Ерөнхий сайд даваа гараг бүр“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг зохион байгуулсаар багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Өчирдөр болсон уулзалтын үеэр БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэгтэй удахгүй болох хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-Сурагчид шинэ дүрэмт хувцсаа авахад бэлэн болчихлоо. Өнөөдрийг хүртэлх энэ ажлын талаар товчхон ярихгүй юу?
-Сурагчийн дүрэмт хувцасыг нэгдсэн стандартын дагуу эх орондоо үйлдвэрлэе гэдэг санаа олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Харин энэ Засгийн газрын үед бодит ажил болон хэрэгжиж байна. БШУ-ы сайд Л.Гантөмөр болон ҮХАА-ын сайд Х.Баттулга нарын хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийг би ахалж, ҮХАА-ын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал үйлдвэрлэгчдийг нэгтгэн уг ажлын хэсэгт багтсан.
-Загварыг хэрхэн гаргасан бэ. Нэг загвар зохион бүтээгчийн санаа юу эсвэл олон хүн хамтарч гаргасан уу?
-Бидний ажил гуравдугаар сард эхэлсэн хэдий ч загвар батлах ажил хамгийн хэцүү нь байсан. Хувцасны эдэлгээ, хүүхдүүдийн насны онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлага хангасан төдийгүй үнийн хувьд боломжийн, стандартад нийцсэн байх зэрэг олон асуудалтай тулгарсан. Тиймээс Монголын шилдэг гэгдэх дизайнеруудын дунд уралдаан зарлаж, тэдний бүтээлийг мэргэжлийн хүмүүсээр давхар шалгуулсан. Түүнчлэн сургууль бүрт “Сурагч холбоо” гэж байдаг. Эдгээр хүүхдүүдийг сурагчдын төлөөлөл болгож, саналыг нь авсан. Ингээд эцсийн загвараа гаргаж ҮХАА яаманд өгөөд өнөөдрийн энэ дүрэмт хувцасыг хийсэн.
Харин үйлдвэрлэлийн хувьд долоон том компани толгойлоод, 69 туслан гүйцэтгэгч компани ажиллаж нийт 1300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Эдгээр байгууллагуудаа ч шалгаруулж авсан. Эцсийн дүндээ орон даяар нэгдсэн нэг дүрэмт хувцас өмсүүлж, хүүхдүүдийн дунд ялгаварлах үзлийг арилгах боломжтой боллоо.
-Сургууль бүрт сурагчдынх нь тоогоор өгч байна уу. Эсвэл сургуулиуд өөрсдөө захиалгаа өгч байгаа юу?
-Аймаг нийслэлийн боловсролын газраар дамжуулж сургуулийн удирдлагууд өөрсдөө захиалгаа өгч байгаа. Бидний зүгээс заавал ийм тооны хувцас авах ёстой гэсэн хатуу байр суурь илэрхийлээгүй. Манайд ЕБС-ийн 500 мянга шахам сурагч бий. Одоогийн байдлаар нийт 350 гаруй мянган дүрэмт хувцасны захиалга ирсэн. Өнөөдөр зарим сургуулийн удирдлагууд ирж дүрэмт хувцасныхаа дээжийг авсан.
-Амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд худалдан авахад хүнд байна гэсэн. Тиймээс үнэгүй тараах журмын талаар яригдаж байсан. Ямар шатанд яваа бол?
-Энэ тал дээр бид уян хатан бодлого барьж байна. Хуучин дүрэмт хувцсаа өмсөж болно. Заавал энэ дүрэмт хувцасыг өмс гэж тулгаагүй учир одоо авч амжаагүй хүүхдүүд бүгд амьжиргааны түвшнээс шалтгаалаагүй байх. Гэхдээ мэдээж зарим хэсэг нь тийм байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бид эдгээр хүүхдүүдэд хөнгөлөлттэй үнээр өгөх боломж байгаа эсэхийг ярилцаж байгаа. Эсвэл үнийг нь хувааж төлөх нөхцөл ч байж болох юм. Эдгээр боломжуудыг бид хэлэлцэж байгаа. Эцсийн шийд хараахан гараагүй байна.
-Энэ жил мөн л цэцэрлэгийн хүрэлцээ муу учраас эцэг, эхчүүд гадаа хонон, өнжин дугаарлаж байна. Ямар зохицуулалт хийвэл дээр бол?
-Энэ жилийн хувьд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо өмнөх жилүүдийнхээс 10 мянгаар илүү гарсан. Бид аль болох боломжийнхоо хэрээр элсэлтийг нь хоёр хувааж явуулах ч юмуу эцэг, эхчүүдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс арга хэмжээ авч байна.
Энэ асуудал бол зөвхөн өнөө жил яригдаж байгаа биш. Жил бүр сөхөгддөг. Шийдвэрлэхийн тулд хувийн хэвшлийнхэнийг цэцэрлэг байгуулахад дэмжих, бичиг баримтын асуудлыг нь чирэгдэлгүйгээр бүрдүүлж өгөх гэх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар ярилцаж байна. Гэхдээ хамгийн гол нь стандартын шаардлага хангасан байх шаардлагатай. Мөн хүн ам багатай жижиг суманд хэт том цэцэрлэг барихгүй байх гэх мэтээр төсвийн төлөвлөлтөд онцгой анхаарах хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Зохион байгуулалтын хувьд ганц БШУЯ биш бусад байгууллагууд ч хамтраад ажиллавал илүү үр дүн гарах болов уу.
-Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Энэ үед сургуулиудын урсгал засвар хэр байгаа бол?
-Сургуулиудын урсгал засварын ажлыг бид энэ жил орон нутагт нь шилжүүлсэн. Бүх зүйл яаман дээр төвлөрөх нь ажлыг их төвөгтэй болгож байна. Ядаж л нэг сумын сургуулийн дээвэр засварын ажлын тендерийг яам зарлахаа болих үүднээс Л.Гантөмөр сайд тушаал гаргаж орон нутагтаа шийдэх эрхийг нь олгосон. Ингээд аймаг, сумын удирдлагууд тендерээ зарлаад, засварын ажлаа хийгээд явж байна. Нийслэлийнх 70-аад хувьтай, орон нутагт ч мөн ялгаагүй боломжийн явж байгаа, хугацаандаа амжих байх гэж харж байна.
-Харин оюутнуудын дотуур байрны хүрэлцээний хувьд?
-Манайд оюутны байргүй сургууль олон бий. Аль болох байгаа бололцоогоороо ажиллах үүргийг өгсөн. Харин 1000 оюутны шинэ байрны хувьд сургуулиудад нь квот тогтоож хуваарилж өгнө. Тиймээс тавилгын асуудлыг тухайн сургуулиуд эргэн төлөгдөх журмаар эхний ээлжинд өөрсдийн хөрөнгөөс гаргахаар болсон. Сургуулийн захирлууд энэ санхүүжилтийг гаргах боломжтой гэдгээ ч мэдэгдсэн. Гэхдээ бид аль болох боломжийн, эдэлгээ сайтай тавилга оруулах үүднээс нэг стандарт барих бодолтой байгаа. Сургуулиуд квотынхоо хэмжээнд өрөөгөө тохижуулах юм. Оюутнуудын хувьд 10 сарын дундуур байрандаа орох боломжтой.
Харин тэнд амьдрах оюутнуудын хувьд бидний зүгээс ямар нэг шаардлага тавиагүй. Сургуулиуд өөрсдөө шийдээд явна. Бид нийтийн угаалгын газар нь ямар байх ёстой вэ гэх мэтийн асуудлыг ярилцаж байж шийднэ. Тэгэхгүй бол айл бүр угаалгын машин ажиллуулаад байвал цахилгааны төлбөрийн асуудал ч гарч ирнэ. Түүнчлэн оюутнуудад хамгийн түрүүнд шаардлагатай зүйл бол нийтээрээ хэрэглэх боломжтой утасгүй интернэтийн сүлжээ. Энэ мэт ойр зуурын хэрэглэний асуудлыг зохицуулах боломжуудыг эрэлхийлж байгаа. Хамгийн гол нь оюутнууд маань өөрсдөө урт удаан хугацаанд эдлэхийн тулд гамтай байх хэрэгтэй.
М.Санчир