Сүүлийн үед залуу гэр бүл маш ихээр салах болсон. Тэдний салалтын шалтгаан нь нийгмийн амьдрал, хүмүүжил, зөрчил зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй хэдий ч үүссэн асуудлыг хэрхэн эерэгээр шийдэж аз жаргалтай бүл бий болгох талаар Хувь хүний хөгжлийн Институцийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Гэр бүлийн харилцаагаа хэрхэн урт удаанаар үргэлжлүүлэх вэ?
-Гэр бүлийн харилцааг тодруулж авч үзье л дээ. Ялангуяа эмэгтэйчүүд хүүхнүүдэд тулгамдсан, зүрх сэтгэлийг зовоож байдаг харилцаа бол яалт ч үгүй гэр бүлийн харилцаа байдаг. Эхнэр, нөхөр хоёрын хоорондын харилцаа багтдаг. Монголчууд дээхэн үед гэр бүл салалт бага байсан л даа. Монгол хүний ахуй амьдрал соёлын онцлог юу байсан гэхээр бүлгээрээ амьдардаг хүмүүс. Гэрт эхнэр нөхөр хоёр хоёулаа амьдрах нь ховор шүү дээ. Аав ээж, эмээ өвөө, дүү зэрэг олуулаа амьдардаг. Зөвхөн эхнэр нөхөр хоёр хоорондоо харилцах бишилүү олон хүнтэй харилцах шаардлага тулгарч байгаа биз. Энэ утгаараа манайхан эхнэр авахаараа би ганцхан эхнэр аваагүй тэр хүнийхээ эцэг эхтэй нь сууж байна гэж бодох хэрэгтэй л дээ. Зөвхөн хайртай хүнтэйгээ гэр бүл болохгүй байх нь. Түүний эцэг эхтэй сууж байгаа гэж боддог байсан. Харилцаагаа яаж эрхэмлэж авч явдаг байсан бэ гэвэл хоорондоо харилцахаас илүүтэй хадмуудтайгаа маш сайхан эвтэй найртай харилцааг үүсгэж хадгалж чаддаг байсан учир бидний өвөг дээдэс ээж аавууд гэр бүлийн харилцаа их тогтвортой байсан гэж дүгнээд байна.
-Юунаас болж гэр бүлд зөрчил үүсдэг вэ?
-Одоо эргээд харахад нийгэм их өөр болж байна. Залуучуудыг харахаар салалт маш их байна. Сайхан сайхан охидууд хүүхэд хөтөлчихсөн “хүүхдээ яах вэ” гээд нэг хар юманд гомдчихсон, нөгөө харчуул нь эмэгтэйчүүдийнхээ буруу болчимгүйг гайхсан, эрчүүдийнхээ сэтгэлийн тэнхээ чадамжгүйг гайхсан ийм л байдалтай байна. Тэр бүхнээс болоод харилцааны зөрчил үүсээд байна. Гэр бүлийн харилцаа зөвхөн эхнэр нөхөр хоорондоо харилцахаас гадна бидэнд аав ээж, ах дүү, олон олон хүмүүс ирж харилцаанд оролцдог юм гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Залуу хосууд амьдралаа эхлүүлээд явж байтал хадмуудын оролцоо гэж байна. Тэгэхээр гэр бүл хосуудын амьдрал гэдэг маань хөнгөн хуумгай хандах зүйл биш байгаа биз. Их олон хүнийг хамруулсан хоорондын харилцааны тэр бүхний учрыг ойлгодог тэр бүхэнд өөрийгөө зориулж чаддаг байж гэмээн гэр бүлийн амьдрал урт удаан хугацаанд оршин тогтнох юм.
-Нийгэм хөгжихийн хэрээр амьд харилцаа алга болж байна. Амьд харилцаа үгүй болсноор гэр бүлийн харилцаа мөхөж байна гэж ойлгож болох уу?
-Амьд харилцаа биднийг амьд байлгадаг. Бид сошиалаар харилцаад л байвал бидний харилцаа үхмэл болоод зэрлэгшдэг. Зэрлэгшинэ гэхээр хосуудын хоорондын харилцан үйлчлэлцдэг гормон ялгардаггүй. Дурласан хүмүүс анх нэг нэгэн рүүгээ тэмүүлдэг. Мөн тэр үед үргэлж хамт байдаг. Дурлалцах үед арьс шүргэлцэх төдийд л татагдаж, тэмүүлж эхэлдэг. Ээнэгшлийн гормон ялгарч байгаа нь тэр. Нялх хүүхдийг тэврээд үнсэхээр улам хайр хүрээд байдаг шүү дээ. Түүнтэй ижил аз жаргалын гормон ялгарч байдаг. Тэгвэл амьд харилцаа холдох тусам та хоёрын бие биендээ тэмүүлдэг гормоны ялгарал байхгүй болно. Жишээлбэл, “ээжээ би танд хайртай” гээд мессеж бичье. “Ээжээ би танд хайртай шүү”гээд тэврээд үнсьегэж бодоход мэдрэмж нь шал өөр байдаг. Харилцаагаа амьд авч үлдэхийн тулд бие биетэйгээ ойр дотно хамт байж арьсаараа шүргэлцэх хэрэгтэй. Түүний цаана учир холбогдол их бий. Өглөө эхнэрээ үнсээд гардаг эрчүүдийн ажил бүтэмжтэй байдаг гэнэ гээд биччихсэн байсан шүү дээ. Цаана нь ердөөл амьд харилцаа байсан. Эхнэрээ үнсээдгарна гэдэг чинь бие биенийгээ таталцуулж байна л гэсэн үг юм. Улам ойрхон байх ёстой.
-Зөрчил үүссэн үед хосууд хоорондоо яаж ойлголцох ёстой вэ?
-Зөрчил маргааныг үүсгэхгүй байх талаас нь харж болох юм. Гэр бүлийн харилцаанд зөрчил байхгүй байна гэж байхгүй. Хэрэв эхнэр нөхөр хоёр зөрчилдөхгүй байвал тэр харилцаа худал. Зөрчил байх ёстой. Түүнийг даван туулаад л урагшилж байх ёстой. Тэрнээс биш зөрчил дээрээ давс асгаад тос нэмээд улам асаагаад байна гэсэн үг биш. Тэр зөрчлийг үүсгэхгүй байхын тулд хосууд амьд харилцаагаа эрхэмлэх тусам тэр айхтар зөрчилтэй тулгарахгүй л дээ. Асуудал хэдийнэ үүссэн байгаа бол хамгийн түрүүнд ярилцаж ойлголцох ёстой. Бид чинь сэтгэл зүрхтэй хүн учраасальболох ярилцаад зөв зүйтэй аргаар засч залруулаад ойлголцох хэрэгтэй байдаг. Гэтэл нөгөө эхнэр нөхөр хоёрын өвөрмөц сэтгэлгээний онцлог ялгаа саад болдог.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу