Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Зохион байгуулах Их Хурлаар шийдэх нь зүйтэй

1478826255_pt2a9390Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүчтэй яригдаад эхэллээ. Өөрчлөлт хийх ёстой юу, хийвэл хамгийн түрүүнд юуг өөрчлөх гэдгээс яриагаа эхэлье.

-Би өөрчлөлт хийх ёстой гэж үздэг хүний нэг. Өөрчлөлт хийе гэж одоогоос бараг арван жилийн өмнө ярьж байсан. Тэр үед хүмүүс дэмждэггүй. Чимид багш маань их дургүйцдэг байлаа. Соцдекийн Ганбаатартай хамтраад цуврал нэвтрүүлэг хүртэл хийж байсан. Юм өөрчлөх, хөдөлгөх дон шүглэсэндээ өөрчилье гээд байсан юм биш. Тодорхой үндэслэл, шаардлагыг гаргаж тавьж байсан. Миний ном зохиолууд дотор хэвлэгдсэн байгаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд юу болохгүй байгааг зөв оношлож, хүлээн зөвшөөрөх нь чухал. Цаг үеийн ашиг тусад хөтлөгдөх ёсгүй. Монгол парламентын улс атлаа түүний стандарт маягийн институцуудыг буруу өрснөө,1992 онд бидний энэ талын мэдлэг, туршлага нимгэн байснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээ нь, парламентын улсад Засгийн газраа яаж байгуулдаг, сонгуулийн ямар тогтолцоо үйлчилдэг, Ерөнхийлөгч аль эрх мэдэлд хамаардаг, парламентын болон Засгийн газрын бүрэн эрх хяналт, тэнцвэр ямар байдаг, парламент өөрөө тардаг юм уу эсвэл өөр субьект тараадаг юм уу гэх мэт олон асуудал эсрэгээр Үндсэн хуульд туссан байгаа. Бид одоо юу ч зохиох хэрэггүйг ойлгох хэрэгтэй. Зөв ойлгох, мэдэх, сонгох, монголчлох ухаан бас хэрэгтэй. Бид чинь төрийн болон Үндсэн хуулийн тогтолцоондоо Аренд Лийпхартаар дүн шинжилгээ үнэ төлбөргүй хийлгэчихсэн үндэстэн шүү. Харин түүнийг уншиж ойлгох, хэрэгжүүлэх нь чухал. Харамсалтай нь тэр аугаа судлаачийн үнэ цэнэтэй шинжилгээг манайхан уншиж, ойлгож ашиглах нь бүү хэл нэрийг нь мэддэг хүн цөөн байгаа юм биш үү. Эцэст нь хэлэхэд, юу засах ёстой гэдэг нь гадаад, дотоодын эрдэмтдийн бүтээлд бараг бүрэн туссан гэж хэлж болно. Ялангуяа доктор О.Мөнхсайхан тэргүүтэй судлаачдын харьцуулсан судалгаа зөв чиг хандлагатай болсон байна лээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амар хялбар шийдэх асуудал биш байх. Олон чухал зүйл, санаа байгаа нь мэдээж. Тэдгээрийг зэрэглэж бас болох байх. Таны бодлоор өөрчлөлтийг юунаас эхлэх, эсвэл хамгийн гол өөрчлөх ёстой зүйл нь юу вэ?

-Миний дээр хэлсэн парламентын улсын стандартаас зөрүүлж хийсэн буруу өрөлтүүдийг засахаас эхлэх ёстой болов уу. Ингэж хандвал, УИХ-ыг “Төрийн эрх барьдаг” байгууллага биш, харин ард түмнийг төлөөлдөг, зөвхөн хууль тогтоодог ажил хийдэг төлөөлөгчдийн дээд байгууллага болгохоос эхэлбэл зүгээр байх. “Эрх барих” гэдэг үгэнд байгаа юм биш. Түүнийг дагаж хийсэн чиг үүргүүдэд хамаг учир бий. Эрх бариулсанаар томилгооны эрх ороод ирсэн. Энэ нь эрх мэдэл хуваарилах зарчим алдагдах, олонхийн ардчилал маягийн юм тогтох, төр олигархижих, олонхийн, олигархийн дарангуйлал тогтох, төрийн алба арилжаа наймаанд автах, мөнгө олох хэрэгсэл мэт болох, төрийн хариуцлага сулрах нөхцөл болсон. Үүний улмаас гүйцэтгэх эрх мэдэл хийх ёстой ажлаа хийж чадахгүй, барьцааны маягийн байгууллага болж хувирсан. Ерөнхий сайдыгаа захын гишүүн загнаж суух жишээтэй. ХБНГУ-ыг хар. Ерөнхий сайд буюу Холбооны канцлер гэдэг нэг л хүнийг герман хүн төдийгүй дэлхий мэддэг. Энэ улсад үүнээс өөр том дарга байдаг эсэхийг, Ерөнхийлөгч гэж ямар хүн байдгийг хүмүүс мэддэггүй. Парламентын улсад Ерөнхий сайд гэдэг албан тушаалтан гол фигур байдаг гэдгийг тод жишээ энэ. Энэ хэрээр гүйцэтгэх эрх мэдлийн эрх хэмжээ хуулийн хүрээнд шийдэмгий, шуурхай, хариуцлагаа хүлээх чадвар нь өндөр байдаг. Одоо парламентын оролцоо их болохоор хариуцлага дундаа орхигдох байдал нэлээд газар авсан. Үүний улмаас ажил муу явж байна гэсэн олон нийтийн шүүмжлэл үндэстэй. 76 даргын улс болсон гэсэн шүүмжлэл ч оргүй биш. Энэ бол 76 хүний буруу биш. Ийм болгосон Үндсэн хуулийн асуудал юм. Ийм замбараагүй, олон толгойт байдал, төрийн хариуцлагыг сулруулж, үнэ цэнэтэй бүхнээ гадна, дотнын лобби бүлэгт алдах, харийнхнаас хамааралтай болох, ядуурал, доройтол үүсэх шалтгаан гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй.

-Та Үндсэн хууль дахь буруу өрөлтийн тухай нэлээд ярилаа. Мэдээж Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэрхүү буруу өрөлтийг зөв болгохоос эхлэх нь лавтай. Би танаас бүр тодорхой зүйлийг, яг үүнээс эхлэх хэрэгтэй гэдэг зүйлийг хэлүүлэх гээд байна л даа. Хэцүү асуудал учраас бүгдийг хийж чадахгүй байж мэднэ. Маргаан мэтгэлцээн ч өрнөх нь гарцаагүй.

-Бид нээлттэй дэлхийд амьдарч байна. Парламентын улс ямар загвартай байдгийг мэдэхэд төвөгтэй биш. УИХ-ыг парламент биш болгож байгаа нэг бүрэн эрх бол томилгоо хийх. Үндсэн хуулиар олгосон энэ эрхээс эхэлбэл зөв байх. Энэ эрх парламент руу мөнгөтэй хүмүүсийг хошуурах эх шалтгаан болж байгаа. Зөвхөн ард түмнийг төлөөлөөд, хууль боловсруулаад сууж байдаг байгууллага болговол түүн рүү баячууд ирэхгүй. Олон хүн байр, байран дээрээ байх болно. Энэ мэтээр Үндсэн хуульт ёсны онол, зарчим зөрчиж, УИХ-д овоолсон цөөнгүй эрх мэдлийг түүнийг дагуулж засах хэрэгтэй. Таны асуулт зөв л дөө. УИХ өөрийхөө гар хөлийг өөрөө хумих тухай асуудал учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ хийх нь зохимжгүй. Боломжгүй, хийхгүй ч байж мэднэ. Тийм учраас Зохион байгуулах Их Хурал зарлах нь зөв. Түүний бүрэлдэхүүнд бүх улс төрийн хүчний, иргэний нийгмийн байгууллагын, ер нь Монголын зөвшилцлийн бүх талыг хангасан өргөн төлөөлөлтэйгээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад тэр хурал тарж болно. Энэ аргыг хэрэглэвэл олон нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй. Нэг нам дангаар, үнэмлэхүй олонхи болж байгаа үед парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу. Үндсэн хууль ард түмний өмч гэдэг чинь зүгээр гарсан үг биш. Түүнийг хэрхэхээ ард түмэн мэддэг, шийддэг гэсэн санаа түүнд бий. Тийм учраас хүн төрөлхтөн Үндсэн хуулиа өөрчлөхдөө ард түмний өргөн төлөөөлөл агуулсан Зохион байгуулах их хурлыг ашиглах чиг хандлагатай болсон.

-Өөрчлөлт оруулах аргын тухайд байж болох хувилбар мэт санагдаж байна. Та томилгооны эрх мэдэл нь УИХ-ыг муухай болгож байгаа эрх гэж хэллээ. Олон улсын жишгээр парламент томилгоо хийдэггүй юм уу?

-Парламентын гол бүрэн эрх ард түмнийг төлөөлөх. Энэ эрхийг дагаж хууль тогтоох эрх дагалддаг. Үүгээр бусад эрх мэдэлтэй тэнцвэрээ барьдаг. Энэ эрх хангалттай том эрх мэдэл. Тийм учраас хууль тогтоох эрх мэдэл гэж нэрлэдэг. Ерөнхий сайдаас эхлэн сайд нарыг бүхэлд нь томилж байгаа нь буруу. Харин Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн санал болгосноор парламент сонгож, хэрэв сонгохгүй бол Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг парламентад үлдээх ёстой. Парламентын улсад тэгдэг. Сонгож байгаа нь зөвхөн зөвшөөрч байна гэсэн үг. Түүнийг Ерөнхийлөгч томилоод, томилогдсон Ерөнхий сайд гишүүдээ парламентын гадуур сонгож, Ерөнхийлөгчөөр томилуулдаг нь парламентын улсын жишиг юм. Энэ их ач холбогдолтой шүү. Парламентын гадуур байдаг нь Гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдлыг хангаж байгаа хэрэг. Харин энэ үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг намын хүн байх нөхцөл бүрэлдсэн байх ёстой.

-Энэ юу гэсэн үг вэ?

-Одоогийн Үндсэн хуулийн нэг гажиг гэмээр зүйл бол Ерөнхийлөгч төрийн эрх мэдлийн аль ч салаанд хамаардаггүй, төрийн эрх мэдлийн тогтолцооны гадна байгаа явдал мөн. Парламентын улсын Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэлд багтаж, Засгийн газрыг байгуулж өгөөд парламентын хууль бус улс төрийн довтолгооноос Засгийн газраа хамгаалж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөр чиг үүрэг хэрэгжүүлдэггүй гэж бараг хэлж болно. Жишээ нь, хуульд ямар нэг хориг тавихгүй. Харин өөрийн нь байгуулсан Засгийн газрыг улс төрийн сэдлээр парламент оролдож ажлыг хийлгэхгүй бол тараах эрх эдэлнэ. Ийм тэнцвэржүүлэгч эрх Ерөнхийлөгчид байхаар Засгийн газар тогтвортой, зоримог ажилдаг. Ийм загварт шилжвэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хоорондахь эрх мэдлийг хяналт, тэнцвэрийн зарчимд үндэслэн дахин хуваарилах шаардлага тулгарна. Энэ бол Үндсэн хуулийн 3 дугаар бүлэгт томоохон хөдөлгөөн орно гэсэн үг. Жишээ нь, төсвийг төрийн мэргэшсэн алба боловсруулж УИХ-д оруулсныг УИХ задалдаг нь Засгийн газрыг хүнд байдалд оруулж, ямар ч хариуцлага хүлээх бололцоогүй болгодог. Энэ мэт олон асуудал бий. Асуултын тухайд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус, харин парламентын гишүүдийг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн ижил тоогоор өргөтгөж сонгоно гэсэн үг.

-Тэгэхээр Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийг өөрчлөх тухай гэж ойлгож болох уу?

-Хорьдугаар зүйл чинь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хөндөж үл болох заалт шүү дээ. Түүнийг хөндөхгүйгээр эдгээр өөрчлөлтийг хийх бололцоотой. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийднэ гэсэн үг. Тухайлбал, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2-ийг заавал засах хэрэгтэй. Жишээ нь, 25.1-д Төрийн гадаад, дотоод бодлогын аль ч асуудлыг УИХ санаачлан хэлэлцэх гэж байгаа. Ийм хэмжээ хязгааргүй эрх олгосон заалт Үндсэн хуульд байж болдоггүй. Энэ заалтыг баримтлан нэг цагт, нэг муу парламент шүүхийг хэлэлцэнэ гэвэл яана. Тийм юм болохгүй л байх. Гэхдээ тийм бололцоо Үндсэн хуульд байх ёсгүй. Мөн 25.1.2-д Төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг УИХ тодорхойлох гэж байгаа. Төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг УИХ тодорхойлох ёсгүй. Яагаад гэвэл парламент бол тодорхой хугацаанд солигддог, мэргэшсэн бус, хэн ч сонгогдох бололцоотой “цоохор” команд. Аль ч улс орных тийм. Янз бүрийн хүн ордог, явдаг. Дуучин, бүжигчин ч байж болно. Тэд төрийн мэргэшсэн албан хаагч биш. Харин Засгийн газрын салаа бүрт байгаа төрийн албан хаагч бол тухайн салбарынхаа бодлогыг мэддэг, барьдаг мэргэшсэн хүч мөн. Тийм учраас энэ хүч дээр суурилсан Гүйцэтгэх эрх мэдэл нь төрийн гадаад, дотоод бодлогоо тодорхойлох учиртай.

-Зарим хүмүүс хоёр танхимын тухай яриад байгаа. Заавал хийх ёстой өөрчлөлт мөн үү?

-Заавал хийх ёстой чухал асуудал биш. Холбооны улсын парламент заавал хоёр танхимтай байдаг. Нэгдмэл улсынх байж болно, байхгүй ч байж болно. Хоёрдахь танхимын тухай яагаад хүчтэй яриад байгааг би мэдэхгүй. Уг нь хоёрдахь танхим бол төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг мэргэжлийн үүднээс “хянадаг”, мэргэшсэн хэсгийн зөвлөх маягийн үйл ажиллагаа байх ёстой. Төлөөлөх гэхээс илүү хууль тогтоох үйл ажиллагааг мэргэшүүлэхэд чиглэсэн бүтэц гэж хэлж болно. Энэ чиг үүргийг заавал шинэ бүтэц гаргалгүйгээр парламентын ажлын албыг бэхжүүлэх маягаар бас шийдэж болно.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярих бүрт ард түмнээс асуух тухай яриа гардаг. Санал асуулга явуулах бололцоо хэр зэрэг байдаг юм бэ?

-Их чухал асуулт байна. Ард түмнээс асууна гэхээр их гоё сонсогддог. Харин асуух зүйл хязгаартай. Олон зүйлийг асуух бололцоогүй. Ялангуяа өөрчлөлтийн үзэл баримтлал, бүхий л нэмэлт, өөрчлөлтийг асуух боломжгүй. Асуусан гэж ард түмний нэр барих аюул бас бий. Нөгөө талаас, Үндсэн хуулийн эрх зүйн асуудал онол, сэтгэлгээ, судалгаа шаардсан мэргэжлийн нарийн асуудал. Тийм нарийн асуудлыг мэдлэг, мэдээлэлгүй хүнээс асууна гэдэг нь бас асуудал. Зөвлөлдөх ардчиллын зарчмаар бол хэнээс юуг асуух нь их чухал. Харин санал асуулгаар тов тодорхой нэг асуултыг асууж болно. Гэхдээ “Үндсэн хуулийг өөрчлөх үү” гэж асууж болохгүй. Төслөө нээлттэй хэлэлцүүлж болно.

-Зарим хүн парламентын улс байх уу, Ерөнхийлөгчийн улс байх уу гэдгийг асуух хэрэгтэй гэдэг. Засаглалын энэ хоёр хэлбэрийн гол ялгаа юу вэ ?

-Ийм асуулт асууж болно. Одоо засаглалын хэлбэр солих асуудал нэг их явахгүй биз дээ. Би энэ асуудлыг 2006 онд бичсэн нэг нийтлэлдээ (Олигархийн дарангуйллаас ардчилалд хүрэх зам) тодорхой ажиглалт, судалгаанд тулгуурлан авч үзсэн. Ерөнхийлөгчийн улсын давуу талыг тодорхой бичсэн. Тэгээд дахин энэ асуудлыг би хөндөөгүй. Ер нь парламентын болон Ерөнхийлөгчийн улс өөр, өөрийн давуу болон сул талтай. Эдгээрийн тэр нь сайн, муу гэх бололцоогүй. Тухайн улсад тохирсон нь тэр улсдаа сайн гэж үздэг. Гэхдээ сонголтын нөхцөл онцлог бий. Парламентын улсыг ямар улс сонговол зохистой вэ гэвэл, олон намын хүчтэй, тогтвортой тогтолцоотой, иргэний нийгэм сайн төлөвшсөн, нийгмийн энэ хуваагдал, ялгарлыг парламентад оруулж ирэх замаар төр барьдаг, ардчилал улс төрийн соёл өндөр хөгжсөн улсад илүү зохидог. Ийм нөхцөл бүрэлдээгүй улс сонговол олонхийн, олигархийн, намын дарангуйлал тогтох бололцоотой. Нэг том сул тал нь намууд их рольтой байдаг учраас намчирхах үзэгдэл газар авдаг.

-Таны энэ хариултаас дүгнэхэд парламентын улс манай хөгжлийн өнөөгийн түвшинд зохиогүй юм биш үү?

-Ахадсан тал бий. Гэхдээ одоо парламентын улсын хэлбэрээ засаад сул талаа тооцоод явахаас өөр арга байхгүй байх. Тухайлбал, парламентын улсын хувьд улс төрийн намын зарим гол үйл ажиллагааг Үндсэн хуулийн түвшинд нарийн зохицуулах шаардлагатай. Манай Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд л Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхтэй холбогдуулан нам гэсэн үг хэд, хэдэн удаа гардаг. Парламентын улсад төр засаг барихад улс төрийн нам өндөр үүрэгтэй байдаг учраас намын засаг бус иргэний засаг байгуулахын тулд засаг төрийн үйл ажиллагаанд намын оролцоо, санхүүжилт, үйл ажиллагааг Үндсэн хуулийн төвшинд зохицуулах шаардлага үгүйлэгдсээр байна. Ингэхгүй бол бид иргэн төвтэй төрийг бус нам төвтэй төрийг төвхнүүлсээр байх болно. Одоо өмнөх тогтолцоог мэддэг бидний үеийн олон хүн намын ноёрхлыг 90-ээд онд халсан чинь яагаад дахиад гараад ирэв гэж гайхаж суудаг.

-Үндсэн хууль 1992 онд батлагдсан учраас хуучирсан эсвэл социалист шинжтэй зүйл заалт байдаг гэсэн яриа байдаг. Үнэхээр тийм зүйлүүд байгаа бол засах хэрэгтэй юу?

-Аль ч улс орны Үндсэн хуульд хуучирсан хэллэг, нэр томьёо байдаг л даа. Гэхдээ байх ёстой гэсэн үг биш. Тогтвортой баримт бичиг учраас тэр болгоныг засаад байдаггүй гэсэн утгаар байлгаад байдаг. Харин тэр хуучин ойлголтыг түүгээр нь ойлгож хэрэглэдэггүй. Үндсэн хуульт ёсны онол, зарчмаар залруулж уншаад хэрэглээд явдаг. Манай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал тэр явцад засах ёстой социалист утгатай, ардчилсан улс орны үндсэн хуульд байх ёсгүй ойлголтууд цөөнгүй бий. Тэдгээрийг засахад хэцүү биш. Тухайлбал, “Төр дээдлэх”(9.1),”Төрийн ашиг сонирхол”(46.2), “Төрийн хууль”(38.2), “Төрийн өмч”(6.2) гэх мэт буруу ойлголт бий. Өдгөө төрийн тухай үлгэр домог дуусаж, төрийг засаглах эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүн гэдэг дээр маргаан бага болсоор байна. Тийм учраас төрийг дээдэлнэ гэдэг чинь хүн дээдлэх тухай болчихоод байгаа учраас төрийг дээдэлдэггүй харин хуулийг дээдэлнэ гэж ярьдаг. Энэ мэтээр бусад ойлголтыг авч үзэхээр “Төрийн өмч” биш “Нийтийн өмч”, “Төрийн хууль” биш “Улсын хууль”, “Төрийн ашиг сонирхол” биш “Улсын ашиг сонирхол” гэх мэтээр засчих хэрэгтэй.

Өөр нэг засмаар зарчмын зүйл бол Үндсэн хуулийн 16.3 дахь заалтад байгаа “.. хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн заалт юм. Үүнийг “Эрх зүйн байх ёстой” (Due process of law) зарчимтай нийцүүлэхгүй бол төрийн захиргааны байгууллага иргэдийн өмчид халдах хэрэгсэл болоод байгаа. Үндсэн хууль чинь хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг болохоос халдах хэрэгсэл болж таарахгүй. Жишээ нь, гэр хорооллын барилгажилтаар захын зээлийн үнээр биш өөрсдөө үнэ тогтоож газрыг дайчлан авч болохгүй гэсэн үг. Үүний тулд дээрх заалтад “Урьдчилсан, шударга нөхөн олговор” гэж нэмж тодотгох ёстой. Энэ мэтийн эрх зүйн нийтлэг зарчимтай зөрсөн зүйлүүдийг засах хэрэгтэй.

-Таныг Үндсэн хуулийн эдийн засгийн асуудлаар илтгэл хэлэлцүүлж байсныг санаж байна. Одоо бас энэ талаар ганц нэг хүн ярьж эхлээд байна. Үүнийг Үндсэн хуульдаа тусгах шаардлага, үндэслэл юу вэ?

-Одоо дэлхий дээр шинээр гарч байгаа эрх зүй, улс төрийн ихэнх онол төрийн эрх мэдлийг яаж хязгаарлах вэ гэдэг дээр төвлөрч байна гэж хэлж болно. Үндсэн хуулийн эдийн засгийн онол түүний нэг мөн. Гол санаа нь төр гэж нэрлэгдээд байгаа тэрхүү хүмүүсийн улс төр, эдийн засгийн том, том шийдвэрүүдийг гаргах тоглоомын дүрмийг Үндсэн хуульд суулгаж өгье гэдэг. Бусад хуульд байхаар тэд тэр хуулийг засаж байгаад шийдвэрээ гаргачихдаг. Яг л Оюутолгойн гэрээ хийхийн өмнө ашигт малтмал, байгалийн нөөцийн болон татварын баахан хууль зассан шиг. Харин Үндсэн хуульд байвал засаж чаддагүй.

Ардчилсан орнуудын Үндсэн хуульд санхүү эдийн засгийн нэг бүлэгтэй болсон. Манайд байхгүй. Үүнээс болоод бидэнд бус бусдад ашигтай төрийн том шийдвэрүүд гарсаар байна. Хоёр толгой ашиглаад эхлэхээр бид чинь амьдрал сайжирна гэж хүлээж байсан. Одоо албаны хүмүүсийн амнаас “тавиад туусан”, “дуусаа” гэх ухааны юм гарч байна. Үндсэн хууль төрийг хязгаарладаг, хүний эрхийг хамгаалдаг хүч юм бол үүнийг тусгахгүй юу тусгах билээ. Жишээ нь, жил бүр алдагдалтай төсөв баталж, байхгүй мөнгө төсөвлөж байгаагаа зарцуулж сууна. Тэгээд хуулиа биелэхгүй болохоор тодотгол гээч юм хийнэ. Үндсэн хуульд “Төсвийн орлого, зарлага тэнцвэртэй байна” гэсэн заалт байвал тэгээд л дуусаа. Германы Үндсэн хуульд тийм заалт бий. Одоо Монгол Улс өрөнд баригдсан, улс хэврэгшиж байгаа тухай амтай болгон ярьдаг. Өрийн таазаа нэмж байгаад л өр үүсгээд байдаг. Үндсэн хуульд үүнийг зааж болно. 68 хувийн татвар гээч юм гаргаж ирээд алтаа хууль бусаар гадагшаа цөөнгүй жил алдсан. Энэ бас л Үндсэн хуулиар зохицуулж болох зүйл. Энэ мэт татвар, санхүү, эдийн засгийн гол гол стандарт, хязгаарыг Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл мөн ч олон юм голдрилдоо орно доо. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг гэдэг. Үндсэн хуулийн эдийн засгийн тэр стандарт, хязгаарыг бид зохиох хэрэг бас байхгүй болсон. Ойлгох, ухаарах л хэрэгтэй. Жорыг хүн төрөлхтөн бэлхэн бүтээсэн байна.

-Үндсэн хуулийн нэг бүлэг шүүх эрх мэдэлд зориулагддаг. Тиймээс шүүх засаглалын хүрээнд хийх ёстой Үндсэн хуулийн өөрчлөлт байгаа юу?

-Энэ бол жич ярихаар том сэдэв. Гэвч асуусан болохоор товчилж хэдэн зүйл хэлье. Ихэнх улс орны Үндсэн хуульд “Шүүх эрх мэдэл нэгдмэл байна” гэсэн нэг гүнзгий утгатай заалт бий. Ийм заалт манайд байхгүй. Нэгдмэл бус байгаа учраас шүүх эрх мэдлээс бусад эрх мэдэлтэй хяналт, тэнцвэр хангагдахгүй байгаа. Бүр тодруулбал шүүх эрх мэдлээс нөгөө хоёр эрх мэдлийг хянаж чадахгүй байгаа. Үүний тулд Цэцийн гишүүдийг УИХ томилдогийг юуны түрүүн болих хэрэгтэй. Цэцийг улс төрийн шийдвэр гаргалаа гэж шүүмжилдэг мөртлөө энэ томилгоогоор улс төрийн байгууллага болгосноо бид ярьдаггүй. Германы энэ тогтолцоог дэлхий шүүмжилж байгаа шүү. Манайхан болохоор “Германд тийм байдаг” гээд хаах маягтай. Нөгөө талаас шүүхийн эдийн засгийн баталгааг Үндсэн хуулиар хамгаалах цаг болсон. Одоо нэг ёс төдий заалт байгаа тэр нь ямар ч хүчгүй лоозон мэт зүйл болсон. Шүүхийн төсвийг дуртай хүн санал гаргаад хасдаг. Үүнийг болиулахын тулд шүүхийн төсвийг улсын төсвийн тодорхой хувь байхаар зааж түүнийг индексжуулэх эсвэл төсөвлөсөн төсвийг бууруулахгүй байхыг хатуу хуульчлах боломжтой. Гэхдээ огцом дураар өсгөхийг бас хязгаарлах гэх мэт олон арга байж болно. Өөр нэг асуудал бол цаазын ялгүй гэдгээ Герман шиг Үндсэн хуульдаа заачих хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ ороо бусгаа цагт хөөрсөн түмэнд хөтлөгдөн нэг өдөр цаазтай болчихыг үгүйсгэхгүй. Шүүгчийн насны асуудал бий. Одоо хэт залуу байгаа. Бас шүүгчийг туршилтын хугацаатай болгож болно.

Шүүхийг бүтэн гурван жил бужигнуулсан, зарим хүн мушгиж тайлбарлаад байдаг Үндсэн хуулийн 48.1-ийг олон улсын жишиг, “шүүхийн тогтолцоо” гэсэн захын толь бичигт байдаг дэлхий нийтийн ойлголтод нийцүүлэх хэрэгтэй. Давж заалдах шатны шүүхээ “аймгийн шүүх” гэж хуучны ярианы хэлээр Үндсэн хуульдаа биччихээд түүнийгээ аймагт шүүх байна гэж тайлбарлаж суудаг тэнэг хүн одоо дэлхийд ховор болсон шүү. Анхан, давах, хяналтын шатны шүүхтэй байна гэж л бичдэг. Энэ нь их утгатай. Хаана шүүх байхыг Үндсэн хуулиар зохицуулдаггүй. Зохицуулж болдоггүй. Хаана хэрэгцээ үүснэ тэнд шүүхийг байгуулж болно .Тэр бололцоо бүрийг урьдчилж Үндсэн хуульд бичих бололцоо байхгүй. Хаана байгуулах хэрэгцээ төрнө тэр үед нь парламент хууль гаргаж шийддэг ёстой. Хүний гомдох эрхийг шүүхийн шатуудаар хангуулах нь Үндсэн хуулийн эрх зүйн гол асуудал. Бид ядахдаа Үндсэн хуулиар юуг зохицуулдаг, юуг зохицуулдаггүйг бодмоор, мэдмээр байгаа юм.

Өөр нэг чухал асуудал бол Монгол Улсын шүүх бүхэлдээ дагначихлаа. Энэ бол Ерөнхийлөгчийн шүүхийн шинэтгэлийн бодлогын маш том, түүхэн ололт. Үүнийг дагуулж Улсын дээд шүүхийг бас шинээр харах хэрэгтэй болж байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүх дагначихаад байхад Дээд шүүх нэгдмэл байх шаардлагагүй. Одоогийн гурван танхим бараг л бие даасан шүүх болсон. Хоорондоо сэлгэж, шилжихийг хуулиар хориглосон. Тийм учраас нэгдэж хийх ажил хэрэг дээрээ байхгүй. Энэ нь Эрүү, Иргэн, Захиргааны дээд шүүх хэрэг дээрээ бий болсныг харуулна. Энэ фактыг Үндсэн хуулиар баталгаажуулж болно.

Эх сурвалж: “Өдрийн сонин”  2016.11.11 №260/5525/

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …