Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа.
Энэ сарын 06-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25.0 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 217 буюу 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм. Орны ачааллын хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 50.9 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 34.4 хувь, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 33.2 хувь, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 22.9 хувиар хэтэрчээ. Насанд хүрэгсдийн орны 26.0 хувийг буюу 281 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 596 орыг нэмэлтээр гаргажээ. Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар зорьсон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт тус эмнэлгийн удирдлагуудын зүгээс өвчтөнүүдэд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалтын тухай цаг үеийн мэдээлэл хүргэсэн юм.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгосон байна. Тус дүүргийн Онцгой байдлын газраас 30 эвхдэг ор авчээ. Мөн физик, уламжлалт эмчилгээ, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвчтөнүүдээ хэвтүүлсэн аж.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 1980-аад оны үед 50-60 мянган хүнд үйлчлэх тооцооллоор батлагдсан нийт 165 ортой ч, өдгөө 110 мянга гаруй хүүхдэд үйлчилж буй юм байна. Тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Амьсгалын замын цочмог халдвар нь хүндэрч, хатгалгаа болсон хүүхдүүд ихээр ирж байгаа. Тоглоомын болон сувилагчийн өрөөнүүдийг ашиглан хүүхдийн ор тавьсан. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдүгээр амбулаторид нэмэлтээр 50 ор гарган, хүүхдийн III тасгийг нээснээр өвчтөнүүдийг коридорт хэвтүүлж эмчлэх асуудал байхгүй болсон. Эмч, сувилагч, асрагч нарын ээлжинд гарах тоо, ажлын цагийг нэмэгдүүлсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс ойрын хугацаанд нярайн хиймэл амьсгалын аппарат шийдэж өгөхөөр болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувьд, шаардлагатай зарим асуудлыг шийдэж өгсөн. Одоогийн байдлаар, манай эмнэлэг 200-гаад сая төгрөгийн эм тарианы нөөцтэй байна. Ялангуяа вирусээр үүсгэгдсэн өвчлөлд “Тамифлю” эм өндөр үр дүнтэй байгаа хэмээн мэдээлэл өглөө.
Мөн тус эмнэлгийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Оюунчимэг “Сүүлийн үед амьсгалын замын халдварт өвчин тусч, уушгины үрэвсэл болж хүндэрсэн нярай хүүхэд нэлээд ирж байна. Суурь өвчтэй хүүхдүүд бас ирдэг. Ялангуяа зүрхний гажигтай хүүхдүүд уушгины үрэвслээр хүндэрч ирэх нь нэмэгдсэн. Манай тасаг нийт таван ортой ч, өнөөдрийн байдлаар бусад өрөөг ашиглан арван хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өвчтөнүүд маань 3-5 хоногт эмчлүүлээд хүүхдийн тасагт шилждэг. Мөн 50 ортой III тасгийг шинээр нээсэн учраас коридорт хэвтэх асуудал гарахгүй байгаа. Эм тариа, тоног төхөөрөмжийн хувьд одоогоор хүрэлцээтэй л байна, дутагдсан юм алга. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол үнэхээр муу байна. Эмийн хордлогод орсон хүүхдүүд их ирж байна шүү. Эрчимт эмчилгээний тасагт байгаа хоёр хүүхдийн нэг нь л гэхэд парафцетамолын хордлоготой, эмнээс шалтгаалсан хүндрэл гэсэн оноштойгоор ирсэн. Нөгөө хүүхдэд мөн л гэрийн нөхцөлд хүчтэй эмийг өндөр тунгаар уулгаснаас болж, таталт өгөөд ирсэн байгаа. Тиймээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхдээ ханиад хүрсэн үед нь хүчтэй эм бэлдмэл, ялангуяа антибиотикийг дур мэдэн битгий өгөөч ээ. Өрхийн эмчээс эхлээд тодорхой шатлалын дагуу эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй. Хэн нэгний зөвлөсөн эмийг хүүхдэдээ уулгаж болохгүй. Парацетамол гэхэд л маш олон төрөл бий. Энэ эмийн найрлагатай элдэв төрлийн эмнүүдийг хамтад нь өгөөд хүүхдээ хордлогод оруулах эрсдийг үүсгээд байна шүү дээ. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод эмэнд дасалтай нянгуудаар уушги үрэвссэн үед эмчилгээний үр дүн тааруу болох нь элбэг. Өргөн хэрэглээний антибиотикууд эмчилгээний үр дүн муутай учраас уушгины үрэвслийг дарахад сүүлийн үед гарсан хүчтэй эмнүүдийг хэрэглэж байна” гэж нөхцөл байдлынхаа тухай ярилаа.
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дээрх эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Амьсгалын замын халдварт өвчлөл ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн болон сэхээний тасгаар орж үзлээ. Бид бүхэн цаашид Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Батлан хамгаалах яамны нэгдсэн эмнэлэгт ойрын хугацаанд 50 ортой хүүхдийн тасгийг нээнэ. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нээсэн 17 ортой хүүхдийн тасгийг өргөжүүлэн 35 ортой болгохоор төлөвлөсөн. Дүүргүүдийн хувьд ялангуяа Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг ачаалал ихтэй байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж байна.
Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдсан. Энэ өвчлөлийн үе шат гуравдугаар сар хүртэл хамгийн их ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлага болон салбарын сайдын зүгээс өнөөдрийн нөхцөл байдлын талаархи тодорхой мэдээллүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаас авлаа. Цаашлаад урьтал үе буюу агаар дуслын замаар дамждаг амьсгалын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан тодорхой хэмжээнд хориг тавих арга хэмжээг авах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Их, дээд болон ЕБС-ын сурагчдын амралт эхлээд байгаа энэ үед сургалт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан бусад газарт үйлчлүүлэх хүмүүсийн тоо цөөрөөгүй хэвээр байна. Тиймээс зарим аж ахуйн нэгж байгууллага, сургалтын газрын үйл ажиллагаанд түр хугацаагаар хязгаарлалт тавих асуудлыг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцэж байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт нийт батлагдсан 81 ор байдаг ч, одоогийн байдлаар 182 хүүхдэд үйлчилж байна. Оройн 20:00 цагаас хойш ханиад нь хүндэрч хатгалгаа болсон хүүхдүүд нэмэгдэж ирэхэд ор хүрэлцэхгүйн улмаас эмнэлгийн коридорт тогтмол 10-15 орыг хүүхдүүдэд нэмэлтээр тавьж өгдөг. Нийт орны ачаалал нь бүр 100-гаар хэтэрсэн, ийм хүндрэлтэй нөхцөл байдалд эмнэлгийнхэн хэвтсэн хүүхдүүдээ эрчимтэй эмчилж, коридорт байгаа өвчтөнүүдээ зориулалтын өрөөнд даруй оруулахыг зорьж ажиллаж байна.
Эрүүл мэндийн төвийн энэ барилга өмнө нь Үнэ, стандартын газрын барилга буюу дарга нарын өрөөнүүд байсан. Тиймээс орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн шинэ барилгатай болох асуудлыг үе үед нь хөндөж ирлээ. Азийн хөгжлийн банкны шугамаар Монгол Улсын хэмжээнд хоёр том жишиг эмнэлэг барих шийдвэр гарсан. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Ирэх жилээс дахин хоёр дүүрэгт нэмж барихаар төлөвлөөд байгаа. Азийн хөгжлийн банкны удирдлагууд, зохицуулах хорооныхонтой нь уулзаж нэг эмнэлгийн барилгын зөвшөөрлийг нь Чингэлтэй дүүрэгт авсан гэж хэлж болно. Гагцхүү тус дүүргийн удирдлагууд эмнэлэг барих газрын асуудлыг чөлөөлж өгөх нь нэн тулгамдсан асуудал болоод байна” гэлээ.
Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагтай танилцаж, эмч ажиллагсад болон эцэг эхчүүдийн санал сэтгэгдлийг сонссон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн тухайгаа дуулгалаа. Тэрбээр энэ талаар “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзлэх болсон нь томоохон асуудал. Нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдэд ажиллах эмч, сувилагч, резидэнт эмч нарын тоог нэмэгдүүлж, тодорхой хүрээнд орны зохицуулалт хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллах зэрэг олон ажлуудыг хийж эхэлсэн байгаа. Эцэг эхчүүд маань олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй, дааруулахгүй байх, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гадуур гарахдаа амны хаалт зүүх зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авахыг зөвлөж байна. Ялангуяа гэрийн асаргаа, сувилгаа маш чухал. Сурагчдын амралт таарсан энэ үед гэрийн дотоод агаарын чанарыг сайжруулж, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй юм. Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 0-5 насны хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргаад байна” хэмээн ярьсан юм.