Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд ухаалаг гар утас, төхөөрөмж, бусад гаджетүүдийг хэрэглэх нь хүүхдүүдийн нойронд тааруу нөлөөлөл үзүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эцэг, эх нь үдэш оройн цагаар хүүхдүүдээ дураар нь орхивол тэд нь нойргүйдэлд орох магадлал хоёр дахин өндөрсдөг байна. Их Британийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдийн өрөөнд ухаалаг гар утас байгаа нь өөрөө түүний нойрны чанарт муугаар нөлөөлдөг аж. Судалгаагаар орондоо ухаалаг төхөөрөмж авч орсон хүүхдүүд илүү тааруу унтдаг нь тодорхой болжээ. Бага насны хүүхдүүд утсанд нь шинэ мэдээлэл ирэхийг хүлээж хэвтдэг бөгөөд ямар ч тохиолдолд тэдэнд хариу бичихэд бэлэн байдаг гэнэ.
Ийм дүгнэлтийг мэргэжилтнүүд судалгааны 20 ажил явуулсны үндсэн дээр хийжээ. Тэдгээрт 6-19 насны 125 мянган хүүхэд оролцсон байна. Ухаалаг гар утас зэрэг төхөөрөмжүүдийг унтахаасаа өмнө ашиглавал дутуу нойртой байх явдал нэмэгдэж, маргааш нь нойрмог явах аюулд хүргэдэг аж. Хүүхдүүдийн нойрны дэглэм алдагдсанаар тэдний эрүүл мэндэд таагүй нөлөөлөл үүсдэг хэмээн эрдэмтэд анхааруулав. Дутуу нойртой явбал хоолны дуршил зөрчигдөж, илүүдэл жинтэй болж, дархлааны тогтолцооны идэвхи буурч, өсөлт зогсон, сэтгэл санаанд асуудал үүсдэг юм. Энэ асуудлыг нааштай шийдвэрлэхийн тулд хүүхдүүдийг унтахаас нь өмнө ухаалаг төхөөрөмжтэй харьцуулахгүй байх хэрэгтэй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn