбэл, АН -+25, МАН -+35, МАХН -+15, бусад нам, бие даагчдад хэдэн суудал оногдоно байх, тэгвэл аятайхан Парламент бүрдэнэ хэмээн бодож төсөөлж байсан. Энэ нь ч бүх төрлийн судалгаагаар тодорхой байсан. Энэ нөхцөлд төр ч тогтвортой, төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж чадна гэж үзэж байлаа. Гэтэл  сонгуулийн дүн байнд ч үгүй, банзанд ч үгүй, харин МАН гэдэг мангар том бул хар чулуун дээр тусах нь тэр.

За ийм байдаг юм байж. Одоо энэ удаагийн сонгуулиас авбал зохих сургамжуудаа авч, цаашдын тухай бодох хэрэгтэй болж байна.

Сургамж 1.  Бохир мөн­гөний уралдаан-Монгол сонгууль. МАН, АН-ын хувьд өнгө, мөнгө, бохир аргаар зодож сонгуульд гарна гэсэн тактиктай байсан бол бусад нь үнэн, зөвөөр өрсөлдөж, шударга ёсны буухиаг Монголын төрд гардуулна хэмээн ойлгож байсан юм. “Жижиг” намууд, бие даагчдын амлалт, мөрийн хөтөлбөр нь амьдралд ойр, ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, хөгжлийг авчрах боломжтой хувилбарыг тусгасан байлаа. Саяын сонгуулиар үнэнийг хэлэхэд дөрвөн жил хахтлаа, ханатлаа идэж уусан, хулгайлж хүүдийлсэн АН-ынхнаас өөр мөнгөтэй хүн хаана ч алга байлаа шүү дээ. Гэхдээ л итгэл үнэмшил, нийгмийн хариуцлага, эх орноо гэж сэтгэл нь өвдсөндөө сонгууль хэмээх цусгүй дайнд тулалдахаар сэтгэл шу­лууд­сан намууд, нэр дэвшигчид маань өөрс­дийн боломж бо­лол­цооны  хэм­жээнд сон­гуулийн сан­хүү­­жилтээ босгож, чадлынхаа хэмжээгээр хөдөлцгөөсөн.

Гэтэл юу болов? 2016 оны сонгууль “даваг­дашгүй хүчин зүйл”-ийн дор болж өнгөрөв. Төрийн дансыг улайлгаж ард түмнийхээ хоногийн хоолноос танаж байсан Засгийн газар сонгууль болохоор мөнгөнөөс их юмгүй болов. Сонгогчдод хүчээр шахам гэрт нь мөнгө оруулж өгдөг тийм л аймаар, ичмээр эрээ цээргүй байдлийг сонгуулийн өдрүүдээр үзэв. Гэтэл таминь ээ, АН-аас илүү их мөнгөтэй “нөхөд” бас байдаг юм байна. Нэг үгээр хэл­бэл, АН мөнгөөр тоглож бай­хад, МАН зүгээр л цацаж байв. Тэд  мөнгөндөө даатгахын зэрэгцээ заль мэхэндээ найдаж, бас аархаж байв. Тэр нь ч ёсоор болов. Гэхдээ АН-ын таамгаар биш, харин МАН-ын тааллаар болов.

Ихэнх монголчууд орлого, цалингаараа арай ядан амьдралаа авч явж байхад хэсэг бусаг монголчууд нь төрийн сонгуулийг худалдан авах мөнгөтэй болжээ.

Сургамж 2. Төрийн эрх-олигархийн гарт. Энэ удаагийн сонгуулийн хөшигний цаадах тулааны зорилго нь хэдэн том стратегийн ордыг авах, эхлүүлэх асуудал байв. Уг нь эх орон ард түмнээ гэх сэтгэлтэй, Монгол төрдөө жинхэнээсээ зүтгэх олон сайхан хүмүүс бие дааж болон гуравдахь хүчнийг төлөөлөн өрсөлдсөн юм. Ёстой л нөгөө үзүүштэй барилдаан, сонирхууштай сонгууль болох байсан юм, уг нь. Гэтэл, тэдний давуу тал, төрд хэрэгтэй чанар, мэдлэг боловсрол, дадлага туршлага огт хамаагүй байж ерөнхийдөө нийт өрсөлдөгчдөөс хамгийн дор бөгөөд дорой нь “ялав”. Тэдний төрд хэрэг болохгүй нь хамаагүй харин олигархиудад гай болохгүй гэдэг нь ялагчаар тодрох гол үндэслэл болсон бололтой.

Ийнхүү, төрийн сон­гуулийг ард түмэн тодор­хойлох бус, олигархиуд шийддэг болжээ.

Сургамж 3. Ардчилсан сонгууль-луйврын иж бүрдэл.Сонгууль гэж ёстой луйврын иж бүр­дэл байв. Төрийнхөө жо­лоог барилцаж, Монголынхоо хөгжлийн төлөө зүтгэх гэж олон жил сар үнэнчээр бэлдсэн, хөдөлмөрлөсөн хү­мүүсийн ажил талаар болж хичнээн ч хүн хөрөнгө мөнгө, цаг хугацаа, ажил амьдралаараа хохиров доо. Жинхэнээсээ ялагдсан бол хэн гуай ч байсан, юу ч байсан хамаа алга. Гэтэл бохир мөнгө, луйврын аргуудыг ашиглаж нам, эвсэл, нэр дэвшигчдийн авсан саналын үр дүнг үгүй хийж байгаа нь харгислал, дарангуйлал, хүнлэг биш явдал бөгөөд үүнийг эцэс болгохын төлөө цаашид шударга хүн бүр ажиллах ёстой юм. Луйврын иж бүрдэлд юу юу орж байна вэ гэвэл:

-Мэдээж, магнайд нь хар машины булхай, луйвар. Үүнийг ганцхан АН ч хийдэг юм биш, харин МАН тэд нараас бүр ч илүү  төгс төгөлдөр хэлбэрээр, улам боловс­ронгуй болгон хийж чаддагийг энэ сонгууль их тодорхой харууллаа.

-Улсын бүртгэлээр дам­жуулан хийдэг сон­гогчийн нүүдэл буюу “хүн-царцаа”-ны нүүдэл. Үүнийг угтаа хүний наймааны нэгэн хэлбэр ч гэж үзэх үндэстэй юм. Энэ будлианыг хийхдээ МАН-ыхан онцгой  мэргэжиж гаршсан бөгөөд зөвхөн энэ удаа ч биш, урьд урьдын сонгуульд мөн хэрэглэж байсан гэж үзэх олон үндэслэл байна.

-Сонгуулийн мо­жа­ритор систем. Энэ системээр сонгууль явуу­лах хуулийг МАН зүтгэж байгаад гаргуулсан, АН тэнэгтэж байгаад дэмжсэн. Угтаа, МАХН-ыг авлах санаатай батал­сан хуульд АН давхар өртсөн нь мэхт мэхэндээ унана гэдгийг харуулав. Үнэндээ Монголд ардчиллын сайн сайхан зүйлүүд бараг байхгүй болсон бөгөөд  ардчиллыг ингэж цогцлоосноос үгүй нь ч дээр юм  байна гэж эрхгүй бодогдоно . Харин Монголд хатуу, буруу, худлаа байгаа ардчиллыг дэлхий дахинд зөв, зөөлөн, сайн байгаа мэтээр сурталчилж байгаа нь даанч  харамсалтай.

Товчоор хэлэхэд, Монголын сонгууль гэдэг нь бохир аргын уралдаан болдог зуршил тог­тож, ардчилсан сонгуу­лиар хал­хавч хийж төрийн эрхийг луйвраар авч, засгийн эрхийг олигар­хиуд ээлжлэн барьдаг боллоо.

2016 оны сонгууль нь засах аргагүйгээс гадна ойлгох аргагүй ордны хуйвалдаан болсныг ард түмэнд үнэн мөнөөр нь дэлгэн хэлэх нь зүйтэй юм.

-Намын тэргүүн нь намаа ялагдуулахын тулд нөгөө намын сайн эрчүүдтэй нийлдэг байдал дахин давтагдлаа. Энэ нь анх 2013 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар одоогийн МАН-ынхан АН-тай хуйвалдаж Н.Энхбаярыг унагаж байсан бол өнөөдөр АН-ыг ялагдуулахын тулд төрийн тэргүүн нь МАН-тай хамтран ажиллав. Ур­вагчийг цаазал, урва­сан хүнийг цаазал хэмээн Богд Чингис хаан  маань улс гүрэндээ эмх журмыг тогтоож байсан. Энэ хуулиар өнөөгийн монголчуудыг шүүх гэвэл нэг хэсэг нь, наадах чинь Монголчуудын хууль, манай үндэстэнд хамаагүй гэх юм болов уу?

-Сонгуулийн ийм үр дүн гарахыг Монголд хоёрхон хүн л мэдэж байсан, энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга асан С. Баяр хоёр гэх. Бүх зүйлийг урьдаас бодож боловсруулж,  ямар нам сонгуульд ялах, ялуулахын тулд юу хийх, аль намаас хэн хэнийг гаргахыг хүртэл нарийн тооцсон байсан гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чинь АН-ын гишүүн, энэ намын ач буян, тэр олон мянган гишүүдийнх нь хичээл зүтгэлээр өнөөдрийн төрийн өндөрлөгт хүрч, эрх ямба, юу байдгийг эдэлж байгаа байхаа. АН-ынхан энэ хүнийг мөн ч их бөөцийлсөн, их ч итгэл хүлээлгэсэн дээ. Хэнтэй нийлсэн “нохой” ийм болж хувирдаг байна? Алс ирээдүйн юу бодоод ингэхэд хүрэв? АН-ынхан нэг юм бодож байгаа байлгүй.

-АН сонгогдох бо­ломжоо 99 хувь алдсан ч хар машины булхайгаа хэ­рэг­­лээд дахин гарна гэ­­сэн төлөвлөгөөтэй “ажил­лаж” байтал аливаа муу муухай зүйлийг нутаг­шуулахдаа гарамгай МАН хар машины булхайг ч мөн өөрийн болгож чад­санаар хол тасарч түрүүлэв. АН-аас илүү хар машинтай ажиллаж чаддаг “ухаантнууд” МАН-нд байна гэж хэн санах билээ. Ямар сайндаа сонгуулийн эцсийн дүн бүрэн гараагүй бай­хад АН-ын дарга З.Энхболд  намынхаа ялагдлыг хүлээж мэдэгдэл хийж факталж байхав. Жинхэнэ шоконд орсон хүний зүс царай, үйлдэл. Энэ сонгуулиас гарч байгаа нэг дүгнэлт, сургамж бол “Хар машин” гэгчийг монголын сонгуульд да­хин хэзээ ч хэрэглэж бо­лохгүйг харуулсан явдал юм.

-Дэлхий нийтээрээ өнөөдөр можаритор сис­темээр сонгууль явуулахаас улам бүр зайлсхийж бай­хад хатуу коммунист дэг­лэмтэй Хятад, Хойт Со­лон­гос, Вьетнам гэх мэт хэдхэн орон энэ сис­темээр сонгуулиа явуулж, дээрээс заасан бод­логоор  төрийхөө тө­лөөллийг бүр­дүүлж байгааг бүгд харж л байна. Тэгэхээр манайх ерөнхийдөө хаана, хаашаа явж байгааг энэ жишээн дээр төвөггүйхэн харж болох.

Нөхцөл байдлыг харж ажиг­лаад, үйл явдал, баримтад үнэлэлт дүгнэлт хийх тусам өөр дүр зураг гарч, байдлыг өөр өнцгөөс хара­хад хүргэж байна. Иймэрхүү сценариар сон­гуулийн үр дүн гарна, гарна ч гэж дээ гаргана гэдгийг Элбэгдоржтонгууд аль эртнээс тооцсон бай­сан тул урьдчилан сэр­гий­лэх  арга хэмжээг эрт­­нээс тооцсон. Тэр жилийн 7-р сарын 1-нд бол­дог шиг , түүнээс ч илүү ард түмний дургуйцэл, үймээн болно гэдгийг ч харж байсан. Үүнээс ганц аврах юм нь эхний ээлжинд АСЕМ байв. АСЕМ-аар далимдуулж жагсаал цуглаан хийхийг хориглов. Хот, хөдөөгөөс өдий төдий цагдаа, хүч­нийхнийг нууцаар та­таж, болзошгүй үймээн хөдөл­гөөний үед ард түмнийхээ эсрэг хөдөлгөхөөр бэлтгэл сургуулилтад хамруулж,  хүчний байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Сонгууль сайхан боллоо, ард түмэн сонголтоо зөв хийлээ гэсэн хиймэл сурталчилгааг хийж, илүү дуугаргахгүй байх арга хэмжээ авахаа мэдэлгүй яахав, тэд.

