Уран бол айдас биш

uran Бүх юм хортой. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн тодорхой хэмжээний байгалийн цацраг идэвхт бодис агуулдаг байна. Мөн хүний үйл ажиллагааны улмаас бий болдог зохиомол цацраг идэвхт изотоп байдаг. Хүний бие цацрагийг хаана ч, хэзээ ч хүссэн хүсээгүй шингээн авч байдаг ажээ. Бид үр тариа, хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлэх, удаан хугацаагаар хадгалах, хортон шавьжийг устгахын тулд  цацрагт идэвхт бодисыг ашиглаж хийсэн бордоо хэрэглэдэг. Тухайлбал, Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэн гэхэд жилд 10-15 тн бактерийн бордоо үйлдвэрлэж, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 10 мянга га тариалангийн талбайд хэрэглэдэг байна. Мөн Мал эмнэлгийн хүрээлэн 2010 онд зүүн аймгуудад гарсан шүлхий өвчний эсрэг 230 мянган тун вакцин үйлдвэрлэн шийлүүлж байжээ.

Цацраг идэвхт бодисыг зөвхөн өндөр технологи бүхий шинжлэх ухаанд ашигладаг гэж үзэх нь өрөөсгөл юм. Бидний гараасаа салгадаггүй гар утасны зай, албан тасалгаан дахь утаа мэдрэгч төхөөрөмж зэрэг нь эдгээр бодисын ид шидээр амилж байдаг. Утаа мэдрэгчийн Америци-241 цацраг идэвхт изотопоос гарсан туяа нь богино зайд нэвтэрдэг учраас хүний биед төдийлөн хоргүй ажээ. Тэгэхээр бидний амьдрал цацраг идэвхт бодисын дунд өрнөж байна.

Харин байгаль дахь түмэн бодисын дотроос хамгийн их энерги ялгаруулах ид шидтэй нь уран. Менделеевийн үелэх системийн 92 дугаар элемент уран нь цөмийн түлшний гол түүхий эд. Уран гэгч шар нунтгаас өөр ямар ч бодис асар их дулаан ялгаруулж, эрчим хүчний урт хугацааны найдвартай эх үүсвэр болж чадахгүй. Шар нунтаг ч гэж дээ, боловсруулсан технологиосоо хамаарч улбар шар, хар ногоон, бараан өнгөтэй байх нь бий. Ураны баяжуулаагүй хүдэр нь байгаль дээр хор хөнөөлгүй, харин ч аливаа цацрагийг өөртөө шингээдэг байна. Иймээс ураны орд бүхий газарт цацрагийн хэмжилт хийхэд бусад газрынхаас харьцангуй бага байдаг онцлогтой.

Гэтэл “Голомт”, “Цагаан хас”, “Ногоон хас”, “Гал үндэстэн” зэрэг хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал зарлаж, Дорноговийн Улаанбадрах сумын нутагт “Кожеговь” компанийн хайгуулын өрөмдлөг хийсэн DL 374 талбайн шавар шороон овоолгоны ойролцоо цацраг хэвийн хэмжээнээс ес дахин их байна хэмээн мэдэгдэв. Энд тугалын мөр хаа сайгүй байсан гэжээ. Тэд жилийн өмнөөс тус аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн малчин Б.Норсүрэнгийн хотонд нүд аньсан хэдэн тугалын хойноос эзнээс нь илүү гол харлаж, уранаас болж хордож үхсэн гэсэн яриаг улс даяар дэвэргэж эхэлсэн юм. Уг нь мал эмнэлэг, цөмийн энерги, мэргэжлийн хяналтын байцаагчид газар дээр нь удаа дараа очиж, зохих шинжилгээ хийсний эцэст цацрагийн хордлогоос болоогүй байна гэсэн зүгнэлт гаргасан билээ. Эцэст нь Ерөнхий сайдын томилсон ажлын хэсгийнхний дүгнэлт ч үүнийг баталсан. Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нэгэнтээ “Цөмийн энергийн салбар бол цээжний пангаар явдаг салбар биш” гэж хэлсэн нь учиртай.

Манай улсын ураны нөөц 73 мянган тн, даварвал бүр 1,47 сая тн болно гэдэг. Ний нуугүй хэлэхэд гадаадынхан манай ураны ордод шунаж, ил далд өрсөлдөж байна. Тиймээс Францын “Арево” компанийн охин “Кожеговь”-ийн хайгуулын ажлыг зогсоох санаархал Хятад, Орос, Канад зэрэг орны томоохон компаниудад байхыг үгүйсгэхгүй. Эдийн засгийн том ашиг сонирхлын үүднээс их гүрнүүд бага буурай улсын дотоод хэрэгт төрийн бус байгууллагуудыг нь санхүүжүүлэх замаар нийгэмд буруу ташаа мэдээлэл тарааж бужигнуулдаг арга барил сүүлийн үед гаарч байгаа. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг янз бүрээр тасалдуулсан чехүүдийн гар хөл шургалсан гашуун сургамжийг мартаж болохгүй. Ураны хайгуулын судалгаа нь Монгол Улсын доголдож эхэлсэн эрчим хүчний салбарын хөгжилтэй шууд холбоотой.

Манай улс аль 1965 оноос эхлэн атомын цахилгаан станц барих асуудлыг судалсаар иржээ. Цөмийн физикийн чиглэлээр ОХУ-ын Дубнад ажиллаж байсан олон мэргэжилтнүүд ч бий. Мөн өмнө нь Дорнод аймгийн Мардайн уурхайд оросууд уран олборлож байсан хамтын ажиллагааны туршлагатай. Ураны нийлүүлэлтийн 64 хувийг Казахстан, Канад, Австрали хангадаг гэвэл нөөцөөрөө 16 дугаарт жагсдаг манай орны хувьд их боломж байна. Монгол Улсад уран олборлох тохиолдолд төрийн эзэмших хувь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсэхээс хамаарч, 34 ба 51-ээс доошгүй хувийг “Мон Атом” компаниар дамжуулан төр эзэмшин хяналтаа тогтоох учиртай юм байна. Заавал их найман гүрэн уранаар занималдаж, бусад нь харж суух учиргүй. Хэрвээ монголчууд гадаад, дотоодын хар, цагаан хэл амнаас айгаад цөмийн технологиос татгалзана гэвэл XXI зуунаас ухарч байна гэсэн үг.

Монгол уран дэлхийн зах зээлд гарах хамгийн дөт зам бол “Арева” компанитай хамтрах. Уран шар нунтаг болтлоо ямар ч аюул­гүй боловч байгаль орчин, хүний эрүүл мэндэл хамгийн ээлтэй орчин үеийн дэвшилтэт технологи шаар­дана. Энэ бүх шаардлагыг хайгуулаас эхлээд дахин боловс­руулалтыг дэлхийд ганцхан Францын “Арева”  компани хийдэг. Тэд ураныг олборлохдоо газрын гүнд уусгах аргыг хэрэглэдэг байна. Харин ураныг тээвэрлэх, хадгалж хамгаалах, борлуулах, ашиглах гэрээ хэлцэл хийх нь дэлхийн томоохон гүрнүү­дээс хамааралтай.  Одоогийн ханшаар нэг тн уран 300 мянган ам.доллар гэвэл манайх үүцээ задлахад дор хаяж  20 тэрбум ам.доллартай болох нь.

Дэлхийн Цөмийн Холбоо /WNA/-ноос 2030 он гэхэд атомын реакторын өсөлтөөс хамааран ураны хэрэгцээ 109 мянган тн-д хүрнэ гэжээ. Энэ их эрчмийг атомын сэргэн мандалт хэмээн нэрлэж байна. АЦС зардлаа ердөө  20 жилд нөхдөг, ихээхэн ирээдүйтэй аж. Тиймээс ураны салбарт даруухан байсан оросууд гэнэт том алхаж, “Росатом” холдинг байгуулан түүний охин компани АРМЗ дэлхийд томоохонд тооцогдох Канадын Uranium One-ийн хяналтын багцыг эзэмшигч болов. Хятад эрчим хүчний балансдаа хоёрхон хувь эзэлж буй цөмийн эрчим хүчээ 2020 он гэхэд таван хувьд хүргэхээр чармайж байна. Тэд уранаа дандаа Казахстан, Узбекистан, Намиби, Орос, Австралиас авахыг юунд хүсэхэв.

Тэгэхээр монголчууд удахгүй ураны үүцээ задлах нь гарцаагүй. Уран бол айдас биш. Харин АЦС-д нэгэнт ашигласан цөмийн түлшний хаягдал аюултай. Энэ хаягдлаа булшлах нь дэлхий нийтийн шүдний өвчин хэвээр байгаа ч зарим улс дахин боловсруулан уран, тори, плутонийг салган авчг байна. Наяад оны сүүлчээс эко буюу байгаль орчинд хоргүй ногоон технологийг нэвтрүүлсэн АЦС-ууд өнөөдөр дөрөв дэх үеийн цогц технологиор хэдийнэ сүндэрлэжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Орчин үеийн дэвшилтэт цөмийн технологийг ашиглах, хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах, дэлхийн бусад улс орнуудтай хөл нийлүүлэн алхах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Тиймээс бид цөмийн технологийг сүүдэртэй талаас нь биш, ухаалаг хэрэглээ, хөгжлийн нэн чухал хүчин зүйл гэдэг талаас нь харж ойлгох нь цаг үеийн шаардлага болж байна” гэсэн юм.

2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрнэ. Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас өнгөрсөн онд Австрийн Вена хотноо болсон  “Хүнс бидний ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгээс гишүүн орнуудынхаа Засгийн газарт хүнсний бүтээгдэхүүний чанар, нийлүүлэлтийг сайжруулахад цөмийн технологийг ашиглан цацрагаар шарах процессыг олон салбарт нэвтрүүлэх өргөн хэмжээний судалгаа хийхийг уриалсан юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн ч шинэ зуунд хүн төрөлхтний 35 хувьд хүнсний хомсдол нүүрлэх, эрчим хүчний гачигдал 15 хувиар нэмэгдэх аюултайг анхааруулсан. Улам бүр даяаршиж буй ертөнцөд монголчууд айдастаа баглуулж амьдрах учиргүй.

Б.Цэлмэг.ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …