Монголын барилгын салбар Сингапурынх шиг хөгжинө

1472872574_nuur

“UBSPP”(Ulaanbaatar Singapore Property)компанийн ТУЗ-ийн дарга Жон Литэй ярилцлаа

-Засгийн газар зөв бодлого хэрэгжүүлж чадвал эдийн засаг хялбар сэргэх боломжтой Сингапурын үндэсний их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр Сингапур, Малайз, Лондонд үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж, улмаар Монголын барилгын салбарт хөрөнгө оруулж эхэлжээ. Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар Сингапурынх шиг хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр ярилцлагын үеэр дахин давтан тэмдэглэж байлаа.

-Монголын эдийн засгийн хувьд амаргүй өдрүүд өнгөрч байна. Ийм үед яагаад Монголд хөрөнгө оруулах болов?

-Монгол Улсад бизнесээ эхлүүлэхээр 2012 онд анх ирэхэд Монголын эдийн засгийн өсөлт дэлхийд тэргүүлж байсан. Гэхдээ өнөөгийн хүндрэл цаашид нэг их удаан үргэлжлэхгүй гэдэгт итгэлтэй байна.

-Яагаад?

-Нэгдүгээрт, Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Түүхий эдийн ханш үргэлж ийм доод түвшинд байхгүй. Тиймээс зөв Засгийн газар зөв бодлогоор удирдаад явбал хөгжих боломж Монголд их бий. “Rio Tinto” тэргүүтэй дэлхийн томоохон тоглогч компани Монголд орж ирсэн. Тэднийг дагаад цаашдаа олон компани орж ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол зөвхөн эхлэл нь. Иймэрхүү гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зөв бодлогоор удирдвал эдийн засаг аяндаа сайжирна гэдэгт итгэлтэй байгаа.

-Монголд хэрэгжүүлж буй барилгын төслийнхөө талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү?

-Би Сингапурын үндэсний их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Банк, санхүүгийн чиглэлээр “Chase Manhattan” буюу одоогийн “JP Morgan Chase”-ийн Сингапур, Нью-Йорк дахь салбарт долоон жил ажиллаад, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд орсон. Малайз, Лондон, Сингапурт үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллаж байсан. Яагаад Монголд хөрөнгө оруулах болсон талаараа дэлгэрэнгүй тайлбарлая л даа. Би анх 2011 онд Монголд хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн. Сингапураас гадна Азийн нэг улсад хөрөнгө оруулахаар шийдэж, зах зээл хайж эхэлсэн юм. Тэр үедээ аль улсад хөрөнгө оруулбал ирээдүйд Сингапур шиг болж хөгжих потенциал байна вэ гэдгийг голчилж харж байсан. Та ямар ч сингапур хүнээс “Амьдралдаа хийж байсан хамгийн сайн хөрөнгө оруулалт чинь юу вэ” гэж асуувал бүгд үл хөдлөх хөрөнгө гэж хариулна. Өнөөдөр бараг бүх сингапур саятан болсон. Яагаад гэвэл тэд өнгөрсөн хугацаанд үл хөдлөхийн салбарт хөрөнгөө оруулсан. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн салбар нь Сингапурынх шиг хөгжих ирээдүйтэй улсыг хайж байсан юм.Шри Ланк, Вьетнам, Камбож, Тайланд гээд Азийн хэд хэдэн улсаар явсан боловч Монголд ирээд л миний хайгаад байсан потенциал энд байгааг олж харсан.

-Чухам юу таныг тэгтэл итгэхэд хүргэсэн юм бэ?

-Үл хөдлөх хөрөнгийн үнэ цаашид улам бүр өсөн нэмэгдэнэ. Улаанбаатар хотын хүн ам жилд 50 мянгаар нэмэгдэж байна. Монголын нийслэлд оршин суугчдын 60-аас дээш хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэгэхээр цаг хугацааны л асуудал болохоос энэ хүмүүс гэр хороололд байнга амьдрахгүй. Эдийн засаг жаахан сэргээд, хүмүүсийн цалин хөлс нэмэгдэхээр хүмүүс бүгд орон сууц руу хошуурна. Тэгэхээр ойрын хэдэн арван жилдээ эрэлт буурах боломжгүй гэж харж байна. Энэ их эрэлтийг харахаарМонголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл Сингапурынх руу дөхөж очих маш их потенциал байгаа нь ажиглагддаг. Монголыг Сингапуртай харьцуулбал, одоогоос дөнгөж 40 жилийн өмнө Сингапурын худалдааны гол гудамж болох Орчард рөүд Нарантуул орчим шиг байсан. Тэгэхээр зөв удирдагч гарч ирээд зөв бодлого явуулахаар улс маш хурдан хөгждөг.

Одоо хэрэгжүүлж буйтөслийн хүрээнд Улаанбаатарт Намьянжүгийн гудамжинд 315 айлын 16 давхар дээд зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлж байна.Өнгөрсөн жилийн гуравдугаар сард цутгалтаа хийж эхлээд энэ оны долдугаар сард дууссан. Одоо барилгын гадна талын заслын ажлыг хийж байна.16 давхар орон сууцыг яагаад бараг хоёр жил барьж байна вэ гэж хүмүүс асуудаг.Олон улсын стандартын дагуу нэг давхрыг цутгаад 70-аас дээш хувьтай хаттал нь хүлээж бэхжүүлж байгаад дараагийн давхрыг цутгадаг. Shangri-La, Buddha Vista-г барьсан компани манай төслийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа.Манай сингапур инженерүүд тэднийг хянаж, чиглүүлж байдаг. Яагаад гэвэл цемент хатах ёстой.Тэгэж бэхжүүлж байж цуурахгүй, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга босно. Олон улсын стандартын дагуу, сингапур стандартаар манай барилга баригдаж байгаа. Гаднын хөрөнгө оруулалттай компанийн давуу тал нь энэ. Сингапурт хууль ёс жигдэрчихсэн, стандарт нь тодорхой байдаг. Тухайлбал, Сингапурын орон сууцны нэгдүгээр давхарт айл байдаггүй. Манайх ч бас нэгдүгээр давхартаа зургаан метр өндөр лобби байгуулж, фитнесс, спортын танхим байгуулна.Ер нь Сингапурын ямар сайн жишиг байна түүнийг Монголд оруулж ирж байна.Үл хөдлөх хөрөнгийг хүмүүс одоогийн үнэ цэнээр нь боддог. Харин түүний оронд өвлүүлэх хөрөнгө гэдэг утгаар харах нь зүйтэй.

-Үйл ажиллагаа явуулж буй чинээлэг улсуудтай харьцуулахад Монголын барилгын салбарт ямар давуу болон сул тал ажиглагдаж байна вэ?

-Малайз, Лондоны үл хөдлөх хөрөнгийн зах зээл маш сайн хөгжчихсөн. Тэдэнтэй харьцуулбал Монголд барилгын салбарт үйл ажиллагаа явуулахад зарим талаараа хямд. Тухайлбал, газрын үнийн өртгийг харьцуулъя. Улаанбаатарт манай төслийн нийт өртгийн 10 хувь нь газар худалдаж авахад зарцуулагдсан бол жишээлбэл, Сингапурт газар худалдаж авах үнэ нь нийт төслийн өртгийн 60 хувьтай нь тэнцдэг. Манай орон сууцны нэг ам метр талбайн үнэлгээ нь 1500 ам.доллараас эхэлж байгаа. Тэгвэл Сингапурт 35 жилийн өмнө ийм үнэтэй байсан. Улаанбаатарын үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нь цаашид өснө гэдэгт би маш их итгэлтэй байна. Монгол Улс одоо хямралын үедээ байгаа гэх боловч энэ хямралын үргэлжлэх хугацаа маш богино гэдэгт итгэж байна. Хамгийн гол ньЗасгийн газар зөв бодлого хэрэгжүүлж чадвал эдийн засаг хялбар сэргэх боломжтой.

-Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг та хэрхэн дүгнэх вэ?

-Монголын татварын систем нь тодорхой шатлалтай, орлогоос нь хамаараад 10, 25 хувь байдаг шүү дээ. Энэ нь шууд хөрөнгө оруулагчдад төдийлэн таатай санагддаггүй. Тэгэхээр орлогоос нь хамааралгүйгээр 10 хувь болчихвол над шиг шууд хөрөнгө оруулагчдад таатай бизнесийн орчин бүрдэх болов уу.

Тэрчлэн НӨАТ-ын асуудал бий. Сингапурын Засгийн газар иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй болохыг дэмждэг учраас амьдран суух зориулалттай орон сууцанд НӨАТ ногдуулдаггүй. Барилга барьж байгаа компаниудаас НӨАТ авдаггүй. Харин Монголд энэ салбарыг хэчнээн бодлогоор дэмждэг ч НӨАТ авдаг тул иргэдийн хувьд өртгийг нь өндөр болгох талтай.

-Энэ төслийн хүрээнд Монголд хэдий хэмжээний хөрөнгө оруулах вэ?

-Зөвхөн энэ төсөлд 30 сая ам.долларын хөрөнгө оруулна.

-Үл хөдлөх хөрөнгийн үнэ цаашид өснө гэж харж байгаа юм байна. Тэгвэл үл хөдлөхөөс бусад салбарт хөрөнгө оруулах сонирхол бий юү?

-Үл хөдлөх хөрөнгө бол миний хувьд хамгийн итгэлтэй байгаа салбар. Түүнээс гадна уул уурхайн жуниор компанийн хайгуулын төслүүдэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан. Ирээдүйн хувьд Монголд илүү их боломж бий. Би боломжуудыг судалж үзсэн. Тухайлбал, ноолуурын салбар. Тэрчлэн сүү, цагаан идээний бизнес. Би одоог хүртэл хуурай сүүний бизнест хүмүүс яагаад хөрөнгө оруулахгүй байгааг гайхаж байна. Монгол Улс маш их малтай, дэргэд нь хуурай сүүний хамгийн том зах зээл Хятад улс байна шүү дээ.

эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …