Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.04/ хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг 1999, 2005, 2014 онд тус тус батлан хэрэгжүүлсээр ирсэн ба 2007 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг УИХ баталсан. Үүний үр дүнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчин бүрдэж, өрхийн болон хувиараа бизнес эрхлэгчид албан ёсоор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр ажиллах сонирхол, санаачилга нь идэвхжиж, санхүүгийн дэмжпэгийн эх үүсвэрүүд нэмэгдсэн хэмээн П.Сэргэлэн сайд мэдээллийнхээ эхэнд танилцуулав. Үргэлжлүүлэн тэрээр жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд гарсан үр дүнгийн талаар мэдээлэл танилцууллаа.
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий импортын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлснээр 2009-2016 оны хооронд давхардсан тоогоор 20,1 мянган иргэн, хуулийн этгээд нийт 37,5 тэрбум төгрөгийн гаалийн, 78,8 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын хөнгөлөлт эдэлсэн байна.
- Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээлийн дэмжлэгийг үзүүлэх эргэлтийн санг бүрдүүлэн, тус сангаар дамжуулан 2009-2016 оны хугацаанд нийт 745,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтгэй зээлийг олгожээ. Энэ зээлийн 83,5 хувийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан ба тухайн аж ахуйн нэгжийн ажлын байр, үйлдвэрлэлийн хүчин чадал нь нэмэгдсэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон, зах зээлээ өргөтгөснөөр борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувь нэмэгдсэн гэсэн дүгнэлт мэдээ гаргасан байна.
- 2011 оноос эхлэн Сум хөгжүүлэх сангаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 1-3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ дэмжлэгийн үр дүнд орон нутагт 9272 үйлдвэр, цех шинээр байгуулагдаж, 13909 үйлдвэр, цех үйл ажиллагаагаа өргөтгөж, улсын хэмжээнд 32,9 мянган ажлын байр нэмэгдэн, 20,7 мянган ажлын байр хадгалагдаж үлдсэн байна.
- Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдсанаар 2012-2016 онд 441 зээлдэгчийн 95,3 тэрбум төгрөгийн зээлд 39,1 тэрбум төгрөгийн батлан даалт гарган зээл авах боломжийг бүрдүүлж, батлан даалтын хүртээмжийн хувьд нийт батлан даалтын 79,6 хувь нь Улаанбаатар хотод, 20,4 хувь нь орон нутгийн зээлд гаргасан аж.
Үргэлжлүүлэн тэрээр үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах ажлыг тогтмолжуулах, гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, төрийн өмчийн худалдан авалтад дотоодын бүтээгдэхүүний эзлэх хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулсан.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарт нийт 2 мянга орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 13 мянган хүн ажиллаж байгаа аж. Хүнсний боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 2016 оны 11 дүгээр сарын байдлаар 941.1 тэрбум төгрөгт хүрчээ. Хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцоход 2016 оны урьдчилсан дүнгээр хүнсний 8 гол нэрийн бүтээгдэхүүний 78 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа тул хүнсний хангамж тогтвортой гэж үзсэн байна. Хүнсний салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын арга хэмжээний хүрээнд тус салбарын импортын хэмжээ жил дараалан буурч байгаа бөгөөд 2016 оны эхний 11 сарын байдлаар 298.2 сая ам долларын хүнсний бэлэн бүтээгдэхүүн импортолжээ. Хүнсний салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын түвшинд хийж буй өөрчлөлт, зорилтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн дэлгэрэнгүй танилцуулсан.
