ДОХ анх дэлгэрснээс хойшхи 35 жилийн хугацаанд олсон амжилтаараа бид бахархахын сацуу 2030 онд ДОХ-ын тархалтыг зогсооно гэсэн хамтын зорилтдоо хэрхэн хүрэх билээ гэдгээ бодолцох ёстой билээ.
Энэ өвчнийг шийдвэрлэхэд том ахиц гарсан. Төлөвлөснөөс илүү олон хүн эмчилгээнд хамрагдаж чадсан. 2010оноос хойш жирэмсэн эхээс ХДХВ-ийн халдвар авсан хүүхдийн тоо даруй хоёр дахин буурлаа. ДОХ-ын улмаас нас барж буй хүний тоо жилээс жилд буурсаар байна. Үр дүнтэй эмчилгээний үр дүнд ХДХВ-ийн халдвартай хүмүүс урт удаан амьдарч байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд эмчилгээнд хамрагдсан хүний тоо дахин нэмэгдэн 18 саяд хүрлээ. Хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж чадвал Дөт замаар 2030 он гэхэд эмчилгээнд хамрагдсан хүний тоог 30 саяд хүргэх боломжтой.
Эхээс урагт халдвар дамжихаас сэргийлэх ХДХВ-ийн эмчилгээг шаардлагатай байгаа эхчүүдийн 75-аас дээш хувьд нь өнөөдөр хүргэж чадаж байгаа билээ.
Тодорхой ахиц гарч байгаа ч олсон амжилт хэврэг хэвээр байна. ХДХВ-ийн тархалт өндөр улс орнууд, ялангуяа Өмнөд Сахарын бүс нутгийн залуу эмэгтэйчүүд илүү өртөмхий хэвээр байна. Хүн амын зарим бүлэг ХДХВ-ийн халдварт түлхүү өртөж байна. Судсаар мансууруулах бодис хэрэглэгчид, гей эрчүүд, эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог бусад эрчүүдийн дунд ХДХВ-ийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Гадуурхалт, гутаан доромжлол, хууль эрхүйн орчин Зүүн Европ, Төв Азийн зарим оронд ДОХ-ын тархалтыг өрдсөөр байна.
Санхүүгийн боломжгүй хүмүүст аль ч оронд тусламж үйлчилгээний хүртээмж хомс хэвээр, ял шийтгэл, ялгаварлан гадуурхалтын улмаас халдварын тохиолдол нэмэгдэж байна. Охид, эмэгтэйчүүд илүүтэй уг халдварт өртсөн хэвээр.
2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл санаа нь “хэнийг ч орхигдуулахгүй байх” тухай юм. ДОХ-ын асуудлыг шийдвэрлэхэд ч энэ үзэл санаа юунаас ч илүү чухал. Нас залуу, эрсдэлтэй, нийгмээс гадуурхагдсан хүмүүсийг дэмжсэнээр халдварын тархалтын чиглэлийг өөрчилж чадна. НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн стратеги нь Тогтвортой хөгжлийн зарим зорилтууд, тухайлбал боловсрол, жендерийн тэгш байдал, хүний эрхтэй нягт уялдаатай. Мишель Зидибегийн манлайллын дор НҮБ, НҮБ-ын Нэгдсэн хөтөлбөр энэхүү тахлыг эцэслэх шинэлэг, илүү үр дүнтэй арга зам олохын төлөө ажиллаж байгаад миний бие талархаж явдаг.
Дэлхий нийт ДОХ-той тулгарсан эхний арван жил үүний эсрэг авч буй арга хэмжээг сул, хангалтгүй, газар бүр харилцан адилгүй байгаа явдалтай халдварт өртсөн олон нийт эвлэрэхгүй, эсэргүүцэж байсан үе бий. эх хүүхдийн эрүүл мэндийг хангах, эмчилгээний өртгийг бууруулах, үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох чиглэлээр ахиц дэвшил гарахад тэдний зоримог тэмцэл том түлхэц болсон.
Энэхүү нугаршгүй үзэл санаанд бид бүгдээрээ нэгдэх хэрэгтэй. ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах Дэлхийн энэ өдөр бидэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө цөхөршгүй хөдөлмөрлөж буй манлайлагчид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, НҮБ-ын албан хаагчид, хувийн хэвшлийн байгууллагуудад бид талархах ёстой.
Миний НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт хугацаа дуусгавар болох дөхөж байгаа энэ мөчид “ДОХ-гүй дэлхийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэж та бүхэнд хандан уриалж байна.
Бан Ки-Мүүн
Орчуулсан: НЭМХ