Шинэчлэгдэж байгаа гэх Ардчилсан намынхан шийдэлд хүрч чадахгүй байсаар цаг хугацааг үдсээр байна. Уг нь бол тус намын дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд болно. Мэдээж үүгээр АН-ын Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нар сонгогдох учиртай. Дараа нь намын гишүүдийнхээ дунд санал асуулга буюу өнгөрсөн удаа намын даргаа сонгосон зарчмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмээ тодруулна гэж байгаа. Гэтэл Улсын дээд шүүх Ардчилсан намын даргыг бүртгэсэн ч намын шинэ дүрмийг бүртгэж авахаас татгалзчихаад байгаа. Юутай ч намын дарга С.Эрдэнийн хувьд Дээд шүүхээс дүрмийг нь ямар шалтгаанаар бүртгэж аваагүй гэх шийдвэрийг гардаж авч байж тодорхой мэдээлэл өгнө хэмээгээд байгаа бөгөөд дотоод сонгуультай холбоотой үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар, нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өгөөд байгаа.
Харамсалтай нь шинэ дүрмийн талаар АН-ын ихэнх гишүүн ямар ч мэдээлэлгүй яваа гэдэгтээ нэлээд унтуутай байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчноор илэрхийлэх болсон. Уг нь намынхаа их хурлын үеэр тарааж өгсөн намын дүрмийн төсөлтэй гишүүд нь танилцсан байдаг. Тиймдээ ч олон гишүүнээс санал, санаачилга гаргаж, түүнийг нь дүрмийн төсөлд тусгасан гэх авч эцсийн байдлаар гаргасан дүрмийн төсөлтэй одоог хүртэл танилцуулаагүй гэх юм билээ. Тэр ч утгаараа гишүүд нь дотроо дарга, удирдлагуудаа хардаж яваагаа нуухаа байжээ. Тодруулбал шинэ дүрмийг батлагдсаных нь дараагаар хэсэг бүлэг хүмүүс зассан гэж үзээд буй аж.
Хэрвээ АН-ын гишүүд байтугай Дээд шүүхэд ч “таалуулах” хэмжээний дүрэм биш байвал дараагийн алхмууд хэрхэн үргэлжлэх бол гэдэг нь тун ч сонирхолтой асуудал. Хэрвээ шинэ дүрэм нь хүлээн зөвшөөрөгдөхгүй бол дотоод сонгуулийн үр дүнгээр гарсан намын институт эрхзүйн чадамжийн хувьд асуудал дагуулж мэдэх юм. Тиймээс ч намын зарим гишүүн нь Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж аваагүйтэй холбогдуулж Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулах шаардлагатай хэмээн үзэж, удирдлагадаа шаардлага хүргүүлээд байгаа. Гэхдээ намын дарга нь шаардлагын хариуг өгөөгүй.
Уг нь С.Эрдэнэ намын дарга болмогцоо “АН-ын шинэчлэл бол эв нэгдлийн төлөөх шинэчлэл байсан. Би намын дарга болсон учраас нийт гишүүдийн эрх ашгийг төлөөлж ажиллана. Аль нэгэн фракцын эрх ашгийг төлөөлж ажиллахгүй, тэдний нөлөөнд орж ажиллахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. АН-д энэ цаг мөчөөс эхлээд аль нэгэн фракц давамгайлсан үйл ажиллагаа цаашид явагдахгүй” хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ л олны хардлагыг дагуулж байсан нь биелэлээ олж мань “АН-ын Их хурлын шийдвэрийг гишүүд үг дуугүй биелүүлэх үүрэгтэй” хэмээн мэдэгдчихээд байна.
Үндсэндээ бүхэлдээ шинэчлэгдэх мэт харагдаж байгаа АН-ын хувьд эхний ээлжид хураамж, дэнчингийн хэмжээ анхаарал татаж байсан бол одоо дотоод сонгуулийн үр дүн хэрхэх бол гэдэг нь сонирхолтой байх болсон. Учир нь дотоод сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшигчдийн хувьд шинэ гишүүд жин дарахаар байгаа. Хэдийгээр Үндэсний бодлогын хороонд шинэ хүмүүс орж ирж байгаа нь АН-д сайн талтай боловч ч нөгөөтэйгүүр залууст туршлага дутах вий гэдэг сэрэмжлэг ч “акул”-уудад нь байгаа бололтой. Түүгээр ч зогсохгүй улс төрийн тогоонд олон жил “чанагдсан” зарим нь нэгэнтээ намын дүрэм тодорхойгүй, дээр нь сонгуулийн үр дүнд итгэхгүй байгаа учраас нэр дэвшүүлээгүй тухайгаа ч ярьж явна. “Жингийн цуваа явж л байдаг…” гэгчээр АН-ын дотоод сонгууль болох нь тодорхой. Харин үлдсэн хугацаанд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ сонгох санал хураалтыг зохион байгуулах цаг үлдэх эсэх нь эргэлзээ төрүүлж буй юм. Тиймдээ ч намын зарим гишүүн шаардлагын дагуу шалавхан хуралдаж асуудлыг яаралтай хэлэлцэх нь чухал хэмээн үзээд буй юм. Хэл ам дагуулж буй АН-ын дотоод сонгууль нь намаа дордуулахын цондон байх вий дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин