Зам, тээврийн хөгжлийн яамныхан хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч Цементбетонон хучилттай авто зам барих боломжийг судалж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээтэй автозамыг энэхүү технологиор барьж байгуулахад давуу болон сул тал, шийдвэрлэх боломжийн талаар танилцуулга хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр урт хугацаатай, бага хүүтэй зээлийн боломжийг судалж, дотоодын үйлдвэрлэгчдийн нөөц боломжийг ашиглан, тэдний үйл ажиллагааг дэмжих үүднээс харилцан санал солилцсон байна. Энэхүү уулзалтад ЗТХЯ-ны удирдлагууд, Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Зам, тээврийн хөгжлийн төв болон Хөтлийн цемент, Монцемент болон автозам барилгын компани зэрэг байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцлоо.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд цементийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, Улаанбаатар хотод 4, Дорноговь аймагт 3, Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Ховд аймагт тус бүр нэг үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг байна. Цаашид бусад аймгуудад жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэрүүд ашиглалтад орохоор төлөвлөгдөөд байгаа аж.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Жилд 2-3 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний үйлдвэрүүд байна. Тиймээс гаднаас түүхий эд худалдаж авалгүй дотоод нөөц боломжоо ашиглан, автозам барьж байгуулах боломж бий. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг асфельтан хучилтаар барьж байгуулахад 30 орчим сая долларын битум ашиглах тооцоо гарсан. Тиймээс гаднаас түүхий эд худалдаж авалгүй дотоод нөөц боломжоо ашиглан энэхүү замыг барьж байгуулах хэрэгтэй” хэмээн уулзалтын үеэр онцлов.
Одоогоор Монгол Улсад Жилдээ 6,9 сая тонн цемент жилдээ үйлдвэрлэх хүчин чадал бий. Цаашид 2030 он гэхэд жилд 1000 км зам барих хүчин чадал байгааг мэргэжлийн хүмүүс тодотголоо. Тэд Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа цемент автозамын барилгад ашиглаж болох эсэхэд томоохон судалгаа хийсэн байна. Зам, тээврийн барилга байгууламжид зориулсан цементэд ОХУ-ын стандартыг нутагшуулах шаардлагатай талаар мэргэжилтнүүд хэлж байлаа. Ингэхдээ нягтаршилт, бэхжилт, стандарт, усны шинжилгээ, зориулалт, элс, хайрга, чулууны хими физикийн үзүүлэлт гэх мэт маш нарийн үзүүлэлтийг харгалзан үзэх шаардлагатай талаар танилцуулав. Цементийн шинжилгээнд нийт 14 төрлийн шинжилгээ хийгддэг бөгөөд замын хучилтад зориулсан цементэд нэмэлт шаардлагууд тавигддаг юм байна. Цементбетоноор баригдсан Нарийнсухайт-Шивээхүрэн, 32-ын тойргын зам, Ханбогдын айродром, Сонсголонгийн замуудын жишээн дээр асфелтан болон цементбетон автозамын давуу болон сул талуудыг хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
Цементбетон хучилт нь асфелтан хучилтаас чанарын хувьд ихээхэн давуу талтай бөгөөд 50-60 жил ашиглагдах боломжтой. Мөн геологийн хүндрэлтэй нөхцөлд тохиромжтойгоос гадна дугуйн даралтад хотойдоггүй юм байна. Ингэснээр түлш хэмнэгдэх ач холбогдолтой бөгөөд гадаргуугийн хувьд богино хугацаанд зогсох давуу талтай аж. Үнэ өртгийн хувьд 20 жилийн дараахтай харьцуулахад цементбетон маш хямд тусдаг талаар танилцууллаа. Экологийн талаасаа 10 хувь бага халалттайгаас гадна цайвар учраас гэрэл ойлголт илүү гэж үздэг тул цахилгаан, гэрэлтүүлэг хэмнэх юм. Түүнчлэн дотоодын үйлдвэрүүдээ дэмжих эдийн засгийн ач холбогдолтой гээд давуу талууд олон аж. Харин хагарал үүсэх, хучилтийн барих хугацааны асуудал уртсах дутагдалтай ч эдгээрийг шинэ технологи, стандарт нутагшуулж, шийдвэрлэх боломжтой юм байна.
ЗТХЯ