“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар хоёр тал байр сууриа илэрхийллээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн  дарга У.Бямбасүрэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хамт  өчигдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр ярихдаа, “Эрдэнэт” үйлдвэр бол төрийн өмчит компани. Компанийн тухай хуулиар Эрдэнэт үйлдвэрийн бүртгэлийн гэрчилгээг авснаар 100 хувь төрийн мэдлийнх болж байна. Энэ компанийг ашигтай ажиллуулах, санхүү эдийн засгийг сайжруулахын төлөө Засгийн газраас  бүх арга хэмжээг авч байна.  Тухайлбал Засгийн газар байгуулагдаад төрийн өмчит компанийн үрэлгэн байдлыг зогсоох, шахааг арилгахаар  шат дараатай ажлуудыг хийж буйг та бүхэн мэдэж байгаа. Төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалинг танаж, нэмэлт хангамжуудыг үгүй болгосон. Эрдэнэт үйлдвэрийн хувьд зарим бүтцийг өөрчилнө. Гэхдээ найман 8 дэд захирлыг шинээр томилохгүй. Бүтцийн өөрчлөлтөөр ажлын байранд тэнцэхгүй, компанийн үйл ажиллагаанд саад болж буй хүмүүсийг чөлөөлнө. Түүнээс биш жирийн ажлаа хийгээд явж буй хүмүүсийг халж солихгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье”гэв.
 Тус үйлдвэрийн 51, 49 хувийн талаар нийгэмд маргаан дэгдээд буй бөгөөд төр хувийн өмчийг хүчээр булааж авсан уу гэсэн асуултад  Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн  гишүүн Д.Дэмбэрэл “УИХ-ын гаргасан шийдвэр яагаад удаан хэрэгжив гэсэн асуулт нийгэмд  явж байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдсэн учраас 49 хувийн тал өмчөө алдсан гэж би бодохгүй байна. Засгийн газар УИХ-ын шийдвэрийг биелүүлж буй юм.  49 хувийн хохирлын асуудлаар талууд тооцоо гаргаснаар УИХ-аас тогтоол гарах байх. Тиймээс УИХ-ын заалтын дагуу өрнөж буй явцыг  дээрэм тонуул гэх нь оновчгүй юм” хэмээн хариулав.  Мөн тэрээр Эрдэнэт үйлдвэрийн  ажилчдыг халах тухай асуудалд болгоомжлох зүйл байхгүй. Ажилчдын цалин мөнгийг хасч танахгүй. Шинэ нөхцөл байдал үүсээд байгаа учраас удирдлагын түвшинд бүтцийн өөрчлөлт хийх нь дамжиггүй гэлээ.
 Өнгөрсөн долоо хоногт хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу болсон. ТУЗ өөрсдийгөө томилдоггүй. Хувьцаа эзэмшигчдийн  хуралдаанаар “Монголын зэс” корпорацийн гурван хүнийг ТУЗ-аас чөлөөлсөн. Оронд нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж нар томилогдсон хэмээн “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн  дарга У.Бямбасүрэн хэлэв.
Да.Ганболд: Төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол боллоо 
“Мөн үеэр  Монголын зэс” корпорацийн зүгээс Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Д.Ганболд нар мэдээлэл хийсэн юм.
Тэд хэлэхдээ, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит болсныг албан бус үйлдэл гэж үзэж байна. Албан ёсны тайлбарыг бидэнд  өгсөнгүй. Ажлын хэсэг байгуулагдсаныг ч хэлээгүй, хэлцэл хийх урилга хүлээн аваагүй ээ. Ажил аваад бид “Эрдэнэт” үйлдвэрийг нэлээн цэгцэлсэн. Гэтэл одоо 7-8 дэд захиралтай болгох асуудлыг ярьж байна. Удирдлагыг хумих биш бүр данхайсан бүтэцтэй болгохоор зэхэж байна. Бүтцийн өөрчлөлтийн дагуу маш олон халаа сэлгээ хийх талаар бид мэдээлэл авсан” гэв.
 “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд: “Хуулиар гомдолтой байгаа зүйлд бүртгэл хийдэггүй. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмч гэдгээр бүртгэжээ. Энэ үйл явц нь Монгол Улс Үндсэн хуулиа баталснаас хойш төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол хэмээн тодотголоо.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …