С.Одгэрэл:Нэг ус түгээх байрнаас сард нэг сая төгрөгийн алдагдал хүлээж байна

УСУГ-ын Зөөврийн ус хангамжийн албаны дарга С.Одгэрэлтэй  гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээ болоод усны үнийн асуудлаар ярилцлаа.

-УСУГ  нэлээд алдагдалтай ажиллаж байгаа  шүү дээ. Ингэж алдагдал хүлээхэд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?  Энэ талаар яриагаа эхлүүлье.

– Хэрэглэгчдэд нэг литр усыг нэг төгрөгөөр зарж байгаа бол энэхүү нэг литр усыг хэрэглэгчийн гарт хүргэхийн тулд УСУГ-аас 7-8 төгрөгийн зардал гаргаж байна. Энэ нь  манай байгууллагыг алдагдалтай ажиллахад хүргэж байгаа гол хүчин зүйл. Тэглээ гээд  гэнэт нэг өдөр усны үнийг нэмэх боломжгүй. Манай байгууллага усны үнийг хянаж, тогтоодоггүй. Гэсэн хэдий ч бид усны үнийг нэмэх хүсэлтээ хүргүүлдэг ч одоо хэр нь шийдэгдээгүй байна.

-Тэгэхээр УСУГ зөөврийн усны үйлчилгээнээс алдагдал хүлээдэг гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Гэсэн хэдий ч бусад албууд ашигтай ажиллаж зөөврийн усны алдагдлаа нөхөөд явдаг.

-Сард нэг худгаас хичнээн төгрөгийн алдагдал хүлээдэг вэ?

-Нэг ус түгээх байрт сард 1.2-1.4 сая төгрөг дунджаар зарцуулдаг. Үйлчилгээний ажилтаны цалинг оруулаад. Гэтэл сард ердөө 20 мянган төгрөгийг орлого олдог худаг байдаг. Дундажлаад хэлэх юм бол нэг ус түгээх байраас сард нэг сая төгрөгийн алдагдал хүлээдэг.

-Ус түгээх байруудын сарын орлого хэд байдаг юм бэ? Та сая 20 мянган төгрөгийн орлоготой худаг ч байдаг гэлээ шүү дээ.

-Ус түгээх байруудын хамгийн дээд орлого л 300 мянган төгрөг байдаг. Тэгээд л үүнээс доош түрүүн хэлсэнчлэн 20 мянган төгрөгийн орлоготой худаг ч байна.

-Тэгэхээр энэ бол менежментийн асуудал байх. Стандартын дагуу ус түгээх байруудын  хоорондын зай ойрхон байгаагаас болж орлого буурч байгаа юм биш үү?

-Тэгж хэлж болно. Ус түгээх байруудын хоорондын зай яг стандартаара бол 500 метр тутамд нэг худаг байх ёстой. Харин одоо бол 300 метр тутамд нэг ус түгээх байр бий. Энэ нь хэрэглэгч, иргэдийн хувьд   ашигтай ч манай байгууллагын хувьд алдагдалтай байгаад байна.

-Таны хувьд усны үнийг одоогийнхоос хэдэн төгрөгөөр нэмбэл алдагдалгүй ажиллах боломжтой гэж харж байна вэ?

-Дээр хэлсэн нэг литр усыг хэрэглэгчдэд хүргэхэд 7-8 төгрөгийн зардал гаргаж байгаа. Тэр үнээрээ иргэдэд  хүргэвэл алдагдалгүй ажиллаж чадна. Та бүхэн дэлгүүрт худалдаалагдаж байгаа 0.33 тай усыг 350 төгрөгөөр худалдаж авч уудаг шүү дээ. Гэтэл үүнээс хэдэн арав дахин бага мөнгийг ундны усандаа  төлж байна. Тиймээс л усаа хэмнэх, гамнах гэдэг зүйлийг мэдэхгүй, саарал усаа ч  дахин ашиглахгүй, урсгасаар байна. Нэгэнт үнийг нэмээд өгвөл иргэд юу билээ гээд бодож эхэлнэ.

-Гэр хорооллын айл өрхүүд хоногт дунджаар хэдэн литр ус хэрэглэдэг вэ?

-Ер нь бол тухайн ам бүлийн тооноосоо л хамаарна. Дунджаар 7-8 ам бүлтэй айл бол 200 орчим литр ус хэрэглэдэг. Нэг хүний хоногийн усны хэрэглээ 7.5 литр байдаг.

-Ус түгээгч нарын хувьд  зарим нь үндсэн ажилтан биш гэж сонссон. Энэ нь ямар учиртай юм болоо, ер нь эдгээр ажилчдын нийгмийн  асуудал хэр байдаг вэ?

-Манай ус түгээгч нарын 150 нь гэрээт, 170 нь үндсэн ажилтан.  Мэдээж хэрэг үндсэн болон гэрээт ажилчдын хувьд цалингийн ялгаа бий. Дээр хэлсэнчлэн манай байгууллага алдагдалтай ажилладаг учир бүгдийг нь үндсэн ажилтан болгох боломж байхгүй байсан. Гэсэн хэдий ч ирэх сарын 1 гэхэд энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх шийдвэр гарчихсан байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд манайд ажиллаж байгаа ус түгээх байрны үйлчлэгчдий хувьд 60 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Тиймээс тэдгээрийн нийгмийн асуудалд анхаарахаас аргагүй.

-Ус түгээх байрууд ухаалаг системд шилжих болсон. Гэхдээ зөвхөн гүний худгууд шилжээд байгаа шүү дээ. Цаашид ус түгээх байрууд ухаалаг системд бүрэн шилжих боломжтой юу?

-Мэдээж хэрэг бүх зүйл ухаалаг болж байгаа учраас цаг үеэ дагаад өөрчлөгдөх ёстой. Хэрэглэгчдэд ус хүргэдэг  үйлчилгээг  бүрэн ухаалаг болох ёстйо гэж би үздэг. Өөрөөр хэлбэл иргэд карттай болж тэрийгээ уншуулаад усаа авчихдаг. Нэг гудамжны үзүүрт нь ус түгээх байр байж байдаг тийм л системд шилжмээр байгаа юм. Тэгвэл дээр яриад байгаа алдагдал буурах боломжтой.

-Энэ туршлагыг хэрэгжүүлсэн улс орон байдаг уу?

-Байгаа. Хэд хэдэн улс бий. Хамгийн ойр гэвэл Улан-Үдэд ийм үйлчилгээ байдаг. Иргэд нь сар бүр тогтмол мөнгө төлж карт аваад гудамжнаас усаа авч хэрэглэдэг. Гэхдээ зөөврийн усан дээр ийм ухаалаг систем нэвтрүүлэх боломжгүй л дээ. Иргэд мөнгөө төлчихөөд усаа авах гэтэл дуусчихсан байх эрсдэлтэй.

-Ухаалаг системд шилжихийн хэрээр ажилгүй иргэд нэмэгдэнэ. Энэ асуудлыг танай салбарын хувьд яаж шийдвэрлэх ёстой вэ?

-Манайх өөрийн нөөц боломжиндоо тулгуурлаад цэвэр усны үйлдвэрийг өөрсдөө байгуулж болно. Тэртээ тэргүй  хэрэглэгчид, зах зээл нь байгаа учир тийм үйлдвэр байгуулаад  нөгөө ус түгээх байрны үйлчлэгчдээ ажиллуулаад байж болно. Нэг үйлдвэр байгуулахад  түгээгчээс эхлээд олон ажлын байр бий болно шүү дээ. Энэ мэт менежментийн ажлуудыг хийж, гол нь энэ салбарыг алдагдалгүй ажиллуулах шаардлагатай  байна.

Ярилцсанд баярлалаа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …