Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн байгууллагуудад хяналт тавьдаг улсын байцаагч нар “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент” сургалтад хамрагдан, одоо мөрдөгдөж буй тушаал шийдвэрүүдийн хэрэгжилт болоод өөрчлөх шаардлагатай дүрэм журмын талаар хэлэлцэж, 2017-2020 онуудад хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гаргах юм.
Тус сургалтаар:
“ЭМБХХМ-ийн олон улсын ба үндэсний эрх зүйн орчин, зохицуулалт, бодлогын асуудлууд”
“ЭМБХХ-ын эрүүл мэнд, орчинд учруулах эрсдэл”,
“ЭМБХХ-ын ангилан ялгалт, хаяглалт, харьцах, цуглуулах”
“ЭМБХХ-ыг эмнэлэг дотор зөөвөрлөх, түр хадгалах, эмнэлгээс гадагш тээвэрлэх”
“ЭМБХХМ-ийн хөндлөнгийн хяналтыг боловсронгуй болгох талаар Олон улсын зөвлөхийн өгсөн зөвлөмж” гэх мэт сэдвүүдийн дагуу мэдээлэл хийж байна.
Монгол улсад хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр үндэсний 329 стандартыг мөрдөж байгаагийн 33 нь хүрээлэн буй орчны хамгаалал, 10 нь хог хаягдал, 96 нь агаарын чанар, химийн шинжилгээ, 133 нь усны чанар, химийн шинжилгээ, 40 нь хөрсний чанар, химийн шинжилгээний стандарт байдаг аж.
Түүнчлэн хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахаар Эрүүл ахуйн тухай хуулийг боловсруулж, 2016 онд мөрдөж эхэлсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал нь орчны эрүүл мэндийн асуудалд чухал бөгөөд манай улсын хувьд 2009 оноос эхлэн тушаал шийдвэр гарч, улсын төсвийн зардлаар болон олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдээр санхүүжүүлж, шаардагдах тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг авч байжээ. Тухайлбал,
Ø УБ хотод байгуулах эмнэлгийн хог хаягдлын төв байгууламж, хуванцар болон хурц үзүүртэй зүйлд зориулсан савыг дахин хэрэглэхээр боловсруулах байгууламж
Ø Дархан, Орхон аймагт барих эмнэлгийн гаралтай химийн хог хаягдлыг түр хадгалах байр
Ø 21 аймгийн 151 сумыг эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх жижиг оврын автоклав
Ø НЭМҮТ, Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Төв зэрэг 10 аймгийн 28 суманд 203.928.503 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хог хаягдлын 16 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл
Ø Өвөрхангай, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл, Завхан зэрэг 10 аймгийн 35 суманд 15 нэр төрлийн 352.0 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл
Ø Архангай, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв зэрэг таван аймгийн нэгдсэн эмнэлэг, 88 суманд 5 нэр төрлийн 637.662.025 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг тус тус нийлүүлжээ.
Тус сургалтыг ЭМЯ, ЭМСХХ-5, МХЕГ хамтран 12 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.