Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр ээлжит мэдээлэлээ хийлээ. Энэ оны эхний найман сарын байдлаар улсын эдийн засаг болоод ажилгүй иргэдийн тоо, ажиллагсадын тоо болон чанаргүй зээлийн хувь хэмжээ хэр байгаа талаар тайлагналаа.
Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны наймдугаар сард өмнөх оны эцсийнхээс 1.2 хувиар өсч, өмнөх сарынхаас 1.0 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Мөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст 11.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 56.2 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1290.2 тэрбум төгрөг буюу 12.9 хувиар өсчээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны наймдугаар сарын эцэст 817.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.9 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 42.8 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар өсчээ.
Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 12426.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 333.3 тэрбум төгрөг буюу 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 585.6 тэрбум төгрөг буюу 4.9 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны наймдугаар сарын эцэст 1058.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 28.6 тэрбум төгрөг буюу 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 192.8 тэрбум төгрөг буюу 22.3 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэдлийн 8.5 хувийг эзэлж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр нэмэгджээ.
Эх сурвалж: Zaluu.com