С.Бямбацогт: Төрийн алба оффшортонгуудын орогнох газар биш

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.

-Оффшорын тухай хуулийг ард түмэн маш их хүлээж байна. Тэдэнд хариуцлага тооцох ёстой гэсэн хандлага ч хүчтэй болж эхэллээ. Уг хууль маань батлагдах болоогүй юу?

-Оффшорын асуудал бүр 2013 оноос л яригдаж эхэлсэнийг та бүхэн мэдэж байгаа. Харамсалтай нь өмнөх парламент шийдэх гээд чадаагүй. Үнэндээ бол тухайн үеийн эрх баригчид шийдэхийг ч хүсээгүй. Харин манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа хулгайн мөнгөө, хууль бус орлогоо оффшор бүсэд нуусан этгээдүүдэд хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг оффшор бүсэд банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох зорилгоор “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэн цагаасаа л олны анхаарлын төвд орж, янз бүрийн хэл ам, хардлага сэрдлэг гарч байгаа нь ч үнэн. Бас хоосон шүүмжлэлээр халхавч хийж байгаад энэ хуулийг яаж ийгээд гаргахгүй байх, хуулийн нударга, төрийн илднээс амиа хоохойлж үлдэх атгаг санаархал ч ил далд цухалзаж байгаа. Гэхдээ ямар ч байсан энэ хууль батлагдах ёстой, батлагдахдаа хэрэгжих амьтай, хийрхэлээс ангид голтой чамбай хууль байх ёстой гэсэн нэгдсэн шийдэлд бид нэгэнт хүрсэн.
Нэгэнт төрд алба хашъя, түмнийхээ төлөө зүтгэе гэж байгаа бол өөрөө ч тэр, гэр бүлийн гишүүд нь ч тэр оффшор данснаас татгалзах ёстой л болж таарч байна. Хэрэв үүнтэй санал нийлэхгүй байгаа бол төрийн албанаас татгалзах нь хэнбугайд ч нээлттэй байгаа шүү дээ.

-Хууль батлагдлаа л гэдэг. Тэгээд үр дүн гарах юм уу даа? Цаасан дээр үлддэг хуулийн нэг болох вий гэсэн болгоомжлол байна ?

-Үр дүн гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гарах ч ёстой.Жил бүр дэлхийн нийт бүтээгдэхүүний 6-аас 8 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө оффшор бүсэд эргэлддэгийн хамт 1 их наяд ам долларын татвар төлөлтөөс зайлсхийдэг тухай тоо баримтууд бий. Монгол Улс хэдий хэмжээний татвар төлөгдөхгүй оффшор бүсээр дамжаад байгааг, хэдий хэмжээний хууль бус мөнгө тэдгээр бүс нутагт байршиж байгааг тогтоох болно.

Олон улсын валютын сангаас 52 улс, бүс нутгийг оффшор бүс гэж зарласан байдаг юм. Үүн дээр үндэслэж Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд ийм улс орнууд, энэ бүс нутаг хамаарна гэдгийг тодорхойлж гаргана.

Хууль батлагдсаны дараа Монголын төр оффшор бүсэд хувьцаа, данс эзэмшиж байгаа болон хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуусан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг тодорхой хугацааны дотор ийм мөнгөө улсдаа яаралтай оруулж ир гэдэг шаардлага тавина. Тодруулбал, 3 сарын дотор оффшор бүсэд хадгалсан, байршуулсан хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх, эсхүл тухайн албан тушаалаас татгалзах зэрэг арга хэмжээг авч энэ талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа.

Ингээд байхад мөнгөө оруулж ирэхгүй бол тэдэнд төрийн хуулийн төмөр буулга ямар байдгийг үзүүлэхээс өөр арга байхгүй. Тэдний энд тэндхийн оффшор бүсэд нуусан хөрөнгө мөнгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж, хүчээр хураан авах болно гэдгийг хэлчихье.

Би удахгүй Интерполын олон улсын форумд оролцоно. Энэ үеэр уг форумын оролцогч 50 орчим улсын Дотоод хэргийн сайд, мэргэжил зорилго нэгт нөхөдтэйгөө оффшорын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар ярилцахаар төлөвлөж байна. Мөн Интерполын удирдлагатай ч энэ талаар санал солилцоно. УИХ-д удахгүй өргөн барих Прокурорын тухай хуулийн төсөлд прокурорын байгууллага гадаад улсын гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагатай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлыг тодорхой тусгаж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааныхаа хүрээг тэлж байгаа нь энэ асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц болох юм.

Дахин хэлэхэд Монголын төрд зүтгэх гэж байгаа юм бол зарим эрхээсээ татгалзах нь зарчим байх ёстой. Төрд хоёргүй сэтгэлээр холбиролгүй зүтгэдэг, ёс зүйтэй, шударга тийм л хүмүүс хэрэгтэй.Түүнээс биш илүү харж билүү долоодог, төрийг түрийвчээ түнтийлгэх боломж, эдийн шунал, адын хүслээ гүйцэлдүүлэх талбар гэж харж байгаа бол том эндүүрэл. Төр, ард түмнийхээ төлөө шударгаар зүтгэнэ, цалингаараа амьдарна гэсэн бол тийм л ёсоор амьдрах ёстой. Хэрвээ бизнес эрхлэх, гадаадад данс эзэмших эрхээ эдлэхийг хүсч байгаа бол тэр сонголтоо дагах боломж нь чөлөөтэй байгаа. Төрд өндөр албан тушаал хашиж байгаа бол тодорхой хэмжээнд эрхээ хязгаарлуулж, үүргээ биелүүлж, хариуцлагаа ухамсарлан ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэн ч мартаж болохгүй. Түүнээс биш төр оффшортонгуудын орогнох газар биш.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …