Э.Бат-Үүл хэнд эрхлээд байна вэ

eb68466cdbcc66e18692096f182bc7a5_1200

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг амь үрэгдээд 18 жил өнгөрлөө. Энэ хугацаанд энэ хэрэгт нэр холбогдож явсан ч өдийг хүртэл дорвитой шалгагдаагүй хүн бол Э.Бат-Үүл билээ. Хуулиараа бол хэргийг үйлдсэн, үйлдээгүй нь хамаагүй сэжиглэгдсэн, нэр холбогдсон л бол шалгуулах, мэдүүлэг өгөх үүрэгтэй.

Гэтэл Э.Бат-Үүл “Би мэдүүлэг өгөхгүй” хэмээн зөрүүдэлж, Монгол Улсын хууль тогтоомжийн өмнө хэн бүхэн эрх тэгш эрхтэй байдаггүй гэдгийг харуулахаар зүтгэв. Тэрбээр С.Зоригийн хэргээс 18 жилийн дараа анх удаа ямар нэгэн хамгаалалтгүйгээр шалгагдав уу, шалгагдсаныхаа дараа “Намайг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татлаа. Тэд шалгалаа. Би эсэргүүцэж байна. Мэдүүлэг өгөхгүй” гэх зэргээр мэдэгдэж эхлэв. Яг л хошуугаа унжуулаад хэн нэгэнд эрхэлж буй хүүхэд мэт. Э.Бат-Үүлийн хувьд өөрийгөө С.Зоригийн хэрэгт ямар ч холбоогүй гэдэг. Гэхдээ олон нийтийн дунд түүнийг С.Зоригийн хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой хэмээн мартаж гарсан малгайтай нь холбон үздэг. С.Зоригийн гэрээс олдсон Э.Бат-Үүлийн малгай одоо ч бүрхэг асуудал хэвээр.

Албаныхан ч тодорхой хариулт өгсөнгүй. Нөгөө талаас Э.Бат-Үүл өнгөрсөн 18 жилийн хугацаанд энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ хуулийн байгууллагаар эцэслэн тогтоолгосон шийдвэр гаргуулж, нэрээ цэвэрлэж аваагүй. Улстөрч хүнд иймэрхүү хэрэг нэр төр болон карьерт нь туйлын хорлонтой нь мэдээж. Мэдсээр байж өнгөрсөн 18 жилийн хугацаанд энэ хэргээс өөрийгөө цэвэрлэж аваагүй, тэгсэн атлаа 18 жил хэлмэгдсэн гэх Э.Бат-Үүлийг одоо л нэг юм дорвитой шалгаж, хэрэгт холбоотой юу, холбоогүй юу гэдгийг нь эцсийн байдлаар тогтоохоор ажиллаж эхлэв бололтой. Эндээс түүнийг  хэлмэгдэж явсан уу, үгүй юу гэдэг нь тогтоогдоно. Нөгөө талаас Э.Бат-Үүл С.Зоригийн хэргээр олон ч удаа шантаажлагдаж, даруулж явсан гэдэг.

Энийг батлах мэт Э.Бат-Үүл 14 жилийн дараа буюу 2012 онд Хотын дарга болох хүртлээ улстөрд карьер, өсөж дэвжих гэх зүйлгүй явж ирсэн бөгөөд АН-ын бусад толгой нартайгаа харьцуулахад арай л хожуу албан тушаалд хүрч байсан санагдана. Э.Бат-Үүлийн хувьд хуулийн байгууллагаар эртхэн шалгуулж, энэ их “хэлмэгдүүлэлт, гүжирдэлт” болон С.Зоригийн хэрэгт холбоотой хэмээн байнга шахуу хардагддаг байдлаа таслан зогсоолгож болох байсан. Гэмгүй хүнд бол асуудал биш байлтай. Гэсэн ч тэгээгүй. Түүнчлэн хуулийн дагуу ажлаа хийж буй хүмүүс болон С.Зоригийн хэргийг зориудаар улстөржүүлж байна.

Магадгүй ингэж байгаад шалгагдахгүй байх, мэдүүлэг өгөхгүй байх, хэргээс мултрах  санаа агуулж байж болох юм. Хэрэгт холбогдогүй бол ингэж 18 жилийн турш адлуулж, хардагдаж байхаар нэг удаадаа сайн шалгуулаад, мэдүүлэг өгөөд гарах нь хамаагүй дээр гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэсэн ч “Намайг шалгалаа, надаас үс, хурууны хээ, цусны шинжилгээ авлаа. Би мэдүүлэг өгөхгүй. Би С.Зоригийн хэргийг илрээсэй гэж өдөр бүр залбирдаг. С.Зоригийн хэргийг манайхан мөрдөж чадахгүй юм байна.

Гадаадаас мэргэжилтнүүд авчирч шалгуул гэж Ц.Элбэгдоржид хэлсэн” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл С.Зоригийн хэргийг илрээсэй гэж хүсдэг хүн С.Зоригийн хэргийг илрүүлэхэд тус нэмэр болж мэдүүлэг ч өгөхгүй байгаа нь энэ хэрэг илэрч, гэмт этгээдүүд нь ял шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсдэг эсэх нь эргэлзээтэй. Хамгийн гол нь, өнгөрөгч оны 11 дүгээр сараас хойш саатуулан шалгаж буй С.Зориг агсны эхнэр Б.Булганы мэдүүлгээс Э.Бат-Үүлтэй холбоотой ямар нэгэн шинэ зүйл гарч ирсэн байх. Тэрхүү зүйл нь Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбоотой байж магадгүй юм байна гэх шинэ сэжиг таамгийг дэвшүүлж байгаа бололтой.

Тиймээс л хууль хяналтынхан Э.Бат-Үүлийг шалгаж, сэжиг таамаг үнэн эсэхийг нягталж байна. Ер нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт ямар нэгэн байдлаар сэжиглэгдсэн хүнийг яллагдагчаар татдаг бөгөөд хэрэгт холбогдолгүй бол сул тавиад явуулдгийг хэн бүхэн мэднэ. Бас мэдүүлгээ үнэн зөвөөр, бүгдийг яриад холбогдолгүй гээд явсан хүнийг барагтаа бол дахиж дуудаж, нэг хэрэгт хоёр удаа сэжигтнээр тооцдоггүй. Гэтэл иймхэн асуудалд хуулийн дагуу шалгуулаад өнгөрөхөд Э.Бат-Үүл юунд нь ингэтлээ их тэвдэж, хэн нэгэнд намайг шалгаад байна ш дээ хэмээн гомдоллож, шалгуулахгүй байх арга саам эрэлхийлэх мэт аашлав.

 

Төгс

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …