АН өнгөрсөн сонгуулиудад шат дараалан ялагдал хүлээснийхээ дараа шинэчлэлийнхээ асуудалд илүү нухацтай хандах боллоо. Өөрөөр хэлбэл намын ахмад партизануудаас эхлээд шинэ гишүүд, дэмжигчид хүртэл тэднийг ардчилсан нэр зүүсэн коммунистууд болчихлоо,намын дүрмээ шинэчилж, асуудлаа шийдвэрлэж, ялагдалдаа дүгнэлт хийе гэж буй.
Иймд гишүүд, дэмжигчдийн шахалт шаардлагын ачаар тэд хөдөлж эхэлсэн юм. Ардчилсан нам их хурлаа хийж, эхний ээлжинд нийт гишүүдээсээ даргаа сонгохоор болсон. Ингээд өнгөрсөн сарын 29-ний өдөр улс орон даяар намын даргын сонгуулиа зохион байгуулаад буй. Сонгуулийн дүнгээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ тэргүүлж, намын дарга болохоор болсон билээ.
Бид цаг үеийн асуудлаар АН-ын гишүүн Л.Бямбажаргалтай ярилцлаа.
-Улс төрийн нам бол ардчиллыг бэхжүүлэхээс гадна, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Гэтэл манайд улс төрийн намуудын зорилго нь ерөөсөө л дөрвөн жилийг яаж эвтэйхэн өнгөрүүлэх үү, ирэх дөрвөн жилд яаж засгийн эрхийг авах уу гэдэгт төвлөрдөг болж. Өөрөөр хэлбэл явцуу хүрээнд бодлого боловсруулдаг болчихжээ. Энэ асуудалд улс төр судлаач, улстөрч хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Улс төрийн намын эцсийн зорилго бол ерөөсөө засгийн эрхийг л авах явдал юм. Харин засгийн эрхийг авахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нь тухайн намын асуудал. Ямар ч оронд хүнээр хэлэх юм бол намын төрх нь байж байдаг. Өнөөдөр Английн намууд бол хоорондоо нэг их ялгаагүй болчихоод байгаа. Учир нь тэдэнд амьдрал дээр ижил төстэй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлага гараад байна. Тэгвэл манайхан зүүний нам, барууны нам тодорхой ялгаатай үзэл баримтлалтайбайх ёстой гээд байдаг.
Гэтэл ардчилал өндөр хөгжсөн орнуудын улстөрийн намуудыг харахад тийм их ялгаа харагдахгүй темпэнд оржээ. Манай намуудын хувьд нэг зовлон байдаг юм. Манай нийгэм өөрөө Англи, Америкийн нийгмээс хүний сэтгэхүй, нийгэмд шийдвэрлэж байгаа асуудлын хувьд асар хурдацтай өөрчлөгдөж байна. Ийм учраас тулгарсан асуудлыг шийдээд явахаас өөр арга, замгүй байдалд засгийн эрхийг авсан аль ч улс төрийн нам ордог. Иймд бидэнд улстөрийн намын сонгодог онолын үүднээс намуудыг ангилах шаардлага байхгүй. Жишээлбэл, Монголын өмч хөрөнгө, эрх мэдлийн дийлэнх нь хаана байна. Ардын намд байна. Хур хөрөнгөтэй, олон жил засгийн эрх барьсан.
Гэтэл Ардын нам маань бид зүүний нам, нийгмийн дунд хэсэгт халамж үзүүлнэ гээд байдаг. Би өөрөө МСДН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан хүн. Ардчилсан холбооныхоо найзуудыг ч мэднэ. Яг үнэн хэрэг дээрээ Ардчилсан намыг бүрдүүлж байгаа гишүүдийн дийлэнхи олонхи нь нийгмийн дунд хэсэг. Тэр ч утгаараа Ардчилсан нам гишүүдийнхээ санаа бодлыг илэрхийлдэг болвол зүүний чиглэлийнх юм байна. Ардын нам гишүүдийнхээ санаа бодлыг илэрхийлдэг бол барууны чиглэлийн нам. Гэтэл өнөөдөр дээр нь тавьсан хаягаараа бол АН либериал болж таараад байна, Ардын нам социал демократ чиглэлрүү байх жишээтэй.
Дараагийн асуудал бол улстөр манайд төлөвшиж чадахгүй байгаа нэг шалтгаан нь Монголын бүх улстөрийн намууд МАН буюу тухайн үеийн МАХН-ын бүтцийг хуулж авсан төдийгүй, яг ийм схемээр манай улс төрийн намын тухай хууль гарчихсанд байгаа юм. Улс төрийн намуудын тухай хууль маань зүгээр л улс төрийн намыг бүртгэх тухай хууль байхгүй юу. Энд улс төрийн намын үзэл баримтлалын талаар юу ч байхгүй. Компани бүртгүүлэхэд материал бүрдүүлдэг шиг улс төр намыг бүртгүүлэхийн тулд ийм, ийм материалтай байх ёстой гэсэн энгийн юмнууд байгаа.
Ингэхдээ ийм шатны хурлуудтай, ийм тооны гишүүдтэй байна гээд бүтцийн хайрцаглаад өгсөн байгаа юм. Тийм учраас манайх нээлттэй гишүүнчлэлтэй нам болно гэхэд Дээд шүүх дээр очиход танай гишүүд чинь тодорхой байх ёстой. Шат,шатны хурлуудтай, энэ шат нь ийм асуудлыг шийддэг байх ёстой гээд заагаад өгсөн байдаг юм. Үүнийг бол би шоолоод байгаа юм. Улс төрийн намуудын бүтцийг хуулиар заагаад өгсөн байхад өнөөдөр шинэчилье гээд байгаа боловч үнэн хэрэгтээ эрхзүйн хувьд тийм амар асуудал биш.
– Улс төрийн намын бүтэц бүх зүйлийг нь цаанаас нь хайрцаглаад өгчихдөг юм бол намын дотоод ардчилал гэдэг зүйл байхгүй болчихож байгаа юм биш үү. Намын дотоод ардчилалыг тодорхойлдог таван шалгуур байдаг. Үүнд, гишүүдийнхээ оролцоог хангаж байна уу, талуудын төлөөлөл хангаж байна уу, хариуцлагын асуудал, шударга өрсөлдөөнийг бий болгож байна уу, эцэст нь нээлттэй байна уу гэдэг асуудал. Тэгвэл намуудын дотоод ардчилалтай байх эсэхийг цаанаасаа хайрцаглаад өгчихлөө гэсэн үг үү?
-Тийм. Жишээлбэл, бүх шатны хурлууд нь ийм байх ёстой,доод тал нь тэдэн гишүүнчлэлтэй байх ёстой гэх мэтээр. Гэхдээ улс төрийн нам бол сонгуульд ялахын тулд юуг ч хийж болно гэсэн бичигдээгүй хууль байж байна. Ийм болохоор намууд хүссэн хүсээгүй сонгогчдыг татах механизм руугаа орчихож байна. Сүүлдээ бүр мөнгө тараадаг гэсэн сэтгэлзүй тогтчихлоо шүү дээ.
Тэгэхээр ерөнхий улс төрийн хариуцлага гэдэг зүйл байхгүй байхад нам доторх хариуцлагын асуудал яриад хэрэггүй. Өнөөдөр иргэдийн улс төрийн намд итгэх итгэл их буурсан. Тэгсэн хэдий боловч Ардчилсан нам сонгуульд ялагдаад сая намын даргын сонгууль болоход 160 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад оролцож байна.Эндээс харахад эрх барьж байгаа Ардын намын сунгаа явагдахад хүрвэл 300 мянган хүн хамрагдах нь байна ш дээ. Өнөөдөр ардын намд үнэнч гэдгээ харуулах иргэд зөндөө байгаа. Яагаад гэвэл эрх баригч нам учраас. Зарим хүмүүс сая АН-ын гишүүн гэвэл сүүлд нь асуудал үүсэх байх гээд татгалзаж байхад л 180 мянган хүн бүртгэгдэж байна.
-Ардчилсан намд ер нь дотоод ардчилал гэж байна уу?
– Манайд намд дотоод ардчилал гэдэг зүйл ерөөсөө байдаггүй юм. Ардчилсан намын дотоод ардчилал яагаад байхгүй болсон юм гэхээр нэг газарт хэт их эрх мэдлийг төвлөрүүлсэнд байгаа юм. Тэр нь аймаг, дүүргийн намын хороо. Бүх эрх мэдэл үндсэндээ тэнд төвлөрсөн. Үндэсний зөвлөлдөх хороог ч муу хэлээд байх юм байхгүй. Аймаг, дүүргийн намын хороо чинь ҮЗХ-ны гишүүн, УИХ-д нэр дэвшигч, аймаг нийслэлд нэр дэвшигчдийг тодруулдаг.
Мөн тухайн сум дүүрэгт нэр дэвшигчийг тодруулдаг учраас ерөөсөө л намын бодит бүх эрх мэдэл тэр дунд шатны үүр мэдэхгүй аймаг, дүүргийн намын хороонд шилжсэн байгаа юм. Аймаг дүүргийн намын хороо бол 105-120 хүнтэй. Тэдгээрт бүх эрх мэдэл байна гэсэн үг Гэтэл энд бүх эрх мэдэл төвлөрчихөөд байгааг манайхан гаднаас хараад ойлгохгүй байгаа болохоор “Баянгол Эрдэнэ вангийн хошууных, Хан-Уул эднийх, Баянзүрх тэрнийх” гээд өмчлөөд байгаа юм. Энэ нь нөгөө 105 хүн дотор хэн нөлөөтэй байна вэ гэдэг асуудалтай холбогдоно. Яг энэ цэг дээр ирээд манай Ардчилсан намын дотоод ардчилал зогсчихож байгаа юм.
Яагаад гэхээр ҮЗХ-г дүүргийн намын хорооноос гаргадаг. УИХ-д нэр дэвшигчийг бас л тэндээс гаргадаг. Эцсийн шийдвэр ҮЗХ-д байгаа юм шиг боловч манай намын их хурал хуучин дүрмээрээ шийдэх асуудал бараг байхгүй болсон.Шинэ дүрмээр ч ялгаагүй сунгаа яваад өнгөрчихлөө. Намын ёс зүйн хороо, Үндсэн дүрмийн хороо үзэл баримтлалаа баталгаажуулах, шинэчилсэн бүртгэлд хамрагдах гээд хуралдахгүй бол өөр шийдэх асуудал байхгүй байх. Үндэсний зөвлөлдөх хороо чинь аймгаас буюу тухайн анхан шатны намын хорооноос нэрсээ авдаг болохоос биш өөрөө нэрээ гаргадаггүй.
Тухайлбал, Нийслэлийн иргэдийн хуралд хэн хэнийг дэвшүүлэх вэ гэхэд НИТХ-ын ХУД-т тэдэн тойрог байна тэр тойрогт таарах хүнийг шууд л Э.Бат-Үүл рүү явуулдаг. Э.Бат-Үүлд хасах, нэмэх эрх байхгүй болохоор нийслэлийн намын байгууллагад эрх мэдэл алга байгаа биз дээ. Дүүрэгт нэр дэвших хүмүүсийг бас тэр үүрийн бүх гишүүн мэдэхгүй нөгөө л 105 хүн мэднэ. Тэгэхээр ерөөсөө л яг энэ дунд шатанд мэдэгдэхгүй ийм нэг байгууллага байгаад байна. Жижиг мөртлөө маш их эрх мэдэлтэй. Одоогийн хэллэгээр бол тэд худалдагдчихсан, хуваагдчихсан буюу фракцын хүмүүс гэсэн үг. Тэндээс л фракцууд хоорондоо тохиролцоод олонхи болоод байгаа. Энд бол жирийн гишүүдийн ямар ч буруу байхгүй.
– Монголын улстөрийн намын түүхэнд АН анх удаа даргаа нийт гишүүдээсээ сонголоо. Энэ нь нэг талаараа дотоод ардчилалтайг харуулж байгаагийн илрэл, нөгөө талаар улс төрийн шинэ соёлыг оруулж ирж байгаа зүйл биш үү. Өөрөөр хэлбэл АН-ын даргын сонгууль нь дотоод ардчилалын тодорхойлдог хамгийн эхний шалгуур болох гишүүдийнхээ оролцоог хангаж байгаа нэг оролдлого юм болов уу?
– Саяны сонгууль бол мэдээж анхны сонгууль учраас хэцүү зүйл байсаан. Гэхдээ сайн тал нь гишүүдийн улс төрийн идэвх сэргэж, гишүүн болгон л шууд саналаа өглөө. Хоёрдугаарт, шууд санал тоолж байгаа юм биш. Онооны зарчим гэж гаргалаа. Энэ зарчим бол цөөхөн хүнтэй газрын санал илүү үнэтэй, олон хүнтэй газрын санал бол бага оноотой гэсэн үг. Тухайлбал, Нэг мандаттай аймаг 200 оноотой. Тэгэхээр энэ онооны систем бол Монгол Улсын газар нутгийн онцлогийг харгалзаж хийсэн тийм систем. Өөрөөр хэлбэл саяны сонгуулиар Говьсүмбэрийн нэг хүний санал 10 оноо болж байхад Баянзүрх дүүргийн арван хүний санал нэг оноо болсон гэсэн үг. Тэгж газар нутгийн онцлог хүн амын тоог харгалзаж үзсэн. Энэ бол сайн систем.
Сонгуулийн дүн гарч, шууд гэнэт л С.Эрдэнэ гарч ирээд Н.Алтанхуяг удаалсан юм бол биш. Энэ бол 1990 оноос явсан зонхилох хоёр нам жингээ дараад Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр нийт авах ёстой онооных нь 60 гаруй хувийг аваад ирж байгаа явдал юм. Үлдсэн гурав нь 40 хувийн хувааж байна гэдэг чинь ерөөсөө энэ хуучин намын угшил нөлөө арилаагүй байсан юм байна. МоАХ-ын партизанууд МоАХ чигээрээ л байгаа юм байна. Соцдекынх нь соцдек чигээрээ л байгаа юм байна. Л.Гантөмөр, Батзандан нарын залуучуудад хөл ерөөсөө хөл алга.
-Хэдхэн жилийн өмнөхөн МАХН одоогийн МАН-ын гишүүнчлэл насны хувьд хамгийн хөгшин гэгддэг байсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ хамгийн өтөл нам ардчилсан нам болчихоод байгаа юм биш үү. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тэгнэ. Үеэрээ бол хамгийн хөгшин нь бид нар болж байгаа нь үнэн. Яагаад тэгж байна гэхээр аливаа хувьсгалын үед хүссэн хүсээгүй үе хоорондын зөрчил байнга байж ирсэн шүү дээ. 1990 онд дийлэнх залуу үе ардчилсан хувьсгалыг дэмжээд ахмад үе хүлээцтэй ард сууж байсан. Тэр үед 50 настай байсан хүмүүс өнөөдөр бүгд 80 гараад явчихлаа. Гэтэл тэр үед 20 гаруй настай байсан бид өнөөдөр тавин хэдэн настай болчихлоо. Бид нар одоо өөрсдийгөө хөгширчихлөө залуучууддаа байр тавьж өгье гэдэгтэй тулах болоогүй байна, Ардын намд залуучууд хэрэгтэй болсон нэг шалтгаан бий.
Аливаа хувьсгалд хожимдсон залуучууд гэж байдаг. Тухайлбал, дэлхийн хоёрдугаар дайны дараагаар ганцхан насны зөрөө амьдралыг нь шийдвэрлэж байж. Өөрөөр хэлбэл тэр үед насанд хүрээд цэрэгт явсан бол дайнд оролцсон ахмад зүтгэлтэн болно. Гэтэл нэг нас дүүгээсээ болоод тосгондоо үлдсэн нөхөр бол хэн ч биш . Ингээд тэр хүний амьдрал ганцхан насны зөрүүгээс болоод цаашаа бүх амьдрал нь хоёр өөр болоод явчихаж байна. Яг түүн шиг 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нэг тийм үе үүссэн. Хэдхэн насны зөрүүтэй байтал тэр үеийн оюутнууд ардчилсан хувьсгалд оролцоод би туг барьж явсан гэж байхад, хоёр жилийн дараа оюутан болсон нөхөрт бол тийм бололцоо олдоогүй.
Тэгэхээр энэ үе манайд ингэж байгаад бид энэ үеийн төлөөлөл болсон. Харин энэ үе ардын намд талтай байсан. Ардын нам нэгдүгээрт их сайн ажилласан. Хоёрдугаарт, энэ үе бол илүү нийгэмд дасан зохицсон байсан. Уг нь бол бид 1990 онд хувьсгал хийгээд бүх намыг татан буулгаад тэгээс эхлээд явсан бол үзэл бодлоороо хэн хэндээ гомдолгүй байх байсан. Гэтэл өндөөдрийг хүртэл бидний дотор МАН, АН хоёр нам бол үргэлж сөргөлдөөнд байна гэсэн зүйл толгойд хадгалагдсан байна шүү дээ.
Дараагийн гарч ирсэн 95,96 оны үед боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү боловч үнэн хэрэг дээрээ аль намын бодлого үйл хэрэг таалагдаж байна. Тэр дуртай намдаа элсэх боломж хангагдсан. Ардчилсан намын дундаж нас 40 орчим болж байгаа юм байна лээ. Тэгэхээр бас нэлээн өндөртэй орно л доо. Ингээд хараад ажиглаад байхад яг анхан шатандаа их залуужаад байгаа. Манай залуу гээд байгаа хүмүүс насны утгаараа биш, улстөрд орж ирээд ажилласан жилээрээ гэсэн үг л дээ. Тийм болохоор Батзандан, Батчимэг, Гантөмөр нарыг залуу гээд байгаа юм. Улс төрд орж ирээд улстөрийн ажил хийсэн жил нь бага байгаад байгаа юм.
Тухайлбал, сая Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар Амарбаясгалан сонгогдлоо. Гэхдээ энэ хүн бол миний мэдэхээр иргэдийн хурлаас эхлээд 8,9 жил тасралтгүй явчихсан. Тэгэхээр энэ хүнд улс төрийн ажлын туршлага бол байна. Гэтэл манай нөгөө улс төрд орж ирсэн нөхдүүд бол гэнэт орж ирдэг. Манайхны хэлдэгээр тооноор орж ирчихээд эргээд гараад явчихдаг тийм хүмүүс байхгүй юу. Яг дороос нь явж бэлтгэгдээгүй. Тийм учраас сая бол хөлгүй гэдэг юм уу, залуучуудыг дэмжихгүй байна гэдэг бол үүнтэй холбоотой. Яг үнэнийг хэлэхэд намын даргад өрсөлдсөн манай хоёр залуу бол анхан шатны байгууллагаас эхлээгүй. Тэгэхээр шийдвэр гаргадаг дээд байгууллага хүмүүсийг шууд томилоод өгсөн.
-Үүдээр орж ирээгүй тооноор орж ирсэн гэсэн үг үү?
-Тэгсэн гэсэн үг дээ. Тооноор орж ирээд л тэнд сууж байгаа хүмүүс шүү дээ. Түүнээс бол намын аппаратад ажиллаж байсан хүмүүс гайгүй байдаг. Олон жил ажилласан хүмүүс.
-Ардчилсан нам улам л фракц жигүүртээ хуваагдаад байх юм. Илүү анархизм ноёрхсон нам болоод байна гэж яригдаж байна. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?
-Энэ бол үнэн. Энэ замаар сүүлийн 10-аад жил явчихлаа. Хоёр шалтгаантай юм байна лээ. Нэгдүгээрт, нийгэмд голлох үүрэг рольтой байдаг сэхээтнүүд хуулиар улстөрийн намын гишүүн байж болохгүй. Тэгэхээр тэр хэсэг буюу багш, эмч, төрийн албан хаагчид улс төрд улстөрийн намд гишүүнчлэлтэй байх нь хаагдчихаар намын гишүүн хэн байх вэ гэхээр нэг бол ажилгүй хүн, үгүй бол мөнгөтэй хүн л болж таараад байна. Өөр хүн үлдээгүй. Тэгэхээр мөнгөтэй хүн нь ажилгүй хүнээ дэмжээд өөрийнхөө төлөө саналаа өгүүлчихнэ.
Ингээд ерөөсөө ойлгомжтой. Хуучин бол багш нар чинь орж ирээд саналаа хэлээд маргалдаад явдаг байсан. Яагаад гэвэл тэр хүнд ард нь цалин нь баталгаатай байдаг байсан. Гэтэл одоо бол эсрэгээрээ. Ялангуяа энэ зүйл тод харагддаг газар бол сум. Нэг нам нь ялахаар сумын засаг дарга хийж байсан хүн ичээд хонь хариулаад явж чадахгүй. Тийм болохоор дөрвөн жил зүгээр сууж байх биш. Улаанбаатар луу шилжээд явчихна. Ялангуяа захын аймгийн сумдуудын засаг, хурлын дарга нар бол хэчнээн жилээр ч солигдохгүй. Солигдсон ч хоорондоо л солигддог болчихоод байгаа юм. Яагаад гэвэл боловсон хүчин байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт, намын хаалттай, бүх эрх мэдэл төвлөрөөд байгаа анхан шатны нэгжийг шинэчлэх механизм бий болгох.
Хоёрдугаарт, С.Эрдэнэ гишүүн намын дарга боллоо. Төрийн үйлчилгээний албан хаагчид намын гишүүн байж болдог бол улс төрийн аль ч нам цэвэршиж сайжирна. Тэгэхээр хууль санаачлах юм бол энэ чиглэл рүү хандвал зүгээр байгаа юм. Өнөөдөр төрийн захиргааны албан хаагчдыг хүртэл намынх нь харьяалалаар сольж холиод байна шүү дээ. Тэгэхээр шулуухан зүгээр солигдохоо ч мэддэг, намаа ч мэддэг ийм байвал амар байх. Ингэж л намын цэвэрших асуудал ярихгүй бол өнөөдөр дарга нар бол өнгөн юм яриад байдаг. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо сайжруулчих гэнэ. Үзэл баримтлалаа сайжруулах хамаа байхгүй л дээ.
Ерөөсөө нам өөрөө гишүүд нь тогтвортой, саналаа илэрхийлэх бололцоотой, аль нэг газар нь гох дэгээ багатай, бие биенээсээ харилцан хамаарал багатай байх ёстой. Ардчилсан нам Монголын шинэчлэлд нийгмийн сэхээтнүүдийг татаж оруулж ирж байж л улс төрийн нам эргэж босно. 2000 онд Төрийн албаны тухай хууль батлагдаад л болохоо байсан. Түүнээс өмнө бол нээлттэй зүгээр л байсан.
– Нэлээн чанд хатуу гэгддэг байсан З.Энхболд намын даргаар ажилласан жилүүдээ “Би маш их дарамтад байсан. АН бол ерөөсөө фракц, мөнгөтэй хүмүүсийн дарамтад орсон нам. Энд бол би маш их зовж зүдэрлээ” гэсэн утгатай үг хэлсэн шүү дээ. АН үнэхээр ийм болсон бол цаашдын ирээдүй нь гялалзсан байж харагдах уу?
– Тэр бол үнэн. Миний түрүүчийн хэлдэг “эх сурвалж чинь хаанаас байна вэ” гэхээр нэг бол мөнгөтэй хүн, үгүй бол ажилгүй хүн. Мөнгөтэй хүн чинь ажилгүй хүмүүст мөнгө өгөөд өөртэй саналаа авчихна. Ийм энгийн үнэн юм яваад байхад дунд нь худалдагдахааргүй хүн байна гэхээр тогтмол орлоготой хүн л баймаар. Тэр боловсрол мэдлэгтэй сэхээтнүүд юм.
-Өнөөдөр улс төрд орж ирж байгаа хүмүүс үнэхээр гологдож байна. Улс оронд үр ашигтай бодлого явуулдаг нь ч алга. Дөрвөн жил орж ирээд дамжаанд сууж байгаад ихэнх нь гарч яваад байна шүү дээ. Та сая хэллээ боловсролтой хэсэг нь ажлаа хийгээд яваад байна. Тэгэхээр ажилгүй эсвэл мөнгөтэй нөхдүүд улс төрд ороод байна. Тогоо хөмөрчихсөн юм шиг.
-Тэр чинь нөгөө жижигхэн юмны чинь тусгал УИХ-д буучихаж байгаа нь өнөөдөр жишээлбэл, УИХ-д ажлаа хийж байгаад сонгогдсон сайн эмч байна уу, байхгүй байх. Нэг бол ажилгүй байж байгаад нам дагасаар байгаад ороод ирсэн хүмүүс. Тийм хүн чинь намаар УИХ-ын гишүүдийг сонгодог процедур явагдаж байгаа учраас анхан шатаараа намд байхгүй юм чинь гаднаас хүн авчраад нэг сайн багшийг юм уу эмчийг чи манай энд суудал хэрэгтэй байна гээд байгаа юм. Суманд бол аль нэг нам нь ялахын тулд багш, эмчийг авч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр сэхээтнүүд улс төрд байвал их зүгээр. Тийм болохоор одоо УИХ дээр үүнтэй холбоотой хуулийн төсөл яваад байгаа юм.
-Тэр хуулиар бол жишээлбэл, эмч ч юм уу инженер ИТХ-д сонгогдвол эмчийн ажлаа хийж болно гэсэн заалт байгаа гэсэн үг үү?
-Тийм заалт оруулахгүй бол тэр хүнд аль нэгийн сонгох шаардлага үүснэ. Тэгэхээр нөгөө нам ялахын тулд нэр бүхий боловсролтой хүнээ аваад ирдэг. Гэтэл нөгөө хүн маань ИТХ-д орохоор тогтмол цалингүй, ажил амьдралгүй болчих гээд байгаа юм. Анхан шатандаа нам яаж бүрдэж байна. Яг түүний томсгосон тусгал УИХ болоод байгаа юм. Тийм учраас тэр ард түмэнд буруу өгч болохгүй.
-Сургуулийн ширээнээс гарч ирээд, ядаж хоёр гурван хүнтэй хэлтэс ч толгойлж үзээгүй хүн УИХ-д гарчирээд байна. Ер нь тэгээд өнөөдөр төрийн үндсэн зарчим алдагдаад нам төвтэй, төр нь доороо орчихсон байдалд хүрчихлээ. Тийм үү. Монголчууд ер нь намчирхах ямар шаардлага байна. Гурван сая хүнд нам ер нь хэрэгтэй юм уу?
-Ингэж маргадаг хүмүүс байдаг л даа. Түрүүлэхгүй бөх барилдахгүй бол наадам болохгүй шүү дээ. Тэрэн шиг УИХ-д ард түмэн сонгодог болвол нэр дэвшүүлдэг субьект л байх ёстой. Ер нь ямар нэг ашиг харалгүй цайлган сэтгэлээр хийсэн юм сайн байдаг юм байна гэдгийг манай 1990 оны үндсэн хууль харуулсан.
1990 оны сонгууль явуулсан систем бол дэлхийд байхгүй бүдүүлэг систем. Гэхдээ Монголд бол тохирсон. Хоёр танхимтай парламенттай, анхан шатны нэгжээс иргэд юм уу албан байгууллага хуралдаад ардын хурлын депутатаа гаргаад ирдэг. Намуудын төлөө санал өгөөд намууд хуралдаад шууд улсын бага хурлаа гаргачихдаг. Улсын бага хурал бол хуулиа батлаад явчихдаг. Бага хурлын гишүүдийн дөрөвний гурав нь их хурлаасаа гарна. Ерөнхий сайдыг их хурал томилно. Тэгэхээр бага хурал ямар үүрэгтэй байсан гэхээр зөвхөн хууль баталдаг, зарчмын асуудал дээр улстөрийн намууд нь юмаа ярьдаг.
Тэр албан тушаалыг бол их хуралд өгдөг. Тэгэх юм бол суманд намчирхах хэрэг байхгүй. Манай сумын иргэдийг төсөв батлахад хамгийн сайн төлөөлж чадах хүн хэн бэ гээд тэр нөхрийг депутатаар явуулна гээд явуулчихна.
Ардын их хурал бол үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, улсын төсөв батлах, сонгууль хуулийг өөрчлөх, ерөнхий сайдыг томилох зэргийг хариуцдаг байсан. Хоёр танхимтай гэхээр хоёр танхим дамжиж хууль баталдаг гээд байдаг олон улсын жишиг бий. Бид бол заавал түүнийг дуурайгаад байх шаардлагагүй гэж харж байгаа.
-Үүнийг би бүдүүлэг гэж хэлмээргүй байна. Харин Монголын хөрсөнд тохирсон хамгийн сайн хувилбар байсан юм биш үү. Та сая хэллээ. Заавал барууны жишгийг дагаад нам ийм, тийм байх ёстой гэхгүйгээр бид өөрийн үндэстний онцлогт тохирсон хувилбараа сонгоод явчихаж яагаад болдоггүй юм бэ?
-Э.Бат-Үүл эднар хоёр танхимтай болгоё гээд яриад байдаг чинь тийм л учиртай юм л даа. 1990 оны хувилбар маань хамгийн чадалтай нь байсан.Тэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Монгол Улсын түүхэнд үүргээ биелүүлсэн. Ахиж ухаантай юм ярьж байхаар Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийгээд 1990 оныхоороо явцгаая. Дийлэнх олонхи байгаа дээрээ Үндсэн хуулийнхаа зарчмын өөрчлөлтийг хийгээд хоёр танхимтай болгох хэрэгтэй. Ингээд УИХ-ын ажил,эрх үүргээ тодорхой болгох ёстой. Харин үлдсэн өдөр тутмын хуулиудаа бага хуралд өгчих хэрэгтэй байгаа юм.
Тэгээд намууд өөрсдөө хурлаа хийгээд нэр дэвших хүмүүсээ санал болгодог болгочихвол их амархан. Жирийн нэг иргэнд нэр дэвшигч хүн нь таалагдаад байхад нам нь таалагдахгүй бол сонголт хийх хоёр хувилбар гарч ирнэ. Гэтэл 1990 оны сайн тал нь юу байсан гэхээр ард иргэд дотроос, ардын хурлын депутатууд дотроос нам хамаагүй би таалагддаг хүндээ л саналаа өгнө, сонгоно гэсэн зарчимтай байсан явдал. Бага хурал дээр бол би таалагдсан намдаа саналаа өгнө гэдэг байсан. Энэ бол жинхэнэ зарчим. Шинэ юм гэдэг бол сайтар мартагдсан хуучин юм гэдэг шүү дээ. 1990 онд та аль нэг хурлаас л нэр дэвшсэн байх ёстой гэдэг зарчим үйлчилдэг байсан. Энгийн улс төрийн намын өөрчлөлтөөс гадна цаашид сайжруулах ёстой зүйл бол нийгмийн сэхээтнүүдийг улс төрийн намд орж ирэх тэр гарцыг нээж өгөх хэрэгтэй.
Мундаг, салбартаахүлээн зөвшөөрөгдсөн сэхээтэн орж ирлээ гэхэд тэр сэхээтэн муу юм бараг хийхгүй дээ. Аль ч намд орж ирнэ. Гэхдээ тэр хүн орж ирснээр тухайн намын анхан шатны байгууллага улам бэхжиж, сайжрах юм. Манайд 100 гаруй төрийн албан хаагч байна гэхэд тэр нийгмийн томоохон салбаруудыг нуруун дээрээ үүрдэг сэхээтнүүдийн санал бодол намын анхан шатны байгууллагад тусах бололцоо хязгаарлагчихаад байгаа нь маш том алдаа. Үүнийг л нээлттэй болгох хэрэгтэй. Одоо С.Эрдэнэ гишүүн эндээс л ажлаа эхлэх ёстой.
Н.Алтанхуяг шиг фракцуудаа оодруулаад, З.Энхболд шиг компанийн засаглалыг намд тулгаж болохгүй
-АН-ын өнөө цагийнхан Та нараас зөвөлгөө авдаг уу?
-Бидний үгийг сонсоно шүү. Гэхдээ одооноос С.Эрдэнэ арай өөр дарга болох болов уу гэж бодож байна. Хуучин бол фракцын дарга байсан шүү дээ. Тийм учраас ҮЗХ-нд өөрийнхөө фракцаас нэг хүнийг яаж илүү байршуулах вэ гэж л санаа зовдог нөхөр байсан. Одоо бол нийт гишүүдээс сонгогдсон учраас С.Эрдэнийг унагаах хэцүү. Хуучин дарга бол байнга хүзүүн дээрээ илдтэй байсан. Юм хийвэл мултлуулчих гээд болдоггүй. Сая бол Н.Алтанхуягийн эсрэг бичлэг, энэ тэр гүтгэлэг тараахад нь сайн мэдэх хүний хувьд би намынхандаа гомдож л байлаа. Бүх хамаатан саднаа ажилд аваад алаад хаясан ухааны юм яриад байдаг.
Гэтэл үнэн хэрэг дээрээ Н.Алтанхуягийн танхимд Л.Гантөмөр сайд байсан уу байсан, С.Эрдэнэ сайд байсан уу байсан. Сая 10 гаруй мянган албан хаагч ажлаасаа халагдлаа гэж байна. Бүгд Н.Алтанхуягийн хүн байгаагүй шүү дээ. Яс юман дээрээ Дэнзэн гэдэг хүний хэргээс болж Н.Алтанхуягийг ингэж гүтгэж болохгүй. Би бол тэгж харахгүй байгаа.
Н.Алтанхуягийн алдаа бол бүх фракцуудын эрх ашгийг хангах гэж үзсэн явдал. Өөрөөр хэлвэл тэр Засгийн газрыг фракцуудад хувьчилаад өгчихсөн юм. За Эрдэнэ чи нийгмийн хамгааллаа ав, Гантөмөр чи боловсролоо ав гэх зэрэг. Нэг мэдсэн чинь өөрт нь захирагддаггүй бүгд жижиг бүлэг болчихсон. Үүнээс болоод Засгийн газар нь унасан. З.Энхболдын амжилтад хүрээгүйн шалтгаан нь нэгэнт шуудайнд хийсэн эвэр шиг болсон юмыг нөхөр бол захиргаадах гэж үзсэнд байсан. З.Энхболд бол магадгүй компанийнсайн захирал, менежер байж болох хүн. Харин яав ч улс төрийн намын менежер биш гэдэг нь харагдсан. З.Энхболд бүгдийг хамж захираадах гэж үзсэн биш харин ч өөртөө олон дайсан бий болгосон л доо.
-Ер нь Монголын улс төрд лидер гэж байна уу. Ардчилсан намд үйл хөдлөл бүх зүйлээрээ нийгмийг дагуулаад явчих зангарагтай лидер байна уу?
– Надад бол хүчтэй лидер юмаа гэсэн хүн харагдахгүй байна. Гайгүй гараад ирж байгаа нь өөрсдөө баастай хутгалдчих юм. Нөгөө хэд араас нь ч сайн хөөрөгдөх юм. Лидер гэдэг бол хоёр үндсэн чанартай байх ёстой. Нэгдүгээрт, хүлээн зөвшөөрөгдөх, хоёрдугаарт, өөрт нь харизм шинж байх ёстой. Тэр хоёр зүйл хоёулаа нийлж байж сая лидер болно. Тухайлбал, Баабар бол нийгэмд танигдсан хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Гэхдээ Баабарт харизм, тэмцэх удирдах чадвар алга байна. Бодсон юмаа хэлж, үзэл бодлоо илэрхийлж байна уу. Тийм. Гэхдээ нам удирдаад яв гэвэл үгүй л гэнэ. Монголын улс төрд үнэхээр лидер алга. Эдүгээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хийж байгаа хүнийг лидер биш гэж хэлбэл гомдох байх. Гэхдээ лидер гэдэг чинь арай ч ийм биш л дээ.
– Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Хүчирхэг ерөнхийлөгч болчих хүн аль ч намд алга байгаа талаар олон нийтийн дунд яригдаж байгаа нь нууц биш. Таны хувьд АН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн боломжтой хүн хэн байна вэ?
-Эхлээд нийт гишүүд дотроо хүлээн зөвшөөрөгдөх хүн, дараа нь ард түмнээс дэмжлэг авах хүн гээд ярина. Тэгэхээр би хоёр хувааж хэлье. Нэгдүгээрт, намын даргад нэр дэвшсэн таваас гэвэл С.Эрдэнэ бол дүрмээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нь хязгаарлагдсан. Нэр дэвшихгүй. Намын даргын сунгаанд хоёр дахь саналыг авсан хүн бол Н.Алтанхуяг. Энэ хүн бол Ардчилсан намын бүх гишүүдээс жигд санал авч байна. Тэгэхээр энэ хүн хүлээн зөвшөөрөгдсөн байна гэсэн үг. Уг нь би Д.Эрдэнэбатыг нэлээн гайгүй санал авах байх гэж бодсон. Ерөнхийлөгчид нэр дэвших хүний имижийг харахад ч тэр.Гэтэл чадсангүй. Энэ хоёр бол АН-ын даргын сонгуульд өрсөлдсөн тав дотроос миний санал болгох хүн. Л.Гантөмөр нар бол нялхдана.
Хоёрдугаарт, нэр дэвшээгүй ард нь үлдсэн хүмүүсээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хамгийн тохиромжтой байж магадгүй хүн бол Лу.Болд. Яагаад гэхээр ерөнхийлөгчийн өөрийнх нь үндсэн функц бол гадаад харилцаа, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай нягт холбогддог. Тэгвэл яг энэ хоёр салбарын сайдын албыг хашиж байсан хүн бол Лу.Болд. Ардчилалын төлөө 1990 оноос хойш явсан хүмүүсийн нэг. Хамаагүй асуудалд оролцоод байдаггүй нь нэмэх оноог түүнд авчирдаг.
-АН-ынхан их жудаггүй болсон юм уу даа. Дандаа өөрсдөө бие биенийхээ “бөгсийг” ухаадбайх юм. Өнөөдөр ерөнхийлөгчид өрсөлдөх хамгийн боломжтой хүн Э.Бат-Үүлээ Зоригийн хэрэгт хутгаад учрыг нь олохооргүй болгочихсон байх жишээтэй
– Манай өрсөлдөгч нам бол маш чадварлаг, улс төрийн ажлын 70 жилийн дадлага, туршлагатай нам. Мөн аливаа коммунист намбол үзэл суртлын ажлыг яаж хийдгийг яруу тодоор үзүүлсэн. Энэ уламжлал, туршлага нь МАН-д байна. Энэ бол яах аргагүй сайн тал. Тэгэхэд бидэнд ийм туршлага байхгүй. Энэ олон заваан юмыг бид өөрсдөө хутгаад байгаа юм шиг боловч мэдээж хэрэг өрсөлдөгчийн гар хөл оролцож байгаа. Би тэгж хардаг. АН нялхасийн өвчнөөсөө салаагүй байна. Хоёрдугаарт, Бид 1990 онд яг нэг гараанаас эхэлсэн. Тэгээд хувь заяаны эрхээр ч гэх юмуу даа хийж байгаа ажил, олсон боловсрол, амьдралын нөхцөл байдал зэргээсээ болоод харьцуулахад 20 жилийн дотор өөр өөр түвшинд очсон байна. Энэ ялгаагаа хувь хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрч чаддаггүй юм болов уу гэж боддог юм. Одоо харин манай залуучууд гайгүй болж байна.
– Улс төрд ер нь мораль байдаг юм уу?
– Байхгүй.
-Миеэгомбын Энхболдыг дараагийн Ерөнхийлөгч болгох талаар АН-ын зарим нөлөө бүхий хүмүүс МАН-тай нэг мөр тохирсон гэх яриа их явах юм
– Тэр ч юу л бол. Энэ бол намын даргаас хамаарахгүй асуудал. Би намын даргын сонгуулиас өмнө ярьж л байсан юм. Энэ тав дотор хамгийн олон саналыг С.Эрдэнэ авна. Тэгээд Н.Алтанхуяг, дараа нь нөгөө хоёр залуу, Д.Эрдэнэбат орно гэж. Яагаад гэхээр Ардчилсан холбооныхон буу тулгаж байсан ч С.Эрдэнийг гаргана. Хуучин соцдекийнхэн нь гарцаагүй Н.Алтанхуягтаа л өгөх нь тодорхой байлаа. Энэ хоёр нийлээд 60 хувийн санал авч байна.
Үүн шиг ерөнхийлөгчийн сонгуулиар тохироод М.Энхболдыг гаргая гэхэд мөнгө өгөөд бүр шанаанд нь буу тулгасан ч гэсэн МАН-ын нэр дэвшигчидсаналаа өгөхгүй гэсэн хуучны юм АН-ын гишүүдэд байгаа л байхгүй юу. Тийм улс төрийн энерц нь одоо болтол хадгалагдаж л байгаа. Тийм учраас дээгүүрээ хуйвалдаад хэн нэгнийг гаргана гэдэг бол ерөнхийлөгч ард түмнээс сонгогдож байгаа тохиолдолд үнэхээр бүтэхгүй. Зүгээр намын зүгээс удирдлага зохион байгуулалтын хувьд МАН-д туслаад, АН-аасаа нэр дэвшигчдээ дэмжлэг үзүүлэхгүйгээ 2005 онд М.Энхсайханд гаргадаг шигээ онцгүй үйлдэл гарах магадлал байж болох юм.
-Анхны намуудын хуучин угшил хадгалагдаад байна гэж ярилаа. Олон нийт бол АН-ыг шат дараалан сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн гол шалтгаан нь нам дотор хагарал, эв нэгдэлгүй байдал гэж дүгнэсэн.Сая намын даргын сонгуулиар орон нутагт явж байхад хүртэл тэр нь харагдсан. Угшлаа хараад даргаа сонголоо гэж байна. Тэгвэл ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг бас угшлаар бодож сонговол С.Эрдэнэтэй холбоотой хүн байх юм биш үү?
– Үгүй байхаа. Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн гэвэл би Н.Алтанхуяг, Лу.Болд хоёр л гэж хэлнэ. Бөөрөнхийлөөд ч яахав. Бодитой нэр дэвших нь энэ хоёр. Бусад нь бол дийлэхгүй. Яагаад гэхээр үнэхээр сунгаа явуулаад энэ хоёрын нэг нь л гарч ирнэ.
-Ард түмэнд үнэлэгдсэн мөртлөө намдаа ерөөсөө дэмжлэг байхгүй хүмүүс байх юм. Жишээлбэл, Р.Амаржаргал байна. Яагаад нам нь түүнийг дэмждэггүй юм бэ?. Хүлээн зөвшөөрдөггүйн шалтгаан нь юу юм бол?
-Хоёр талтай. Амраа бол гарцаагүй сайн багш. Яагаад намынхаа гишүүдээс дэмжлэг авдаггүй вэ гэж үү? Яг үнэнийг хэлэхэд Амраа юу ч хийдэггүй хүн. УИХ-д суусан үеийнх нь ирцийг та нар үзээрэй. Ер нь алив үйл ажиллагаанд оролцдоггүй.
Нэг ийм л имижтэй яваад байдаг. Түүнийг анхан шатанд очоод нэг асуудал шийдээд, УИХ-д хууль санаачлаад, саналаа бодлоо хэлээд, шүүмжлээд явсныг нь санах гээд үзээч. Жишээлбэл, Батзандан эд нар үзэж тараад байна. Тэгэхэд тэр хүн тийм биш л байхгүй юу. Зүгээр л яваад байдаг. Яагаад энэ хүн бидний, намынхаа эрх ашгийг хүндэлдэггүй юм. Ийм зүйл дээр бид зарчмын байр суурьтай байх ёстой. Яагаад гэвэл Р.Амаржаргал гишүүн бол хуулиар ард түмний төлөөлөгч гэж заасан боловч ард түмний төлөөлөгч биш.
АН-ын суудал дээр сууж байгаа хүн. Тэгэхээр АН-ын суудалд сууж байгаа хүн АН-ын үзэл баримтлал, зарчмын байр суурин дээр өөрийгөө илэрхийлэх ёстой. Ер нь тэгээд хуралдаа ч бараг суухгүй. Янз бүрийн асуудал болохоор байдаггүй байхгүй юу.Түүний энэ идэвхгүй, сул байдал нь олон нийтэд сайн тал болж харагддаг болАН-ын гишүүдэд хүлцэж боломгүй сул тал болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хүн ерөнхийлөгч боллоо гэж бодоход тэр чигээрээ л яваад өгнө. Тэр АН-ын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй, юунд ч оролцохгүй. Хаалгаа түгжээд сууж байна.
-Ерөнхийлөгч чинь угаасаа нам бус байх ёстой биздээ?
-Ер нь хувь хүний онцлог нь тэгж харагдаад байдаг байхгүй юу.Р.Амаржаргал бол маш сайн эдийн засагч, сайн багш, сэхээтэн гэхдээ улстөрч биш. Улстөрч хүн чинь миний түрүүн хэлсэн харизмтай байх ёстой. Харизм шинж чанар түүнд байхгүй. Батзандан, Амаржаргал хоёрыг холиод тавьбал болох гээд байна. Батзандан шиг тэмцэгч, Амаржаргал шиг боловсролтой байвал тийм хүн л лидер байхгүй юу. Улс төр бол багийн тоглоом. Гэхдээ Амаржаргал бол багийн тоглогч биш,бас тэмцэгч биш байна. Амраа бол ардчилалын анхны зүтгэлтнүүдийн нэг шүү дээ. Энэ хооронд улс төрийн ямар үйл явдлууд боллоо доо. Тэр хооронд Р.Амаржаргалыг бодоорой. Яг хаана байсан бол гээд. Ний нуугүй ярихад ерөөсөө дундуур нь явсан хүн.
-АН-ын даргын сунгаагаар орон нутгаар явж байхад саналаа хэлсэн хүмүүсийн 70 хувь та нарт “үндэсний эв нэгдэл, намын эв нэгдлээ хамгаалаарай.” гэсэн байсан. Эв нэгдлийг хангадаг гол хүн нь өнөөдрийн хувьд миний бодлоор Н.Алтанхуяг л байсан юм болов уу гэж харагддаг.
-Та нар бас дутуу л хараад байна. Би бас Д.Эрдэнэбатыг арай гайгүй байх болов уу гэж харж байсан. Сайн танигдаагүй байна. Түүнээс бол ерөнхий нарийн бичгийн дарга олон жил хийсэн хүн шүү дээ. Тийм болохоор ерөнхий төвийг сахиад ажиллаж чадах болов уу гэж бодож байсан. Одоо бид эв нэгдэлтэй байхын тулд ямарч байсан өмнөх хоёр замаар явж болохгүй. Эв нэгдэлтэй байна гээд фракцуудаа оодруулаад намаа хувьчилж болохгүй. Эсвэл З.Энхболд шиг компанийн захирал гэж ойлгоод шууд өөрөө багаа бүрдүүлж болохгүй. Ерөөсөө л хамтын тоглолт.
– Та манай улстөрчид дотроос хамгийн технократ хүн гэвэл хэнийг хэлэх вэ?
– Хамгийн технократ хүн бол М.Энхсайхан. Өөр хүн бол алга. Гэхдээ З.Энхболдыг боддог л юм.
-Улс төрийн намын хуулинд өөрчлөлт ороод төрийн байгууллагын хүмүүс улс төрийн албан тушаалаас гадна давхар ажлаа эрхэлж болно гэвэл та улс төрд эргэж ирэх үү?
-Би улс төрдөө байгаа л даа. Өнгөрсөн 27 жилийн дөрвөн жилд нь л намын сонгуульт ажилгүй байлаа. Нийслэл, дүүргийн намын хороо гээд л. Миний хийж чадах ажил биш. Одоогийн байдлаар надад мөнгө нь алга, хоёрдугаарт тэмцдэг харизм чанар нь алга. Зүгээр л үнэнч ажлаа хийгээд л явж байх хүн. 90 онд нийгэм өөрөө бүхэлдээ улстөрд орж байсан учраас би орсон. Тэрнээс биш туг бариад урд гүйгээгүй байхгүй юу /инээв/Гэхдээ намаас нээх хол байна гэж боддоггүй л дээ.
– С.Эрдэнэ ротаци хийх болов уу?
-Хийнэ.
– Дүрмийн хороо гээд гарсан байгаа. АН-ын шинэчилсэн дүрмээс таны хүлээлт юу байна?
-Дүрмийн төсөл манай сайтан дээр байгаа. Надад бол дүрмийн төсөл дээр зарим юмнуудыг хэтэрхий нарийвчилсан санагдсан. Хэт нарийвчилсан дүрэм асуудалшийдэхэд саад болдог. Хоёрдугаарт, ҮЗХ, намын дарга, анхан шатны байгууллага намын даргын зохистой харилцааг гаргаж ирж чадаагүй байсан. Энэ хоёрын зохистой харилцааг тусгаж өгөхгүй бол зөрчил үүсэх бололцоотой. Яагаад гэхээр ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч, парламент хоорондоо тулна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын хоорондын эрх зүйн харьцааны асуудлыг аль эрх мэдэл нь ҮЗХ-д байх юм, аль эрх мэдэл нь сонгогдсон гишүүнд байх юм. Одоо жишээлбэл, анхан шатны намын даргыг шууд сонгоно гэх юм шиг байна лээ.
Хэрвээ ингэж сонгоно гэх юм бол нөгөө сонгогдсон намын дарга, сонгогдсон зөвлөл хоёрын хоорондын харьцааг маш болгоомжтой хийж өгөхгүй бол намын ажил нь явахаа больчихно.Ийм зарчмын юмнуудыг тусгаж өгөх хэрэгтэй. Түүнийг намын их хурлын эрх гэж оруулахаасаа илүү намын даргын бүрэн эрх гэж оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр чинь ард түмнээс сонгогдсон “ерөнхийлөгч” юм чинь. Өөрөөр хэлбэл нам бол одоо ерөнхийлөгчийн засаглалтай болж байна шүү дээ. Тийм учраас нийт гишүүдээсээ сонгогдсон даргадаа бүрэн эрх өгөхгүй бол нөгөө хуучин дарга нар шигээ л хоцорно. Тэгвэл өөрчлөгдөхгүй гэсэн үг.
Ерөөсөө л хурал, сонгогдсон хүн хоёрын хоорондын харилцаа л чухал. Манайд тэр байдаггүй болохоор анхан шатны байгууллага зүгээр даргаа солих гэж л хуралддаг эсвэл нэр дэвшүүлэх тийм асуудлаар хуралддаг. Тэгээд дарга унахгүй нь тулд нөгөө талтайгаа тохирно. Ингээд муур,хулгана шиг бие биенийгээ тойрч, хөөцөлдсөөр ирлээ.
Н.Ахмарал
Эх сурвалж: “Үндэсний мэдээ” сонин