“Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол найм дахь удаагаа 9-р сарын 9-ний өдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. 2016 оны “Балдорж” шагналын эзнээр “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорсон юм.
“Балдорж” шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай. Сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэнгийн шагналыг уламжлал ёсоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан үг хэллээ.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.
Би Төрийн ордноос сая жаахан бухимдалтай ирсэн. Энэ бухимдал та нарыг хараад, энэ сайхан шагналын ёслолыг хараад нисээд явчих шиг боллоо. Яагаад бухимдалтай байсан бэ гэхээр УИХ өнөөдөр миний тавьсан хоригийг хүлээж авсангүй. Би их цөөхөн хориг тавьсан. Сая нэг чухал асуудал даар хориг тавилаа гэж бодсон. Бухимдсан шалтгаан нь олон мянган хүний, олон жилийн, ер нь бол 96 жилийн мөрөөдөл байсан.
Социализмын үед бид 70 жил явсан. Сайн, саар зүйлүүд байсан. Хэлмэгдэл, хүнд зүйлүүд байсан. Түүнээс гарахын тулд бид хуулийн салбараа өөрчлөе л гэсэн юм. 70 жил үүнд бэлдсэн. Тэгээд хувьсгал хийсэн. Ардчиллын 26 жилийн хугацаанд, одоо ч гэсэн хүмүүсийг барьж шийтгэж байна. Үндэслэлгүй хорьж байна гээд янз бүрийн зүйл байдаг. Үүнийг засахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, өнөөдрийн буцаасан 5 хуулийг ярьж хийсэн.
Дарга нар бэлтгэл хангаагүй гэсэн. Би өөдөөс нь “Монголын ард түмэн 96 жил цус, хөлс, хүч, хөдөлмөрөөрөө энэ бэлтгэлийг хангасан юм шүү. Ясандаа тултал ойлгосон байгаа шүү. Энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй” гэсэн ч хуулийг хүлээж авсангүй.
Мөнгө, санхүү байхгүй гээд олон зүйл ярьж байгаа. Харж байхад мөнгөгүй хийх хамгийн чухал өөрчлөлт энэ юм.
Эрх барьж байгаа нөхдөд би хэлээд байгаа. Үүнийгээ ил илэрхийлэхгүй яваад байгаа юм. “Та нар УИХ-д орлоо. Засгаа байгуул. Хүмүүсээ томил. Ажлаа хий. Энэ боломжийг олгоё. Нэгэнт ард түмэн энэ боломжийг олгосон” гэж хэлдэг. Өнөөдөр энд сэтгүүлч хүний хувьд, та бүхэнтэй уулзсаных, бас үүнийгээ хэлье гэж бодож байгаа юм.
Би хэлсэн. “Мөнгө шаардахгүй өөрчлөлт шүү дээ. Та нар юунд нь энэ хуулийн өөрчлөлтийг зогсоож байгаа юм бэ. Мөнгө шаардлагагүй, өр тавих шаардлагагүй өөрчлөлт. Харин өөрчлөлтийг сайн хийх юм бол та нарт мөнгө ирнэ” гэж хэлсэн.
Нэг их сонин юм байдаг. Би 2004 оны наймдугаар сард Ерөнхий сайд болж байсан. Би Ерөнхий сайдаар ажиллаад 16 сар болоход Монгол Улсын төсөв 2005 онд ашигтай гарсан. Энэ бол 1990 оноос хойших түүхэнд анх удаа болсон. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад төсөв 120 тэрбум төгрөгийн ашигтай гарч байлаа. Тийм гайхамшиг байсан юм.
Одоо их наядаар тасарч байгаа үед энэ үнэхээр гайхамшиг мэт та нарт санагдана. Тийм үе байсан. Тэгээд би өөрөөсөө асууж байсан. Яагаад энэ төсөв ашигтай гарав гэж. Ерөөсөө гарч ирээд л авлигатай тэмцсэн. Гарч ирээд л гаалийн авлига, гарч ирээд л хүнд суртал, гарч ирээд л төрийн муу муухай юмтай тэмцсэн. Тэгэхэд л мөнгө ороод ирж байсан.
Ард түмэндээ хүрч ядаж байгаа зүйлээс хасах биш, тансаглалаас хасах ёстой юм. Өнөөдөр хүртэл би Ерөнхий сайдад хэлсэн. “Засгийн газар, Ерөнхийлөгчийн өрөөнөөс авахуулаад бүх албан тушаалтны өрөөнд квадрат метрийн хэмжээ зарлаач” гэсэн. Хятад зарлачихсан. 16 квадрат метрт л Хятадын Засгийн газрын гишүүн сууж байгаа. Монголыг ийм болго л доо. Юун тэр бүтэн давхар, гурван өрөө вэ. Та нар тэр цуврал нийтлэлүүдээ энэ сэдвээр бичээч. Тэгвэл хэчнээн юм хасагдах вэ. Маш их боломжтой.
Цуврал нийтлэл гэснээс харж байхад манай сэтгүүлчид үнэхээр мэргэшиж байгаа юм байна. Цуврал нийтлэл бичээд нэг сэдвээр дагнаад ирэхээр л чи сэтгүүлч болж байгаа юм. Өнөөдөр харж байхад цуврал нийтлэл, цуврал нэвтрүүлэг, радио, телевизийн, сонин, сэтгүүлийн гээд байна. Тэгээд хоёроороо баг болж бичдэг. Манай сэтгүүл зүй үнэхээр хөл дээрээ зогсож чадаж байгаагийн нэг гайхамшиг.
Монгол ньюс медиа групп 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энд би их айхтар мундаг тус хүргээгүй. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялсан. Би УИХ дахь олонхийн бүлгийн дарга болоод, П.Очирбат гуай шаардаж байж УИХ-ын дэд дарга болгосон. “Дэд дарга гэдэг том албан тушаал. Чи ав” гэж загнаж байгаад өгч байсан. Би олонхийн бүлгийн дарга болоод, орж ирээд эхний шийдсэн асуудлын нэг бол төрийн төв хэвлэл гэдэг статусыг алга болгож байсан.
Тэр үед Р.Гончигдорж дарга чөлөө аваад явчихсан. Яг тэр үед би УИХ-ыг даргалж таарч байсан. Тэгээд харж байхад төр оролцохгүй юм гэж байдаг. Төр оролцохгүй бол юм сайхан хөгждөг. Манай хэвлэл мэдээллийн салбарт түүнээс хойш ямар олон сонин, хэвлэл, мэдээлэл, сэтгүүл гарав. Ямар олон бие даасан групп энэ чиглэлээр ажиллав. Монголчууд ямар гайхамшигтай авьяастай, чадвартай, бүтээх чадалтай улс юм бэ.
Төр гэж ганц сонинд эрх мэдэл өгөөд, түүнийгээ тэтгээд байх нь утгагүй байсан гэдгийг тэр үед зогсоож байсан. Тэр үед буруу мэт байсан байх. 2004 онд Ерөнхий сайд болоод би Н.Энхбаяртай ярьж байгаад Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын даргыг томилохоос татгалзана. Ерөөсөө Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрыг Олон нийтийн радио, телевиз болгоно. Хууль оруулна гээд Засгийн газар дээр яриад би хууль оруулж байсан. Түүнээс хойш ямар олон сэтгүүл, телевиз, радио бий болов. Хэдгийгээр энэ нь татан буулгаж байгаа, унагаж байгаа мэт харагдаж байгаа боловч боломжийг бас олгож байсан юм байна гэж харж сууна.
Өнөөдөр сэтгүүлч мэргжилтэй Ерөнхийлөгч ажиллаж байгаагийн хувьд Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг шийтгэдгийг болиулъя гэж зүтгэсэн. Тэд хориг тавьсан. Тэгээд тэд нар Эрүүгийн хуулиар шийтгэх юм байна л даа.
Эрх баригчид хүн, хэвлэл хоёртой л байлдаж эхлэх юм бол сайн явдаггүй юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүний эрх чөлөө, ардчилал гэж юуг хэлээд байгаа юм. Хэвлэлийн эрхийг хэлж байгаа. Хүний эрхийг хэлж байгаа шүү дээ. Хүний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө хоёрыг хэлж байгаа юм. Энэ үгийг энд хэлчихье гэж бодлоо.
Хүн, хэвлэл хоёртой дайтах хэрэггүй. Хүн, хэвлэл хоёрыг дандаа дэмжиж, тэтгэж явах хэрэгтэй гэж би боддог гэдгийг энд хэлье.
Дараагийн нэг хэлэх гэсэн юм бол УИХ-ыг харж байхад Монголын парламентын түүхэнд хамгийн сайн ажилласан парламент бол Улсын Бага Хурал байсан юм. УИХ-ын цөөнх ч адилхан, олонхи ч адилхан сонгуулийн шокоосоо, сонгуулийн хорслоосоо, хорноосоо гармаар байна. Одоо бүгдээрээ л эрх баригч шүү дээ. Ерөнхийлөгч эрх баригч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бүгдээрээ эрх баригчид. Ард түмний төлөө үйлчлэх ёстой.
Бүгдээрээ нэг Монгол шүү дээ. Нэг Монгол болъё. Хүндрэлтэй байгаа бол нэгдээд ажиллая. Нэгийнхээ үгийг авдаг. Нэгэнтэйгээ яриад зөвшилцсөн зүйлээ хийдэг байя. Бидний хэн нь ч гэсэн Монголын төлөө. Монголын эсрэг юм хийхийг хэн нь ч бодохгүй. Ийм учраас олонхи дотор ч ярьж байгаа, хүмүүс, УИХ-ын гишүүд яриад эхэлчихсэн байна лээ. Би тэр санааг маш их дэмжиж байгаа. Нэг Монгол шиг нэгдэж ажиллая.
Ямар учраас Улсын Бага Хурал их юм хийж чадсан бэ гэхээр тэр үед хүндрэлтэй, маш их хэцүү шилжилт хийж байсан. Тэгэхэд бид нэгдэж ажилласан. Ерөнхийлөгчтэйгээ, Ерөнхий сайдтайгаа, Бага Хурал, Засгийн газартайгаа нийлээд гарч байсан шүү. Тэнд үнэмлэхүй олонхи байсан. Хамтраад ажиллаж байсан. Одоо бид хамтарч ажилаж байж, нэгдэж зүтгэж байж эндээс гарах хэрэгтэй. Одоо намын төлөөлөл гэдгээ мартах хэрэгтэй. Түүнийгээ арай бага хувиар бодох хэрэгтэй. Ард түмний төлөөлөл шүү.
Ямартаа би гишүүдийн заримд хэлж байх вэ. “Чи ард түмний төлөөлөл. Энэ хоригийг авах хэрэгтэй. Ард түмний төлөөлөл болох чиглэл рүүгээ явмаар байна. Та бүхэн ард түмэнд амлалт өгсөн болохоос биш, Засгийн газарт, Ерөнхий сайд, намын даргад амлалт өгөөгүй шүү” гэсэн.
Ер нь тэгээд намын дарга нь парламент, УИХ-ын дарга байх нь хаашаа ч юм. Сая энд “Тааруу парламент, таарсан дарга” гэсэн сэтгүүлчийн бичсэн материал харагдана лээ. Ер нь энэ жаахан тааруу юм байна. Өмнөх УИХ-ын дарга нь тэр олон мянган хүний олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн хуулийг ёсчлоод, Их Хурлаа ёс төртэй хаагаад явахад яадаг байна аа.
Өнөөгийн УИХ гарч ирээд манай гишүүдийн 40 нь шинээр орж ирсэн. Шинэ парламент. Тийм учраас үүнийг бид буцааж байгаа юм гэсэн. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад хэлж байсан. “Бодлогын залгамж, төрийн залгамж гэдэг бол хүнээр явдаггүй, бодлогоор явдаг юм. Та нар буруу үйлдэл хийж байна. Маш буруу. 40 хүн шинээр орж ирсэн гээд өмнөх УИХ-ын бүх зүйлийг буцаах юм уу. Өнөөдөр мөнгө, эдийн засаг хэцүү байна. Үүн дээрээ нийлээд ажиллая. Та нар дахиад нэг муу нэр авч яах юм бэ. Хуулийн шинэчлэлийг буцаасан гэсэн нэр авч яах юм бэ” гэж хэлж байсан.
Зарим нэг хүний шүд зуусан, олон жил энэ шинэчлэлийн эсрэг эсэргүүцсэн эсэргүүцэл, хорсолд заавал автах хэрэггүй. Бүр мэнгээ донгио болтол шүд зуусан ганц нэг хүн бий. Мэнгэ нь дөнгө болсон. Хуулийн шинэчлэлийг эсэргүүцдэг. Түүгээр заавал явж яах гэсэн юм. Энэ ард түмний эрх ашгийн төлөө, тэр муу хар хуулиас, тэр ард иргэдийн иргэний эрхийг зөрчдөг хуулиас салах хэрэгтэй. Яг хүмүүсийн төлөө, жирийн иргэдийн төлөө хийж байгаа шинэчлэл шүү дээ.
Өнөөдөр бид шоронд орох байсан хүмүүсийн 40 хувийг эвлэрүүлэн зуучлах ганцхан хуулийн ачаар хооронд нь тохируулаад явуулж байгаа шүү дээ. Ямар том дэвшил гарч байгаа гэж та бүхэн бодож байна. Энэ үг, энэ яриаг би Ерөнхийлөгч байсан ч ярина, Ерөнхийлөгч биш байсан ч ярина. Үүнийг энд хэлэх нь зөв байх. Энэ дээр тууштай явах болно гэдгийг хэлэх нь зөв гэж бодож байна.
Ингээд сайхан зүйл рүүгээ оръё. “Өнөөдөр” сонин, Монгол ньюс медиа группын 20 жил болж байна. Өнөөдөр Олон улсын сэтгүүлчдийн эв нэгдлийн өдөр. Сая УИХ-ын гишүүн хэлж байна лээ, 9-ний өдөр, шинийн найман таараад гэсэн. Манайханд тооны бэлгэдэл боддог улсууд байдаг. Тийм сайхан өдөр энэ жил таарчээ.
Есдүгээр сар дөхөөд ирэхээр Балдорж шагналын цагаан индрээс үг хэлнэ гэдэг надад нэр хүндийн хэрэг байдаг. Тэгээд НҮБ-ын ногоон номин индрээс би Монгол Улсаа төлөөлж үг хэлдэг. Энэ хоёрыг би нэр төрийн хэрэг гэж боддог. Та бүхнийхээ өмнө ирж, жилдээ нэг мэргэжил нэгтэй улсуудтайгаа уулзана гэдэг бол нэр төрийн хэрэг юм.
Сэтгүүлч Ерөнхийлөгчийн хувьд энэ шагнал гардуулах ёслол маань отгон ёслол болж байна. Юм хугацаатай байх чинь их сайхан юм. Сараар тоологдоод эхэлсэн. Үлдэж байгаа саруудад УИХ, Засгийн газартайгаа нийлээд, хамтраад зүтгэнэ ээ.
Энэ УИХ, Засгийн газарт ажил хийх чадвартай, боломжтой маш олон хүн байгаа гэж би итгэж байгаа. Үнэхээр тэдэнтэйгээ нэг болоод цөөхөн сард маш олон ажлыг амжуулахын төлөө хамтарч зүтгэх болно гэдгийг бас энд хэлье.
Би сая П.Очирбат гуайд хэлж байсан. “Та бол анхны Ерөнхийлөгч шүү. Жил бүрийн Балдорж шагнал дээр та бүх Ерөнхийлөгч нарыг төлөөлж ирж байгаарай” гэсэн. Бид бас ажилтай болчихож магадгүй шүү дээ. Өнөөдрийн Н.Багабанди гуай шиг. Анхны Ерөнхийлөгч бол байнгын Ерөнхийлөгч л гэсэн үг шүү дээ. Тэгж өөрийгөө бодож явах хэрэгтэй гэж хэлж байгаа.
Та бүхний боддог, бичдэгээс арай илүү явахыг би хичээнэ ээ. Ерөнхийлөгч биш байсан ч гэсэн. Яагаад гэвэл та бүхэн намайг хурцалж өгдөг. Орноос татаж босгодог. Суудлаас татаж босгодог. Нийгмээрээ тийм болчихсон юм. Тийм учраас та бүхний боддогоос илүү хүчтэй явахыг би хичээнэ. Та бүхний боддогоос илүү эрчтэй, илүү ард түмэндээ, хүмүүст ээлтэй, зөв явахыг хичээж ажиллах болно. Үүнийг та бүхэнд хэлье. Их баярлалаа.
Өнөөдрийн шагнал гайхалтай сайхан байлаа. Энэ дэг сургуулийг байгуулна, бий болгоно гэдэг удирдагчийн юм уу, манлайлагчийн, үнэээр сод хүний хийдэг ажил. Ц.Балдорж бол энэ дэг сургуулийг бий болгосон. 20 жил энэ дэг сургуулийг гайхамшигтай авч явлаа. П.Очирбат гуай түрүүн хэлсэн. Сэтгүүл зүйн бүхэл бүтэн үеийг үргэлж бэлдэж байдаг их сургууль болтлоо өсчээ. Одоо энэ их сургууль улам цаашаа баяжих ёстой. Ирэх жилүүдэд улам сайхан болоосой гэж бодож байна.
Тэгээд хэдүүлээ 30 жил, 40 жил, 50 жилийн ойгоор нь уулзана, ярилцана. Ийм боломж байгаа. Ийм сайхан өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Их баярлалаа” гэлээ.