Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний анги байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзах үеэр нийт бие бүрэлдэхүүнд хандан өгсөн үүргийг хүргэж байна.

  1. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар албаны хэмжээнд хийж байгаа ажлаа эрчимжүүлж, улсын нөөцийн өвс, тэжээлийг заагдсан байршилд батлагдсан хэмжээнд нь бүрдүүлэх
  2. Аймгийн Засаг дарга нар болон холбогдох удирдлагуудтай хамтран ажиллаж орон нутгийн нөөцийн бүрдүүлэлтэд анхаарч ажиллах
  3. Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Гал түймэр унтраах, аврах анги, салбаруудын гал унтраах болон аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, багаж хэрэгслийн хүйтэн нөхцөлд ажиллах найдвартай ажиллагааг ханган, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах
  4. Намрын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг эрчимжүүлж, гал түймэр унтраах болон шуурхай ажиллагааны автомашин, тоног төхөөрөмжийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх
  5. Малын гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг өвчин оношлогдсон болон шинж тэмдэг илэрсэн бүс нутгийн хүн, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлийг түр хугацаанд хориглох, хорио цээрийн арга хэмжээг эрчимжүүлэх, өвчинд мэдрэмтгий малыг вакцинд бүрэн хамруулах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах
  6. Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт, шалгалтын ажлыг явуулахдаа цаг хугацаа хэмнэсэн орчин үеийн технологийн дэвшилтэт арга хэрэгслийг ашиглаж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр гүйцэтгэх
  7. Аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналыг хуулийн хугацаанд, чирэгдэлгүйгээр шийдвэрлэж байх
  8. Аймаг, нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, төрийн захиргааны байгууллагын удирдах бүрэлдэхүүний бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан зохих сургалт, сурталчилгааг төлөвлөж зохион байгуулах
  9. “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээг Онцгой байдлын албаны албан хаагч бүр өөрийн үндсэн үүрэг хэмээн ойлгон идэвхи санаачлагатай ажиллаж, гамшгаас урьдчилан сэргийлэх ажпын чанар, хүртээмжийг дээшлүүлэх
  10. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, их, дээд сургууль, коллежийн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг,  дадал, хандлагыг системтэй олгох, мэргэжлийн бусад байгууллагатай хамтран сургалт явуулах орчин нөхцлийг бүрдүүлэх талаар тодорхой санал, санаачлагыг дэвшүүлэн ажиллах
  11. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, зохицуулалтын механизмыг сайжруулах талаар хамтарч ажиллах.
  12. Бие бүрэлдэхуүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх

Шинэлэг арга барил, шинжлэх ухаанч хандлага, дэлхий дахины шилдэг туршлага, дэвшилтэт техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар санаачлагатай ажиллахыг үүрэг болгож байна.