Э.Бат-Үүл: Мөрдөн шалгах ажлыг хуулийн дагуу явуулах хүртэл хорьсон ч, залхаасан ч мэдүүлэг өгөхгүй

ХЭН ЮУ ХЭЛЭВ
Улс орын эдийн засагтай холбоотойгоор хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, орон сууцны ипотекийн зээлийн асуудал яригдахын зэрэгцээ ардчиллын алтан хараацай С.Зоригийн хэрэгт буруутгагдан шалгуулж буй хүмүүс өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байлаа. Тиймээс “Монголын мэдээ” сонин “Хэн юу хэлэв” булангаараа дээрх сэдвүүдийг онцолж, хэн юу хэлсэн талаар хүргэж байна.
Г.Мөнхбаяр: Ипотекийн зээлийн асуудлыг 2016 ондоо багтааж хэрэгжүүлнэ
/БХБ-ын сайд/
Орон сууцанд амьдрахыг мөрөөддөг хүн манай улсад, тэр дундаа нийслэлд олон бий гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэдэнд чиглэсэн хамгийн гол асуудал бол орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээл байсан. Энэхүү зээлийг хэсэгтээ зогсоох талаар яригдаж байсан ч Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлээр орон сууц худалдан авах Засгийн газрын тогтоолд зарим өөрчлөлт оруулснаар үргэлжлэхээр болов.
Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх Монголбанк санаачилж, Засгийн газарт шилжүүлсэн. Шинэ Засгийн газар байгуулагдаад эргээд Монголбанкинд шилжүүлж байх шиг байна.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк цаашид үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна” хэмээн мэдэгдсэн юм. Харин БХБ-ын сайд Г.Мөнхбаяр “Иргэдээс судалгаа авахад 80-аас дээш ам.метртэй байранд орох сонирхолтой боломжийн амьдралтай хүн олон байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эдгээр иргэд зээлд хамрагдаж чадаагүй байна. Засгийн газраас Ажлын хэсэг гарч зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр найман хувийн зээлд хамрагдах орон сууцны дээд хязгаарыг нэмэх нь зөв шийдвэрлэсэн. Мэдээж эх үүсвэрийн асуудал хүнд байгаа.
Гэхдээ мөнгө чухал биш. Хамгийн гол нь иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил үргэлжлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Эхний ээлжинд ипотекийн зээлд хамрагдах орон сууцны хязгаарыг 80 ам.метр байсныг 100 болгож нэмэгдүүллээ. Мөн 100-аас дээш ам.метртэй байрнаас сонголтоо хийх хүмүүс ипотекийн зээлд хамрагдана. 100 дотор ам.метрээ ипотекийн зээлд хамруулж, түүнээс дээшээс талбайг нь арилжааны нөхцөлөөр иргэн өөрөө төлөөд явах боломжийг нээж байгаа.
Ингэснээр бүх иргэнээ зээлд хамруулах боломж гарч байгаа юм. Эх үүсвэртэй холбоотой асуудлыг Монголбанкнаас тодруулах хэрэгтэй. Энэ асуудлыг Монголбанк шийднэ. Учир нь Монголбанк иргэдийн төлөө ажиллах ёстой. Монголбанк зөвшөөрсөнгүй гээд энэ хөтөлбөрийг зогсоож болохгүй. Валютын нөөц бололцоогоо нэмэгдүүлж, шинэ нэмэлт эх үүсвэрээс шийдвэрлэх боломжтой учраас Засгийн газар ийм шийдвэр гаргаж байна.
Барилгын яам бол эх үүсвэрийг нь шийддэг байгууллага биш. Хамгийн гол нь иргэддээ хүрсэн шийдвэр, үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд иргэдэд илүү ойртуулсан шийвэрийг гаргаж өглөө. Одоо Монголбанк, Засгийн газар, Сангийн яам хамтран санхүүжилтийн асуудлаа эцэслэн шийднэ. Энэ асуудлыг 2016 ондоо багтаж хэрэгжүүлнэ. Зах зээлд бэлэн 32 мянган орон сууц ямар нэгэн байдлаар борлуулалтгүй байна.
Үүний ихэнх нь 80-аас дээш ам.метртэй байрууд байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд ТОСК-ийн журмаар 300 тэрбум төгрөгөөр төр орон сууц барьсан байна. Эдгээр байрнаас 300 гаруй айлын орон сууц борлуулагдаагүй, түрээслэгдээгүй байгаа. Тиймээс эдгээр асуудлыг шийднэ” хэмээн ярьжээ.
Э.Бат-Үүл: Мөрдөн шалгах ажлыг хуулийн дагуу явуулах хүртэл хорьсон ч, залхаасан ч мэдүүлэг өгөхгүй
/Нийслэлийн АН-ын дарга/
Эдүгээгээс 18 жилийн өмнө ардчиллын алтан хараацай С.Зоригийн амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийн учиг өнөө хэр нь тайлагдаагүй байна. Эл хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд ЦЕГ-аас талийгаач С.Зоригийн эхнэр Д.Булганыг баривчилсан. Түүнийг баривчлах үедээ ямар үндэслэлтэй гэдгийг нь тас нууцалж байгаад энэ сарын 09-нд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан түүнийг батлан даалтад гаргасан. Үүнтэй зэрэгцүүлэн ТЕГ-аас НАН-ын дарга Э.Бат-Үүлийг шалгаж эхэлсэн талаархи мэдээлэл цацагдаж, өөрөө ч мэдээлэл хийв.
Тэрбээр “Хуулийн байгууллагын энэхүү шалгалт нь гүтгэлэгт үндэслэгдсэн, мөн хууль зөрчиж хийгдэж байна” хэмээгээд удалгүй “Би яагаад хуулийг нэхээд байгаа юм бэ?” гэх нийтлэлээ хэвлэлүүдэд нийтлүүлсэн нь олны анхаарлыг татав. Мөн түүнийг өмгөөлөн хэсэг нөхөд нь ч хэвлэлийн хурал зарлахтай зэрэгцэн Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгсөн гээд дээрх хэрэгтэй холбогдуулан үйл явдал өрнөөд амжив. Дараахан нь дахиад л Э.Бат-Үүл “Сүүлийн сард над руу чиглэсэн дайралтууд ар араасаа цувлаа.
Зоригийг улс төрийн зорилгоор хөнөөсөн гэх хэрэгт хууль зөрчин байж яллагдагчаар татлаа. Намайг нийслэлийн намын даргын албан тушаалаа өгөхийг Ерөнхийлөгчийн зөвлөх хэвлэлээр дамжуулан шаардлаа. Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны бичлэгийг, дүрс гардаг бүхнээр тарааж, намаа сонгуульд ялагдуулсан гол буруутан болохыг “илчиллээ”. Нийслэлийн Засаг даргын багаас, гэр хорооллын дахин төлөвлөлтийг “завхруулсан” болохыг зарлалаа. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Ардын нам миний эсрэг эвсчээ гэлтэй.
Үүнийг “Их эвсэл” гэхгүй бол өөр юуг “Их эвсэл” гэх вэ. Ийм их эвсэл хоёр дахиа “байгуулагдаж” байна. Урьд нь Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам гурав хамтарч 62-ын бүлэг хэмээн олноо алдаршсан эвсэл байгуулж байсан. Хүмүүс мартаагүй байлгүй дээ! Өнөөдөр намайг их эвсэл олон зүйлээр буруутгаж байна. Сэдвүүдээ ч хуваагаад авсан юм уу даа?! Би нийслэлийн намын даргын сонгуульт ажлаа өгөх тухайд бол өгнө. Нийтэд зарлачихсан шүү дээ.
Дүүргүүдийн намын удирдлага болон төлөөлөгчид л намрын сонгууль өнгөртөл байж байгаач гэж хүссэн болохоор хүлээж буй. Үүнийг Ц.Элбэгдоржийн зөвлөх мэдээгүй гэхгүй. Их эвслийн энэ удаагийн довтолгоо амжилт олох байх. Ямар ч байсан дүүргийнхэн болгоомжлоод намайг хоргоохоо байсан. Уг нь нийслэлийнхэн таны эсрэг биш намын эсрэг санал өгсөн, одоо та бидэнд хэрэгтэй байна гээд байсан юм.
Тэгээд би нийслэлийн намын даргаа өгөхөө түр азнасан хэрэг. Нэгэнт хэрэг нь өнгөрсөн учир хурлаа зарлаад, нийслэлийн намын даргын албаа өгнө дөө. Гэхдээ, би “Их эвсэл”-д бууж өгч байгаа юм биш шүү. Харин, шинэ тэмцэлд нэгдэнэ. Тэр жилийн 62-ын бүлгээр төрсөн олигархийн засгийг халах том өөрчлөлт манай нийгэмд удахгүй эхлэх гэж байна! Ард түмэн нийгмээ сорон мөлжиж буй цөөнхийн засгаас оролцоогоо нэхэж тэмцэх цаг ирэхээр дуулдаж байна. Би тэр тэмцэлд нэгдэнэ” хэмээжээ.
О.Чулуунбилэг: Би намын гишүүний хувиар саналаа илэрхийлсэн
/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх/
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “Миний эсрэг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, М.Энхболд, Н.Алтанхуяг тэргүүтэй их эвсэл байгуулагдлаа. Энэ эвслийн нэг нотолгоо нь Ерөнхийлөгчийн зөвлөх намайг Нийслэлийн ардчилсан намын даргаас огцор гэж хэвлэлээр мэдэгдсэний цаана Ц.Элбэгдорж буй” гэхчилэн мэдэгдсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор О.Чулуунбилэг тодруулга өгсөн байна. Тэрбээр “Нийтлэлийг нь уншсан.  Хувь хүний төсөөлөл л байна билээ. Энэ зуны “хар ялагдал”-ын дараа АН-ын гишүүн бүр шинэчлэл ярьж байхад сонгуулийн мэргэжлийн менежерийн хувиар, мөн намын жирийн залуу гишүүний хувиар би саналаа л илэрхийлсэн юм. Яагаад залуу хүний үг бүр хэн нэгний үг байх ёстой гэж.
Яагаад манай намын лидерүүд залуучуудаа өөрийн толгойгүй гэж хардаг юм бэ. Үг хэлэх эрх чөлөөг энэ нийгэмд авчирсан хүн залуустаа ингэж хандах нь өөрийгөө үгүйсгэсэн хэрэг болно. Би Ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх шүү дээ. Улс төрийн байр суурийг нь албан ёсоор төлөөлөхгүй. Ерөнхийлөгч миний ярилцлага бүрийн ард том улаан бал барьчихаад засаад сууж байхгүй. Сүүлд өгсөн миний ярилцлагад “Ялагдлын буруутан нь бид өөрсдөө. Бүгд хариуцлагаа хүлээе” гэсэн л зүйлс байгаа. Э.Бат-Үүл дарга үүнийг ганцаараа их эмзэг хүлээж авчээ.
Надад бухимдаж болно. Ерөнхийлөгчийг хамаатуулах нь алдаа. Ерөнхийлөгч, Үүл баатар хоёрыг нэг хүн л гэж хардаг. Би хувьдаа салгаж ойлгодоггүй. Зөвхөн сайн нөхдөөс гадна үнэт зүйл нэгтэй хүмүүс. Хотын дарга болоход нь дэмжиж, чиглүүлээд явж байхыг нь намд нарийн бичгийн дарга хийж байхдаа харж л байсан. Э.Бат-Үүл баатар орон нутгийн сонгуулийн өмнө ийм логикгүй зүйл бичиж суух нь нэр хүндтэй, туршлагатай улстөрчийн хувьд ч, АН-д ч сайн зүйл огт биш.
Намын их хурал болтол намын шинэчлэлийг манлайлж, фракциудыг ойлголцуулж, дүрмийн шинэчлэлээ хийнэ. Ингээд арванхоёрдугаар сард болох намын Их хурлаар шинэ намын даргад тамгаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуульдаа нэр дэвших байх л гэж харж байсан. Харамсалтай нь, өөр тоглолт хийгээд байх шиг байна.
Хүүхэд байхаасаа л энэ хүний нэрийг сонсож, телевизээр харж өслөө. Э.Бат-Үүл дарга бол миний “рөүл моделуд”-ын нэг. Учир нь тэр миний итгэж үнэмшдэг либерал ардчиллын төлөө зогсдог цөөн удирдагчдын төлөөлөл. Намын залуустаа итгээд хамтраасай гэж хүсч байна. Би хувьдаа Э.Бат-Үүл баатрыг дэмжсээр ирсэн. Дэмжих ч болно. Бас уулзаж ойлголцоно гэж бодож байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
М.Ичинноров: Төрийн цагдаа хохирогчийн өмгөөлөгчийн байр сууринд ажиллах ёстой
/Хүний эрхийн хуульч/
Хэдхэн хоногийн дараа УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийх гэж байна. Чуулганы хуралдааны хамгийн эхлээд хэлэлцэх асуудлын тоонд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль орж буй. Гэвч энэ хуульн Эрүү болон Зөрчлийн хуультайгаа багц болж байж хэрэгжих учиртай. Харин МАН-ынхан зөвхөн дээрх хуулийг хэлэлцэх гэж байгаа нь учир дутагдалтай гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж буй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар нэлээд дорвитой дуугардаг хүн бол Хүний эрхийн хуульч М.Ичинноров.
Тэрбээр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Шулуухан хэлэхэд, хүний эрхийг дордуулсан алхмуудыг хийж байна. Энэ нь эрх зүйн үндсэн зарчим, Үндсэн хууль зөрчсөн үйлдлүүд юм. Мөн энэ улстөрчид, тэдний хань хамсаатнууд, ойр дотныхны дунд  хүчирхийлэл үйлдэгчид олон байдаг тухай сонсогддог.
Тэд ч өөрсдөө төрийн хяналтын гадуур байхыг хүсдэг биз. Нөгөөтэйгүүр тэдэнд хүний эрхийн талаар мэдлэгтэй, мэдрэмжтэй, сэтгэлтэй хүн байхгүй нь ингээд батлагдлаа. Хүний эрхийн боловсрол бол маш том боловсрол бөгөөд тухайн улстөрчийн болон улс төрийн институцийн соёлыг илтгэдэг.
Тэдэнд хэдэн тэр бумаар үнэлэгдэх их мөнгийг цацаж гарч ирсэн, бас хань хамсаатнуудаа төрийн өндөр албадад томилуулахаар наймаалцсан наймааныхаа тухай л өдөр шөнөгүй бодохоос өөр сэтгэл чилээх асуудал байдаггүй юм шиг л санагдах юм. Эрэгтэй гишүүд бүү хэл эмэгтэй гишүүд нь ч энэ миний мэдэх ёстой асуудал биш, энэнээс ч асуу, тэрнээс ч асуу, энэ миний имиж биш, тэрний имиж гэх мэт ичгүүртэй зүйлс ярьж сууна билээ.
Ийм юмаар имиж хийнэ гэж байдаггүй юм. Хэн нэгний имиж чимэг болоод явдаг ч асуудал биш. Энэ бол хүний эрх, эрх чөлөөний асуудал, хүний амь нас, эрүүл мэнд, бүрэн бүтэн байдлын тухай ноцтой, нийгмийн маш хурц бөгөөд эмзэг асуудал юм. Ийм улстөрчидтэй хатуу хариуцлага тооцож чаддаг  иргэний нийгмийн, олон нийтийн гал цогтой тэмцэл үгүйлэгдэж байгааг илтгэж байна. Хуулиа уншиж үзээгүй байж энэ хэрэггүй гэж буцаадаг, хойшлуулдаг ямар гээч улс төрийн соёл вэ. Өөрөөр хэлбэл, яасан бүдүүлэг, соёлгүй, замбараагүй байдал вэ гэж асуумаар байна” хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …