Халамжийн ажилтан, банкны теллерийн хамтарсан луйвар нь ганцхан жилийн хорих ялаар төгссөн

Халамж хэмээн хавтгайруулан олгосон мөнгийг хэн дуртай нь луйвардах болсон цаг. Хүртэх ёстой нь авч чадахгүй явж байхад эрх мэдэлтэй дарга, удирдлагаасаа эхлээд халамжийн байцаагч нь хүртэл татвар төлөгчдөөс цуглуулсан мөнгийг завшиж байна. Ийм нэгэн хэргийн хавтсыг сөхье. Хорооноос шилжсэн, нас барсан, зээл авсан зэргээр тухайн дүүргээсээ халамж авах боломжгүй иргэдийн нэр дээр хуурамч файл үүсгэн, банкны теллертэй үгсэн хуйвалдаж, мөнгө завшсан гэмт хэрэг одоогоос гурван жилийн өмнө гарчээ.

7614

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXII хорооны нутагт байрлах “Капитал” банкны Баянзүрх тооцооны төвийн ахлах теллер У, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б нар үгсэн тохирч, зургаан сарын хугацаанд буюу 2013 оны хоёрдугаар сараас наймдугаар сарын хооронд халамжийн сангаас олгодог мөнгөн тусламжаас 29 хүний нэр дээр хуурамч файл үүсгэн, 8.6 сая төгрөг хувьдаа ашиглажээ.

Энэ тухайгаа Б “Баянзүрх дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст 2008 оны арваннэгдүгээр сард мэргэжилтнээр ажилд орж, 2013 оны есдүгээр сар хүртэл ажилласан. Халамжийн олголт хариуцаж байхдаа “Капитал” банкны ахлах теллер У-тай танилцсан юм. Би халамжаас мөнгө авах иргэдийн нэрийг тус банк руу файлаар явуулсны дараа мөнгө олгосон тайланг У манайх руу шилжүүлдэг байв.

Тэр мэдээллийн санг нь би хүлээн авч мөнгө олгосон, эсэхийг шалгадаг байлаа. Энэ хугацаанд У бид хоёр ажил хэргийн шугамаар дотно танилцан, 2013 оны хоёрдугаар сараас “Чи бид хоёр тайлан, тооцоог нь хийж байна. Ингэхдээ сарын олголт хийж байгаа сан дээр илүү нэр бичиж мөнгө олгосон мэт харагдуулъя” гэсэн. Үүнийг У зөвшөөрч, бид хоёр сар бүр илүү олголт хийсэн” гэж мэдүүлжээ.

cup0922

Харин У “Миний ажиллаж байсан банкны салбараар Баянзүрх дүүргийн V, VII, XXII хорооны иргэд халамжийн мөнгөө авдаг байсан. Б надад халамжийн мөнгийг илүү бичиж авах талаар санал хэлж, би зөвшөөрсөн. Бидний үйлдэл наймдугаар сарын сүүлчээр илэрсэн” гэжээ.

Б-гийн илгээсэн мэдээллийн хуурамч санг У хүлээн авч мөнгө олгохдоо нэр, овгийг нь бичин, зарим хүнд зарлагын ямар ч баримтгүй, гарын үсэггүйгээр олгосон мэтээр гүйлгээ хийж, мөнгийг нь авч завшиж байж. “Капитал” банкнаас Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс рүү сард гүйлгээ хийсэн нийт хүнийхээ тооцоог явуулахад тус хэлтсийн мэргэжилтэн Б хуурамчаар илүү явуулсан хүмүүсийнхээ мэдээллийг устгах аргаар хэргээ үйлддэг байсан гэнэ.

Тус дүүргийн Нийгмийн халамж, хэлтсийн удирдлагын зүгээс тавих хяналт сул байсан нь уг гэмт хэргийг зургаан сар үргэлжлэх нөхцөл, боломж бүрдүүлсэн, ажилтан, албан хаагчдыг сонгон шалгаруулахдаа сайтар судалж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгай зөвлөгөө гарган ажиллах, дээрх зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байхад чиглэсэн ажил зохион байгуулахыг уг хэрэгт хяналт тавьсан прокурор мэдэгдэлдээ дурдаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн халамж, үйлчилгээний хэлтэст хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хариуцсан ажилтан Г гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2013 оны наймдугаар сард ажил үүргийн дагуу хяналт шалгалт хийж байгаад нэр бүхий иргэдийн халамжийн мөнгийг Б, У нар хамтран хувьдаа завшиж байгааг илрүүлж, хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан” гэжээ.

Б, У нар мөнгөө хувааж, өөрсдийн дансанд хийдэг байжээ. Тэд халамж авах боломжгүй хүн (Хорооноос шилжсэн, нас барсан, зээл авсан), Баянзүрх дүүргээс халамж авах эрхгүй хүний нэр дээр мэдээллийн сан үүсгэн явуулдаг, үндсэн файлд ирсэн хүмүүст олгосон мөнгийг давхардуулан авах гэсэн аргаар мөнгө завшдаг байсан гэнэ.

images

Иргэн Ж.Амармэнд 2012 оны нэгдүгээр сард халамж үйлчилгээний мөнгөө зургаан сараар урьдчилан зээлж авсан байтал шүүгдэгч Б гүйлгээг нь хаахгүйгээр сар бүр түүний нэрийг банк руу явуулж, мөнгийг нь авдаг байж. Мөн иргэн Г.Халиун Сүхбаатар дүүргээс жирэмсний халамжийн мөнгө авах байтал Баянзүрх дүүргээс амралтын мөнгийг нь шилжүүлэн авсан байжээ.

“Капитал” банкны Баянзүрх дүүрэг дэх салбаруудын үйл ажиллагааг хянагч “Манай банкны зүгээс Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс рүү сард гүйлгээ хийсэн нийт хүнийхээ мэдээллийн санг явуулдаг, ингэхэд Б хуурамчаар илүү явуулсан хүнийхээ санг устган, ул мөрөө далдалдаг байсныг гэрчилсэн байна.

Хохирогчдын мэдүүлэг болон нотлох баримтыг үндэслэн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б, “Капитал” банкны Баянзүрх тооцооны төвийн ахлах теллер У нарыг Эрүүгийн хуулийн 150.2 буюу бусдын эд хөрөнгө завшсан хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлджээ. Шүүх тэдэнд нэг жил хорих ял оноосныгоо тэнсэн харгалзахаар болсон байна.

тэд ганцхан жилийн ял эдэлсэн.

эх сурвалж: Өнөөдөр.мн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …