ШУТИС-ийн харьяа Ахлах сургуулийн сурагчид өөрсдийн гараар урласан бүтээл, бүтээгдэхүүнээ эцэг эхчүүдэд танилцуулах өдөрлөг арга хэмжээ тус сургууль дээр боллоо. Ахлах сургуулийн сурагчид багш нарын тусламжтайгаар саван, лаа, уруулын будаг, ванны бөмбөлөг, хуванцар зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг туршилтын аргаар үйлдвэрлэж байна.
Ахлах сургуулийн захирал Г.Адьяахүү:
“Сургуулийн үйл ажиллагааны ерөнхий үр дүнг сурагчдын эцэг эхчүүдэд танилцуулах, багш, сурагч, эцэг эхчүүдийн харилцаа холбоог сайжруулахад тус өдөрлөг чухал үүрэгтэй. Манай сургуулийн 11, 12 дугаарын ангийн сурагч бүр бүтээл урлах, бүтээгдэхүүн хийхэд суралцаж байна. Туршилтын журмаар бүтээгдэхүүнүүдийг гар аргаар үйлдвэрлэх, урлах ур чадварыг сурагчид олж авч байгаа. Энэ хичээлийн жилээс Олон улсын шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд олон интеграц хичээл явагддаг. Энэ нь математик, байгалийн ухааны дөрвөн хичээл, IT, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, бизнес судлалын хичээлүүд хөтөлбөрийн хүрээнд нэмэгдэж орсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд сурагч бүр нэг төслийн ажлыг авч хэрэгжүүлдэг байгаа. Төслийнхөө хүрээнд үйлдвэрлэл явуулна гэсэн үг. Саван үйлдвэрлэлээ гэхэд тухайн сурагч маань байгалийн ухааны хичээлээрээ дамжуулж орц материал, найрлагыг нь судалж бүтээгдэхүүнээ хийдэг бол дизайны хичээлээрээ дамжуулан хийц загварыг нь гаргаж ирэхэд суралцдаг. Савангийнхаа борлуулалтыг яаж хийх вэ гэдгээ бизнесийн хичээлээрээ дамжуулан суралцаж байна. Хөтөлбөрийн маань нэг онцлог нь хүүхэд бүр жил болгон нэг бүтээгдэхүүн гаргадаг. Энэ хичээлийн жил гол төлөв химийн хичээл дээр суурилсан бүтээгдэхүүнүүдийг гаргаж авсан” гэсэн юм.
Б.Ану: Ургамлын тосноос саван гаргаж авсан
Ахлах сургуулийн 12 А бүлгийн сурагч Б.Ану саван гаргаж авчээ. Түүнээс саван гаргаж авсан туршилтынх нь талаар сонирхлоо.
Б.Ану “Бид хамгийн эхлээд суурь савангаас саван гаргаж авсан. Мөн дараагийн гаргасан саван нь ургамлын тосноос саван үйлдвэрлэсэн байгаа. Ургамлын тос нь айл бүхэнд л байдаг шүү дээ. Ургамлын тосноос саван гаргасан маань суурь савангаас гаргасан савангаа бодвол маш зөөлөн болж өгдөг. Ургамлын тосон дээрээ зөгийн бал, кофены шаар, лимоны хальс, ногоон цай, хуурай сүү зэрэг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг орцод нь нэмж өгдөг.
Кофены шаараас гаргаж авсан саван нь скрабны үйлчилгээтэй болдог бол хуурай сүү, ногоон цай нь арьсыг тайвшруулж өгдөг байгаа. Бид химийн мэдлэгээ амьдралд хэрэгжүүлье гэдэг үүднээс саван гаргаж авсан. Саван нь ямар нэгэн хорт бодис агуулаагүй учраас арьсанд харшил өгөхгүй. Lhamour гээд Монголын бренд байдаг шүү дээ. Түүнийг ч гэсэн гар аргаар гаргаж авсан саван. Тэр саванг бодвол манай саван нь үнийн хувьд хямд байх боломжтой байгаа. Сав баглаа боодлоо бид өөрсдөө хийсэн” гэлээ.
Эцэг эхчүүд хүүхдүүдийн хийсэн лаа, саван, уруулын будаг, ванны бөмбөлөг зэргийг үзэж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Ахлах сургууль 2020 он гэхэд Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн цөм хөтөлбөртэй загвар сургууль болохоор зорьж буй ажээ. Тус сургууль нь хот, хөдөө орон нутгаас байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг сайтай, техник технологид сонирхолтой, авьяас чадвартай сурагчдыг элсүүлэн суралцуулах, үүний тулд орон нутагт нь салбар байгуулах, түүгээр дамжуулан их сургууль, мэргэжлийн онцлогийг таниулах, сурталчлах, чадварлаг инженерүүдийг ахлах сургуулиас нь бодлогоор бэлтгэх шаталсан тогтолцоог бий болгоход зорьж ажиллаж буй юм.
ШУТИС-ийн Ахлах сургуулийн сурагчид Нийслэлийн технологийн олимпиадаас сүүлийн гурван жил эхний таван байрыг тасралтгүй авчээ. Мөн улсын олимпиадаас эхний гурван байрыг тасралтгүй авсан амжилт үзүүлжээ.