Мөн тэрээр хөнгөн аж үйлдвэрийн өнөөгийн байдал болон цаашид хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлээр 2000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 35.0 мянган ажилтан ажиллаж байна. Хөнгөн үйлдвэрлэлийн борлуулалт 2016 оны байдлаар 1.1 их наял тегрөг байгаа нь өмгорсон оны мон үетэй харьцуулахад 15,2 хувиар буурчээ. Цаашид дотоодын түүхий эдийн нөөцөд суурилсан боловсруулах үндэсний үйлдвэрийг хөгжүүлэхдээ түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатыг боловсронгуй болгох, тооноос чанарт шилжих, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлах зорилт тавин ажиллаж байгаа аж. Үүний тулд Үйлдвэржилт 21:100. Ноолуур үндэсний хөтөлборийг боловсруулж хэрэгжүүлэхээс гадна холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаарх салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Жавхлан, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, тодрууллаа. Иргэдийн ажил эрхлэлт, орлого, амьжиргааны түвшинтэй шууд холбоотой жижиг, дунд үйлдвэрлэлийг орон нутагт нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ямар ажлыг салбарын яам хийж байгааг тодруулсан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн асуултад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулт өгсөн.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд Монгол Улсын үйлдвэржилтийн газрын зургийг гаргахаар яам ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан бэлэн болгохоор ажиллаж байгаа аж. Энэ зургийг гаргаснаар яамны зүгээс тухайн орон нутгийн онцлог, хүний нөөц, бүтээгдэхүүний нөөц, зах зээлд тохирсон үйлдвэрлэлийн бодлогыг явуулах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
2009-2016 оны хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр олгосон 745.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хэчнээн хувь нь орон нутагт хуваарилагдсан талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун асуусан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр олгосон зээлийн чанар сайн гэдгийг салбарын сайд тайлбарлав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр олгосон зээл, төслүүдийн хэрэгжилт, санхүүжилтийн зарцуулалтыг хянах, үр дүнг үнэлэх зорилгоор 21 аймгийн 166 сум, нийслэлийн есөн дүүрэгт ажиллан, 319.7 тэрбум төгрөгийн зээл авсан 1680 төслийн 88 хувьд мониторнг хийсэн байна.
Мониторнг хийсэн 1479 төслийн зээлийн хэрэгжилт 95.9 хувь нь хэвийн байгаа аж. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн нийт зээлийн 70 хувь нь нийслэлд, 30 хувь нь орон нутагт олгогдсон дүнтэй байдаг байна. Цаашид тус сангийн санхүүжилтийг тогтвортой байлгах нь чухал бөгөөд зээлийн эргэн төлөлтөөр дараа дараагийн зээлийг олгох зохицуулалтын хүрээнд жилд дунджаар 20 орчим тэрбум төгрөгийн зээл олгох бололцоотой гэсэн тооцоолол байгааг мөн П.Сэргэлэн сайд хэлж байв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, салбарын яамнаас экспортыг дэмжих хүрээнд ямар салбаруудад бодлогоор дэмжлэг үзүүлж байгааг лавласан. Одоо экспортолж буй бүтээгдэхүүнүүдээс гадна эмийн ургамал, цай, сүү сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа бяслаг, зөгийн бал, жимс жимгэний төрлийн бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд гаргах боломжтой хэмээн үзэж, хөрш орнуудад зохиогдох үзэсгэлэн худалдаанд оролцуулах, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжихээр төлөвлөн ажиллаж байгааг П.Сэргэлэн сайд мэдээллээ.
Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хэлсэн юм. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн санхүүжилт бүр өөрийн өртөгтэй гэдгийг тооцож, санхүүжилтийг түгээх тогтолцоог зөв горимоор нь үргэлжлүүлэх нь чухал болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан сануулж байв.
Монгол Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг олон жил ярьж, ажиллаж байгаа хэдий ч бодит үр дүн гарахгүй байгааг гишүүд шүүмжилж байсан юм. Мөн энэ чиглэлээр олгогдож буй хөнгөлөлттэй зээл зохих эзэддээ хүрч, зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг нягталж байх нь чухал гэдгийг хэлж байв. Жижиг дунд үйлдвэрлэл бол ажиллах хүчний багтаамж ихтэй, эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг тооцож төр засгаас зөв бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй гэдгийг мөн энэ өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.