Хүчирхэг хөдөлгүүр, чамин хийц төгс төгөлдөрийн биелэл хэмээн нэрлэгддэг алдарт “Harley Davidson” мотоцикль анхлан үйлдвэрлэгдсэний 110 жилийн ойн баяр “Эрх чөлөө 110” уриатайгаар дэлхий даяар нэгэн зэрэг болж буй юм. Ах дүү “Harley”, ах дүү “Davidson” нарын нэрээр нэрлэгдсэн энэхүү гайхамшигт хүлгийг сонирхогч залуус манай оронд ч цөөнгүй бий. Тэгвэл Монголын “Harley Davidson” сонирхогчдын холбоо ч мөн “Harley Davidson монголд 90 жил” гэсэн уриатайгаар энэхүү түүхэн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Учир нь энэхүү мотоциклийг анх 1923 онд Монголын нийгэм улс төрийн ахмад зүтгэлтэн Солийн Данзан америкийн худалдаачин Колеманд захиж авч ирүүлэн унаж байсан түүхтэй аж. Уг холбоо өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааг явуулаад удаагүй ч холбооныхоо залуусыг дунд олон үйл ажиллагаа явуулсан бөгөөд үүний дотор олон хүмүүнлэгийн ажлыг хийж амжсан байна. Өнгөрсөн бямба гарагт болсон энэхүү баярын цугларалтанд “Монголын “Harley Davidson” сонирхогчдийн холбоо”-ны гишүүд, дэмжигчид нэгэн дор цуглан баярын парад хийж мотоцикл сонирхогч залуусын хамт нэгэн өдрийг өнгөрүүллээ.
Энэхүү парадад 20 гаруй “Harley Davidson” хөлөглөсөн залуус нэгдэж цугласнаас гадна, “Монголын чопперчдийн ахан дүүсийн холбоо”-ны 20 гаруй мотоциклчид хүрэлцэн ирж баяр хүргэн парадад нэгдэж байлаа. Уг арга хэмжээ Улсын драмын эрдмийн театрын үүдэнд цугласан мотоциклчид этгээд чамин хар савхин хүрэм, хүчирхэг хөлөлгүүрийн нүргэлсэн дуугаар их хотын нүргээнд дуу хоолой нэмсээр парадаа эхэлсэн юм. Олон мотоциклийн хүнгэнэх дуу нэгэн зэрэг гарч парад эхэлсэн бөгөөд эхний зогсоол нь Үндэсний цэцэрлэг хүрээлэн байсан юм.
Учир нь энэ газарт өнгөрсөн жил тус холбооныхон мод тарьсан бөгөөд түүнийгээ очиж эргэж буй аж. Хэсэг газарт тэдний тарьсан мод ургах бөгөөд нар өөд улам өндөрт гарахаар тэмүүлсээр байгаа юм байна. Мотоциклчид маань өөрсдийн тарьсан модоо ургаж байгааг харчихаад цааш хөдөлж эзэн Чингисийн талбай буюу бидний хэлж заншсанаар Сүхбаатарын талбайд ирлээ. Уг газарт дурсгалын зургаа татуулсан нь энэ. Чамин хийц, этгээд хэлбэртэй гоёмсог мотоцикл, хар савхин хүрэм түрийтэй гутлаар гангарсан мотоциклчдийг харсан хүүхэд залуус тэднийг ихэд сонирхож, зарим нь хамт зургаа авахуулж байсан юм.
Уг арга хэмжээний үеэр тус холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхтэй
цөөн хором ярилцлаа.
-Өнөөдрийн арга хэмжээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Өнөөдөр Харли Дэвидсон гэгч энэ гайхалтай унаа үйлдвэрлэгдсэний 110 жилийн ой, Монголд анх орж ирж монгол хүний унаа болсон 90 жилийн ойн баяр тохиож байна. Энэ нь нэг талаараа дэлхийн түүх, бас Монголын түүх юм гэж хэлж болно. Анх 1903 онд ах дүү дөрөв нийлж анхны Харли Дэвидсон мотоциклийг үйлдвэрлэж гаргаснаас хойш дэлхийн олон оронд мянга мянган мотоцикл сонирхогч залуус энэ унааг сонирхож, дурлан унаж ирсэн түүхтэй. Энэ дэлхийн түүхээс монголын түүх ч бас хоцроогүй. Анх 1923 онд манай нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, Ардын намын анхны дарга Солийн данзан гэх хүн АНУ-ын худалдаачин Колеман гэдэг хүнээс энэ мотоциклийн худалдаж аван, тэмээнд хөлөглөн авч ирээд нийслэл хүрээнд оруулж ирэн унаж хэрэглэж байсан түүхтэй. Энэ мотоцикл Монголд орж ирээд монгол хүн унаж хэрэглээд явж байхад хуучин ЗХУ буюу одоогийн ОХУ-д ч энэ мотоцикл орж ирээгүй байсан түүхтэй. Ер нь Азидаа нэлээд эрт бараг анхных шахуу орж ирсэн юм болов уу. Энэ мотоцикл маань өөрөө эрх чөлөө, эрч хүч, төгс төгөлдөрийн билгэдэл болдог учраас дэлхийн сая сая хүмүүс өдөр тутмын аж амьдралдаа хэрэглэж, түүнээсээ эрч хүч, баяр баяслыг мэдэрдэг юм.
– Таны хувьд хэзээнээс мотоцикль сонирхож, унаж эхэлсэн бэ. Өөрийнхөө унааг бас танилцуулаач?
-Минй хувьд хүүхэд байхаасаа л мотоцикль сонирхдог байсан. Том ах маань уралдааны мотоцикль сонирхдог байсан болоод ч тэр үү би ч мотоцикльд их хорхойтой. Боломж л гарвал мотоцикль унаж сэтгэлээ сэргээхийг боддог. Гэхдээ би өөрөө улстөрч хүн болохоор тэр болгон мотоцикль унаад яваад байж болдоггүй зовлон бас бий. Зав зайгаас авахуулаад тэр бүр хоббигоо хөгжүүлээд байж чаддаггүй байсан юм. Харин өнгөрсөн жилээс эхлээд ер нь харли сонирхогчдийн холбоо байгуулья гэж бодоод удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож хуралдуулаад холбоогоо байгуулсан. Одоо ингээд холбооныхоо залуустай хамт хүсэл сонирхлоороо нэгдээд явах сайхан байна. Мотоциклийг маань Патбой гэдэг. Манайхан бол Терминатор киноны нэгдүгээр ангид гардгаар нь сайн мэддэг. Их хүчтэй хөдөлгүүртэй. Моторын багтаамжийн хувьд 1800-тай. “Хюндай Эксел” машиных л гэхэд 1300-тай байдаг шүү дээ. Тэгэхээр хэчнээн чадалтай нь харагдаж байгаа биз. Минийхээс гадна манай холбооны залуусын гайхалтай олон хүлгүүд энүүгээр байна. Сайхан харагдаж байгаа биз дээ.
-Танай холбоо анх хэзээ, хэдэн гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бэ?
-Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард анх байгуулагдаж байсан. Ер нь манайд Харли сонирхдог олон залуус байгаа. Эдгээр залуус сонирхол, хоббигоороо эвлэлдэн нэгдэж, холбоо байгуулснаар энэхүү мотоциклийг сонирхогч залуусын тоо ч улам нэмэгдэнэ гэсэн үг. Хүсэн хүлээж байсан холбоо бий болсон юм болов уу гэж боддог. Манай холбоо анх байгуулагдаж байх үед ердөө зургаахан Харли мотоциклтой хүн байсан бол одоо 20 гаруй болсон байна. Гэхдээ энэ зөвхөн өнөөдрийн арга хэмжээнд ирсэн мотоциклчдын тоо. Үүнээс ч олон харлитай залуус манайд байгаа. Дэлхийн зах зээлд Харли Дэвидсон 17.000-80.000 ам.долларын үнэтэй зарагддаг. Загвараасаа шалтгаалаад тоноглол нь хүртэл нэлээд үнэ, ханш өндөртэй. Гэсэн ч Харли-Дэвидсоны чимээ, хүчин чадал нь манай чоппер сонирхогчдын анхаарлыг татаж, өөртөө Дурлуулсаар байгаа. Тэр ч утгаараа манай холбоо цаашид улам өргөжин тэлж Азидаа тэргүүн эгнээнд орох өдөр ирэх байх гэж бодоод л билгэшээгээд байгаа.