“Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Гэртээ ирлээ” гээд олон сайхан уран бүтээлээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбатыг энэ удаагийн дугаарын зочноор урилаа.
-Тайзнаа гарахаа болиод соёл урлагийн салбарын бодлого бариад багагүй хугацаа өнгөрч байна. Сүүлийн үед хэрэгжүүлж байгаа ажлаасаа сонирхуулахгүй юу?
-Миний хувьд урлаг соёлын салбараас огтхон ч хөндийрсөнгүй. Одоогийн байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Соёл, урлагийн газрын даргын үүргийг гүйцэтгэж байна. Хамгийн сүүлд байгуулагдсан агентлаг учир хийхээр төлөвлөсөн ажил асар их байна. Шинэ байгууллага бүрт тулгардаг орон тоо, санхүүгийн асуудлуудаас эхлээд хүндрэл байгаа хэдий ч бид бүхэн урлаг соёлын салбарынхны хүсэлт хүлээлт болж байсан агентлаг учир бэрхшээлийг үл хайхран ажиллаж байна. Байгуулъя гэж байгуулаагүй, зайлшгүй байгуулагдах шаардлагаар бодлогын чанартай бий болсон тус газрыг эмхлэж зүг чигийг нь зөв эхлүүлэх чин зорилготой байна. Урлаг өөрөө их буянтай хүн бүрт баяр баясал гэрэл бэлэглэдэг ажил учир ямар нэг асуудал тавихад болохгүй бүтэхгүй, буруу хазгай хариулт сонсохгүй юм даа.
-Шинэ агентлаг учраас бодлогын түвшинд олон ажил хүлээгдэж буй нь мэдээж. Бодитоор ямар ажлуудыг хэрэгжүүлээд байна?
-“Болор цом”, “Алтан намар” тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Удахгүй болох оны шилдэгийг шалгаруулах “Мөнгөн мод” ажиллагааг МҮОНТ-тэй хамтран 600-гийн студиэс шууд дамжуулан үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна. Үүнийг БСШУЯ, манай агентлаг, МҮОНТ хамтран хийж байгаа. Мөн бусад төлөвлөгөөний дагуу Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа ардын болон сонгодог урлагийн хөтөлбөрүүдээс эхлээд ажлууд хийгдэж байна. Дотор нь буцалж явсан хүний хувьд юуг хааш нь яаж залахав, хэнээр юуг хийлгэхэв гэдэг багцаа байгаа.
-Анхаарч ажиллах зүйлс мэдээж багагүй байдаг байх?
-Бид 2008 онд соёлын ажилтны анхдугаар чуулган хийж байсан. Тэр үед их ажил болж зохион байгуулагдаж байсан юм. Тэр чуулган бол их хүлээлт үүсгэж байж зохион байгуулагдсан. Тухайн чуулганаар маш олон асуудал хөндөгдөж байснаас цөөн хэд нь шийдвэрлэгдсэн байдаг юм. Үлдсэнийг нь эхний ээлжинд шийдвэрлэнэ. Соёл урлагийн хороо тухайн үед байгуулагдаад дараагийн Засгийн газрын үед татан буугдсан. Хэрэгцээтэй, шаардлагатай гэдгийг ойлгодог хэдий ч үйл ажиллагаа нь жигдрэхгүй, үүрэг чиглэл нь ойлгомжгүй байдгаас аливаа нэг байгууллага татан буугдах нь бий. Тиймээс бид энэ агентлагийг оршин тогтнуулах зорилготой ажлаа эхлэж байна. Соёл урлагтай хамааралгүй, ангид ямар ч байгууллага байдаггүй юм. Тиймээс энэ салбар маш өргөн үйл ажиллагаагаа явуулах болно.
-Тухайлбал …
-Гамшгийн хэмжээнд хүрээд буй утаа, зудны асуудлыг соёл урлагаар дамжуулан шийдэж болно. Энэ мэт нийгэмд тулгарч буй асуудлыг соёл урлагаар дамжуулж сурталчлах хэрэгтэй юм. Ямар нэг юм болсны дараа хэдэн юм цуглуулах биш, урьдчилан ажиллах дутагдаж байна.
-Соёл урлагийн ажилчдын нийгмийн асуудал, тэр дундаа цалин хөлсний асуудал байнга яригддаг. Энд ямар нэг гарц гарсан болов уу?
-Үеийн үед яригддаг, шийдэгдээгүй үлддэг нэг асуудал бол соёл урлагийн ажилчдын цалин маш бага. Тэд хэзээ ч бослого тэмцэл хийдэггүй. Тэрнийх нь хохь гэсэн шиг энэ асуудлыг хаана, хаанаа орхигдуулсан хэвээрээ байна. Эдгээр хүмүүсийн цалинг нэмэх шаардлагатай. Хүмүүс хөгжмийг, урлагийг мөнгөөр худалдаж авахгүй байгаа учир үнэ цэнийг нь мэдрэхгүй байгаа юм. Гэхдээ одоо бол өөрчлөгдөж байна. Урлаг бол оюун санааны талх гэдгийг мэдэрч эхэлж байна.
-Чөлөөт уран бүтээлчид гэх тодотголтой хүмүүс танай агентлагт хэрхэн хамааралтай байдаг юм бол?
-Хамааралтай байх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж, бүтээж байгаа соёлын чиглэлийн бүх уран бүтээл, үйлдвэрлэл хамаатай байх ёстой юм уг нь. Соёлын хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байгаа үүн дээр маш тодорхой заагдсан байгаа. Дэлхий нийтэд соёлын өвийн чиглэлээр, өвөг дээдсийн бий болгосон язгуур өв соёлыг хадгалах зэрэг даяаршиж буй эринд монгол монголоороо үлдэх нь чухал байна. Тиймээс эдгээр зүйлийг тус хуульд шингээж өгсөн. Бид одоо л соёлын өвөө хадгалж, зарим нэг зүйлээ хуульчилж өгөхгүй бол 20 жил, 30 жилийн дараа тээгчид болж үлдэх болно.
-Уран бүтээлч хүн бодлого бариад олон жил болж байна. Тайзаа үгүйлэх үе байна биз?
-Уран бүтээлээ орхих болоогүй гэж боддог. Тэр ч үүднээсээ саяхан гуравдугаар сарын 8-нд Ардын жүжигчин А.Долгор, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чимэдцэеэ, МУГЖ Ч.Түвшинтөгс нартай хамтарсан тоглолтоо хийсэн. Тэгэхэд тэр үдшийн билет ямар нэг шахаагүй дууссан. Эндээс харахад би болоогүй юм байна гэж бодсон. Тэрнээс залуучууд гарч ирж байхад тээг болоод байх сонирхолгүй. Үе үеэрээ байх сайхан. Миний үе байсан үе байна, тухайн цаг үедээ үлгэр дууриал болж явсан. Бид Мартаар зохион байгуулсан тоглолтоо бэлтгэн, найруулга, гэрэлтүүлэг гээд бүгдийг ном журмын дагуу хийсэн. Яагаад гэвэл бид үзэгчдээ хүндлэн, чанартай уран бүтээл хийх цаашлаад хойч үедээ үлгэр болохыг эрмэлзэж байгаа хэрэг. Тэрнээс бид өөр өөрсдийн хэдэн дуугаа хаана ч асуудалгүй дуулчихна шүү дээ.
-Ер нь яаж дуулахаар дуу тэгтлээ олонд түгдэг, бас хуучирдаггүй юм бэ? Анх дуулж нийтэд түгээсэн дуу тань ямар дуу байдаг вэ?
-Дуу дуулах амаргүй л дээ. Дууны шүлгийн хаан Л.Дагвадорж гуайн шүлэг, Дондовын Цогтсайханы “Ээжийн сайхан хорвоо” гэж дуу бий. Энэ дууг би оюутны симфони оркестртой, улс тунхагласны баяр 11 дүгээр сарын 26-нд Уралын хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа нэг том зааланд дуулсан юм. Найм, есөн зуугаад оюутны өмнө дууллаа. Дандаа монгол оюутнууд. Олон сургуультай тэнд чинь. Манай Баатаржав удирдаачийн хүү, одоо Екатеринбургт Филармонийн удирдаачаар ажиллаж байгаа Энхбаатар удирдаж тоглуулаад. Цогтсайхан маань авьяастайгаас гадна эндээ мундаг багш нарын гараар орчихсон учраас юманд их өндөр шаардлагатай ханддаг. Тэр дууны оркестровка бол гайхамшигтай. “Олныг жаргааж явбал өөрөө жаргалтай…” гэж эхэлдэг дуу шүү дээ. Энэ миний анх дуулсан дуу. Орост сурч байгаа оюутнуудын дунд соёл урлагийн өдрүүд гэж бас болно оо. Хот хотуудаас цугларсан монгол оюутнууд, Балхжав, том Жагаа гээд л авьяастай гэсэн залуучууд бүгд Москвагийн наян оны олимпийн хотхонд байрлаад соёл урлагийн өдрүүд хийдэг байлаа.
-Та барагцаагаар хэдэн дуу дуулсан байдаг юм бол?
-Миний хувьд 500 шахам дуу дуулсан байдаг юм. Алтан үеийхний амьдралынхаа сүүлч үед туурвисан бүтээлүүдээс ч дуулах аз надад тохиосон. Л.Мөрдорж гуай хоёр сайхан дуу өглөө. Монголын радиог Цахилгаан, шуудан холбооны байрны дөрөвдүгээр давхарт байрлаж байх үед Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Хаянхярваа гуайтай очиж хажууд Л.Мөрдорж гуай өөрөө зогсч байгаад бичүүлсэн. Тэр дуу бас радиогоор их явдаг байсан юм. “Малчин бид”, “Отгонтэнгэр хайрхан” гэдэг хоёр дуу.
-“Тэмээн сүргийн говь” гэдэг дууны тань хөгжмийн дүрслэл гайхмаар тансаг, нэг их тунгалаг хөгжим, бас тэр “Гэртээ ирлээ” хилийн чандаас ирсэн хэн бүгдийг огшоодог шүү?
-Тэр чинь Дуурийн театрын “Үүрийн туяа” хамтлаг тоглолт хийдэг байсан үеийн дуу юм. А.Батдэлгэрийн хөгжим. О.Цэрэндэндэв гэж Гадаад яаманд жолоочоос нь эхлээд гадаадад олон жил суусан дипломатч хүн шүлгийг нь бичсэн. Яг тэмээ алхаж яваа юм шиг хэмнэлтэй дуу байгаа юм. “Гэртээ ирлээ” дууг анх гадаадад дуулсан юм. Хилийн чандад амьдарч эх орон элгэн саднаа өгүүлсэн тэр хүмүүст хачин хүрч байсан. Хоёр, гурав дахин дахиулна. Тэр дуу анх аав ээжийн тухай бадаг байгаагүйг нэмээд дөрвөн бадаг болгосоны дараа хүмүүсийн хүртээл болгож байлаа. Дэлхийг чимсэн нутгаа гэсээр, Дэнж гоёсон гэртээ ирлээ гэж энэ тансаг үг хэллэг монгол хүний оюун ухаанаас л урган гарах үг.
-Монгол Улсын Зэвсэгт хүчний талаарх Таны бодлыг сонирхвол?
-Мундаг. Би их бахархдаг юм. Монгол Улсын цэргийн сүр хүчийг дэлхийд харуулж байна шүү дээ. Хэдий хүн ам цөөхөн хэдий ч дэлхийд нэрээ гаргаж чадаж байна. Нэг үе цэргийн хүнтэй сууна гэдэг мода байлаа шүү дээ. Миний хүүхэд байх үед цэрэгт яваад ирсэн ах нар ямар мундаг харагддаг байсан гээч. Булчин шөрмөс нь чангарсан, дэвхийж, цэгцэрсэн, үг яриа нь төлөвшсөн нэг л өөр залуус байдаг байсан юм. Эр хүн болох хүмүүжлийн том сургуулийг цэргийн алба гэж боддог.
-Бид өдөр тутам хүнтэй харьцаж ажиллаж байна. Энэ олонтой уулзаж ярилцаж явахад энгийн цэргийн хүний ялгаа байх юм уу?
-Бий. Маш их ялгаатай байдаг. Нэг жишээ дурдахад би багшийн дээд сургуулийн хоёрдугаар курст байхад эхний зарлан ирээд яг татагддагийн даваан дээр сургуулийн нарийн бичиг ирж чөлөөлсөн, дараа нь ОХУ руу сургуульд яваад 27 настайдаа төгсч ирээд байж байхад цэргийн зарлан дахин ирж байсан юм. Тэр үед манай уран сайхны удирдаач байсан Жамъяндагва гуай битгий оч гэж хэлснээр тэр үед яваагүй. Одоо бодоход би явдаг байж гэж бодох үе байдаг. Бүр цаашлаад цэргээрээ ч явж мэдэх байсан. Яагаад гэвэл надад их таалагддаг. Дээрээс нь спортоор хичээллэдэг байсан. Цэргийн албаны хамгийн чухал нь хатуужил, аахар, шаахар зүйлд өрвөлзөөд байдаггүй мундаг төлөвшил олгодог газар юм.
-Таны хүрээлэлд цэргийн алба хаасан найзууд хэр байдаг юм бол?
-Цөөн хэд байгаа. Төрийн түшээдээс эхлээд Чингис хааны Жаргалсайхан, Д.Сосорбарам гээд. Эд нар байнга л цэрэгт байсан тухайгаа дурсан ярьдаг юм. Мөн намайг оюутан байх үед миний доод талын дүүг цэрэгт татсан юм. Нэг удаа эргэж очиход бас л юм үздэг юм билээ. Хамар нь сайртсан, чих нь дэлдийчихэж. Тэнд тэгээд 3 жил болоод ирэхэд мундаг залуу болсон байсан. Энэ мэт олон жишээ байна. Ер нь цэргийн алба хаасан хүн амьдралд хазгай гишгэхгүй дээ.
Эх сурвалж: “Соёмбо” сонин, ахмад Д.Оюунгэрэл