Хүнд сэдвээр, хэцүү үнэнийг ярьж чилээсэн уншигчидтайгаа хэдэн харьцуулал хийж, тархины хөнгөн дасгал хийцгээе. Хэн нь хүчиндэгч, хэн нь хүчиндүүлэгч вэ?

Луйвар булхай гэдэг ямар ч хүнийг “хүчээр” гаргадгийг харуулав. Төр түших эр чадал нь бүрдсэн, төрийн төдийгүй ард түмний талархлыг хү­лээсэн зарим хүмүүс то­хиолд­лын гэмээр нэ­гэнд тахимаа өгөхөд хүргэж байх юм. Жишээ нь:  Аймаг орон нутагтаа хийсэн юмтай, нэр хүндтэй, олон жил нутаг усныхаа төлөө зүтгэсэн, ардын үгээр хэлвэл дошин дээрээ байж, тойргоо олон жил усалсан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг аймгийнхан нь сонгоогүй юм гэнэ, тэ­гээд нөгөөг нь сонгосон юм гэнэ. Ёстой нөгөө үгүй л байхгүй юу.

Дарханд өрсөлдсөн МАХН-ын ЕНБД, улс төрийн чадал, чансаа, туршлага гээд бүх талаараа жигдэрсэн Ж.Сүхбаатар гарах нь баараггүй байсан бөгөөд түүнийг төрд байвал зохих хүний нэг тул ялаасай гэж зөвхөн намынхан нь бус нийт олон хүлээж байсан юм. Гэтэл тийм юм болсонгүй. Ийм жишээ олон бий. Ингээд гарах ёсгүй олон хүн хүчээр гарсныг нь бодохоор “хүчин­­дүүлсэн” юм шиг, гэ­тэл хүн хохироогоод гараад ирснийг нь бодохоор “хүчиндсэн” ч юм шиг.

За даа тэгээд олон хэцүү хүмүүсээс бүрдсэн төрийн хууль тогтоох байгууллага яаж шуу ажиллах юм бол доо. Төр түмнээ байгугай өөрийгөө аваад явах чадваргүй “гишүүд” мөн ч олон байна даа. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг төрийн тархи болсон УИХ гэдэг байгууллагад дуучин, жүжигчин, зурагчин, та­мир­чин, барилдаанч, нан­чилдаанч, яруу найрагч, сэтгүүлч, бүр эр­хэл­сэн тодорхой ажилгүй байсан хүмүүс орж ирээд суучих юм. Уг нь хуульч, эдийн засагч, төрийн бодлогыг тодорхойлоход хэрэгтэй мэргэжлийн хүмүүсээс голчлон бүрдсэн эх орны шилдгүүдийн баг байх ёстой юмсан. Хуучин бас хэцүү тохиолдлууд байх нь байдаг байсаан. Гэхдээ арай ч ийм байгаагүй юм шүү. УИХ-д аз, эзийн аль алинаар нь гарч ирсэн хүмүүсийг яанаа гэж өмнөөс нь ичихээс илүүтэй, эд нараар удирдуулах Монгол төр, монголын ард түмний хувь заяаг л яанаа хэмээн айж, түгшиж байна даа.

За яахав, юм нэгээр дуусахгүй, үнэн хэзээ ч ялах тавилантай гэд­гээр энэ удаа  өөрийн сэт­гэгдлээ өндөрлөе. Ха­рин цалин нэмнэ, тат­варын дарамтгүй байл­гана, зээлийн хүүг буу­руулна, мэргэжлийн Засгийн газар бүрдүүлнэ, уруудсан улсаа босгоно гэх мэт олон зүйлээр ард түмнийг урхидсан МАН-ын амлалт, ажлын бариа, зөрүүний тухай дараагийн удаа ард түмэнтэйгээ санал солилцох болно.

Ц.Шаравдорж /Монгол Улсын гавьяат хуульч/

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …