“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.
-Тантай Бурмаа сайдын үед ярилцаж байсан. Салбарынхаа сайдтай багагүй маргаантай явсаар сонгуультай золгосон. Сэргэлэн сайдтай ойлголцоод ажиллах боломж байна уу, уулзсан уу?
-Сайдтайгаа нүүр тулж уулзаж байгаагүй, телевизээр л харсан. Ер нь бол танихгүй. Энэ намар тариаланчдын будааны үнийг зах зээлийн ханшаар тодорхой хэмжээнд барих гэж нэлээд үзсэн. Олигтой үр дүнд хүрээгүй. Учир нь дотоодын хэрэгцээнээс илүү гарсан будаагаа хэрхэхээ шийдэх гарцаа олоогүй байгаа. Сүүлийн таваас зургаан жилд яамнаас болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдыг дэмжих ямар нэг явуулж буй хөтөлбөрт хамрагдах боломж манай компанид олдоогүй. Тариалан эрхлэлтийг дэмжих санд зээлтэй л бол яамнаас дэмжлэг авч хөтөлбөрт хамрагддаг тогтолцоотой. Харин манайх ямар нэг зээлгүй байсан учир тариалан эрхлэгчдийг дэмжих олон төрлийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй үлддэг.Нэгэнт ийм жишиг тогтсон учир бизнесийн зарчмаараа ямар ч дэмжлэг, харалгүйгээр өөрийнхөөрөө зах зээл дээр оршин тогтнох гээд үзье гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр оршин тогтнохын тулд заавал будаа тарих албагүй. Янз бүрийн өөр таримлууд, тухайлбал малын тэжээл, рапс, маалинга болон тосны олон төрлийн ургамлыг тарьж үзэх төлөвлөгөөтэй байна. Зөвхөн дотоодын зах зээлээсээ хамааралтай байхгүй тарьсан таримлуудаа экспортод гаргах талаар төлөвлөгөөт ажлуудыг хийж эхэлсэн.
-Танайх Гурилын үйлдвэртэй болсон гэсэн. Яагаад гурил үйлдвэрлэх болов?
-Ер нь бол бид чанартай баталгаатай хүнсээр дотоодоо хангах ёстой. Иймээс бид импортыг орлох, эх орныхоо хөрсөнд тарьсан будаагаар, найдвартай гурил үйлдвэрлэх ёстой гэж үзсэн. Нөгөөтэйгүүр өнөөдрийг хүртэл тариаланчид нь бие даах чадваргүй төрөөс хараат байгаа нь монополь гурилын үйлдвэрийн мөлжлөгт удаан хугацаанд байгаатай холбоотой. Иймээс тариаланчид тарианыхаа үнээ тогтвортой тогтоож чаддаггүй.
-Тэгэхээр танай компани будаагаа өөрийн гурилын үйлдвэртээ нийлүүлэх хэмжээнд л тариална гэж ойлгож болох уу?
-Ер нь тийм шийдвэр гаргаад байна. Өөрийн гурилын үйлдвэрээ хангах хэмжээнд будаа тариад явна.Засаг төр шийдэх ёстой гэсэн бодлоо орхиё, энэ салбарт амьд үлдвэл үлдээд, үлдэхгүй бол больё гэж бодох болсон.
-Тэгэхээр “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат гэдэг хүн хавар, намарт яамтайгаа ойлголцох гэж оролдож, жаргал зовлонгоо ярьж тариаланчдыг төлөөлдгөө болих нь ээ дээ?
-Шуудхан хэлэхэд надад яам байх, байхгүй нь огт хамаагүй болсон. Зөвхөн өөрийнхөөрөө урагшилъя гэж бодож байна. Яам байлаа гээд дэмжлэг ирэхгүй учраас өөрийнхөөрөө явсан нь зөв гэсэн шийдэлд хүрсэн.Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд холбогдох мэргэжилтнүүдэд энэ салбарыг, бизнесийнхээ онцлогийг ойлгуулах гэж хангалттай явсан. Ахиж тэгж их цагаа үрмээргүй байна. Одоо бол хөдөө аж ахуйн яам байхгүй байсан бол манай компани яах байсан бэ гэж бодоод ажлаа төлөвлөж хийнэ.
-Өмнө нь уулзахад банкнаас авсан зээлийнхээ хүүнд багагүй мөнгө төлж байсан. Зээлээ нимгэлж хүүгийн дарамтаас гарч чадсан уу?
-Хэвээрээ байгаа. Харин “Хас” банк зээлийн хүүг маань бууруулж, хугацааг нь хойшлуулж өглөө. Энэ бол маш том дэмжлэг. Одоогоор эдийн засаг хямралтай байгаа учраас хүмүүсээ гурван сарын хугацаагаар амраачихсан.Дөрөвдүгээр сард тариалалт эхлэхээр хамтдаа зүтгэнэ дээ.
-Хөрсний лабораторийг чинь сонирхлоо. Мундаг хөрөнгө оруулалт хийжээ…?
-Манай хөрсний лабораторийн хувьд Хятад, Дорнод Сибирь талдаа ховорхон байдаг, олон улсын стандартад нийцсэн лаборатори.
-Ногоо тарих хөрсөө эрүүл байгаа эсэхийг шалгах боломж бүрдсэн гэсэн үг үү?
-Ер нь тийм. Ногоо тарих хөрсөөр тогтохгүй, Улаанбаатарын хөрсийг ч шинжлэх бүрэн боломжтой. Хүмүүсээ Герман руу давтан сургалтад сургах гэж байна. Монголд хөрс, усны бүрэн хэмжээний шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа гэсэн үг.
-Хүнсний лаборатори бас ажиллах байх аа?
-Хүнсний лаборатори давхар ажиллана. Гурил, будаагаа 100 хувь шинжлэх боломжтой болсон. Тариаланчид муу юм хийдэг гэсэн үг яриа нотолгоо баримтгүйгээр гарах ямар ч үндэслэлгүй болох юм. Хүнсний лабораторийн хувьд арай дуусаагүй байна. Зөвхөн нэг багаж нь гэхэд л тэрбум төгрөгийн өртөгтэй учраас бага сага асуудал бий. Монгол Улсын зах зээлийн нөхцөл байдал хүнд байгаа учир хойшлуулсан. Үүнээс гадна малын үржлийн лаборатори, мал эмнэлгийн лаборатори гээд цогцоор нь шийдэхээр ажиллаж байна. Ядуурал ажилгүйдэл нэмэгдэж, нөхцөл байдал хүндрэх тусам хүнс мууддаг. Тийм учраас иргэдээ эрүүл хүнсээр хангах үүрэгтээ онцгой анхаарахаас аргагүй болчихож байгаа юм. “Гацуурт” компани өөрийн эрүүл хүнсийг монгол хүнд хүргэх зорилгынхоо хүрээнд Монголд зарж борлуулагдаж байгаа хүнс эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа эсэхийг шинжлэх зорилготой ажил юм.
-Хүмүүст “Гацуурт”-ын ургуулсан ногоо, тарьсан тариагаар хийсэн гурилыг авах сонирхол өндөр байдаг ч танай нэрийн дэлгүүрүүд их ховор юм аа?
-Хүнсний дэлгүүр байгуулж, ажиллуулна гэдэг маш их хэмжээний хөрөнгө оруулалт, мөн хүн хүч шаардсан ажил юм.
-Хүнсний захуудад лангуу аваад ногоо, гурилаа зарвал өндөр зардал гарахгүй юм биш үү?
-Бодоход амархан л даа. Ийм санаа гаргаснаасаа болж өнгөрсөн жилжингээ гудамжинд машинтай явж ногоогоо зар-лаа. Уг нь бүх захуудад лангуу түрээслээд авчихсан байсан юм. Яг ажиллах гэтэл тэр хавийн ногооны лангуутай хүмүүс бослого гаргачихсан. “Гацууртыг оруулах юм бол бид эсэргүүцнэ” гээд.
-Яагаад вэ. Адилхан л ногоо, хэн ч зарах эрхтэй биз дээ?
-Ногооных нь үнэ уначих гээд байхгүй юу. Орлого нь хаагдчих гээд бослого гаргасан хэрэг. Тэгээд машинтай гадуур явж ногоогоо зарсан. Харин ч энэ зунжингаа боломжоо шавхаж байж Баянхошуу, Туул рестораны урд, хорооллын “Минж плаза”-д, Толгойтын “Хүнс трейд”-д, Баянзүрхэд дэлгүүрээ нээсэн. Бид Улаанбаатарт зуун дэлгүүр нээх зорилго тавьсан. Ая тухтай дэлгүүр нээнэ. Жижигхэн өрөөнд тэр хавийнхны хүнсний хэрэгцээг хангасан дэлгүүр ажиллуулахыг ая тухтай гэж тодотгодог юм байна. Зөв технологиор хадгалсан хүнсний ногоо идэх нь хамгийн зөв. Хүнсний ногоогоо зөв тариад, зөв хадгалаад хэрэглэгчдэдээ хүргэх л бидний гол чиг.Үр ашиггүй замын дамжлагуудыг хасаад яаж хэрэглэгчдэдээ шууд аваачиж өгөх вэ гэдэгт анхаарч байна. Дэлгүүртэй болъё гэж зориод байгаагийн гол шалтгаан энэ. Анхнаасаа бөөний худалдаагаар явна гэж төлөвлөсөн болохоор дэлгүүр нээхэд байр, газар гээд асуудал их гардаг юм байна.Манайх “Хүнс трейд” дээр агуулахаас гадна ялгах, савлах цех байгуулж байгаа. Хүмүүст ногоогоо савлаж өгөх юм. Бүр заримыг нь угаагаад арилгаж, хэрчиж, шууд хоолонд хийхэд зориулсан маягаар хүргэнэ.Ирэх намраас худалдаанд гарчих болов уу. Зарах ногооныхоо таван хувийг угааж, арилгаж, хэрчиж вакумдаад өдөр өдөрт нь хэрэглэгчдэд хүргэх бодлого барьж байна.
-Таныг жижиг Таван толгойд хувьцаатай, дажгүй хэмжээний ногдол ашиг авдаг гэж сонссон. Нууц биш бол хэчнээн төгрөгийн ногдол ашиг аваад байна. Иргэдэд байгаа Таван толгойн 1072 хувьцаа ийм үнэ цэнэ, өгөөж өгөх болов уу?
-Би жижиг Таван толгойн цөөхөн ширхэг хувьцаатай. Анх арваад жилийн өмнө 300, 500 төгрөгөөр 700 гаруй хувьцаа авч байсан юм. Ногдол ашгаа нуух шалтгаан байхгүй.Өнөөдрийн байдлаар тэрбум төгрөгийн ногдол ашиг авчихаад байна. Би геологич хүн. Таван толгой бол маш том, асар үнэ цэнэтэй орд. Энэ орд Монголын ард түмэнд үр шимээ өгнө. Иргэдээ мэдээллээр бүрэн хангахгүйгээр Төр засаг ард түмнээсээ хувьцаа худалдаж авна гэж байна. дутуу мэдээлэлтэй хүмүүс шийдвэрээ хэрхэн гаргах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр Монголын ард түмэн Таван толгойн ашгийг миний дээр дурдсан жишгээр хүртвэл үр дүнтэй гэж бодож байна.Хувьцаа чинь үнэ цэнэтэй шүү, төр засгийн хүмүүст итгэж зараад хэрэггүй, бариад хэвтэж бай л гэж хэлмээр байна. Бидний үед биш юм аа гэхэд үр хүүхдэд чинь үр ашиг нь ирнэ. Тиймээс Таван толгойг үнэгүйдүүлж болохгүй.
-Монголын топ компаниудын нэгийг толгойлж байгаа бизнес эрхлэгчийн хувьд Засгийн газарт ямар дүн тавих вэ?
-Засгийн газрын хурд нь удаан эрч нь сул байна. Зоригтой шийдвэр гарахгүй байна. Улстөрчид нь албан тушаал, эрх мэдлийн төлөө зүтгэчихээр улс орон хөгжинө гэж байдаггүй юм байна. Жишээ нь манай компани өнгөрсөн жил өмнөхөөсөө хоёр дахин илүү ажил хийчхээд бид нар ямар ч өсөлтгүй, зээлээ ч төлж чадахгүй байна. Нийт ард түмэн ажилтай байгаа гээд амьдрал нь дээшлэх нь битгий хэл олсон хэд нь амьдралд ч хүрэлцэхээ болилоо. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар эдийн засгаа сайжруулах болон эргэлтэд оруулах дорвитой алхам хийсэн гэж бодохгүй байна. Эдийн засгийн хямралын хажууд утаа, архинд хордсон явдал зэрэг бол жижиг бөгөөд шийдэл нь ойлгомжтой асуудал. Эхлээд эдийн засгаа сайжруулах, авлигаасаа салах ёстой. Авилга байсан цагт эдийн засаг сайжрахгүй мөн нийгмийн асуудал шийдэгдэхгүй гэдгийг өнгөрсөн үе нотлон харуулсан. Түүнээс биш ТҮЦ-тэй зууралдаж, нийгмийг бухимдуулаад юу ч өөрчлөгдөхгүй. ТҮЦ-ийг нь ачиж олон хүнийг орлогогүй болгосноос хугацаа өгчихвөл ухаалаг шийдэл болно. “Та нар 2019 оны тэддүгээр сар хүртэл наадахаа ажиллуулаад мөнгө ол. Түүнээс хойш ярих юм байхгүй шүү” гэчихвэл өөр шүү дээ. Одоогийн нөхцөл байдлыг харахаар Ерөнхийлөгчийн сонгуулийг хэт бодоод байх шиг. Үүнээсээ болж сонгуульдаа ч унаад дагаж Засгийн газар нь ч унах эрсдэл харагдаж байна. Нөхцөл ийм үед Засгийн газар зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй.
-Солонгосын зартай хулгайч олон айлаас хулгай хийсний нэг нь танайх. Танай гэрийн гадаах камер хулгайчийг олоход хэрэг болсон гэсэн, үнэн үү?
-Би хамгийн түрүүнд Монголынхоо цагдаа нараар бахархсан. Ямар чадварлаг түргэн шуурхай мэргэжлийн түвшинд ажилладгийг биеэрээ мэдэрлээ. Цагдаа нарын ажилд камер маш чухал болсныг ойлголоо. Гэрийн гадаа камертай байсан тулдаа энэ хулгай илрэхэд тус болсон байх аа. Улс дамжаад ирсэн зохион байгуулалттай хулгайг ийм богино хугацаанд илрүүлнэ гэдэг гадаадын цагдаа нарт ч хүндрэлтэй. Манай цагдаа нар нойр хоолгүй ажиллаж богино хугацаанд илрүүлж чадаагүй бол тэр хүн Солонгос руугаа нисчих байсан. Бид нар ийм чадварлаг цагдаа нараа орчин үеийн тоног төхөөрөмжөөр хүрэлцээтэй хангаж өгөх юм бол хулгайн хэрэг буурах боломжтой гэдэг нь харагдлаа.
-Мэдээж ааваас өвлөгдөж ирсэн гэдэг утгаараа хөөрөгний үнэ цэнийг нь хэмжих аргагүй л дээ. Ер нь хэр үнэтэй эд вэ?
-Би чинь аав, ээжээс арван тавуулаа, айлын тав дахь хүүхэд. Буурал аавын хөөрөг ахад, аавын минь хөөрөг надад байсан юм. Аав 1973, 1975 оны үед маш олон атан тэмээгээ өгч авч байсан хөөрөг л дөө. Мэдээж үнэ ханш гэхээс илүү ааваас минь өвлөж ирсэн гэдэг утгаараа үнэ цэнэ нь хэмжигдэшгүй эд. Уг нь хөөргөө барьдаг юм. Гадагшаа явахдаа гэртээ хадгалаад ийм юм болчихлоо.
-Хулгай хийсэн Солонгосын иргэн “Соронз” сэтгүүлээс мэдээлэл авсан гэсэн, үнэн үү. Танай талаар хаанаас мэдээлэл авсан байна?
-Цагдаа нар нарийн мэдээлэл хэлээгүй учраас би сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ өгсөн мэдээллээр бол сүүлийн үеийн шар сэтгүүлүүд дээр гарч байгаа айлын орон байрны байршил болон хувь хүний мэдээлэл бол хулгайч нарын хулгай хийх сэдэл болсон гэж хэлсэн.
Эх сурвалж:dnn.mn
Ц.Баасансүрэн