Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, хадгалсан хэргийг шүүлээ

20150918161410-shuuh2

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг шүүн хэлэлцлээ. Шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ш.Баярбилэг, шүүгдэгч Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар нар оролцлоо.

Шүүгч хуралдааны дэгийг танилцуулж, шүүгдэгчийн биеийн байцаалтыг тодруулснаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхэллээ. Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг нотлох үүрэгтэйгээр оролцож байгаагаа онцлоод “Шүүгдэгч Б 2016 оны тавдугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг, “Viva city” хорооллын орчмоос НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан нь тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллаж байна” хэмээн яллах дүгнэлтийг уншиж танилцууллаа.

Шүүгдэгч Б “2016 оны нэгдүгээр сард бааранд нэг залуу “Танай хамтлагийн дууг сонсох дуртай” гээд танилцсан. Тэр залуу “Ах аа, ийм зүйл байна” гээд нэг зүйл үзүүлсэн. Түүнийг нь сонирхож хэрэглэж үзээд хоёр хоног унтаж чадаагүй. Хоол унд ч идэж чадахгүй байсан. Дараа нь тэр залуу миний утас руу залгаж “Дээр хэрэглэсэн зүйлээ худалдаж авах уу” гэхэд нь “Авахгүй” гээд утсаа тасалсан. Тэр залуу янз бүрийн утаснаас холбогдоод байсан. Хамгийн сүүлд тавдугаар сард холбогдоход нь “мөс” гэх зүйлийг нь аваад орой нь цагдаад баригдсан. Би хүний царай, утасны дугаар тогтоодоггүй учраас тэр залуугийн зүсийг ч, ямар утсаар ярьсныг ч санахгүй байна. Буруу зүйл хийж, шүүхийн өмнө зогсч байгаадаа маш их харамсч байна. Болчимгүй алдаа маань ийм зүйлд хүргэлээ” гэж мэдүүллээ. Мөн тэрбээр хууль бусаар олж авсан мансууруулах бодисыг худалдах, түгээх бодолгүй байснаа мэдүүлэв.

     Шүүх хуралдааны шүүмжийн шатанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байгаагаа хэллээ. Харин өмгөөлөгч “Гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Гэхдээ ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл бий. Миний үйлчлүүлэгч анхнаасаа үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байсан. Хувийн байдлын тухайд залууст үлгэр дууриал болсон уран бүтээлч. 19 жил уран бүтээлээ туурвиж байгаа. Хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, засрах боломжтой зэргийг харгалзан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс хандаач. Ялын тэнсэн харгалзаж өгөөч гэж хүсч байна” гэв.

     Шүүгдэгч Б шүүхэд хандаж “Ийм ноцтой гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсч байна. Намайг гэдэг хүн бүрээс уучлал гуйя. Олны танил хүн байж олны дунд биеэ зөв авч явж чадаагүйдээ харамсч байна. Монгол төрийн минь сүлд өршөөж, гэм буруугаа ойлгож байгааг минь харгалзаасай. Би хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд уран бүтээлээс гадна маш их зүйлийг хийхээр төлөвлөж байна. Залуусыг хар тамхитай тэмцэхэд уриалан дуудаж, илүү их уран бүтээл хийх итгэлийг өгөөч” гэж эцсийн үгээ хэллээ.

     Ингээд шүүх хуралдаан завсарласны дараа шүүгч Монгол Улсын нэрийн өмнөөс шийтгэх тогтоол уншиж танилцууллаа. Анхан шатны шүүх шүүгдэгч Б-г гэм буруутайд тооцов. Улмаар хоёр жил хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар боллоо.

     Шүүх хуралдааны төгсгөлд шүүгч тэнсэж харгалзах ялын талаар шүүгдэгчид тайлбарлаж, гэм буруугаа ухаарсан, уран бүтээлээрээ мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж амласан учраас нэг удаа итгэл олгож байгааг сануулсан юм.

judcouncil.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …