Бурханч лам Г.Пүрэвбат: Айл гэрийн сүр сүлд нь эр, эм хоёр

-Монгол эмэгтэйчүүд эртнээс хүүхдээ төрүүлэхдээ жил сарыг онцгойлон анхаардаг байсан гэдэг. Тэр тусмаа бар, морь жилд төрсөн хүний үр хүүхэд хойшдоо хэцүүхэн амьдралыг туулдаг гэх юм. Энэ үнэний ортой болов уу? 

-Эмэгтэй хүмүүстэй холбогдсон зүйлүүдийг ажиглаж байхад эм хүний хувь заяа эр хүнийхийг бодвол хувирамтгай байдаг. Учир нь эцэг эхээс төрсөн өөрийнх нь хувь заяаны төөргөөс гадна ямар жилд бэр болсноос хамаарч тухайн хүний амьдрал ямар байх вэ гэдэг нь шийдэгддэг. Анхны сарын тэмдэг ирсэн сараас, мөн анх эр хүнтэй учирсан буюу онгон хальс хөндөгдсөн өдөр, сараас, анхны үр хүүхэд гаргасан нас жилээс хамаарч эмэгтэй хүний хувь заяа өөр болдог. Түүнээс биш үр хүүхэд ямар ч жилд төрж болно. Хүн өөрөө өөрийн амьдралын сайн муу явах бүх хувь заяагаа атгаж төрдөг учраас тийм жилд төрвөл хэцүү амьдрал туулна гэсэн юм байхгүй. Тэр тусмаа эрдэнэт хүний биеийг олж төрөх нь буянаар төрдөг гайхамшигт төрөл. “Сайхан төрөх заяаных, сайн амьдрах бол санааных” юм. Тэгэхээр бидний сайн муу явах нь өөрийн сэтгэл хэр зэрэг гэгээлэг, авах гээхийн сургаалыг хэр зэрэг ухаарсан, амьдралд тэмүүлж өөрийгөө боловсруулж байгаа оюуны цар хүрээнээс амьдралынх нь ирээдүй сайн муу байх нь шалтгаална. Төрсөн жилтэй холбоотой төөрөг заяа бий. Гэхдээ төөрөг заяагаа хэрэгжүүлэн хувиргаж сайн муу болох нь хүн болгоны өөрийнх нь гарт байдаг юм. Тэгэхээр “Би ийм л заяа төөрөгтэй” гэж эвлэрээд, “Ийм од гарагт төрчихсөн тэгээд ингэж байна” гээд заяа төөрөгтөө дарагдаж амьдарвал сайн заяат хүний төөрөг биш. Энэ бол муу заяатын үйл. Харин заяа төөргөө хөгжүүлэн давж түүнийгээ чанаржуулж амьдардаг нь сайн заяат хүний ёс юм,

-Зарим гэр бүлд үр хүүхэд тогтдоггүй тал байдаг. Үүнд ямар нэгэн шалтгаан байна уу?

-Зарим хүмүүст үр хүүхэд тогтдоггүй, тогтсон ч үр хүүхэд нь эмзэг байх тал бий. Үүнтэй холбоотой гадаад болон дотоод, бүр нууц шалтгаан ч бий. Энэ бүгдийг засах тэр тусмаа үрийн заяа тогтдоггүй хүмүүст туслахын тулд “Хөвүүн асрагч охин тэнгэр” буюу “Бүзи Лхамо” гэдэг бурханыг тахиулах, бүтээлгэх, “Ногоон дарь эх” бурханы өмнөөс үрийн заяа дууддаг. Дуудах дуудахдаа удам залгах сайн заяат үр дууддаг. Мөн үр удмын хишгийн даллага гэх мэтчилэн олон янзын зан үйлийн тогтсон аргууд бий. Энэ бүхний шалтгаан нь эр эм, эцэг эх хоёрын нийлэмж таарамжаас, мөн аль нэгнээс нь шалтгаалж байж болно. Бас эр эм хоёрын тухайн үйлийн үр, бие эрхтэнтэй холбоотой байх гээд янз бүрийн олон шалтгаан байж болох тул энэ болгонтой холбоотой янз янзын зан үйлүүд гарсан байдаг. Үүнийг олон талаас нягтлан нарийн үзэж байж мэднэ дээ. Түүнээс биш ганц нэг шалтгаанаас үүдээд үр хүүхэд тогтохоо больсон гэж болохгүй. Яагаад гэвэл хүн болгон өөр өөр төөрөг хувь заяатайгаас гадна хүн болгоны явдал үйл хязгааргүй учраас тогтоон томъёолж хэлэх аргагүй юм.

-Жирэмсэн эх шинэ төрөх хүүхдээ сайн хүн болгоё гэвэл хэдийд ямар зүйлийг анхаарвал зохилтой вэ?

-Эх хүн бие шалтгаантай болсноос хойш хажуулдаж амраад байдаггүй. Далийж суухгүй, янз бүрээр хэлбийж зогсохгүй, нийлэмжгүй зүйлийг идэхгүй, огтолсон зүйл нь тэгш бус бол иддэггүй, түшлэгтэй сандалд суудаггүй, нүдээр аливаа зохисгүй зүйлийг харахгүй байхыг хичээж, чихээр янз бүрийн хурьцангуй дуу сонсохгүй байх хэрэгтэй гэхчилэн бие давхар эхийн явдал суудал, идээ унд, сэтгэлийн төлөв байдал лугаа холбогдсон хэвлийд хүүхдийг хүмүүжүүлэх заншил бий. Өглөө үдэш уянгалаг сайхан шүлэглэл, дуулал сонсож төв, чигч, дандаа сайн зүйлийг хэлж сонсож явах юм бол төрсөн хүүхэд нь төлөв төв шударга, эрдэм нь хүнээс хэтэрхий болно гэсэн байдаг.

-Тэгвэл үр хүүхдээ бүр хэвлийдээ байхаас нь сурган хүмүүжүүлж болох нь ээ?

-Тийм. Үүнийг хэвлий дотор үр хүүхдийг сургамуй гэж хэлж байгаа юм. Хүүхдийг хэвлий дотор хүмүүжүүлж сургана гэдэг эх эцэг хүний үүрэгтэй шууд холбоотой. Жирэмсэн үедээ эх хүн янз бүрийн юм нэхэхийг цээрлэдэг. Учир нь гэдсэн дэх хүүхэд хүйндээ ороолдоно гэж үздэг. Мөн олс дээсэн дээр алхуулдаггүй. Бие давхар үед өмнүүр нь хөндлөн гулд гардаггүй гэх мэтчилэнгийн уламжлалт олон зүйл бий. Ирээдүйд залрах гэж буй тухайн хүнийг хэдий буянаар олдсон ч гэсэн хэвлийд байх үеэс нь зөв сургаж чадаагүй бол гарсан хойноо эргээд гэр бүлийг сайн сайхан явахад зовлон авчрах үр дагаврыг үүсгэдэг учраас анхлан хүүхдийг олсон цагаас нь ариглахыг эрхэмлэх хэрэгтэй.

-Хүүхэд үрчилж авахдаа юуг анхаарвал зохистой вэ?

-Хүүхдийн удам угшил, өөрийнх нь төөрөг, хувь заяаг нарийн харах хэрэгтэй. Өөртэй нь ямар нэгэн үйлийн барилдлага боломжийн байдалд байгаа бол үрчлээд авчихад сайн шүү дээ. Тэгээд ч хүнийг яаж хүмүүжүүлснээс ямар хүн болох нь шийдэгдэнэ. Хүн бурхан хүртэл болж байгаа юм чинь, хүүхдийг багаас нь аваад сайхан хайр энэрлээр өсгөхөд тэр сайн үйлийн хариуд жаргал л ирнэ. Эцэг эхгүй үр хүүхэд авралгүй шүү дээ. Тийм учраас авралгүй зовсон хөөрхий амьтанд амьдрал бэлэглэнэ гэдэг агуу их сэтгэл юм. Өөрийн хүүхэд биш атал үр хүүхдээ болгоно гэдэг агуу их хайр юм. Хүүхэд үрчилж, халамжилж байгаа хүмүүст янз бүрийн үг хэлэлгүй харин талархах хэрэгтэй.

-Монголчууд үр хүүхдээ багад нь өндгөн сүй тавьдаг ёсон байсан гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ их учиртай ёс юм. Эртний балар ёс, бие биедээ хайр сэтгэлтэй болоогүй байхад нь эцэг эх дураараа өөрсдийн тааллаар шийдлээ гэж үздэг нийгмийн үзэл нэг хэсэг хугацаанд байсан. Нарийн шинжлээд үзэх юм бол үүн шиг учир утгатай, гүн гүнзгий ёс байхгүй. Энэ нь уг журмыг мэддэг ухаант хүмүүний нандин ёс байгаа юм. Хүн төрөлхтний сүлд байх энэ амьдралыг цогцлоох уг суурийг ултай суурьтай эртнээс нь хэвшүүлэн тогтоож өгсөн дээдсийн ёс. Угаасаа эр, эм хоёр тус тусдаа өвөрмөц өөр өөр амьтан. Энэ хоёр зохицон нийлнэ гэдэг тун ярвигтай хэрнээ түмэн гайхамшиг гарах гүн увидастай. Эцэг эх нь удам хараад, язгуур үзээд, дараа нь бэрийн зурхай төөргийг хараад шинжинэ. Эр эм хоёр гэр бүл болж нийлэхэд зөвхөн тухайн хоёр хүнийг хувьчлан хардаггүй. Хоёр хадам аав ээжийн жилээс авахуулаад бүх таарамжийг нь хардаг. Тэр бүх таарамжаас гэр бүл болсон хоёр хүүхдийнх нь хувь заяа сайн муу байх нь шалтгаална. Удам муутын заяа муу, эх нь булингартай бол адаг нь булингартай, эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг үг байдаг учраас энэ бүгдийг үзсэний эцэст хувь хүний гадаад шинж, бие хаа, царай зүс, бүгдийг нь харна. Тэгээд “Энэ хоёрын хувь заяа таарамж нь их сайн, бие биенээ тэтгэн хөгжүүлэх буянаар барилдсан заяаны ханийн хувь байх юм бол өөрсдийнхөө удам залгах үр хүүхдийнхээ хувь заяа, аль аль талыг нь бодоод өндгөн сүй багад нь тавьдаг. Багад нь тавьдгийн гол учир нь дасамгай бага насанд нь бие биенд нь дасгадаг. Нэг нь үгүйгээр нөгөөх нь байх аргагүй болж, багаасаа бие биенийхээ зан чанарыг мэдээд эр эмийн харьцаанд орж, амьдралд бие даахаасаа өмнө нэг нэгнийхээ сайн мууг мэдээд хэр баргийн юманд гомдохоо больж бие биенийхээ сэтгэлд уусан шингэсэн байдаг. Тэгээд тэр хоёрыг бие гүйцсэний дараа хуримлуулаад өрх тусгаарлан гаргадаг. Энэ нь нэг хүний амьдралтай холбоотой бус бүхэл бүтэн нэгэн удмын хэлхээ холбоог үл таслах тэдний үйл барилдсан сэтгэлийн залгамжийг ариун зөв үйлээр байнга тэтгэж өгч байх удам угсааны залгамжтай холбоотой юм.

-Ер нь айл гэрийн сүр сүлд эцэг хүнд эсвэл эх хүнд нь байдаг юм уу?

-Айл гэрийн сүр сүлд эр эм хоёр юм. Аль нэгэнд нь голлодог юм биш. Эр нь арга, эм нь билиг юм. Эрд байхгүй зүйл эмд байдаг бол эмд байдаггүй зүйл эрд байдаг. Тэгсэн хэрнээ нэг нь байхгүй байж болохгүй. Хоёулаа байх ёстой. Тэгж байж үр удам, хүмүүн төрөлхтөн зөв оршин тогтнох учир шалтгаан, үүсвэр уг нь гэр бүл дээр тогтдог юм. Тийм учраас гэр бүлтэй холбогдсон бэрийн зурхайгаас авахуулаад эртнээс уламжлан тогтоосон ёс заншлууд байдаг. Энэ бүгдийг судлаад мэдэх юм бол бид байгалийн тогтоосон жамт ёсны нууцыг бүрэн төгс танин мэдэж, гэр бүлийн хослон амьдрах ёс журмыг гаргасан эртний агуу их соёлын гүн гүнзгий ухааныг бишрэхээс аргагүй байдалд хүрнэ дээ. Соёлын бүх үндэс, үнэ цэнэ нь хүмүүн төрөлхтний буй болгосон гэр бүл, эр эм хоёрын харьцаан дээр суурилдаг юм. Тэгэхээр орчлонгийн хамгийн сайхан дүрс юу вэ гэхээр бие биедээ учирсан хоёр хосын нүдэн дэх ханийнх нь дүрсээс илүү сайхан дүр байхгүй. Хорвоо өөрөө ийм нарийн зохион байгуулалттай жамтай учраас эр нэжгээдийн хажууд эм нэжгээд, эм нэжгээдийн хажууд эр нэжгээд хувь заяагаар төрж байдаг. Тэр хоёр хувь заяагаар бие биетэйгээ учрахыг хүсэж байдаг нарийн тогтолцоотой хорвоо. Энэ бүх нарийн жамыг үгүйсгэх юм бол хүмүүний орчлон нэгэн агшинд хоосорно хэмээн номлосон байдаг. Хүмүүсийн хүндлэн дээдэлж мэдэж байвал зохистой зүйл бол эр эмийн хамгийн дээд харьцаа, ариун ёс журам юм. Тэгэхээр зөвхөн гэр бүлийн бус хүн төрөлхтний сүр сүлд эр эмийн харьцаан дээр оршиж байдаг юм.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …