-Хэдийгээр Ардчилсан намынхан төрийн эрхийг барьж байх үедээ Сонгуулийн тухай хуулийг хүссэнээрээ өөрчилж УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон ард түмэн тэдэнд есхөн суудлыг өгсөн. Тэгвэл УИХ-ын сонгууль болохоос сарын өмнө З.Энхболд, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Арвин нар дээрх хуулийн тухай хэрхэн ярьж байсан талаарх нууц бичлэг задарч, цахим ертөнцөд шуугиан тариад байна-
УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Д.Арвин нарын нууц бичлэг ил боллоо. Нууц бичлэгт тэд одоогоос таван сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа ямар байр суурийг илэрхийлж, “хор” найруулж байсан талаарх нууц яриа үлджээ.
Хэдийгээр Ардчилсан намынхан төрийн эрхийг барьж байх хугацаандаа Сонгуулийн тухай хуулийг хүссэнээрээ өөрчилж, энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд хүч үзсэн ч олон нийт тэдэнд есхөн суудлыг өгсөн билээ.
Үнэндээ Ардчилсан намыг их ялагдал хүлээхэд олон зүйл нөлөөлсөн. Хамгийн наад зах нь, намын удирдлагууд залуусынхаа дуу хоолойг сонсоогүй, зөвхөн өөрсдөдөө ашигтай байх хувилбарыг сонгосон төдийгүй нам доторх хагарал нь чинээндээ тулж, тогооноосоо хальсан нь хамгийн их нөлөөлсөн гэдэг. Ингээд олныг нуршилгүйгээр тэрхүү нууц бичлэгт хэн юу гэж ярьсныг ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.
З.Энхболд: Сүүлийн хагас жилийн байдлаар 10 аймагт 1-5 хувь буюу нэлээн доогуур хувьтай явж байна. Харин 10 аймагт нь болон хотын зургаан дүүрэгт дээгүүр рейтингтэй байгаа.
26 тойргоо хувааж үзвэл 16 тойрогт бид давуу талтай байна. 10 аймагт намын нэрээр санал авбал доогуур үзүүлэлттэй байх юм. Намын нэрээр санал авч болохгүй байгаа учраас Үндсэн хуулийн шийдвэрээр намын жагсаалт алга боллоо.
Одоо хувь хүн хоорондоо өрсөлдөнө. Таван хүнтэй баг таван хүнтэй багийнхаа эсрэг үзэх үү, эсвэл нэг, нэгээрээ халз үзэх үү гэдэг сонголт байгаад байна.
Д.Арвин: За тэгэхээр, ямар сонгуулийн тогтолцоотой үед олонх болсон гэдгээ гишүүд бодох хэрэгтэй. 1996 оноос хойш үргэлж Ардын нам ялж ирсэн. Сая томсгосон тойрог болгож байж олонх болсон гэдгээ мэдэж байгаа байх.
76 жижиг тойрог болгох нь Ардчилсан нам бус Ардын намын бодлого байсан. Хорин хэдхэн хоногийн дотор Ардын намын бодлого нэвт орчихлоо. Би үүнийг мэдэрч байна. Надад бол аль нь ч байсан ялгаагүй. Би намаа ялаасай гэж бодож байгаа юм.
Н. Алтанхуяг: Хатуухан үг хэлэхгүй бол болохгүй. Авгайгаасаа салчихлаа. Ноосоо тушаачихлаа. Одоо намынхаа батлахыг өгчихвөл л болох гээд байна. Би Д.Арвин гишүүнтэй 100 хувь санал нэг байна. Хүний тоглоомд орж төр засгийг бужигнуулж, алж хаямааргүй байна.
Наад жижиг 76 хувилбар бол Ардын намын үнэхээрийн чин хүслэн. Тэд дөрвөн жил жагсаалтыг муухай гэж ярьж, муулж ирсэн. Манайхан сая айгаад, гүлдийгээд Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихлаа даа. Цэцийн дүгнэлтийг авч буй чинь Ардын нам нэг хүнтэй нийлээд хийж байгаа тоглоомын эхний дүрмээ хийж ноосоо тушааж байгаа нь тэр.
Одоо 76 жижигрүүлсэн тойргийг хүлээж авбал эхнэрээсээ салж байгаа нь энэ. Түүний дараа МАНАН-raa байгуулна. Ингээд зохиомол, захиалгын УИХ бүрдэж байгаа юм. Улсаа, намаа, дөрвөн жилд хийсэн ажил төрлөө бодвол ядаж томсгосон тойрогт өрсөлдмөөр байна шүү дээ. Би ингэж л харж байна.
Д.Арвин: Д.Батцогтоо бид Ардын намын бодлогоор шууд явж байна. Ардын нам үүнийг л хийх гэж дөрвөн жил явж ирсэн. Жижиг тойргуудад бүгд ажилласан. Эд нар бодлогоо биелүүлж чадаж байна шүү дээ.
Би үүнд л харамсаж байна. Сонгуулийн тойргийн хүчээр хэдхэн суудал илүү авч чадсан биз дээ. Жижиг тойргоос гарахгүй ээ. Яаж ажиллаж байгааг та нар мэдэж байгаа юм уу. Жижиг тойрог руу аль эрт орчихсон л ажиллаж байна. Бид нар олон жилийн туршлагатай. Харж байгаад л хэлж байна шүү дээ.
Н.Алтанхуяг: Энэ бол асар том ухралт. Ядаж томсгосон тойрогтойгоо үлдмээр байна. Томсгосон тойрог дээр бол ядаж бодлогын шинжтэй хийсэн ажлууд мэдрэгдэнэ. Тиймээс битгий Ардын намын бодлогоор явах гээд бай. З.Энхболд дарга бол намдаа маш их нэр хүндтэй лидер болсон.
Одоо 76 жижиг тойрог болговол тохироод юмыг нь өгөөд явуулбал яадаг юм.
Яг үнэнийг хэлэхэд, сая намын жагсаалт байсан бол Ардын намыг зурах хүн байгаагүй байсан. Хөдөлмөрийн үндэсний намыг байхгүй болгож байна. Ардын намын жүжиг л улс орныг тань авч яваад байна.
Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр зэрэгцээд сууж байна. Хөвсгөл аймгийг хоёр, гурав хуваасан дор бол бүхэлд нь байлгаад замынхаа тухай яривал арай нэмэртэй л гэж бодож байна. Жижиглэчихээр л МАНАН-ийн группт орох гэсэн хэдэн нөхөр мөнгөө ч бага зарцуулна.
Хоорондоо тохирчихно. З.Энхболд дарга уучлаарай. Хоёр Энхболд дарга тохирно. Тэр хүний өөдөөс тэрийг тавина энэ тэр гээд л. Тоглоом биш ээ. Бид нар хүүхэд биш шүү дээ. Иймэрхүү субьектив зүйл асар их орно. Нам, засгаа алмааргүй байх юм. Ухарна, бууна, хүний сценарид орлоо гэхэд арай хэтэрлээ. Ядаж бүхэлдүү томхон тойрогтойгоо үлдэж болохгүй юм уу.
Та нар минь ухаан зараад үзээч. Би та нараас үнэхээр гуйж, гувшиж байна. Нам, улс орны хоёулангийнх нь эрх ашиг юм. Ядаж бид нар Засгийн эрхийг барьж байх үедээ хамаг зүйлийг дампууруулж болохгүй. Сонгуулийн хуулийг цагийг нь тулгаад дампуурууллаа.
М.Энхболд бол нам талдаа Ардын баатар болсон байх. Одоо 76 жижиг тойрог болговол тохироод юмыг нь өгөөд явуулбал яадаг юм. Д.Батцогт битгий эмзэглээд бай.
Хоёр баз хоорондоо өрсөлдөхгүй нь ойлгомжтой. Би зүгээр чамтай барьчихъя. Та хоёр өөр тойрог аваад явна. Ийм заваан юмнуудаа боль. Нэг гэр бүлээс нэг л ордог баймаар байна. Би наргиж байгаад хэлж байна шүү.
Э.Бат-Үүл: Та бүхэн мэдэж байгаа. Би зарим гишүүдэд хэлсэн. Судалгаагаар иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурсан гэх үзүүлэлт гараад байна гэсэн мэдээлэл байгаа. Үнэндээ тийм биш. Улс төрийн намуудын нэр хүнд унаагүй.
Улс төрийн намуудын нэр хүнд Англид, Америкт ямар түвшинд байдаг яг л тэр түвшинд л очиж байгаа. Англид бол намууд нийлээд 40 хувийн саналтай. Америкт Бүгд найрамдах нам, Ардчилсан нам хоёр нийлээд 36 хувийн саналтай байдаг. Өөрөөр хэлбэл Монголын улс төрийн зах зээл их либералчлагдаж байна.
Одоо бол нэг нь Ардчиллын төлөө нөгөө нь ардчиллын эсрэг гэдэг хуваагдалгүй болсон. Ардын нам, Ардчилсан намын хувь тэнцүү байна гэж гараад байна. Тэгэхээр одоо 60 хувь дээр намын нэрээр очиж менежмент хийж чадахгүй ээ.
Хувь хүнийхээ нэрээр очиж л менежмент хийнэ. Англид ямар байдаг яг л түүгээр л явна. Жишээ нь, Англид намын рейтинг судалдаггүй. Лидерийн рейтинг л яригддаг. Сая Ц.Оюунгэрэлийн хэлдэг үнэн юм. Том тойргоор яаж иргэдтэйгээ яаж гар барих юм бэ. Амжихгүй шүү дээ. Одоо бол сонгогчид гар барьж байж л орно.
Судалгаагаар иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурсан гэх үзүүлэлт гараад байна гэсэн мэдээлэл байгаа. Үнэндээ тийм биш.
Том тойрог дээр хэнтэй ч гар барьж амжихгүй. Н.Алтанхуягаа би намын удирдлагын гишүүн болоод л үг хэлээд байгаа юм. Чи дуугүй бай. Чи чинь УИХ-ын гишүүн байж үзээгүй юм уу хаашаа юм. Их хурлын гишүүн гэхээр хүн дээрэлхээд байдаг юм уу. Ямар хаашаа юм бэ. Би чамайг яагаа ч үгүй.
Чи битгий галзуураад бай. Би сонгуульд нам ялах уу, үгүй юу гэдгийг хариуцаж байгаа хүмүүсийн нэг. Чи хариуцаж байгаа юм уу. Чи З.Энхболдыг ялагдаасай гээд явж байгаа биз дээ.
Н.Алтанхуяг: Чи намын өмнөөс юу яриад байгаа юм.
Э.Бат-Үүл: Нийслэл дээр яагаад зангидсан гар шиг ажиллаж хэрүүл, маргаангүй байгаад байгаа юм. Учир нь бие биеэсээ хамааралгүй тойргуудтай юм. Тойрог, тойргоо авчихсан. Ямар ч асуудалгүй байгаа.
Бид нар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нууцаар санал хураагаад байхад л Ардын намынхан намынхаа сахилгыг бариад байдаг. Бид нар гурван мандаттай яваад очиход л Ардын намынхан сахилгаараа явчихдаг юм.
Бид нар бол бие, биеэ Ц.Оюунгэрэлийн хэлдгээр шулаад гараад ирдэг байхгүй юу. Намын сахилга гэж их чухал. Нөгөө нам чинь их сахилгатай. Мажоритар системийн түүхийг хэлэхэд анх 1995 онд Сонгуулийн хуулийн систем яригдаж байлаа. Тэгэхэд Ардын нам 72 суудалтай олонх байсан.
Холимог, мажоритарын алийг нь авах уу гээд Ардын нам тээнэгэлзэж байхад нь Р.Гончигдорж дарга бид хоёр П.Очирбат Ерөнхийлөгч дээр очоод “Та мажоритар дээр нь хориг тавина гээд хэлээрэй” гэж захиж байсан.
П.Очирбат гуай мажоритар дээр нь хориг тавина гэж байхад нь Ардын нам мажоритарыг гаргасан. Бид сахилга баттай нэгдмэл байх үедээ мажоритараар 50, 26 болсон юм. Мажоритар систем бидэнд их ээлтэй.
Эх сурвалж: “Өглөөний сонин”