Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Гэр бүлд үйлдэгдэж буй хүчирхийллийг эрүүгийн хэргээс тусгаарласан оновчтой хууль хэмээн дүгнэж байгаа. Гэвч яг хэрэгжүүлээд явахад алдаа дутагдал ихтэй хууль болжээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбатын хэлдгээр барууны хуулийг л хуулбарласан нь ойлгомжтой биз. Энэ хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд сум, багийн Засаг дарга нарын хүлээн үүргийн тухай тусгасан байгаа юм.
Тодруулбал, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т хүчирхийлэл үйлдэгчийг захиргааны байранд дуудан ирүүлж, шаардлага тавих, сануулга өгөх арга хэмжээг авна гэжээ. Мөн 24.1.5-д хүчирхийлэл үйлдэгдсэн тухай хохирогч, хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс асууж, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагааг явуулах гэж заасан байгаа юм.
Тэгэхээр сум, багийн Засаг дарга нарын өрөөнд асам согтуу тавьсан этгээд, уйлсан эхнэрийнхээ хамтаар өнждөг болох юм байна. Тэгээд л Засаг дарга нар нь “яг юу болсон юм бэ. Доржоо чи яагаад архи уугаад байгаа юм. Цэцгээ чи жаахан хүлээцтэй байж болохгүй юу” гээд л гэр бүлийн маргаан шийдвэрлээд сууж байх юм байна л даа.
Тэр хүнд өөр хийх ажил байхгүй гэж үү. Уг нь сум, багийнхаа асуудлыг шийдвэрлээд л явж баймаар. Хийх ажил, хурал цуглаан мундахгүй шүү дээ. Харин хууль хэрэгжиж эхэлснээрээ Засаг дарга нарт дахин нэг ажил нэмэгдэж байна. Энэ нь баг, сумынхаа иргэдийн гэр бүлийн асуудалтай хутгалдах юм. Тэгээд л дээр хэлсэнчлэн “Батаа одоо хоёулаа тохирьё. Чи эхнэрээ дахиж битгий зодоорой. Хэрвээ гар хүрвэл чамайг шоронд явуулна шүү. За юу. Одоо би сумын ИТХ-д суучихаад ороод ирье. Чи эхнэртэйгээ учраа олж бай” гээд л сууж байх нь байна шүү дээ. Инээдтэй ч юм аа даа.