Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан удирдан явууллаа.
Шуурхайн эхэнд хотын даргын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Тэрээр нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн шуурхайн үеэр 13 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн гэдгийг тодотголоо.
Тухайлбал, нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг Нийслэлийн ИТХ-д өргөн барих бэлтгэл ажлыг бүрэн хангах үүрэг өгсөн. Үүрэг даалгаврын хүрээнд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн төслийг 5 бүлэг, 26 чиглэлээр зорилт дэвшүүлэн боловсруулж НИТХ-ыд өргөн барьсан байна. Мөн улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хандив тусламжийн хөрөнгөөр шинээр бий болсон бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг бүртгэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсний дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг давсгэрт Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан нийт 24 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус, дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгүүлжээ. Энэ ажил цаашид үргэлжлэх юм байна.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ үүргийн дагуу нийслэлийн 42 сургуульд шинээр 160 ширхэг гэрэлтдэг хантааз, замын хөдөлгөөнийг зохицуулах дохиур 50, шүгэл 160, энгэрийн зүүлт 160 ширхэгийг хүлээлгэж өгч ажилласан байна. Түүнчлэн Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын Сурагчдын холбооны “School police” төвтэй хамтран нийслэлийн 180 сургууль дээр “Сургуулийн эргүүл” ажиллагааг эхлүүлж, 38 сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд, 09 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дугаар сарын 22-ны өдрүүдэд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 13 768 мэдээ, мэдээлэл ирснийг хэллээ. Гэмт хэргийн шинжтэй дуудлагын 37.4 хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа учраас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга хурандаа Ч.Жаргалсайхан өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3 528 дуудлага ирсний 187 нь ослын шинжтэй дууллага байсан гэх мэдээллийг өглөө. Зам тээврийн ослын улмаас 8 хүн амь насаа алдсан гэдгийг тэрээр хэллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 50 удаагийн дуудлага ирснээс объектын гал түймрийн 43, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 17 удаагийн дуудлагаар ажилласан. Өнгөрсөн хугацаанд гарсан ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 6 хүний амь биеийг аварч, 7 хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зарим арьс ширний үйлдвэрүүдэд байгаль орчны чиглэлээр хяналт шалгалт хийсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Ханбогд кашимер” ХХК, “Инэл кашимер” ХХК-ийн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд байгаль орчны чиглэлээр шалгалт хийж үйлдвэрийн хаягдал уснаас авсан дээжийг лабораторийн шинжилгээнд өгсөн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа.
Мөн АНУ-аас импортолсон 217.0 кг “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч, БНСУ-аас импортолсон 32.5 кг “Berrymix” нэрийн жимстэй тараг, ОХУ-аас импортолсон 25.0 кг “Фуросемид” нэрийн эм, Грек улсаас импортолсон 77.8 кг “Septona” хуруу лент, БНХАУ-аас импортолсон 178 хайрцаг “Вэй-эр” Биологийн идэвхит бүтээгдэхүүн зэрэг бараа өүтээгдэхүүн нь чанар стандартын шаардлага хангахгүй байгааг тогтоосон. Тиймээс энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх талаар сэрэмжлүүлэг хүргэж байгааг тэрээр хэллээ.
Шуурхай зөвлөгөөний дараа Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хүйтний улирлдал эхлэж байгаатай холбогдуулан инженерийн хангамжийн байгууллагуудыг өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн дуусгаж, халаалтыг хугацаанд нь өгөх үүрэг өглөө. Мөн байгууллага аж ахуйн нэгж иргэдийн дунд орон байраа дулаалах аян өрнүүлэхээр ажиллаж байгаагаа хэлээд дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд манлайлайн, идвэхи санаачилгатай ажиллах хэрэгтэйг санууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.